ТА НАР БОЛ СОНГОГДСОН УГСАА, ХААНТ ТАХИЛЧ НАР ЮМ
1 Петр 2:9
Гол эшлэл 2:9
“Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.”
Өнөөдрийн суралцах Бурханы үг бол бид хэн бэ болон бидний иргэншил болон энэ дэлхийд амьдрах байр суурь ямар гэдгийг сануулж байна. Бүтээгч Бурханаас өгсөн гайхалтай нэгэн байр суурь, хэргэм зэрэг байдаг. Энэ байр суурь, хэргэм зэргээ бид бүрэн дүүрэн ухааран амьдарч эхлэхэд бид ер бусын амар тайван, баяр хөөр дүүрэн амьдралаар амьдарч эхэлдэг. Иймээс бид Бурханы бидэнд өгсөн жинхэнэ байр суурийг ухаарч, түүний дагуу энэ дэлхийд амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
I. Бидний жинхэнэ байр суурь болон үнэ цэнэ
Бид Есүс Христийн сайн мэдээг сонсож хүлээж авахаас илүүтэйгээр гоё сайхан амьдралыг сурталчилсан, нөлөө хүрээгээ тэлж нэр алдар хүрэхийг хүссэн бүхнийг “шүтсэн”, даган дуурайхыг хүсдэг нийгэмд амьдарч байна. Ийм нийгэмд бидний байр суурь, амьдралын хэв маяг ямар байх ёстой вэ? Христийн хайрыг мэдэрсэн бидний үнэ цэнэ, эрхэмлэх зүйл, байр суурь ямар байхыг Бурханы үг юу гэж хэлдэг вэ?
Одоо бүгдээрээ 9 р зүйлийн хамтдаа уншицгаая “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.” Энэхүү эшлэлд өгүүлсэн бүхэн дэлхий дээр амьдарч байгаа Христэд итгэдэг бүхэнд хамааралтай. Эдгээр библийн үгс бидний хэн болох ямар байр суурьтайгаар энэ дэлхийд амьдрахыг заан өгч байна. Гэтлэл 19:5-6 хэлэхдээ дээрх эшлэлтэй ижил зүйлийг Бурхан хэлсэн. Тэрбээр “Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх. 6 Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв. Хуучин гэрээний үед амьдарч байсан Израйльчуудыг дээрх үгсээр тодорхойлж байсан. Харин шинэ гэрээний үед Есүс Христэд итгэсэн бүхэнд дээрх хэргэм зэрэг, үнэ цэнэ, байр суурь мөн өгөгдсөн юм. Эдгээр нь Бурханы хайр, бидний дуудлага, үнэ цэнийг эргэн сануулдаг билээ. Тиймээс энэ цагт ч гэсэн эдгээрийн талаар дахин бодож, ойлгож,ухаарч чадахын хүсэн гуйж байна.
Нэгдүгээрт Бид бол сонгогдсон угсаа: Угсаа гарвал хэмээх үг нь ямар нэгэн хүний үр удмын үргэлжлэл тодорхойлж болно. Монголчууд угийн бичиг хэрэглэж эхэлснээс хойш би боржигон овгийн цэвэр халх угсааны хүн, би алтан ургийн угсааны хүн эсвэл би хатигин овгийн угсааны хүн гэх мэтээр нэрлэх болсон.
Гэхдээ Бурхан дээрх шиг угийн бичиг биш өөрийн гэсэн сонгогдсон угсааны угийн бичгийн бичсэн юм. Тэрхүү сонгогдсон угсааны угийн бичигт Бурханы сонгож авсан хүмүүс орсон бөгөөд тэдний итгэлийн шийдвэр хамгийн ихээр нөлөөлсөн байна. Тэрнээс биш тэр хүмүүсийн хүчин чармайлт, мэдлэг боловсрол, зан харилцаа, эд хөрөнгө, нийгмийн байр суурь үүнд огт нөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл Бурхан сонгосон бөгөөд түүний сонголт дуудлагад дуулгавартай хандаж итгэлээр алхаж, амьдарсан хүмүүс орсон юм. Энд би хоёр хүний итгэлийг онцлохыг хүсэж байна. Тэд энэхүү сонгогдсон угсааны ургийн бичгийн эхлүүлсэн итгэлийн баатрууд юм
Сонгогдсон угсааны угийн бичгийн эхэнд бичигдсэн хүн бол Абрахам юм. Тэр төрсөн нутаг төрөл садныхаа дунд идэх хоол, өмсөх хувцас, элбэг хангалуун амьдарч байв. Тэр үеийн залуустай тоглож наадаж, цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж байсан нь мэдээж. Ийм түүнд нэг л өдөр Бурхан ирж айлдахдаа төрөл садан, төрсөн нутаг, гэр орон, аав ээжээ орхи гэж хэлсэн. Цаашлаад түүний заасан нутаг руу явахыг тушаасан. Энэ бүхнийг сонссон Абрахамд бүх юм бүрхэг байлаа. Хэнтэй уулзах, яаж амьдрах, газар нутгийн байдал, цаг агаар, хүн ам, соёл иргэншил, өвчин, хоол хүнс, дээрэм тонуул, аюул осол гээд маш олон зүйл бодогдсон мэдээжийн хэрэг байв. Гэвч тэр юу ч тооцож, тооцоолоогүй. Гэхдээ Тэр итгэлээр Бурханыг дуулгавартай дагасан. Абрахам орчлон ертөнцийг бүтээгч Бурханд бүх зүрхээрээ итгэсэн учраас түүнд огт эргэлзэлгүйгээр бүгдийг орхиж, Бурханы заасан газар руу явсан. Ингэснээр тэнгэрийн од шиг олон итгэгчид бидний итгэлийн өвөг дээдэс болсон юм. Абрахам итгэлээр Бурханыг дуулгавартай дагаснаар сонгогдсон угсааны ургийн бичгийн эхэнд бичигдсэн юм.
Сонгогдсон угсааны жагсаалтын дараагийн хүн бол Исаак юм. Тэрбээр гэрлэлтийн асуудлыг Бурханы хүслээр буюу түүний оролцоотойгоор шийдсэн учраас энэ жагсаалтанд орсон юм. Түүний эргэн тойронд маш ойр хэдэн зуугаараа гоё ганган, төгс үзэсгэлэнгтэй эмэгтэйчүүд байсан нь ойлгомжтой. Ганц гүвээ давахад, нэг байшингийн булан эргэхэд нүд амаа ирмэсэн, талимаарч харсан эмэгтэйчүүд түг түмээрээ зогсож байсан нь тодорхой. Тэдний зогсолт нтр эвгүй байсан байж таараа. Урхидан дуудсан, чиний эхнэр чинь болмоор байна гээд фитнес зогсолтоор зогсоод, гар хуруугаа гозолзуулаад зогсож байсан нь тодорхой. Гэхдээ Исаак итгэгч бус тийм эмэгтэйчүүдээс сонголтоо хийгээгүй. Хаа бол хэдэн зуун мянган километр хол амьдарч байсан итгэлийн эмэгтэйг сонгосон юм. Яагаад гэвэл Исаак өөрийн үр удамдаа Бурханд итгэх итгэлээ өвлүүлэхийг хүссэн. Түүний үр удам тэнгэр газрыг бүтээсэн бүтээгч Эзэнийг бүхий л зүрхээрэээ хайрлаасай гэж хүссэн. Энэ бүхнийг харсан Бурхан Исаакын итгэлийн дагуу бүгдийг үйлдэж, түүний ур удам сонгогдсон угсааны угийн бичгийг үргэлжлүүлсэн юм.
Бид ч гэсэн сонгогдсон угсааны ургийн бичиг орсон хүмүүс. Тиймээс бид ч итгэлийн өвөг дээдэс шигээ итгэлээр амьдарч сурах хэрэгтэй. Юу ч тооцоололгүй Бурханы яв гэсэн газарт очиж, сайн мэдээний тараах ажилд шамдан хэрэгтэй. Абрахам юу ч тооцоолоогүй, тэр Бурхан хамгаалж, хангана гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. Исаак шиг итгэлээр гэрлэх хэрэгтэй. Бурхан “арыг даадаг” учраас юу ч тооцоолох хэрэггүй. Итгэлээр үйлдсэн бүхэн сонгогдсон угсааны угийн бичгийг үргэлжлүүлэх боломжтой. Итгэлээр амьдар, итгэлээр үйлд, итгэлээр гэрлэ, итгэлээр алх. Итгэлийн дуулгавартай байдал олон гайхамшгийг та бидний амьдралд авчрах болно. Учир нь ирээдүй Бурханы гарт байгаа. Итгэл найдвараа зөвхөн Бурханд тавиарай гэж ерөөж байна. Та бол сонгогдсон угсааны угийн бичигт орох итгэлийн баатар шүү. Амен
Хоёрдугаарт: Бид хаант тахилч юм.
Хуучин гэрээнд тахилчийн үүрэг, шаардлага Аароны үр удам буюу Леви овгийнхонд хамаарч байв. Тэдний бусдас ялгагдах үйл ажиллагаа нь Бурханы ард түмний өмнөөс Бурханд тахилууд өргөж Бурхантай шууд харилцдаг байлаа. Харин шинэ гэрээ буюу Есүс Христийн загалмайн үхэл, амилалтаар дамжуулан энэ үүрэг хариуцлага бүх итгэгчид өгөгдсөн юм. Ингэснээр бид хэн нэгэн хүний тусламж эсвэл түүгээр дамжуулан Бурхантай харилцах шаардлагагүй болсон. Гэм нүглийн төлөө ч гэсэн ямар нэгэн өргөл барьц, хонь хурга, үхэр мал өргөх шаардлагагүй болсон юм. Харин итгэгч хүн бүрт ариун тахилчийн үүрэг өгөгдсөн билээ. Итгэгч бидний Бурханд өргөх тахил бол дуулгавартай байдал юм. Энэ бол Бурханд өргөж байгаа сүнслэг тахил юм. Амьдралын ямар ч шийдвэрт Бурханл таалагдах тахилыг бид өргөж сурах хэрэгтэй. Эс бөгөөс бид ертөнцөд нийцүүлж амьдарч байгаа гэсэн үг. Хаант тахилчийн өөр нэгэн тахил бол Бурханы хүмүүст библийн үгийг заах юм. Хуучин гэрээний хэд хэдэн номыг уншихад Бурханы хуулийг Израйльчуудад заах, уншиж сонордуулах үүрэг хариуцлага тахилч нарт оногдсон байдаг. Цаашлаад Бурханы хуулийг үр хүүхдүүддээ заахыг тэдэнд бас даалгасан. Харин тахилчид Бурханы хуулийг заахаас илүүтэйгээр эд хөрөнгөд шунахайрч, нийгмийн амьдралд хэт оролцож эхлэхэд үед Израйль хэмээх улс бутарч, сарнин алга болох дээр тулсан. Улмаар тахилчид харь хиймэл шүтээнийг бурхадаа болгож, эцэст нь Бениамин овогт ижил хүйстэнтэйгээ явалдагчид давамгайлж гажууд байдал ихэссэн. Эцэст тэд Бурханы шийтгэл хүртсэн. Харин энэ бүхэн эхэлсэн цэг буюу эхлэл нь тахилчид Бурханыг хүндлэхээ байж, өөр өөрийн нүдэнд таалагдах сайн сайхныг хийх болсон.Тэд библийн заахаас илүүтэйгээр энэ дэлхийн тааламжтай сайхан байдалд өөрсдийгөө нийцүүлсэн. Тэд үйлчлэлээ үл тоож, мөнгө, эд хөрөнгөний араас хөөцөлдөж эхэлсэн. Бурханы хуулийг заахаас цаг гаргахаас илүүтэйгээр биеийн амрыг хайж эхэлсэн. Энэ бүхэн Израйль хэмээх улсын уналтын цэг болсныг библиэс харж болно. Гэхдээ Бурхан нигүүлсэнгүй өршөөлөөр энэ цагийн үеийнхэнд мөнхийн хаант тахилч болох Есүсийг өгсөн юм. Тиймээс бид түүгээр дамжуулан хаант тахилч нарыг босгох ажилд шамдах хэрэгтэй юм. Улс орны нөхцөл байдал, зам, тээвэр, харилцаа холб, хүмүүсийн хандлага, улс төрийн тогтолцоо ямар ч байж болно. Харин бүхий л зүйл Бурханы эрх мэдлийн хүрээнд болж байгаа. Бидний хийх зүйл бол Бурханд дуулгавартай байж түүний үгийг оюутан залууст заах юм. Тэр цагт оюутнууд Бурханы үгэнд итгэж, Бурханы үг тэдний үхмэл сүнсийг амьдруулах болно. Тэд ч мөн Бурханы цагт хаант тахилчдаар боссоноор энэ улс Бурханы хаант тахилчдын улс болох юм. Тиймээс Бурхан ажилд шамдацгаая. Эзэнд үйлчлэн сүнс дотор шатацгаая. Та бол Бурханы хаант тахилч билээ. Амен
Гуравдугаарт:Бид бол ариун үндэстэн
Ариун үндэстэн байна гэдэг нь Бурханы төлөө тусгаарлагдсан байхыг хэлж байна. Бурхан Израйльчуудыг төдийгүй шинэ гэрээний цаг үед амьдарч байгаа биднийг ч нийгмийн харилцаа, нийгмийн амьдрал, санхүү, хоол хүнс, хувцаслалт гээд бүхий л тал дээр ариун байхаар дуудсан юм. Түүнчлэн амнаас гарч байгаа үг, зүрхийн санаа бодол ч ариун байх хэрэгтэй. Бурхан хэзээ ч боломжгүй зүйлийг биднээс хүсдэггүй. Гэвч бид өөрийн хичээл зүтгэлээр ариун болох боломжгүй юм. Харин Есүс Христийн дамжуулан ариун амьдралаар амьдарч чадах юм. Учир нь түүнд итгэсэн тэр цагаас эхэлж Есүсийн цусаар бид ариусгагдсан юм. Энэ цусны үнэ цэнэ өдөр бүр бидний итгэлийн амьдралд хүчин төгөлдөр байдаг. Есүсийн загалмайд урсгасан цус биднийг гэмийг мөнхөд цагаатгасан билээ. Гэмээс бүрэн ангижрахыг хүсэж байгаа ч гэмээ үйлдсээр байгаа нэгэн байгаа бол Есүсийн цусны хүч чадалд итгээрэй. Есүс таныг ариун байлгахын тулд загалмайг үхэлд дуулгавартай байж цусаа урсгасан юм. Тиймээс бид даруугаар Есүс өмнө очиж, гэмшсэнээр ариун байдлын бүрэн дүүрэн мэдрэх болно.
Миний амьдралд нэг зүйл тохиолдож байсан юм. Гэрлэхээс хэдэн жилийн өмнө сексийн ямар ч дур хүсэлгүй болж байгаагаа мэдэрсэн. Эхэндээ ийм байдал удаан үргэлжилсэн тул өөрийгөө харахдаа гайхаж бас балмагдсан. Гэрлэсэн ч гэсэн энэ чигээрээ байвал яах вэ гэж бодоод өөрөөсөө айсан. Тэгээд албаар гэмийг үйлдэж, гэмийн буулганд дахин орсон юм. Харин тэр үедээ би Бурхан намайг гэрлэх хүртэл ариун байдлыг сахиулахыг тулд тусгаарласан бас ийм хүслийг минь түр хугацаанд надаас авсан юм байна гэдгийг ухаарсан юм. Тиймээс Бурхан өөрийн хүмүүсээс энэ дэлхийгээс бүх талаар нь тусгаарлаж ариун амьдралаар амьдруулах бүрэн чадвартай гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. Яг одоо миний өнгөрсөнд тохиолдсон шиг ийм мэдрэмжтэй байгаа нэгэн байгаа бол Бурханы таныг хамгаалж бас тусгаарлаж байгаа гэдгийг ойлгож гэмийн буулганд бүү ороорой гэж хүсэх байна. Бурхан анхнаасаа ариун байлгахаар дуудсан тул бид бие сэтгэлээрээ ариун байх бүрэн боломжтой юм. Миний хувьд библи уншиж бас залбирах бүрт ариун байдал руу улам илүүтэйгээр өсөж байгааг мэдэрдэг. Тиймээс Бурхантай хамт залбирах бас ариун библийг унших цагийг зориулалт гарган авснаар бид бүгдээрээ ариун хүмүүс болж чадахыг хүсэж гуйж байна.
Дөрөвдүгээрт: Бид бол Бурханы эзэмшлийн ард түмэн
Эзэмшил хэмээх үг нь хэн нэгэн ямар нэгэн газар, байшин, орон сууц, эд агуурсыг бүрэн дүүрэн өөрийн болгох буюу эзэмших гэсэн үгийн утгыг илэрхийлдэг. Харин Бурхан Израйльчуудыг энэ дэлхий дээр Бурханы эзэмшлийн ард түмэн байхаар дуудссан аж. Иймээс Бурхан Израйль үндэстэнг цөлд 40 жилийн турш удирдахдаа өдөр нь үүлэн багана шөнө нь галан баганаар удирдсан. Тэднийг гай гамшигаас хамгаалахын тулд өөрийн тэнгэр элчиийг ч тэдний өмнө илгээсэн. Израйльчууд цөлд 40 жилд амьдрахдаа өмсөж байгаа шаахай нь урагдаагүй төдийгүй, мах идмээр бол мах идэж, амттан идмээр бол амттангаар хооллосон төдийгүй хаднаас ч усыг гаргаж ундуулсан. Яагаад ийм замаар удирдсан юм бэ? Учир нь Бурхан Израйльчуудыг өөрийн эзэмшлийн ард түмэн байхаар сонгосон юм. Тэд энэ дэлхийн олон зуун үндэстнүүдийн дунд Бурханы эзэмшлийн улс байхаар дуудагдсан. Тэдний хийх цор ганц зүйл нь Бурхан бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлах нь байв. Ийм тэднийг харахдаа цөлийн замд, сүү балаар бялхсан нутагт байгаа бүхий л үндэстнүүд Бурханаас эмээж Түүний нэрийг дуудаж өөрчлөгдөх байсан. Ингэснээр энэ дэлхийн бүхий л улс үндэстнүүд Израйльчуудаар дамжуулан мөн л Бурханы эзэмшлийн ард түмэн болох нь Түүний төлөвлөгөө байсан юм.
Шинэ гэрээний цаг үед амьдарч байгаа бид библийг зөвхөн Израйльчуудын итгэлийн түүх гэж харах хэрэггүй. Харин энэ та бидний итгэлийн түүх. Таны итгэл цоо шинэ библийн түүхийг энэ дэлхий дээр хийгээд тэнгэрт бичиж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тиймээс та библийг улам илүүтэйгээр уншиж судлах хэрэгтэй. Учир нь энэ зөвхөн Израйльчуудын түүх биш. Харин энэ таны өнгөрсөн, одоо, ирээдүйн итгэлийн түүх. Монголчууд амьдрал заавартайгаа ирдэггүй, алдаж болно гэж ярьдаг. Харин Бурхан амьдралын заавартай хамт өгсөн. Библи бол итгэгч хүн бүрийн дагах амьдралын заавар бүхий амийн ном юм. Бид бүх зүрхээрээ хандуулж, библийг уншвал Бурханы дуу хоолой болон түүнийг хүслийг тодорхойгоор сонсож бас мэдэж чадна. Бурхан библиэр дамжуулан танд ямар асуудал илэрхийлж байгаа болон ямар шийдэл байгааг харуулдаг. Түүнчлэн ирээдүйн амьдралыг мэдэж байгаа учраас энэ тухай мэдэхийг хүсвэл библийг унших хэрэгтэй. Ингэснээр бид ч гэсэн Бурханы эзэмшлийн ард түмэн байх хайр ивээлээ бүрэн эдэлж чадна. Ингэснээр эргэн тойронд байгаа найз нөхөд, ахан дүүс, аав ээж тань сайн мэдээг сонсож хүлээн авах болно. Учир нь бид Бурханы эзэмшлийн ард түмнээр үр нөлөөтэйгээр амьдарсан учраас юм. Харин Бурханы цагт ч тэд бас Түүнмй эзэмшлийн ард түмэн болох болно.
Дүгнэлт
Бид эгэл жирийн хэн нэгэн байхаар амьдрах гэж ирээгүй. Харин сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн байхаар энэ дэлхийд ирсэн. Өдөр тутмын хэрэгцээ, өнөө маргаашийн шалдар булдар асуудал, гэм нүглийн боол байх гэж ирээгүй. Харин тэнгэрлэг Эцгийнхээ өгсөн агуу захирамжийг биелүүлэхээр ирсэн. Тиймээс өөрсдийн үнэ цэнэ, байр сууриа бүрэн дүүрэн ухаарч, Бурханы хүслийн дагуу амьдарч чадахыг хүсэж гуйж. Таны бидний итгэлийн үйлс бүр тэнгэрт амийн номонд бичигдэж байгаа. Бүгдээрээ тэнгэрт байгаа иргэншлээр амьдарцгаая. Бурхан та бүхнийг ивээх болтугай. Амен.