2025 оны 1 Петр 2-р номлол (01.12) Калеб хн

ХААН ТАХИЛЧ, АРИУН ҮНДЭСТЭН, БУРХАНЫ ЭЗЭМШЛИЙН АРД ТҮМЭН

1 Петр 2:4-10
Гол эшлэл 2:9

“Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм”

1-р бүлэгт элч Петр нь итгэл үнэмшлээсээ болж хавчигдан бага Азид тархсан итгэгчдийг Бурханаар сонгогдсон, түр суурьшигч нарт хэмээн дуудаж захидлаа эхэлсэн. Харин одоо Петр 2-р бүлэгт ийм тэднийг “сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” хэмээн дуудаж байна(2:9). Есүст итгэх итгэл үнэмшлээсээ болж хүмүүс болоод нийгмээсээ гадуурхагдан хавчигдсаны улмаас амьдралын хэв маяг, байр суурь нь бусдаас өөр зовлонтой амьдарч буй хүмүүсийг элч Петр яагаад ийнхүү онцлон дуудаж байна вэ? Учир нь гэвэл Тэрээр итгэгч хүн бүрд Есүсийн дотор өгөгддөг цоо шинэ байр суурийг маш сайн мэдэж байсан учраас юм. Тиймээс энэ л шинэ байр суурийг гүн гүнзгий хүлээн зөвшөөрч, итгэж үнэмшин, өөрийгөө тийнхүү тооцон амьдарвал, ямар ч нөхцөл байдал, зовлон ба хавчлага дунд төөрөхгүй, энэ дэлхийн янз бүрийн сорилт ба уруу татлагад автахгүй, бузар муу гэмээр дүүрэн энэ дэлхийтэй тохиролцохгүй, харин эсрэгээрэй бусдад зөв нөлөө үзүүлж, Есүсийн гэрч болж амьдарч чадах учраас юм. Мөн Есүсийн доторх энэ л шинэ байр суурь нь тухайн хүний зан чанар ба дотоод хүнийг төлөвшүүлдэг бөгөөд хувь заяаг нь өөрчилж, зөв замаар удирддаг. Өнөөдрийн зарилгаар дамжуулан хүн нэг бүр Есүсийн доторх цоо шинээр өгөгдсөн байр сууриа гүн гүнзгий хүлээн зөвшөөрч, үүнд итгэж үнэмжшин, өөрийгөө тийнхүү тооцон амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Амьд чулуу Есүс рүү ир (4-8)
Петрийн хандаж буй итгэгчид нь Ромын эзэнт гүрэн даяар явагдсан Их Неро хааны харгис хавчлага хараахан эхлэхээс өмнөх цаг үед амьдарч байсан хүмүүс юм. Гэвч эдгээр итгэгчид нь харь олон хиймэл шүтээн шүтлэг ба соёлтой, харгис дарангуйлал, ёс бус байдлаараа алдартай Ромын эзэнт гүрэнд итгэлээр буюу Есүсийн үг ба сургаалийг даган амьдрах нь тийм ч амаргүй байсан. Тэд итгэл үнэмшлээсээ болж үл тоомсорлогдон, доромжлогдон гадуурхагдаж, хайртай дотны гэр бүлээсээ хол, нийгмийн дарамт, гүтгэлэг, хянагч цэргүүдийн дээрэнгүй хандлага зэргийг тэсвэрлэн амьдарч байв. Тэд өөрсдийн итгэлээ сахихын тулд харь газарт түр суурьшигч мэт амьдарч, зарим нь бүр газар доорх Катакум хэмээх байгууламжид амьдран, нууцаар мөргөл өргөх хүртэл тэмцэж байсан. ийнхүү итгэлээ сахихын төлөө тэмцэн амьдарч буй итгэгчидийг элч Петр юу гэж уриалж байна вэ?
4-г үзээрэй “Эзэн рүү ир.Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт амьд чулуу билээ” гэж байна. Итгэлээсээ болж хавчлага зовлон амсаж буй хүмүүсийг Петр яагаад “Эзэн рүү ир” гэж байна. Учир нь гэвэл бидний очих Эзэн Есүсийн амьдрал бүхэлдээ хүмүүсээр гологдон, гадуурхагдсан, үл тоомсорлогдсон амьдралаар амьдарсан. Есүс төрөх үедээ малын тэвшинд мэндэлж, төрлөх нутаг Назарт мужааны хүү хэмээн гологдож, загалмайн өмнө 3 жил хайрлан үйлчилсэн шавь нартаа орхигдон, өөрийг нь хамгийн сайн ойлгож хүлээж авах ёстой байсан иудейчүүд болоод шашны удирдагч Есүсийг үл зөвшөөрч загалмайн ял оноосон. Гэвч ийм гологдож, гадуурхагдсан Есүсийг Бурхан сонгож, бүх хүн төрөлхтнийг аврах авралын ажлын гол үнэт , амьд чулуу болгон хэргэлсэн. Тэгэхээр Есүст итгэх итгэлээсээ болж бусад хүмүүс болоод нийгмээс гадуурхагдан, доромжлогдож, үл хүндлэл, үгүйсгэл, үзэн ядалт, хавчлага зовлонтой тулгарч буй 1-р зууны үеийн итгэгчид нь гайхан, шантарач, цөхрөн санаа зовох хэрэггүй хэмээн элч Петр нь ятгаж байна. учир нь Эзэн Есүс өөрөө ийм амьдралаар амьдарсан бөгөөд, ийнхүү зовж буй итгэгчдийг хамгийн сайн ойлгож, мэдэж байгаа учраас юм. Харин энэ үед итгэгчид нь Эзэн Есүс рүү ирэх хэрэгтэй.
Тэгвэл бид амьд чулуу болсон Есүс руу ирэх үед юу болох вэ?
5-р эшлэлийг үзээрэй “Иймд амьд чулуу мэт болсон та нар ч бас Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдаж байна” гэж байна. Хэрэв бид амьд чулуу болох Эзэн Есүс рүү ирвэл 1-рт бид өөрсдөө амьд чулуу болдог ба Бурханы сүнслэг байшингийн нэг хэсэг болон баригддаг гэдгийг хэлж байна.
Урьд нь бид гэм нүглээс болж, амин үндэс болсон Бурханаас салангид үхсэн, амьгүй чулуу мэт байсан. Тиймээс бид утга учиргүй, үнэ цэнгүй, ичгүүр ба шанхаар дүүрэн хэнд ч хэрэгцээгүй нэгнээр амьдарч байв. Харин бид амьд чулуу болох Есүс рүү ирэх үед, Тэр бидэнд амийг өгч бид амьтай, амьд чулуу болсон. Иохан 1:4а-д “Түүнд амь байсан”, Иохан 11:25-26а “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг хүн үхэвч амилна. Амьд байгаа бөгөөд надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй” хэмээн хэлсэн. Бид Есүс руу ирэх үед, Тэр бидэнд амийг өгдөг учраас итгэгч бид мөнх амь ба авралыг олж амьд чулуу болдог. Тэгээд бид амин хүчээр дүүрэн эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, амьтай, амьд чулуу мэт амьдралаар амьдарч чаддаг. Бурхан амьд чулуу болсон Есүсийг зүгээр нэг үзүүлэн, сувинер болгон хэрэглээгүй шиг, Бурхан амьд чулуу болсон бидний хүн нэг бүрийн Өөрийн авралын сүнслэг байшингийн нэг хэсэг болгон ашиглаж байдаг(Еф 2:20-22). Заримдаа бид итгэлийн замаар, хоньчны амьдралаар амьдарч байгаад янз бүрийн асуудал, зовлонтой нүүр тулж, хүнд хэцүү нөхцөл байдалд орох үед, энэ бүгд нь ямар ч утгагүй, дэмий зүйл юм шиг мэдрэмж төрдөг.Тэгээд Бурханд миний амьдрал нээх чухал биш, миний амьдрал Бурханд нээх хамааралгүй, би биш бусад нь итгэлээр амьдран биз дээ хэмээн бодох үе байдаг. 1-р зууны үеийн бага Ази даяар тархсан итгэгчдэд ийм мэдрэмжийг өдөр бүр амсаж байсан байх. Гэвч Бурхан итгэгч хүн бүрийг Өөрийн сүнслэг байшингаа барихад ашиглан, хэрэглэж байдаг. Бид шигтгэмэл зургийг сайн мэднэ. Хэрэв бид шигтгэмэл зургийг нүүрээ наагд нэг жижиг хэсгийг харвал энэ нь нээх онцгой биш байдаг. Харин бид шигтгэмэл зургийг бүхэлд нь томоор харвал онцгой биш, жижиг хэсэг бүр нийлээд нэг том гайхалтай зургийг бүтээсэн байдаг. Үүн шиг миний амьдрал онцгой, чухал биш юм шиг харагдаж болох, Бурханы хувьд хүн нэг бүрийн амьдрал маш үнэ цэнтэй бөгөөд итгэгч хүн нэг бүр Бурханы гайхалтай авралын шигтгэмэл зургийн нэг хэсэг болон баригдаж байдаг. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй “Та Бурханд маш чухал хүн шүү”
2-рт Эзэн Есүс рүү ирвэл бид Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болдог(5б) 1-р зууны үеийн итгэгчидийн амьдралын хэв маяг, бодит байдал нь бусад хүмүүсээс тэс өөр харь газарт дүрвэж, түр сууршигчаар амьдарч байсан. Гэвч Бурханы хувьд тэд бол Бурханд тааламжит, ариун сүнслэг тахилыг өргөн амьдарч буй тахилч нар байсан. ХГ-д тахилч нарын үүрэг бол хүн, Бурхан хоёрын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг чухал байр суурьтай байсан. Үүн шиг энэ цаг үед Есүст итгэдэг хүмүүс нь Бурханд тааламжит, ариун, сүнслэг тахилуудыг өргөдөг тахилчын үүргийг гүйцэтгэж буй чухал хүмүүс юм. Ром 12:1-д “Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд ариун тахил болгож өргө. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн” хэмээн хэлсэн. Эндээс харвал Бурханд тааламжтай, сүнслэг тахил гэдэг нь Есүсийг амьдралынхаа төв болгон өөрийн бие болоод бүхийл амьдралын талбар бүртэй Бурханыг алдаршуулахыг хэлж байна. Хийдгээр эрт үед ч одоо үед ч итгэгчид нь өчүүхэн, сул дорой, тэнэг мунхаг, мангар, мэт тооцогдож, тооцогдсоор ирсэн ч, Бурханы хувьд эдгээр хүмүүс нь Бурханд тааламжит, ариун сүнслэг тахилыг өргөдөг ариун тахилч нар билээ. Хажууд сууж байга хүнд дахин хэлээрэй “Та Бурханы Ариун тахилч” гэж хэлээрэй.
6-8р эшлэлийг үзээрэй. Энд элч Петр нь тарж бутран, харь газар түр сууж буй итгэгчдийг итгэлээ бат сахихад нь туслахын тулд ХГ-ны эш үзүүлэгийг үгээс эш татсан. Өөрөөр хэлбэл Есүст итгэдэг хүн хэзээ ч ичгүүр орохгүй гэж Бурханы амласан гэдгийг сануулж байна(6б). Учир нь гэвэл Есүс нь өөрт нь итгэдэг хүмүүс үнэт чулуу болж, харин үл итгэгчдэд бол бүдрүүлээгийн тээглэх хад болно. Энэ нь Есүс бол Өөрөө аврал ба шийтгэлийн гол хэмжүүр болно гэсэн утгатай. Барилагчид буюу иудей шашны удирдагч нар Есүсийг улс төрийн Мессиа биш учраас, тэдний гэмийг бузар мууг зэмлэн хэлснээс болж Есүсийг үгүйсгэн хүлээн аваагүй. Үүнээс болж тэд Бурханы шийтгэл болох 2000н жилийн турш улс оронгүй тарж, бутран амьдрах шийтгэл амссан.
Тэгвэл өнөөдөр бид Есүс Христийг үнэхээр үнэт, амьдралын гол тулгуур чулуу болгон хандаж байна уу? эсвэл барилга дээр гологдсон чулуу мэт хандаж байна уу? Есүсийг үнэхээр миний амьдралын үнэ цэнтэй, амьд, булангийн чулуу мэт миний амьдарлын утга учир болгож байна уу? энэ тухай гүнзгий тунгаан бодохыг уриалж байна. Ялангуяа залуу насандаа Есүст итгэж, залуу насны дур хүслээс зугтаж, энэ дэлхийн эрх чөлөө ба сонголтыг орхих нь бусдын нүдээр тэнэг хэрэг боловч, Бурхан ийм залуучуудыг хэзээ ч ичгүүрт оруулахгүй юм. Харин энэ хамгийн зөв бөгөөд, амьдралаа хий дэмий хоосон зүйлд үрэхгүй цорын ганц зам юм. Тиймээс залуучуудаа бүх зүх сэтгэлээрээ Есүст итгэлээ өгөхийг уриалж байна. Үнэхээр ингэж итгэж чадвал Бурханы таныг хэзээ ч ичгүүр оруулахгүй гэдгийг бодит амьдралаар мэдрэх болно.
2. Хаан Тахилч, Ариун үндэстэн(9,10)
9а-г үзээрэй бүгдээрээ хамтдаа уншъя! “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн Бурханы эзэмшлийн ард түмэн юм.” Петр итгэлээс болж хавчлага зовлон амсаж буй итгэдгийг ХГ-ны Гэтлэл 19:5,6-д тэмдэгдсэн үгээс эш татан хэлж байна. Бурхан өөрийн сонгосон Израил ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлсний дараа, Өөрийн үгэнд нь дуулгавартай дагавал бүх ард түмний дунд Өөрийн үнэт өмч, тахилчдын хаант улс, ариун үндэстэн болгоно гэж амласан. Мөн Израил ард түмнийг Канаан газарт орохын өмнө энэ үгийг дахин санаалуулж хэлсэн(Дх 7:6). Тэгвэл Петр ХГ-ны Гэтлэл 19:5,6-д тэмдэглэсэн үгээс эш татан Есүст итгэсэн итгэгчдийн байр суурийг хэн гэж хэлж байна вэ?
9а-г дахин үзээрэй “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн Бурханы эзэмшлийн ард түмэн юм.”
“Сонгогдсон угсаа” энэхүү үгийн утгыг ойлгохын тулд нэгэн түүхийг сонсоцгооё! Бага сургуульд байхдаа ангийнхаа бүх хүүхдүүдийн дунд ганцаархнаа өргөмөл хүүхэд гэдгээ мэдсэн нэгэн хүү байжээ. Тэр үүнийг мэдсэн мөчөөс эхлэн өөрийгөө гаднын хүн мэт харж, анги болоод сургуульдаа байх ёсгүй мэт өөрийгөө тооцон бодох болсон байна. Харин энэ үед Түүний аав ийнхүү хэлжээ. “танай ангийн бусад хүүхдүүд төрөх үед тэдэнд ямар ч сонголт байгаагүй. Харин ээж аав хоёрын чинь хувьд мянга мянган хүүхдүүд дундаас чамайг сонгосон. Тиймээс чи бид хоёрын хувьд маш онцгой” хэмээн хэлжээ. Үүнийг сонсон хүүгийн уйтгар гуниг нь баяр хөөр болж, ангийнхаа хүүхдүүдийн дунд нэр хүндтэй сурагч болсон байна. Ихэнх хүн нэр хүндтэй их сургууль эсвэл том компанид сонгогдох үед онцгой мэдрэмж авдаг. Гэвч бүтээгч Бурхан намайг мянга мянган оюутан дундаас сонгон, дуудсан нь ямар их онцгой хайр ивээл вэ? Бурхан намайг мундаг, сайн, авьяастай учраас бус харин 100% Бурханы сонголтын улмаас болсон юм. Тиймээс энд сууж буй хүн нэг бүр Бурханы хувьд онцгой юм.
Энд сонгогдсон угаа гэдэг үгийн “угсаа” гэдэг үг нь маш чухал сүнслэг утгатай. Бид Есүс дээр ирэхээс өмнө Адамын удам угсааны гэмт чанартай хүн байсан. Харин одоо Есүс Христэд итгэх итгэлээр дамжин, сүнсний хувьд Есүсийн удам угсааны цоо шинэ хүн болон шинэчлэгдсэн гэдийг заан өгч байна. Өмнө нь бидний дотор гэм үйлддэг Адамыг гэмийн цус урсаж байсан бол одоо Есүсийн дотор дахин төрснөөр миний дотор Есүсийн ариун цус усаж байгаа учраас бид Есүсийн удам буюу сонгогдсон угаасны хүн болсон юм. Тийм л учраас хуучин би , хуучин миний мөн чанар, хуучин Мөнхтөр биш болж, харин цоо шинэ, мөн чанартай, шинэ хүн, шинэ Мөнхтөр хоньчин болсон гэсэн утгатай.
“Хаан тахилч” өмнөх хэсэгт дурьдсанчлан тахилч хүн бол ард түмний гэмийн төлөө Бурханы өмнө тахил өргөн залбирсанаар, эвлэрэл ба зуучлах үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэгтэй хүн юм. 2 Коринт 5:18-д “Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ” хэмээн хэлсэн. Эндээс харвал итгэгч хүн нэг бүр энэ цаг үеийн тахилчаар Бурхан ба хүмүүсийн хооронд эвлэрэлийг гүйцэтгэх онцгой үйлчлэл ба үүрэгтэй хүмүүс юм. Бид Бурханы үгийг бусдад зааж, дамжуулж, гэрчилж, бусдын төлөө Бурханы өмнө очин зуучлан залбирч буй нь тахилчын үүргийг гүйцэтгэж буй хэлбэр юм. Ялангуяа Бурхантай тэсрэлж, өөрсдөө ч мэдэхгүй гэмийн боол болж, мөнхийн галатай тамд орж шийтгэгдэхээс өөр араггүй оюутан залууст, Есүсийн сайн мэдээг дамжуулдаг, Бурханы үгээр тэднийг тэжээдэг, библийн хичээл хийдэг, үйлчилдэг, хоньчны амьдрал нь тахилчийн амьдрал юм.
Энд Элч Петр нь итгэгчдийг зүгээр нэг тахилч гэж хэлээгүй. Харин “Хаан тахилч” хэмээн тодотгосон. Энэ нь итгэгч хүмүүсийн сүнсний эрх мэдэл, онцгой сүнслэг хүч чадлыг харуулж байна. Хаан хүн онцгой захирах, эрх мэдэл, сүр хүч чадалтай байдаг шиг, итгэгчид нь хаан мэт сүнслэг онцгой захирах, эр мэдэлтэй өгөгдсөн тахилч нар гэсэн утгатай. Матай 16:19-д “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна , тэр нь тэнгэрт тайлагдах болно” хэмээн хэлсэн. Тиймээс хаан тахилч нар болсон итгэгчид нь ийнхүү Бурханаас өгөгдсөн сүнсний эрх мэдлийг идэвхтэй хэрэглэх хэрэгтэй. Сатан ба чөтгөрүүдийн боолчлол дор, гэм ба нүглийн хүлсээстэй оюутан залуусын төлөө эрх мэдэлтэйгээр үгийг тунхаглан дамжуулж, эрх мэдэлтэйгээр тэдний төлөө залбирах үед тэд чөлөөлөгдөн авралыг олох болно. Оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн Бурханы өмнө очин, Сүнсний эрх мэдэл ба итгэлтэйгээр бусдын төлөө зуучлан залбирах үед, Бурхан бидний гуйлтын дагуу ажиллах болно. Надад хариуцуулж өгсөн хоньдод үгийг эрх мэдэлтэйгээр дамжуулан үйлчлэх үед бодитоор сүнсний онцгой эрх мэдрэл ба хүчний биеллийг амсах болно.
Энэ бүгдээс харвал бид одоогийн байр суурь, бодит нөхцөл ба сул дорой байдалд хүлэгдэн амьдралгүй харин Бурханы доторх шинэ байр суурийг санаж, бодож, тооцож амьдраарай гэсэн утгатай. Ихэнх итгэгчид энэ Бурханы доторх сүнслэг байр суурийг мэддэггүй, гүнзгийг хүлээн зөвшөөрч итгэж амьдардаггүй учраас бодит амьдрал дээр итгэгч гэдгээ нуун өрөвдөлтэй амьдардаг. Тэгээд янз бүрийн амьдралын сорилт, зовлон асуудалтай тулах үед төөрөлдөн зүг чиг ба дуудлагийг алдан, итгэгч бус хүнээс ялгарахгүй амьдардаг. Харин бид энэ ертөнцөд “Сонгогдсон угсаа, хаан тахилч” гэсэн Бурханы доторх сүнслэг байр суурийг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийгөө ийнхүү тооцож, үүнд бат итгэж үнэмшин амьдрах үед ямар ч нөхцөлд төөрөлдөхгүй, зүг чигээ алдахгүй тухайн цаг үеийн Бурханы хүнээр амьдарч чаддаг. Тиймээс Бурхан доторх сүнслэг шинэ байр суурийг гүнзгий хүлээн зөвшөөрөх нь маш чухал асуудал юм.
“Ариун үндэстэн” гэдэг нь Бурханд зориулагдсан, тусгаарлагдсан гэсэн утгатай. Өрөөр хэлбэл итгэгч хүмүүс нь энэ дэлхийн улс үндэстнээс тусгаарлагдсан, зөвхөн Бурханд зориулагдан, Бурханд л үйлчилдэг ард түмэн гэдгийг зааж байна. Мөн энэ дэлхийн үзэл бодол ба уур амьсгал, амьдралын хэв маяг ба гэм нүглийг дагалгүй, тэднээс ялгарч, эсрэгээр амьдрахыг зааж байна. Итгэгч бид Бурханы өмнөх энэ л ариун ард түмэн гэсэн байр суурийг бодож, санаж амьдарвал бид энэ л цаг үеийн янз бүрийн нийгмийн уур амьсгал ба гэм нүгэлд автагдалгүй амьдарч чадна. Ийнхүү амьдарах үед харанхуй энэ дэлхийд Бурханы гэрэл ба давсны амьдралаар амьдарч, энэ л нийгэм ба дэлхийг өөрчлөн амьдрах болно.
“Бурханы эзэмшил” Энэ нь Бурханы хамгийн их хайрлан халамжилдаг хүмүүс болсон гэсэн утгатай. Бурхан Есүсийн үнэт цусаар худалдан авснаар намайг, миний амьдралыг онцгойлон хамгаалж, халамжлах өмч болсон. Хүмүүс өөрийн үнэтэй эд зүйлсийг онцгой анхаарч арчлан хамгаалдаг. Түүн шиг Бурхан бидний онцгой анхаарч, халамжилж, хайрлан, нандигнаж, нүдний цөцгий мэт хандан, заримдаа бидний сайн сайхны төлөө намайг дасгалжуулан өсгөж байдаг.
Тэгвэл Бурхан бидэнд яагаад ийм агуу онцгой сүнслэг шинэ байр суурийг өгсөн вэ?
9б-г үзээрэй “Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм” гэж байна. Эндээс харвал Бурхан бидэнд дээрх сүнслэг, шинэ онцгой байр суурь ба эрхийг өгсөн нь Бурханы хүчирхэг үйлдлийг тунхаглан амьдруулахын тулд юм. Өөрөөр хэлбэл бид Бурханыг бусдад гэрчлэн, гэрчийн амьдралаар амьдран гэсэн утгатай. Бид гэм ба харанхуй дунд төөрөн амьдарч буй хүмүүсийг Есүсийн гайхамшигтай гэрэл рүү авч ирэх хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг юм. Израил ард түмэн дээрх онцгой эрхээ сайн мэддэг байсан ч, энэ л үүргээ биелүүлж амьдраагүйгээс болж Бурханы сонгогдсон ард түмнээр амьдарч чадаагүй. Тиймээс бид ч гэсэн Есүсийн дотор надад өгөгдсөн байр суурь ба сүнслэг онцгой эрхийг сайн хүлээн зөвшөөрөхөөс гадна, Бурханы бидэнд өгөгдсөн үүргийг хичээнгүй биелүүлэн амьдрах хэрэгтэй. Тэгвэл бид энэ цаг үеийн Бурханы сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн жинхэнэ ард түмэн болж амьдарч чадна. Бурхан манай чуулганд 2025 оны гол эшлэл болгон өнөөдрийн үгийг өгч байна. бид энэ л 2025 онд Есүсийн сайн мэдээний гэрлийг энэ цаг үеийн оюутан залууст хичээнгүй тунхаглаж, энэ цаг үеийн авралын ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Хойд Каролинагийн Их сургуульд ажилдаг сэтгэл судлалын ухааны Доктор Барбара нь хүний эерэг үг, хандлага, бодол санаа зэрэг нь хүний тархи, би мах бодид бодитой нөлөө үзүүлдэг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байна. Хүний амнаас гарж буй эерэг үгс ба бодол санаа нь хүний тархинд серотонин, допомин, окситоцин гэх мэт дааврыг идвэхжүүлж хүнд тайван, аз жаргалтай, бие мах бодь эрүүл байх болон дархлааны системийг дэмждэг болохын тогтоосон байна. Харин сөрөг үгс ба бодол санаа нь стрессийг нэмэгдүүлж, тахринд коротизол-н түвшнийг нэмэгдүүлж, энэ нь удаан үргэлжилбэл сэтгэцийн эмгэг, депрэст оруулдаг бөгөөд бие мах бодын эрүүл мэндэд сөрөг нөлөөдөг болхыг туршилтаар нотолсон байна. Тиймээс хүнд өгч буй нэг зөвлөгөө нь өдөр тутамдаа өөртөө болон бусдад сайхан, эерэг үгсийг хэлж, хэрэглэж, хэвших. Бодол санаагаа үргэлж эерэг бодол санаагаар дүүргэх дасгал хийгээрэй хэмээн зөвлөжээ. Тэгвэл өнөөдөр бид өдөр бүр өөрийгөө болон бусдыг “Сонгогдсон угсаа, хаан тахилч, Ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” хэмээн хэлж, хэрэглэж, тооцож, хэвшиж амьдарцгаая!. Тэгвэл бид 2025 ондоо Бурханы сонгогдсон угсаа, хаант тахилч, ариун үндэстнээр өөрчлөгдөн амьдрах болно.
ДҮГНЭЛТ: Өнөөдөр бид тус бүр өөр өөр янзын байр суурьтай хүнээр амьдарч байна. Оюутан, оюутан хоньчин, ажилчин хоньчин, гэр бүл хоньчин, IT инженер, Англи хэлний багш, захирал гэх мэт. Гэвч бид энэ бүхнээс илүүгээр бид бол Есүсийн дотор Бурханы сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Бид ямар ч үед, ямар ч нөхцөл байдлын дунд, хүмүүс болоод энэ нийгэмд юу гэж харагдаж, ямар байр суурьтай гэхээс илүүгээр, Бурханы доторх сүнслэг шинэ байр сууринд илүү бат итгэн үнэмшиж, үүн дээрээ бат зогссноор энэ цаг үеийн “хаан тахилч”-ын амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.13/
Дараагийн нийтлэл2025 оны 1 Петр 3-р хичээл (01.19)