2017 оны Үйлс 26-р номлол (04.30) Г.Хаш-Эрдэнэ

Ромд ч мөн гэрчлэх ёстой

Үйлс 23:1-35
Гол эшлэл 23:11

Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон -Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

Өнөөдрийн зарлиг нь Паулын 4 дэх сайнмэдээний аялал бөгөөд өөрөөр хэлбэл сүүлчийн сайнмэдээний аялал гэж хэлж болох юм. Түүний энэ аялалын эцсийн бариа нь хүчирхэг Ром байсан юм. Энэхүү аялалын эхлэл нь нилээдгүй ширүүн үйл явдлаар эхэлж өрнөсөн юм. Учир нь юу гэвэл Паулаас болж иудейн удирдагч нар Иерусалимд үймээн самуун дэгдээж тэрээр баригдан алуулах шахсан боловч Ромын цэргийн хүчээр хамгаалуулан иудейчүүдэд алуулах аюулаас хол байж чадсан. Хэдийгээр тэр гэмт хэрэгтэн мэт баригдан, шүүгдэж, иудейн удирдагч нарын өмнө зогсож, Ром руу шүүгдэхээр явж байгаа боловч энэ нь Бурханы төлөвлөгөө байсан юм. Паул баригдахгүй байсан бол Иудейн зөвлөлийн өмнө итгэлээ гэрчилж сайнмэдээг тунхаглаж чадахгүй байсан. Мөн сайнмэдээнээс болж шүүгдэхээр болоогүй бол Ром руу явж сайнмэдээг тунхаглаж чадахгүй байсан. Мөн цэргүүд ч сайнмэдээ тунхаглагч Паул гэгч этгээдтэй тэгтлээ сайн танилцахгүй байсан биз ээ. Эдгээр үйл явдлаар дамжуулан Бурханы агуу төлөвлөгөөг ухаарч сайнмэдээг тунхаглуулдаг Бурханы гайхамшигтай арга замын тухай суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
1.Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарсан Паул /1-10/
Иерусалимд Паулаас болж иудейн удирдагч нар асуудал үүсгэж Ромын цэргүүдэд ажил гаргав. Ромын цэргийн 1000-тын дарга үймээний учир шалтгааныг сайн олоогүй ч, үймээний гол дүр болсон Паулыг Ромын иргэн гэдгийг мэдсэнээр түүнийг ямартай ч хамгаалалтанд авсан. Тийнхүү Паулыг юунд буруутгаж байгааг нь мэдэхийн тулд ахлах тахилч нар болон бүх зөвлөлийг цуглуулан Паулыг тэдний өмнө зогсоов. Тухайн үед энэ зөвлөл нь иудейн шашны асуудлыг шийдвэрлэн шүүх, хамгийн дээд байгууллага болох Санхедрин хурлыг хэлж байна. Санхедрин хурал Мосегийн хууль тогтоолууд ба ахлагчдын ёс заншлуудын зөв тайлбарыг ярилцан шийдэж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг зааварлаж, мөн үүнийг зөрчсөн хүмүүсийг шүүх үүргийг гүйцэтгэдэг байв. Зөвлөлийн дарга болох тэргүүн тахилчтай нийлээд 71-н гишүүнтэй байв. Тэдний ихэнх нь садукай бүлэглэлийн тахилчид, фарисай бүлэглэлийн хуулийн багш нар ба ноёд байв. Одоогоор бол УИХ-ын 76 гишүүний өмнө гэж зүйрлэн хэлж болохоор юм. Нэгэн цагт Есүс Христийг энэ зөвлөлийн өмнө буруутган яллаж байсан. Мөн Стефан болон Петр, Иохан нар ч гэсэн энэ зөвлөлийн өмнө буруутгагдан зогсож байсан. Тэд бүгд Бурханы өмнө өөрсдийн итгэлийг гэрчлэн зогсоцгоосон. Мөн Паул ийнхүү иудей удирдагч нарын өмнө зогсон өөрийгөө өмгөөлөх цаг нь иржээ.
1-р зүйлийг үзээрэй. “Паул зөвлөлийг анхааралтай харан -Эрчүүд, ахан дүүсээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв.”
Паул зөвлөлийг анхааралтай харсан нь тэдний дунд сайнмэдээг тунхаглах боломж олдож байгааг илэрхийлж байна. Тийнхүү Израйлийн дээд эрх мэдэл бүхий удирдагчдийн өмнө зүрх зоригтой, айдас, эргэлзээгүй зогсож ийнхүү хэлсэн. Тэр өөрийгөө өнгөрснөөс одоог хүртэл Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарсаар ирсэн гэсэн. Ингэж хэлэх эрх түүнд байсан учраас тэдгээр хүмүүсийн өмнө Паул итгэл бардам ийнхүү хэлжээ. Паулын энд хэлж байгаа сайн мөс чанар гэж юу вэ?
Мөс чанар гэдэг нь Бурханаас хүнд төрөхөөс нь өгөгдсөн сайн, мууг ялгах мэдрэмж гэж хэлж болох юм. Мөн хүмүүс бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэний баталгаа, Түүнээс бидэнд өгөгдсөн мөн чанар юм. Хүний мөс чанар нь зөвийг үйлдэхэд санаа нийлж, бурууг үйлдэхэд буруутган шүүдэг зүрх сэтгэлийн дэнс юм. Хүмүүс хүн чанар зулгаагаад гэдэг. Угаасаа зулгааж байх ёстой юм чинь аргагүй. Гэвч хүний мөс чанар нь гэмээс болж халхлагдан, дарагдаж, доройтон муудсаар мэдрэмжгүй болсон. Зулгаадаг хүч нь суларсан гэсэн үг. Тэгээд хүмүүс мөс чанар нь зулгаасан ч гэсэн хүний мөсгүй гэм нүглүүдийг хийсээр байна. Тэгвэл яах ёстой юм бэ?
Еврей 9:14-т “Тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ.” Тиймээ Есүсийн загалмайн цусаар гэмшин цэвэршихгүй бол хүний мөс чанар нь анх Бурханы өгсөн цэвэр үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй.
Тиймээс сайн мөс чанарын дагуу амьдрах гэвэл юуны түрүүнд Есүсийн цусаар дамжуулан гэмээс болж унасан мөс чанарыг шинэчлэн сэргээх хэрэгтэй. Паул урьд нь Христэд итгэгчдийг баривчлан, хавчихдаа хамгийн түрүүнд явдаг нэгэн байсан. Гэхдээ тэрээр үүнийг Бурханы өмнө мөс чанарынхаа дагуу үйлддэг байжээ. Харин Есүс Христтэй уулзан дахин төрснөөр цэвэрлэгдэн, шинэчлэгдсэн сайн мөс чанарынхаа дагуу сайнмэдээг тунхагладаг болсон. Тэрээр өмнө нь ч, одоо ч Бурханы өмнө сайн мөс чанарыг гаргахыг хичээн амьдарсан. Тэр өөртөө ашигтай, хэрэгтэй, нэр хүнд, эрх мэдэл олох боломжтой байдлыг харгалзан үзээгүй, мөн өөрт учрах гай зовлон, хохиролыг ч тооцолгүй зөвхөн Бурханы өмнө сайн мөс чанарыг гаргахыг хичээн амьдарсан. Ийм байсан учраас Паул Бурханы өмнө сайн мөс чанараар амьдарсан гэж гэрчилж чадаж байна. Гэхдээ Паул өөрийгөө сайн мөс чанартай учир Бурханы өмнө зөвт болно гэдэгт найдаж үүнийг хэлээгүй юм. 1Коринт 4:4-т “Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн” гэсэн байна. Тэрээр итгэлээр ирдэг Есүс Христийн зөвт байдалд найдаж байсан.
Бурханы өмнө сайн мөс чанараар үргэлж амьдрах нь амар, хялбар биш юм. Хүний мөс чанар доройтон муудах нь амархан байдаг. Паулд ч гэсэн бидний л адил мөс чанар нь зулгаасан ч гэсэн дагаагүй үе байсан л байх. Гэсэн ч тэрээр Христийн өмнө чин сэтгэлээр гэмшин цэвэрлэгдэн, шинэчлэгдсэн сайн мөс чанарын дагуу амьдарсан. Энэ цагт хүний мөс чанаргүйгээр хийсэн зүйл юу байсан бэ?, юу байна вэ? гэдгээ дор бүрнээ дүгнэж үзээрэй. Паул шиг ингэж хэлж чадахгүй байвал энэ цагт Бурханы өмнө гэмшин Христийн цусаар ариусгасан сайн мөс чанараа олж Бурханы хүслүүдээр арчилж, тордон авахыг хүсэн гуйж байна.
2-р зүйлийг үзээрэй. “Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав”. Ананиа нь тухайн үед тэргүүн тахилчийн үүргийг хашиж байсан. Тэрээр харгис түрэмгий дээрэлхүү нэгэн байсан бололтой. Мөн түүний тухай тахилчдын 1/10 өргөлөөс залилан өөртөө ашигладаг, Ромчуудад ая тал засдаг, арга зальтай нэгэн байсан гэж түүх судлаачид бичсэн байна. Паулын ярьсан зүйл түүний эгдүүцлийг хүргэсэн бололтой. Хүний хацар болон ам руу алгадах нь тухайн хүнийг ихээр доромжилж байгаагийн илэрхийлэл байсан.
3-р зүйлийг үзээрэй. “Тэгэхэд Паул түүнд -Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо. Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд” Хуулийн дагуу шүүж ял тулгалгүйгээр, өөрийг нь доромжлон алгадах гэж байгаад Паул ихээр уурлан эгдүүцсэн. Паул гадна талдаа өө сэвгүй мэт харагдавч дотор талдаа муудсан хана адил гаднаа гэм, зэмгүй харагдавч дотроо шударга бусаар дүүрсэн удирдагчийг зэмлэн буруутгаж байна. Учир нь Ананиагийн энэ үйлдэл нь хуулийн талаас бол хараахан ялыг нь тогтоогоогүй хүнийг алгадах нь хууль зөрчсөн хэрэг байв. Магадгүй Ананиагийн энэ үйлдэл зөвхөн нэг хүний алдаа мэт харагдавч удирдагчдын алдаатай байдлын илэрхийлэл байсан. 4-р зүйлийг үзвэл учир нь тэнд байсан бусад нь хүртэл Паулыг эсэргүүцэж тэргүүн тахилчийн талд зогсон Паулыг буруутгасан юм. Паул ч гэсэн хуулийг сайн мэддэг дагадаг байсны хувьд гэмт хэрэгтэн мэт байдалд байгаа ч тэдний өмнө шударга бас зоригтой байж чадсан.
6-9-р зүйлүүдийг үзээрэй. “Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, зөвлөлд хандан –Ах дүү нараа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна гэж хашгирав.” Паул өөрийг нь шүүх гэж байгаа зөвлөлийн шийдвэр шударга бус болно гэдгийг мэдэн тэдний хоорондох үзэл бодлын зөрчилдөөнийг ашиглан хурлыг тарааж өөрийнх нь эсрэг хуйвалдааныг түр хугацаанд хойшлуулж чадсан. Фарисайчууд амилал ба сүнсний ертөнцөд итгэдэг байсан. Харин садукайчууд амилал тэнгэрэлч, сүнс гэх мэтийг үгүйсгэдэг байв. Тэр өөрийгөө фарисай ба найдвар болон үхэгсдээс амилах амилалын төлөө шүүгдэж байна гэснээр фарисайчууд хүртэл түүний талд орж эцэст нь Паулын талаар ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй төдийгүй ширүүн маргаан болсон. Энэ үед 1000-тын дарга Ромын иргэн болох Паулыг тасчих вий гэж болгоомжлон цэргүүддээ түүнийг тэднээс салган авч хуаранд аваачихыг тушаасан.
2.Ромд ч гэрчлэх ёстой. /11-35/
11-р зүйлийг хамтдаа уншъя. “Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон –Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ”
Паул Иерусалимд өөрт нь аюул занал, хохирол учирна гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан мэдсэн ч бодит байдал дээр амссан зүйлс нь түүнд айдас төрүүлжээ. Тэрээр өөрт нь тохиолдож байгаа эдгээр үйл явдлууд, өөрийг нь эсэргүүцэн байгаа удирдагчдын уур хорслоос болж Иерусалимд алуулж магадгүй гэж бодсон байх. Тэгээд Ромд очиж сайнмэдээг тунхаглах боломжоо алдах вий гэсэн айдас байсан. Дээрх ишлэл нь Паул Ариун Сүнсний хүслийн дагуу Иерусалимд ирснийг улам батлаж байгаа юм. Учир нь Эзэн түүгээр дамжуулан Иерусалимд сайнмэдээг тунхаглах боломжыг гарган өгсөн. Энэ нь Эзэний Өөрийнх нь төлөвлөгөө Паулд тавьсан хүсэл найдвар байсан. Мөн Эзэн түүнд тохиолдож байгаа зүйлс нь Өөрийнх төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ойлгуулж бас зоригжуулан урамшуулж байна. Эзэн Паултай Иерусалимд хамт байж сайнмэдээг тунхаглуулсны адил Ромд ч гэсэн очуулж тунхаглуулна гэж байна. Эзэний эхлүүлсэн ажил Түүний төлөвлөгөөнд санамсаргүй зүйл гэж байхгүй юм. Бүхий л зүйл нь Эзэний төлөвлөгөөнд байгаа гэдгийг Паулд хэлж байна. Паул Ромд очиж чадахгүй болох вий гэсэн эргэлзээ хэрэггүй болсон. Учир нь Эзэн түүнтэй эцэс хүртэл хамт байхаа амалсан юм.
Бид анх сайнмэдээний үүрэг албыг авч хоньчноор босох үедээ Бурханы ажлыг хийх урам зоригоор дүүрч байсан. Гэвч амьдралд тохиолдох янз бүрийн асуудлаас, мөн өөрийн сул дорой байдлаасаа болоод өөрийгөө голж, үйлчлэлийн хүч маань суларч, урам зориг маань мохдог. Тэгээд үр жимсгүй, амтгүй, чанаргүй, залуу боловч хөгшин хүн шиг амьдралаар амьдрах болдог. Энэ цагт Эзэний үйлчлэлийн ажилд өөрийнхөө хүч чадал, зүрх зориг дутаж байна хэмээн бодож байгаа хүн байна уу? Тэгвэл Бурхан танд хэлж байна. –Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой гэж байна. Бурхан таныг өчүүхэн зүйлийг хийлгэх төдий аахар шаахар ажил хийлгэхээр дуудаагүй юм. Харин ч монгол болоод бүх дэлхийд Эзэнийг тунхаглах агуу ажлын төлөө дуудсаныг марталгүй санаж явахыг хүсэн гуйж байна. Тиймээс бид үхлээс амилсан Эзэн надтай үргэлж хамт байгааг санан хийсэн ажилдаа тууштай байж, эхлүүлсэн ажлаа дуусгадаг, үр жимстэй, үр дүнтэй, урам зоригоор дүүрэн амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Мөн Эзэн Паулыг шүүгдэн явж байгааг “Намайг гэрчлэх ажил” гэж хэлжээ. Учир нь Паул Иерусалимд ч, Ромд ч шүүхийн өмнө зогсон өөрийгөө өмгөөлөхдөө Есүсийг зайлшгүй гэрчлэх юм. Эдгээр үйл явдлууд нь түүнд Есүсийг гэрчлэх сайхан боломж болно. Хэрэв Паул ийнхүү баривчлагдан гэмтэн болохгүй байсан бол Иудейн удирдагчид, Ромын захирагч, хаадын өмнө Есүсийг гэрчлэх боломж түүнд ирэхгүй байх байсан. Есүс Матай 10:18-д шавь нарт “та нар Миний төлөө захирагчид ба Хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийханд гэрчлэл болно” гэв. Мөн Марк 13:9-д “Харин сэрэмжтэй байгтун, учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдна. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно” мөн үйлс 9:15-д Паулын тухай “Яв, тэр бол харийхан, хаад болон, Израилийн хөвгүүдийн өмнө Нэрийг минь авч явахаар надад сонгогдсон сав” гэжээ. Паул Иерусалимд баривчлагдан зөвлөлийн өмнө зогсож, Кайсарид хүргэгдэн Филик, Фест захирагч нар ба Агрийп хааны өмнө шүүгдэх нь үнэндээ Есүсийг гэрчлэх ажил юм. Паул ийнхүү гэмтэн мэт ийш тийш чирэгдэн явж шүүгдэх нь Есүсийг гэрчлэхийн тулд байв. Бидэнд сайнмэдээг тунхаглах боломж хэр их байна вэ? Бурханы ивээлээр маш их боломж бидэнд байсаар байна. Паулд гэмтэн мэт баригдан шүүгдэх үедээ боломж гарч байсан бол бидэнд сургуулиуд дээр очин оюутнуудтай танилцаж цуглаанд урих боломж байна. Хийх хүнд арга олон, хийхгүй хүнд шалтаг олон гэдэг шиг хүн бүр зогсож байгаа газар бүртээ сайнмэдээг тунхаглах боломжыг олж харж чадахыг гуйж байна. Бидэнд байгаа боломжуудыг ашиглан оюутан залуусд Эзэнийг тунхаглан хоньдийн сайн хоньчноор үйлчлэхийг хүсэн ерөөж байна.

12-35-д Паул Иерусалимаас Кайсари хүртэл хэрхэн хүргэгдсэн тухай гарч байна. Иудейчүүдэд Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж, андгайлсан байв. Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очин 1000-тын даргад худал утгатай хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруулан замд нь алахыг төлөвлөсөн байв. Харин энэ хуйвалдааныг Паулын үеэл дүү мэдээд Паулд болон 1000-тын даргад дуулгасан. Үүнийг Бурханы удирдлага хамгаалалт гэж хэлэхээс өөр арга байхгүй юм. Тэр ч байтугай 1000-тын дарга Паулыг Кайсари хүртэл хамгаалан хүргэх 470 цэргийг шөнө дунд бэлдүүлэв. Эзэн үүгээр дамжуулан Паулд ийм их анхаарал халамж, цэрэг хүчний хамгаалалтыг зөвшөөрөн Паулын амийг хайж буй иудейчүүдээс түүнийг бүрэн төгс хамгаалсан төдийгүй Ромын захирагчдын өмнө Есүсийг гэрчлэх боломж хүртэл гарган өгсөн билээ.
Дүгнэлт: Паул Бурханы өмнө үргэлж сайн мөс чанарын дагуу хичээн амьдарсан. Паул ийнхүү амьдарсан учир Бурхан ба хүмүүсийн өмнө ч нүүр бардам зоригтой байж чадсан. Мөн Эзэн Паулыг –Зоригтой байж Намайг гэрчлэх ёстой гэж амлан түүний замд тохиолдох аюулуудаас хамгаалсан. Эндээс Бурхан өөрийнх нь талд зогсогч нэгнийг урамшуулан зоригжуулж, эцэс хүртэл Өөрийнхөө ажлыг дуусгах хүртэл хамгаалан удирддаг гэдгийг суралцлаа. Энэ цагт сонгогдсон бид Христийн цусаар ариусгагдсан, сэргээгдсэн сайн мөс чанараар амьдарч чадахыг хүсэж гуйж байна. Мөн Эзэн сонгосон нэгнээ төгс бүрэн хамгаална гэдгийг санан, сайнмэдээг гэрчлэгчийн үүргийг бүхий л боломжоороо хийж чаддаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 27-р хичээл (05.07)
Дараагийн нийтлэл2017 оны Үйлс 27-р номлол (05.07) Б.Баярмагнай