2023 оны ХБК 1-р номлол (04.29) М. Сургар-Очир хн

Бос, дэвсгэрээ аваад алх

Иохан 5:1-9
Гол эшлэл 5:8

“Есүс түүнд, Бос дэвсгэрээ аваад алх гэж айлдав”.

Хайр ивээл мөнх амиар дүүрэн Бурхан Ааваа сул дорой хүүдээ өнөөдөр номлол заах боломж олгосонд талархаж байна. Надтай хамт байж, намайг ариун сүнсээр дүүргэж, хамгийн сайнаараа заахад минь удирдаж өгөөрэй. Есүс Христийн нэрээр тандаа даатган залбирч байна. Амен.
Хүн бүрт бие махбодь болон сүнсний хувьд эрүүл амьдрахыг хүсэх хүсэл байдаг. Бид яавал тийнхүү хүссэн шигээ, бодсон шигээ эрүүл саруул сайхан амьдар ч чадах вэ? Өнөөдрийн номлол дээр гарч буй 38-н жилийн турш өвчтэй байсан хүн нь бие махбодь болон дотоод сүнсний хувьд ялагдал, шантрал, муу хувь заяатай гэсэн бодолд эзлэгдэн, өвчилсөн нэгэн байсан. Тэрээр шийдэгдэшгүй архаг асуудалтайгаа эвлэрэн, эдгэрэх хүслээ алдсан нэгэн байв. Харин Есүс ийм түүнийг хайж ирэн эдгэрэх хүслийг суулган өгснөөрөө, үнэний үг болох Бурханы үгээр түүний итгэлээр түүнийг эдгээсэн юм. Бид өнөөдрийн номлолоор дамжуулан 38-н жилийн турш өвчтэй байсан хүнийг эдгээсэн Есүстэй хувиар уулзаж, надад байгаа 38 жил болсон архаг өвчин болох гэм ба муу хувь заяа, амьдралын шаналал ба хүчгүй асуудлуудаа олж харан Есүсийн үгээр босож алхаж чадахыг хүсэн залбирч байна. Бид Есүсийн үгээр босч итгэлээр алхаснаараа энэ харанхуй нийгмийг гэрэлтүүлдэг, энэ харанхуй цаг үеийг ялан дийлдэг, ялалтын амьдралаар амьдрах итгэлийг суралцацгаая.
1. 38 жил өвчтэй байсан хүнийг хайж ирсэн Есүс (1-9а).
Одоо 1-р эшлэлийг үзээрэй. “Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Йерусалимд очив.” Есүс Иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Иерусалим руу очив. Баяр наадмын үеэр хүн бүр баярлан хөөрдөг. Аль сайхнаараа хувцаслаж бие биентэйгээ сайхан харьцаж нэгэн өдрийг өнгөрүүдэг. Хүн бүр ингэж баярлаж байхад зарим нэг газар ямар ч баяр хөөр байхгүй байлаа. Сайхан өдөр байсан ч гэсэн муу хувь заяандаа гомдон амьдарч байгаа хүмүүс амьдарсаар л байлаа. Үүний нэг жишээ нь Иерусалим хотын хонины хаалганы дэргэд еврейгээр “Бетзада” гэдэг цөөрөм байсан бөгөөд тэнд өвчтэй, сохор, доголон, хатингар гэх мэт олон төрлийн өвчтэй хүмүүс хамтдаа амьдарч байв хэмээн 2,3-р эшлэл дээр бичигдсэн байна.
Эрүүл саруул амьдралыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Хүн бүхэн эрүүл саруул амьдрахыг хүсдэг боловч, хүсээгүй өвчин зовлонд унаж, хүнд хэцүү амьдралд орсон хүн олон байдаг. Зарим нь төрөлхийн эдгэшгүй өвчтэйгээр төрсөн байдаг бол, зарим нь аваар ослоос болж насаараа эдгэршгүй тахир дутуу болдог. Х
үн ер нь өвдвөл амьдрах ямар ч хүсэл, урам зориг найдваргүй болдог. Тэгээд өвчнөөс болж муу хувь заяанд аажим аажмаар автагддаг. Гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь хүндээр өвдвөл тэр гэр бүлийн уур амьсгал харанхуй ба үхлийн сүүдрээр дүүрдэг.
Тэгвэл тоолшгүй олон өвчтөнүүд нэгэн дор хэвтэж байгаа энэ Бетзада цөөрмийн дэргэдэх уур амьсгал ямар байсан болоо? Бодож үзээрэй. Хүчтэй өвдөх өвдөлт, ёолох дуу, гансран орилох чимээ, шантрал, ганцаардал, муу хувь заяаны боолчлол энэ газрыг ноёлж байсан. Энд байсан хүмүүсийн дунд, тэдэнд байх цор ганц хүсэл, цорын ганц найдвар нь ус хөдлөхийг хүлээх явдал байв.
Одоо 4-р эшлэлийг үзээрэй. “Учир нь Эзний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.” Тэд нэг удаагийн биелэл мэт, ид шид мэт ийм хүсэл найдварыг тээн, тэр найдвараа орхилгүй ийнхүү амьдарч байсан.
Тэдний энэ хүсэл найдвар нь хязгаартай учраас тэд өрсөлдөхөөс өөр арга байгаагүй. Хэрэв цөөрөмд орсон хүн бүхэн эдгэрнэ гэвэл өрсөлдөх хэрэггүй, мөн бие биенээ өрөвдөн ойлгож амьдрах байсан. Харин цөөрөмд түрүүлж орсон ганцхан хүн л эдгэрдэг байсан учраас өөрөө ч мэдэлгүй бусдыг үзэн ядаж, тэднийг ялж, дийлж, гишгэж өрсөлдөхөөс өөр аргагүй байсан. Нэг нь ялж үлдсэн нь ялагддаг байсан. Тэд хэн нэгнээ түрүүлж эдгэрч байгааг харах бүртээ улам шантарч, ялагдлын сэтгэлээр дүүрдэг байв.
Яг Бетсада цөөрмийн дэргэдэх амьдрал бидний дунд ч байсаар байна. Өнөө цагт олон хүмүүс харанхуй нийгэмд өвчин зовлон дунд амьдарсаар л байна. Ихэнх хүмүүс үүнийг мэдэрсээр байдаг. Хүн бүрт, айл бүрт том жижиг гэлтгүй өвчин зовлонгын асуудал 1-ээс дээш тохиолдсоор байдаг бөгөөд салахгүй дагасаар байдаг. Хүн ямар өвчин тусах, хэзээ тусах вэ гэдгийг хэн ч хэлж тааварлашгүй. Зарим хүмүүс хий санаа зовиурт автдаг бол ихэнх хүмүүс өвчин ба үхлийн айдас зовиурын дунд амьдардаг. Орчин үед нийгмийн айдас нь халдварт өвчин, хорт хавдар, цус урсгасан дайн, цөмийн зэвсэг, шашны мөргөлдөөн, эдийн засгийн дайн цаашлаад Хятад болон Америк улсуудын хоорондын мөргөлдөөн зэрэг нь биднийг айдас руу хөтлөдөг. Манай орны хувьд газарзүйн байрлалаар олон зүйл шууд нөлөөлөхгүй ч гэсэн цөмийн зэвсгийн хорт цацраг, эдийн засгийн хохирол, үндэсний хэмжээний тахал гэх зэргээр нүүр тулж магадгүй. Тийм болохоор хүмүүс санаа зовж, айж, ёолж бас өрсөлдөх сэтгэлээр дүүрснээрээ санаа зовж түгшиж амьдардаг. Яг л сүүлийн 3 жил гарсан КОВИД шиг. Энэ мэт асуудлыг бодоод хараад байхад Бетзада цөөрөмд амьдар ч байсан хүмүүсийн гунигт амьдрал болон сэтгэлзүйн байдлыг бид жоохон ч гэсэн мэдэрч чадах юм.
Бидний амьдарч буй энэ дэлхийд хүмүүс төрөхөөсөө авхуулаад үхэх хүртлээ өрсөлдөхөөс өөр аргагүй байдалд амьдарч байна. Энэ дэлхийн өрсөлдөөнд цөөхөн хүмүүс ялалт байгуулж ихэнх нь ялагддаг учраас зарим хүмүүс өөрийгөө голж ялагдлын сэтгэлээр дүүрэн амьдардаг. Монголын нийгэм ч бас социализмаас зах зээл рүү шилжсэнээрээ улам бүр өрсөлдөөн ширүүссэн. Гайгүй нэртэй сургууль, өндөр цалин өгдөг компанид ажилд орохын тулд өрсөлдөж, орсон хойноо халагдахгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах нь бидний амьдралын хэв маяг болжээ. Сүүлийн үед хүмүүс бие махбодийн өвчтэй байхаас гадна сэтгэл сүнсний хүний том өвчлөлтэй болсон нь харагдаж байна. Ихэнх хүмүүс нийгмээс болоод хүмүүсээс болоод сэтгэцийн өвчлөлтэй болсон нь харагдаж байна. Өнөөдөр хүмүүс эд баялаг, эрх мэдлээрээ өрсөлдөх болсон. Хүний бүх зүйл өөрийх нь хүссэнээр болох үед хүн сатантай ойртож зөв амьдралаас холдож гэм нүглийг ойшоохоо больж асар том хэмжээний сэтгэцийн доройтолд ордог юм. Та бүхэн linken park хамтлагын гоцлол дуучин (Chester Bennington)-ийг мэдэх үү? Түүний үхлийн шалтгааныг мэдэх үү? 2017 онд тэрээр нас барсан. Би энэ хүнийг их шүтдэг нэг үгээр хэлбэл өөрийн амиа зориулах хэмжэээний хайрладаг шүтэн бишрэгч нь байсан. Энэ хүнд бетзада-д байсан шиг өвчин байгаагүй. Гаднаас нь харахад маш их нэр хүндтэй, эрүүл саруул тийм л хүн байсан. Гэвч тэр амиа хорлосон. Түүний дотор ямар их стрэсс байсныг хэн ч гаднаас хараад мэдээгүй. Хэдхэн хоногийн өмнө өөриинхөө пэн-тэй инээгээд зургаа авхуулаад л зогсож байсан гэдэг. Энэ бол нэг л жишээ. Хүмүүс өрсөлдөөнөөс болж стрессийг тэвчиж чадалгүй янз бүрийн сэтгэцийн өвчнөөр өвчлөх нь их болсон. Бидний амьдарч буй өнөө үеийн нийгэм ч бас бетзада цөөрөм шиг ялалт ба амжилтын төлөө өрсөлддөг газар болон хувирсан юм.
Одоо бүгдээрээ 5-р эшлэлийг үзээрэй.”Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.” Бетзада цөөрөмд хамгийн удаан амьдарсан нэгэн өвчтөн байв. Тэрээр өвчтөй болсон цагаасаа эхлэн тэнд амьдарч байв. Тэр нэг, хоёр, арав, хорин жил биш 38 жилийн турш тэнд хэвтэж байв. Ийм түүний байдал ямар байсан болоо? Тэр амьдарч байсан нэртэй ч үхсэн хүнтэй адил амьдарч байсан байхаа. Тэрээр аль хэдийнээ амьдралын найдвараа алдаж, өөрийг нь хүлээж авах газаргүй учраас тэнд хэвтэж байсан юм. Бусад хүмүүс түүнд хүсэл найдварыг аль хэдийн тавихаа больсон бөгөөд өөрөө ч мөн адил хүсэл найдваргүй хаягдмал амьдралтай нэгэн болсон байв. Хэн ч түүнд анхаарал хандуулахгүй, түүний өрөвдөлтэй байдлыг хэн ч ойлгохыг хүсдэггүй байв. Хүмүүс түүний байгаа байдлыг хараад ихэд төвөгшөөдөг байсан байх. Харин ийм түүнийг Есүс баярын өдрөөр хайж ирсэн. Бетзадагийн олон өвчтөний дундаас 38 жилийн турш өвчтэй байсан түүнийг хайж ирсэн нь гайхалтай ивээл байсан бөгөөд хэмжээлшгүй их ивээл байсан юм. Есүс түүн дээр ирээд юу гэж хэлсэн бэ?
2. Бүх талаар нь эдгэрлийг өгсөн Есүс
1-рт. Эдгэрэх хүслийг суулгаж өгсөн.
6-р эшлэлийг үзээрэй. “Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд түүнээс “Чи эрүүл болохыг хүсэж байна уу? Гэж асуухад.” Есүс эхлээд түүний хэвтэж байгааг харсан. Энэ нь түүнд анхаарал тавин харсан гэсэн утгатай юм. Есүс түүний хэвтэж байгааг хараад удаан хугацагаар тийм байсныг нь мэдсэн. Мөн Есүс ямар ч хүсэл найдваргүй өөрийгөө зөнд нь хаясан түүний байдлыг олж мэдсэн. Хүн ер нь удаан хугацаагаар өвдвөл найдвар тавихад хэцүү болдог. Харин Есүсийн хувьд бол өөр юм. Есүс түүнийг зөнд нь орхилгүйгээр түүнд хандан гүн гүнзгий хайрын дуу хоолойгоор түүнээс ийнхүү асуусан. “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?”
Есүс яагаад түүнээс чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуусан болоо. Энэ нь бөхөж буй түүний зүрхэнд эдгэрнэ гэсэн найдварын очийг бадраахын тулд байв. Үнэндээ эрүүл болохыг хүсэж байна уу гэсэн асуулт нь өвчтөнөөс асуух хамгийн хэрэггүй асуулт юм шиг санагдана. Харин Есүс асуусан. Яагаад гэвэл энэ хүний асуудал нь эдгэрнэ гэсэн хүслээ алдсанд байсан учирт юм. Дэлхий дээр хамгийн аймшигтай өвчин нь хувь заяатайгаа эвлэрдэг өвчин гэжээ. Цэвэр агаартай газар эсвэл гадаадад аль эсвэл хөдөө амьдарч байгаад хотод орж ирвэл агаарын бохирдлоос болж сайн амьсгалж чадахгүй маш их хямралд өртдөг хүмүүс байдаг. Харин нэг сар, хоёр сар өнгөрөхөд тэр байдалтай эвлэрэн дасан зохицож юу ч асуудал биш мэтээр амьдарч эхлэдэг. Гэм нүглийн асуудал ч гэсэн үүнтэй адил. Хүмүүс анх гэм нүгэл, буруу зүйл үйлдсэнийхээ дараа маш их айж сандардаг. Харин давтан давтан үйлдвэл тэр гэмтэйгээ эвлэрэн гэмийн ухамсаргүй болдог. Яг үүнтэй адил хэвтрийн байдал нь зуршил болж биед нь дассан амьдрал болвол хэвтэж байгаа нь хэвийн зүйл болж босох хүсэлгүй болдог. Ямар ч хүн архаг өвчнөөс эдгэрэхийг хүсвэл эхлээд эдгэрэх хүсэлтэй болох хэрэгтэй. Хүсэлгүй байвал хүчээр босгосон ч гэсэн дахин буцаад хэвтчихдэг. Есүс түүний зүрхэнд эдгэрнэ гэсэн хүслийг бий болгохын тулд “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” гэж асуусан юм.
Мөн энэ асуулт нь Есүст хандсан итгэлийг суулгаж буй Ариун сүнсний үг юм. Есүс чи эдгэрэхийг хүсч байвал чамайг Есүс эдгээж чадна гэсэн итгэлийг түүнд суулгахыг хүссэн юм. Есүс төгс хүчит Бурхан учраас түүний архаг өвчнийг эдгээж чадна. Харин түүнд эдгэрнэ гэсэн чин сэтгэлийн хүсэл ба Есүст хандсан итгэл байхгүй бол Есүс түүнийг эдгээж чадахгүй юм. Есүс бүх зүйлийг хийж чадах ч, бидний зүгээс хүсэл болон итгэлийг биднээс байнга шаарддаг. Тиймээс Есүс нутагтаа гайхамшгийг үйлдэхийг хүссэн боловч тэд итгэлгүй байсан учраас юу ч үйлдэж чадахгүй байсан гэдгийг бид мэднэ.
Өнөө үед ч 38-н жилийн турш өвчтэй байсан өвчтөн шиг ялагдал ба шантрал дотор муу хувь заяатай эвлэрэн хүчгүй, эдгэрэх хүсэл ч үгүй, амьдарч байгаа хүмүүс олон байна.
Оюутан залуучуудын хувьд 38 жил болсон өвчтөн шиг асуудал нь юу байж болох вэ? Хүн бүр дээр өөр өөр байж болно. Гэхдээ нэг зүйл нь ижилхэн. Энэ нь Бурханыг хайдаггүй байдал ба гэмийг дураараа үйлдэж амьдардаг амьдрал юм. Оюутнууд маань Бурханыг мэдэлгүй гэмийн амьдралд живэн өнөө маргаашийн төлөө амьдарч байна. Зав л гарвал шоудаж, залхуурч хичээл таслах, идэвхгүй байх, бусдыг үл тоох, өөрийн дураар амьдрах, хүний эрх гэсэн нэрээр завхайрч, шинэ соёл гэх нэрээр гэмийн уруу татлаганд автагдсаар байна. Юу ч сураагүй хүн юу ч хийж чадахгүй тул ажил дээр гарвал авилгал, хээл хахуул, хүн хуурах гээд амар хялбар гэмлэг амьдралаар амьдрахаас өөр аргагүй. Энэ нь өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийн үнэн гэмтэй дүр төрх юм.
Би нэг юм асууя хүн 38 жилийн турш юуг хийж, юуг бүтээж чадах байсан бэ? Итгэгч хүний хувьд Бурханд үйлчилж, мишонероор илгээгдэж сайн мэдээг дамжуулан амьдарч болно. Энэ дэлхийн жишгээр бол гэр бүлтэй болж, хүүхэдтэй болж, ажилд орох, гавьяат цолонд хүрэх, өөрийн гэсэн бизнестэй болох зэрэг олон зүйлсийг хийж болох маш урт цаг хугацаа гэдгийг мэдэж болно. “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” гэсэн асуултанд өнөөх өвчтөн юу гэж хариулсан бэ? Тиймээ би эрүүл болохыг хүсэж байна. Намайг эдгээж өгөөч гэж хариулах ёстой байсан. Гэвч тэр яасан бэ?
7-р эшлэлийг үзүээрэйв “Өвчтэй хүн Эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очих гэсээр байтал өөр хүн надаас түрүүлээд орчихдог гэсэнд.” Тэрээр өдий хүртэл эдгэрч чадаагүй нь өөрт нь туслах хүн байдаггүй байсан учраас гэж хүмүүст гомдоллосон хариулт өгч байна. Ийм гоморхол гомдол нь хүнд түшиглэдэг сэтгэлээс бий болдог. Тэрээр хүмүүст найдан өөрт нь тусладаггүй, өөрөөс нь түрүүлээд цөөрөмд орсон хүмүүст гомдоллон асуудлын шалтгааныг бусад уруу тохож байгааг энэ хариултаас харж болно. 38 жилийн турш өвчилсөн түүний байдлыг ажиглахад тэрээр хүмүүст түшиглэх нь байх ёстой мэдээжийн зүйл мэтээр харагдаж байна. Үнэндээ ямар нэгэн байдлын дунд хүнийг түшиглэх нь гэмийн мөн чанартай асуудал юм. Яагаад гэвэл хүн нь цорын ганц Бурханд найдан түшиглэж, түүнд үйлчлэхээр бүтээгдсэн байдаг. Хүнийг өвчлүүлдэг сэдэл нь бодит нөхцөл байдал бус бөгөөд дотроос гарч буй хүнд түшиглэх сэтгэл юм. Хүнд түшиглэдэг сэтгэл нь хүнийг юу ч хийж чадах чадваргүй, итгэлгүй, хэрэгцээгүй нэгэн болгодог.
Уг нь 38 жилийн турш өвчилсөн энэ өвчтөн нь Бетзада цөөрөмд байх өөрийн хязгаартай байдлыг даван гарч Бурханд найдан түшиглэж ямар нэгэн сайн зүйлийг үйлдэж болох байсан. Өөртөйгээ адил өвчинд шаналан амьдарч байгаа хүмүүсийг гүнзгий ойлгож урамшуулж тусласнаараа өөрөө амьдралын гэрэл гэгээтэй болж, хүсэл найдвартай болж болох байсан. Харин тэрээр муу хувь заяатай байдлаа л харж 38 жилийн турш хийж бүтээж болох нандин цаг хугацааг хоосон өнгөрүүлсэн. Түүний байдлыг харвал түүний үйлдсэн нэг гэм нь амьдралыг дэмий үрсэн явдал юм. Тэрээр 38 жилийн турш нандин амьдралаа өөрөөсөө болж үнэ цэнэгүй дэмий хоосон болгосон.
2-рт. Есүс түүнд муу хувь заяаг даван дийлэхэд нь тусласан.
8-р зүйлийг үзээрэй.. “Есүс түүнд Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.” Есүс түүнийг өрөвдөлтэй байна гээд ямар нэгэн бодит тусламж үзүүлэлгүй бөгөөд ганцхан Бурханы үнэн үгээр түүнд тусласан. Бос, дэвсгэрээ аваад алх гэсэн энэ үгэнд Есүсийн түүнд тавьсан агуу их хүсэл тодорхой илэрхийлэгдэж байна. Есүс түүнээс Эзэний дуу хоолойг сонсоод бие даан өөрөө босож явахыг хүссэн. Есүс түүнээс хүнд түшиглэн гомдоллож, ямар ч хүчгүй, хэвтмэл амьдралаараа амьдрахыг хүсээгүй. Есүс түүнээс ялагдлын сэтгэл ба муу хувь заяанд автагдан амьдрахыг хүсээгүй. Бурханыг гуниглуулан, үнэ цэнэгүй байхыг хүсээгүй юм. Өдөр бүр, цаг хугацааг үнэ цэнэгүй болгож нандин амьдралаа дэмий битгий үрээсэй хэмээн түүнээс ийнхүү асуусан. Есүс түүнийг бие даан босоод Бурханыг баярлуулж, бусдад Бурханы ивээлийг хуваалцдаг ерөөлийн үндсээр амьдрахыг түүнээс хүссэн. Тиймээс Есүс түүнд “Бос, дэвсгэрээ аваад алх” гэж итгэлээр тушаасан.
Юуны өмнө Есүс түүнд “Бос” гэж хэлсэн. Бурхан биднийг хэвтээд л, хүчгүй байдалд амьдрахыг хүсдэггүй. Яагаад гэвэл Бурхан биднийг босоод хичээнгүйлэн ажиллаж байхаар бүтээсэн учраас юм. Харин хүмүүс гомдол ба ялагдал, муу хувь заяанд хүлэгдэн, гэмээс болж цагийг дэмий үрэн хэвтэж амьдардаг. Янз бүрийн хоосон санаа бодол, хүсэл тачаалд автагдан амьдардаг. Есүс ийм хүмүүст “Бос дэвсгэрээ аваад алх” хэмээн хэлж байна. Есүсийн энэ үг нь зөвлөгөө биш бөгөөд дуулгавартай дагахыг шаардаж байгаа тушаал юм. Тэрээр удаан хугацаанд хэвтэрт байсан учраас дэвсгэрээ аваад алхах нь мэдээж амаргүй байсан байх. Хэвтэж байх нь илүү амар байсан. Харин тэр Бурханы дуу хоолойг сонссон. Түүний дуу хоолойг сонсоход гар хөлөнд нь хүч орж эхлэсэн. Тэрээр хүнд түшиглэдэг сэтгэл ба гомдоллын дэвсгэр, хүчгүйгээр ялагдсан ялагдал ба муу хувь заяаны дэвсгэрээ аваад босож хүчтэй алхаж эхлэсэн.
9-р эшлэлийг үзээрэй. “Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр амралтын өдөр байлаа.” Гайхалтай итгэлийн алхалт, гайхалтай итгэлийн ялалт биелэгдэж байгааг бид харж байна. Бид архаг ужиг өвчин мэт асуудлуудаасаа аврагдаж, ялагдалыг даван дийлэх гэвэл эхлээд Есүсийн дуу хоолойг сонсох хэрэгтэй.
Иохан 5:25-д “Хүүгийн дууг сонссон нь амилагдана гэжээ.” Гэж бичигдсэн байдаг. Есүсийн үгийн хүч чадал түүнд хүрэхэд 38-н жилийн турш хэвтэж байсан түүний хөлд нь хүч орж, босоод алхсан. Амь болсон Есүсийн дууг сонсоход муу хувь заяаны хүлээснээс босоод алхаж, гүйж, амийн хүчтэй амьдрах болсон. Бид ч гэсэн Есүсийн үгийн дууг итгэлээр сонсох үед бас түүний үгийг дуулгавартайгаар дагахад өөрсдийн хязгаарыг даван дийлж, ялалтын амьдралаар амьдарч чадна. Есүсийн биднийг хайрласан агуу хүчит Бурхан учраас бидний асуудлуудыг шийдэж чадна. Харин түүний хэлсэн үгийг итгэлээр хүлээж аваад, итгэлээр буцааж өгөх нь биднийг бурхантай үргэлж хамт байх харилцаа юм. Итгэлээр авч итгэлээр үйлчилэх нь бидний хийх ажил юм.
Есүст бид итгэлээрээ очих үед, Есүст бид итгэлээрээ үйлчилэх үед бид нар итгэлийн дотор амьдрах бөгөөд биднийг итгэл дотор удирдаж хайр ба нигүүсэл, гэмшил ба талархлаар дүүрэн байж босоод алхдаг итгэлийн амьдралаар бид амьдарч чадах юм.
Намайг Мөнхбат овогтой Сугар-Очир гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант суманд айлын хоёр дох хүү болж мэндэлсэн. Хүүхэд насаа би дарханд өнгөрүүлсэн. Аав ээж хоёр маань багад минь салсан тул ээжийгээ даган 2009 оноос хойш Улаанбаатарт ирж сууршин амьдарсан. Ээж ах бид гуравт өөрийн гэсэн орох орон байр байхгүй учраас эхлээд тус тусдаа ах дүүгийнхээрээ байх болсон. Ийм байдалд байсан надад гэр бүл, гэртээ харих юмсан гэсэн бодол байхгүй болж халуун дулаан гэр бүлийн амьдрал надад байгаагүй. Гэртээ харина гэдэг мэдрэмжгүй болсон бөгөөд ганцаардан амьдарч байгаагаа олж харсан. Одоо эргээд харахад Бурхангүй, Есүсгүй миний амьдрал нь ямар ч утга учиргүй, ганцаардмал, хоосон амьдрал байсан. Ийм би 2016 онд анх UBF цуглаанд ирж байсан. Эхний өдөр нээх сонин, содон байгаагүй ч өдөр ирэх тусам би Бурханы талаар суралцаж, дотроо Бурхантай уулзаж, магтаалын үеэр нүдээ анин тэр гайхалтай диваажинг төсөөлдөг болсон. Энэ нь надад тайвшрах мөн амьд Бурханд итгэх итгэлийг бага багаар суулгасан.Бурхан надад түүний хүслээр 2017 онд ШУТИС-д интерор дизайны ангид орох боломж олгосон. Бурхан намайг хамгийн санй мэддэг тул, миний хамгийн сайн хийж чадах тэр л мэргэжлийг надад сонгож өгсөн. Түүнээс хойш би өнөөдрийг хүртэл Бурханы сонгож өгсөн энэ мэргэжлээрээ ажиллаж амьдарч байна. Миний итгэлийн амьдрал дардан шулуун байгаагүй. 2022 онд ээж маань хорт хавдартай гэж оношлогдсон. Салсан байсан аав маань гэнэт нас барсан. Залуу хүн учраас үхлийн талаар бодож байгаагүй надад ийм зүйл тохиолдсон надад маш хэцүү байлаа. Тэр үед би бүх хүчээ алдаж, харамсах сэтгэлээр дүүрэн байлаа. Аавдаа сайн мэдээ дуулгаж чадаагүй болохоор л их харамсаж гунигласан. Харин Бурхан намайг хоньчдын залбирал ба хайр, Есүсийн зарлигаар дахин босгож Есүстэй хамт амьдрах итгэл найдварыг өгөн намайг зарлигаар удирдаж байна. Миний хувьд өнөөдрийн номлол дээр гарч байгаа шиг, 38 жилийн турш өвчтэй байсан хүнийх шиг асуудал надад ч байгаа гэдгийг дахин дахин ухааруулж байна. Энэ нь мөрийтэй тоглоом, пс-тоглоом, залхуурал, өөрийгөө хайрлах, дуулгаваргүй байх гээд олон асуудал юм. Мөн энэ дэлхийн зүйлсийг илүү хайрладаг гэмийн сэтгэл, Бурханаас илүү нүдэнд харагдаж гарт баригдах зүйлсэд түшиглэдэг байдал минь намайг 38 жилийн турш өвчтэй байсан хүн шиг амьдруулж байгааг харж байна. Бурхан надад дахин хэлж байна. Сугараа бос дэвсгэрээ аваад алх хэмээн тушааж байна. Би энэ үгийг сонсон өдөр бүр итгэлээр босож дэвсгэрээ аваад явдаг сайн итгэгч, сайн хоньчин, сайн библийн багш болж чадахыг хүсэн гуйж байна. Намайг зовоодог шунал хүсэл, завхайрал, мөнгөний хайр, залхуурал, пс тоглоом, мөрийтэй тоглоом, өөрийгөө боддог сэтгэл зэргийг би гэмшиж байна. 2023 онд нэг оюутанд сайн мэдээг хүргэж дагалдагчаар босгож чадахыг гуйж байна. Бурханы цагт итгэлийн нандин гэр бүлээр босож Бурханыг баярлуулдаг амьдралаар насан турш амьдрахыг хүсэн гуйж байна. Өнөөдрийг хүртэл өөрийгөө өөхшүүлж зав л гарвал тоглож назгайрч байсандаа гэмшиж байна. Өдөр бүр надад босоод алхах зүрх сэтгэл, итгэлийг та дүүргэж өгөхийг хүсэн гуйж байна.
Дүгнэлт :

 

Бид өнөөдөр Есүсийн дуу хоолойг сонсож дуулгавартай дагах нь ямар хайр ивээлтэй вэ гэдгийг сурлаа. Мөн 38 жилийн турш өвчилсөн хүнийг хайж ирсэн, эдгээсэн Есүс нь цорын ганц аврагч бөгөөд хайрын Эзэн гэдгийн суралцлаа. Есүс биднийг ивээхийн тулд мөн хайрлахын тулд энэ дэлхийд ирсэн юм. Одоо энэ цагт Есүс бидэнд ийнхүү хэлж байна “Чи эрүүл болохыг хүсэж байна уу?” Бос дэвсгэрээ аваад алх хэмээн тушааж байна. Хэрвээ шантрах сэтгэл, босож чадахгүй ялагдлын сэтгэл та нарт гарч ирвэл Есүсийн бос гэсэн тэр дуу хоолойг сонсож, босоод алхдаг амьдралаар амьдраасай хэмээн уриалж байна. Та чих тавин сонсоорой. Есүс таньд яг одоо хэлж байна. Гунигтай, зовлонтой, шийдэгдэхгүй олон асуудал болон гэм нүглийн асуудлаасаа хурдан салж босоод баяр хөөртэй Есүстэй хамт алхдаг итгэлийн замаар алхаарай хэмээн таныг дуудаж байна. Оюутан залуус минь хурдан босоод дэвсгэрээ аваад алхагтун. Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.05.01/
Дараагийн нийтлэл2023 оны ХБК 2-р номлол (04.29) Г.Батбаатар