2024 оны Эхлэл 27-р номлол (10.06) Калеб Ганболд хн

ИОСЕФТОЙ ХАМТ БАЙСАН БУРХАН

Эхлэл 39-41-р бүлэг
Гол эшлэл 39:2,3

“Эзэн Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа. Эзэн, түүнтэй” хамт байгааг мөн Эзэн, түүний үйлдсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн үзэв

Иосефыг эхлэл номын үр жимс гэж үздэг. Тэрээр амьдралдаа хүний хэзээ ч нүүр тулахыг хүсдэггүй олон хэцүү зовлонтой нүүр тулсан. Гэвч Тэрээр бүхнийг Төгс хүчит, бүтээгч, Бурханд эргэлзэлгүй итгэсэн итгэлээр даван туулж чадсан. Хэдийгээр бодит байдал Бурхан өөртэй нь хамт байхгүй юм шиг харагдахаар байсан ч, Иосефын итгэл хэзээ ч эргэлзэлгүй. Тийм л учраас Бурхан түүнийг дасгалжуулан, сургаж, өсгөж, ерөөж, олон хүний амийг аврах ажилд нандираан хэргэлсэн юм. Онцгойлон Бурхан өөрийн сонгосон ард түмнийг хүнд цаг үеэс хамгаалах, тэднийг үргэлжүүлэн авралын ажилыг биелүүлэхэд Иосефын амьдралыг ашигласан.
Энэ цагт бид ч гэсэн Иосефын итгэлээс сургамж аван, амьдралд тохиолдож буй олон зовлон бэрхшээл, хүнд хэцүү зүйлсийг Бурханд итгэх итгэлээр даван туулснаар, энэ цаг үеийн Бурханы авралын ажилд Иосеф шиг хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
1. Боол болсон Иосефтой хамт байсан Бурхан (39:1-13)
1-р эшлэлийг үзээрэй “Иосеф Египет рүү хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ” гэв. Иосеф 17-н жилийн турш эцгийнхээ гэрт, хайр халамжаар дүүрэн дутах зүйлгүй амьдарьж байсан. Гэвч нэг л өдөр түүний амьдрал танихгүй газар, харгис хатуу боолын амьдрал болон өөрчлөгдсөн. Библид Иосефын Египет дах боолын эхний хэдэн жилийн амьдралын тухай бичээгүй. Гэсэн ч Иосеф хичээн их зовлон амсаж, шөнөжин аавыгаа болон гэрээ санан уйлсныг бид төсөөлж болно. Тэрээр хичээн их ганцаардаж, айдас, санаа зовиурт автан, магадгүй ах нараа үзэн ядаж, өс хонзонгийн сэтгэлээс болж сэтгэцийн асуудалд ч орж болох байсан. Гэвч Иосеф хэрхэн амьдарсан бэ?
2,3-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншъя! “Эзэн Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа. Эзэн түүнтэй хамт байгааг мөн Эзэн, түүний үйлдсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн үзэв” гэж байна. Эндээс харвал Иосефтой Эзэн хамт байсан гэж байна. Библийг харвал Бурхан өөрийг нь юу юунаас илүү хайрладаг, Түүний тушаал зааврыг өөгүй дагадаг хүнтэй “Бурхан хамт байлаа” хэмээн хэлдэг юм. Тэгэхээр Иосеф бодит байдал хэчнээн хэцүү байсан Бурханыг хайрлаж, нөхцөл байдлаас үл хамааран Бурханд итгэж байсан гэсэн утгатай. Магадгүй тэрээр Бурхан өөрийг нь хайрлаж байгаа гэдэгт эргэлзэлгүй итгэж, Бурхан түүнийг тодорхой зорилготойгоор Египетрүү ирүүлсэн гэдэгт итгэсэн. Тийм л учраас Иосеф төсөөлөхийн араггүй нөхцөл байдал дунд байсан ч, Бурханд таларахаж, өөрт оногдсон ажил үүргээ хамгийн сайнаар итгэмжтэй хийсэн. Тэр л үед Бурхан түүний үйлдсэн бүхнийг бүтэмжтэй болгож, түүний эзэн Потифарын гэр болон тариалангийн талбайд байхсан бүх эд юмсыг Эзэн ерөөсөн(5). Уг нь египет хүн Потифар хиймэл шүтээн шүтдэг харь үндэстэн учраас Эзэн Бурхан түүнийг ерөөх үндэс байхгүй. Гэвч Бурхан Иосефоос болж, Иосефын төлөө Потифарыг ивээсэн. Эндээс харвал Бурхан түүнтэй хамт байсан учраас Иосеф тухайн газартаа Бурханы ерөөлийг авчирч, ерөөлийн үндэс болсон. Эндээс бид нэг зүйлийг болно. Би хэнтэй, хаана, байхаас үл хамааран Бурхан надтай хамт байвал тухайн газартаа би ерөөлийн үндэс болдог гэдгийг сурч болно.
Тэгвэл өнөөдөр бид хэрхэн Бурханы ерөөлийг эргэн тойрондоо авчирдаг хүнээр амьдарч чадах вэ?
1 Самуел 2:30б-д ийнхүү хэлсэн “Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна” гэж бичигдсэн. Эндээс харвал Бурханыг хүндэтгэгчдийг Бурхан хүндэтгэнэ гэж байна. Тэгвэл “Бурханыг хүндэтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Иосеф шиг сайн, муу ямар ч нөхцөл байдалаас үл хамааран Бурханд эмээн хүндэтгэх сэтгэлээр хандаж, Бурханы хайранд ямар ч үед эргэлзэлгүй итгэх явдал юм. Өнөөдөр бид ч нөхцөл байдлаас үл хамааран, Бурханд эмээн хүндлэх сэтгэтгэлээр хандсаар байвал, Бурханы хайранд эргэлзэлгүй бат итгэн, талархсан сэтгэлээр өөрийн үүрэг ба ажилд итгэмжтэй, хамгийн сайнаар үйлдсээр байвал, Бурханы онцгой ивээл ерөөл нь миний амьдралын бүхийл талбарт дүүрэн цутгагдах болно. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй. “Бурхан таньтай хамт байна”
Одоо 6б-7-р эшлэлийг үзээрэй “Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. Үүнээс хойш эзнийх нь эхнэр Иосеф харц чулуудаж- Надтай унтаач гэж хэлэв” гэв. Иосеф одоо 27-н настай идэр залуу болсон. Гэвч түүнийг эзнийх нь эхнэр Иосефт, харц чулуудан уруу татах болов. 10-р эшлэлээс үзүүл “өдөр бүр” Иосефыг ятгагдаг байсныг мэдэж болно. Хүний газар, таньж мэдэх хүнгүй, гэрийн тэргүүн даамал болсон идэр залуу Иосефын хувьд татгалзахын араггүй санал байсан байхаа. Гэвч Иосеф үүнд хэрхэн хандсан бэ?
8-10-р эшлэлийг үзээрэй. Залуу хоньчид хамьдаа уншъя! “Харин Иосеф татгалзаж, эзэнийхээ эхнэрт- Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ миний гарт өгсөн учир энэ гэрт надаас илүү мэдэлтэй хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? Гэв. Тэр эмэгтэй өдөр бүр бүр Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй” Эндээс бид Иосефын энэхүү гэмийн уруу татлагыг ялж чадсан аргыг сурж болно.
1-рт Иосеф гэрийн эзэн буюу хүний итгэлийг алдахгүй байхыг хичээсэн. Өөрөөр хэлбэл энэ гэм нь хүний мөс чанар ба ёс суртахууны хувьд байж боломгүй үйлдэл байв. Тиймээс Иосеф мөс чанарын хувьд үүнийг бодох үед байж боломгүй үйлдэл байсан учраас татгалзах эхний шалгаан болсон.
2-рт Иосеф үргэлж Бурханы нүдний өмнө амьдарсан. Өөрөөр хэлбэл Иосефт Бурханаас эмээн хүндэтгэх сэтгэл байсан. Тийм л учраас “Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” хэмээн хэлсэн. Эндээс харвал Иосеф хүний эхнэртэй завхайрах нь Бурханы өмнө үйлдэж буй том нүгэл гэж үзсэн. Тэгээд Иосеф өөрийг нь хайрлаж буй Бурханыг гомдоон шаналгахыг хүсээгүй юм. Энэ л сэтгэл нь Бурханаас эмээн хүндэтгэж, гэмийн хүсэл тачаалд уналгүй зүрх сэтгэл, бие мах бодийг хамгаалж чадсан.
Өнөө үед ихэнх хүмүүс завхайрлыг гэм гэж бодохоо больсон цаг үед амьдарч байна. Тиймээс муу ёрын сүнс, сатан биднийг ч гэсэн Иосеф шиг ийнхүү нялуун үгээр сорьж уруу татдаг. Ялангуяа оюун залуучууд, ганц бие хүмүүс уу илүү хүчтэй дайрдаг. Гэвч библийг харвал завхайрлын гэмийн үр дагавар ба авах шийтгэл нь асар их том бөгөөд үүнээс болж хувь хүн төдийгүй улс үндэстэн бүхлээрээ сүйрсэн олон жишээ байдаг. ялангуяа шинэ, залуу итгэгчид энэ л асуудлаас болж агшин зуурын хүслийг даван туул чадалгүй гэмд унан, сүнсний хүсэл ба хүчийг алдаж, Бурханаас холдон явдаг олон жишээ байдаг. Тиймээс бид Иосефын итгэлээс сургалцан ямар ч үед Бурхан нүдний өмнө буюу Бурханаас эмээн хүндэтгэх сэтгэлтэй, итгэлтэй байвал бид энэл уруу татлагыг ялж чадна. Мөн Сургуулт үгс 119:9-с үзвэл ийнхүү хэлсэн “Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийг сахиснаар хадгална” , 2 Тимот 2:22 “Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө” хэмээн тус тус хэлсэн.
Тэгэхээр залуучууд бид Бурханы үгээр дүүрэн амьдрахад Ариун Сүнсэнд захирагдан залуу насны дур хүслүүдийг ялж, зам мөрөө цэврээр хадгалж, янз бүрийн уруу татлагыг даван туулж чадна. Тэгвэл бид Бурханы ариун сав болон бэлтгэгдэж, Бурханы авралын ажид Иосеф шиг хэрэглэгдэх болно. Залуучууд маань 7 хоног бүр Ром библийн хичээл хийж байгаа. Энэ л цагаар дамжуулан манай залуучууд Бурханы үгээ дүүрэн болсноор, Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх сав болон бэлтгэдэж байгаа гэдэгт итгэж байна. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй! “Бурханы үгийг сахих, Залуу насны дур хүслүүдээс зугт”
2. Шоронд хайт байсан Бурхан (39:14-40-р бүлэг)
14-20-г үзээрэй Иосеф гэмийн уруу татлагаас татгалзсанаас болж, гүтгэгдэн шоронд хоригдох болсон. Энэ нь хааны хоригдлуудыг хорьдог шорон байв. Тэрээр Бурхан болоод бусдын өмнө гэм үйлдэлгүй үнэнч байсныхаа төлөө шоронгийн хоригдол болж байна. Байдал бүр улам л долоон дор байдалд орсон. Хүний газарт, хандах хүн байхгүй, шоронгийн хоригдол болсон Иосефын сэтгэл ямар байсан боллоо. Төсөөлөхийн араггүй!
Хүнд хамгийн хэцүү нэг зүйл бол хийгээгүй, үйлдээгүй зүйлийнхээ төлөө хийсэн хэмээн бусдад буруугаар ойлгогдох нь хамгийн хэцүү зүйл байдаг. Магадгүй үүнээс болж Иосеф Бурханд эргэлзэж болох байлаа. Бурханыг дагасан биш бүр долоон дор байдалд орлоо гэх мэт. Гэвч Иосеф яасан бэ?
21-р эшлэлийг хамтдаа уншъя үзээрэй “Эзэн Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн харгалзагчийн нүдэнд тааллыг олжээ” гэв. Эндээс харвал Иосеф зүрх сэтгэлдээ хэн нэгэнд гомдсон, өс санасан, ямар нэгэн хорон муу санаагаар зүрх сэтгэлээ дүүргээгүй гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл Бурханы хайранд эргэлзээгүй. Бурхан өөрт нь тавьсан саан таалал төлөвлгөө байгааг гэдэгт итгэсээр л байсан. Тийм л учраас тэр шоронгийн ажил үүргийг хамгийн сайнаар хийж, шоронгийн харгалзагчийн нүдэнд тааллыг олох хүртэл хамгийн сайнаар хийсэн.
Иосеф өөрт нь хэчэнээн үл итгэл төрж, хорон муу санаа бодол, бусдыг үзэн ядах сэтгэл, гомдоллох гэм мэт хүний сэтгэлд өөрийн эрхгүй бий болдог мэдрэмж, бодол санаануудыг Бурханы хайранд итгэх итгэлээр ялж чадсан учраас өөрт оногдож буй ажлыг бусдад харагдах хүртэл сайнаар үйлдэж чадсан юм. Үүнээс гадна Иосеф зүгээр бүх зүйлсийг сайнаар хийсэн бус, бусдад хүртэл анхаарал тавьдаг байсан гэдгийг мэдэж болно. 40:7-р эшлэлээс үзвэл Иосеф шоронд байхдаа Фараоны хоёр албатаас “Өнөөдөр та хоёрын царай яагаад ийм дүнсгэр муу харагдан вэг?” гэж асуудаг. Эндээс Иосеф өөрөө хичээн хэцүү нөхцөл байдалд байсан ч бусдад анхаарал тавьж, хоньчны сэтгэлээр хандан, бусдад үйлчилдэг байсныг мэдэж болно.
Нэг зүйл асууя! Ямар хүн өөрөө хэцүү нөхцөл байдалд байсан ч, бусдад анхаарал хандуулдаг вэ? Ямар хүн хүний дотор өөрийн эрхгүй төрдөг үл итгэл, бусдыг үзэн ядах сэтгэл, бусдад гомдоллох гэх мэт хүний мэдрэмж ба санаа бодолд автахгүй байж чадах вэ? ямар хүн нөхцөл байдал хэцүү байсан ч өөрт оногдсон үүрэг загалмайг хамгийн сайнаар, цаашлаад бусдад харагдах хүртэл хийдэг вэ? Иосефын түүхээс харвал Бурхан хамт байдаг, Бурхантай ойр байдаг, Бурханы энэрэл хайр үнэнээр дүүрэн байгаа хүн ийнхүү үйлдэж чаддаг юм. Бурхан Иосефтой хамт байсан учраас Бурхан түүнийг тайтгаруулж, одоо тулгарч буй зовлонг даван гарах хүчийг өгсөн учраас, Иосеф ийнхүү үйлдэж чадсан юм.
Өнөөдөр бид ч гэсэн ялгаагүй. Бурхан бидний зүрх сэтгэлд амар тайван, баяр хөөр нийгүүслээр бидний зүрх сэтгэлийг дүүргэх үед бидний дотор төрдөг үл итгэл, гомдоллох сэтгэл, хорон муу бодол санаа гэх мэт хүний мэдрэмжүүдийг дан туулж, өөрөө хэцүү байсан ч нэг сүнсий асуудлыг анхаарч, тусалж хончины хайраар хандаж чаддаг. Гайхамшигтай!
Одоо 8-23-р эшлэлийг үзээрэй! Иосеф Фароаны ахлах сөнч, талхчин хоёрын зүүдийг тайлж өгдөг бөгөөд, Иосефын хэлсний дагуу гурав хоногийн дараа ахлах сөнч эргэж албандаа орж, ахлах талхчин нь дүүжлүүлэн нас бардаг. Тэгээд Иосеф фараоны сөнчид бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай, Надад нинжин сэтгэл гарган энэ газраас намайг гаргаж өгнө үү хэмээн гуйсан байдаг(40:14). Гэвч ахлах сөнч шоронгоос гарсны дараа Иосефыг эргэж саналгүй мартдаг. Тэгээд Иосеф шорондоо үргэлжлүүлэн байдаг. Магадгүй хүний нүдээр харвал Иосефын шоронд үргэлжлүүлэн амьдарч буй түүний амьдрал нь ямар ч утга учиргүй, хоосон юм шиг харагдахаар. Гэвч Иосефын шоронгийн амьдралын цаана Бурханы агуу таалал байсан.
Бидний дунд огт хүсэхгүй, хүлээн зөвшөөрмөөргүй, хиймээргүй, баймааргүй, хэцүү нөхцөл байдалд дунд байгаа хүн байна уу? Өөрийн сул дорой гэмт чанар эсвэл итгэлийн замаар хичээнгүй тэмцэн амьдарсан ч улам хэцүү байдалд орсон хүн байна уу? ялангуяа Бурханд цэвэр сэтгэлээр итгэн, дуулгавартай дагасан ч та улам л хэцүүдээд, хоосон, утаггүй замаар яваа мэт санагдаж байгаа хүн байна уу? Тэгээд Бурхан гэж байхгүй ч юм шиг, Бурхан надад туслахгүй, Намайг анхаарахгүй байгаа мэт санагдаж байгаа хүн байна уу?
Тэгвэл та ямар ч бурууг үйлдээгүй хэр нь нэг л өдөр танихгүй газар зарагдан боол болсон Иосефыг бодоорой. Мөн Бурхан болоод бусдын өмнө үнэнчээр байсныхаа төлөө шоронд орсон Иосефыг хараарай. Түүний нөхцөл байдал Бурханы эсрэг, Бурхан байхгүй мэт харагдаж байсан ч, Бурханд гомдоллон, бусдыг үзэн ядаж, бусдад уурлан, ялын сэтгэлээр аливаад хандсангүй. Харин ч бүхийг хамгийн сайнаар чинь сэтгэлээрээ хийн амьдарсан Иосефыг санаарай. Тэгээд надад төрөөр байгаа үл итгэл, эргэлзээ, гомдол гэх мэт хүний мэдрэмжүүдээ гэмшиж, Иосеф шиг Бурханд түшиглэж, Бурханы надад тавьсан сайн таалал төлөвлөгөө байгаад итгэн, Түүнд талархасан сэтгэлээр бүгдийг хийж үзээрэй. Тэр үед Иосефтой хамт байсан Бурхан, Иосеф энэрэл хайр үнэнээр хандсан Бурхан, тантай ч гэсэн хамт байж, та хүчтэй, амьтай, урам зоригтой, үрж жимстэй амьдрах болно.
Тийм л учраас өнөөдөр таны эдэлж буй зовлон бэрхшээл нь дэмий хоосон зүйл огт биш бөгөөд харин Бурханы агуу таалал байгаа юм. Библийн баатрууд болох Иосеф, Мосе, Давид нарыг харвал бүгд л хэцүү зовлон эдэлсний дараа Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн байдаг. Үүн шиг янз бүрийн зовлонгоор дамжуулан биднийг Бурханы өөрийн агуу ажилдаа нандинаар хэрэглэх гэж байгаа гэдэгт итгэн амьдарцгаая!
3. Египетийн ерөнхий сайд болсон Иосеф (41-р бүлэг)
41:1а-р эшлэлийг үзээрэй. “Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдлэв.” Гэж байна. Ахлах сөнч шоронгоос гарснаас хойш бүтэн хоёр жил өнгөрсний дараа Египетийн хаан Фараон нэгэн зүүд зүүдэлсэн. Фараон энэхүү зүүднээс болж ихэд түгшсэн тул хаант улсынхаа бүх мэргэ төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг цуглуулсан боловч утгыг нь тайлж чадаагүй. Энэ үед ахлах сөнч Иосефыг санан, Түүнийг Фараоны өмнө авчирдаг. Гэвч Иосеф Фараоныг хараад таалагдах гэж хичээсэнгүй. Харин Иосеф Фараонд зоригтойгоор үнэнийг хэлдэг. “Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө” хэмээн хэлсэн. Хэрэв энэ Фараон Египетийн ихэнх Фароанууд байсан бол, Бурханы тухай сонсоод уурлах байсан. яагаад гэвэл Египетийн ихэнх фароанууд өөрсдийгөө бурхан гэж үздэг байсан. Гэвч энэ Фараон Иосефыг өөрт нь Бурханы тухай гэрчлэхэд уурлалгүй, үгийг нь анхааралтай сонссон.
Иосеф Фараонд Бурхан Египетдэд долоон жилийн элбэг ургац өгсний дараа долоон жилийн хатуу ширүүн ган болгохыг хатуу шийдсэн байна хэмээн хэлсэн. Дараа нь Иосеф Фараонд зөвлөгөө өгдөг. Иосефын энэ л зөвлөгөө Фараон болон түүний бүх албат нарын нүднээ таатай байсан(37). Тэгээд Фараон “Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу?” гэж хэлээд Иосефыг Египетийн бүх газар нутгийн хариуцагч, ерөнхий сайд болгодог.
Иосеф нэг л өдрийн дотор боолын амьдралаас хаан мэт болсон. Энэ байдал бол ямар ч хүнийг бардам, ихэмсэг сэтгэлтэй болгохоор байсан. Гэвч Иосеф энэ үед ч юу хийсэн бэ? Тэрээр өөрт нь мууг үйлдсэн хүмүүсийн жагсаалтыг гаргаж байгаад хөнөөсөнгүй. Харин Иосеф Фараоны өмнөөс гарч, Египетийн бүх газар нутгаар аялсан бөгөөд шууд л долоон жилийн дараах болох ган гачигт бэлддэг.
50-52-р эшлэлийг үзвэл Иосеф өлсгөлөнгийн жил болохоос өмнө хоёр хүүтэй болсон. Тэр ууган хүүгээ Манассе буюу “мартах” гэсэн утгатай. Энэ нь “учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэж гэрчилсэн. Энэ нь Иосеф ах нараасаа болж туулсан бүх зовлон, шаналлыг мартахад Бурхан тусалсан гэсэн утгатай. Тэрээр өөрийг нь хайртай ааваас нь салган, харь газарт боол болгон зарсан, ах нартаа гүнзгий өс хонзон тээж болох байсан. Гэвч Иосеф эдгээр бүх мэдрэмж, зүрх сэтгэлийг Бурхан эдгээж, баяр хөөр, амар тайвнаар дүүргэсэн. Түүний хоёр дахь хүүг Ефраимм буюу “үр жимс” гэсэн утгатай. Бурхан түүний сэтгэлийн гүн шархыг эдгээхээс гадна, түүний амьдралыг маш үр жимстэй болгосон. Тиймээс “Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үр жимстэй болгожээ” хэмээн хэлсэн. Эндээс харвал Иосеф ерөнхий сайд болсон нь өөрийн мундаг лагадаа бус Бурхан ийм ерөөл өгсөн хэмээн талархсан. Энэ нь Иосеф эрх мэдэлтэй болсон ч өчүүхэн ч бардамнах сайрхах зүйлгүй, Бурхантай хамт байсан гэдгийг харуулж байна.
Ийнхүү Бурхан Иосефыг 17-н настай байхад өгсөн зүүдийг биелүүлсэн. Бурхан Иосефыг Египет болон бүх дэлхийг, ялангяа Бурханы сонгосон ард түмэнд ерөөл болох хүртэл нь дасгалжуулсан.
Дүгнэлт:Бурхан Иосефыг эцгийн гэрт байсан ч, боол байсан ч, шоронд байсан ч, ерөнхий сайд байсан ч түүнийг хэн байх, хэнтэй байх, хаана байх зэргээс үл хамааран Иосефтой хамт байсан. Бурхан хамт байсан учраас тэрээр бүхийл зовлон бэрхшээл, хүнд хэцүү зүйлсийг сайнаар даван гарч чадсан. Иосефтэй хамт байсан Бурхан, өнөөдөр ч гэсэн бидэнтэй хамт байга. Бид ч гэсэн ямар ч байдалд орсон Бурхан хамт байгаа гэдэгт итгэж, сайн муу ямар ч байдлыг сайнаар даван ялалт байгуулдаг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.07/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.10.12/