ЕРӨӨЛТЭЙ ХҮН
Дуулал 1:1-6
Гол эшлэл 1:2
“Эзэний хуулийг тэрээр бахдаж, Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана!”
Бүгдэд нь Эзэний өдрийн мэнд! хүргэж байна. Мөн 17-р жарны “Үзэсгэлэн бологч” харагчин туулай жилийн тэргүүн сарын шинийн 7-ны өдрийн мэндийг дэвшүүлж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?
Буурал бар жил улирч, буянт туулай жил морилон ирж байна. Өвгөн жил харьж, өлзийт туулай жилтэй золгож байна. Та бүгд өнгөрч буй бар жилдээ Бурханы ивээл, ерөөлөөр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Ирж буй Үзэсгэлэн бологч туулай жилд хүн бүр ам сайтай, хүүхэд хөгшчүүлд ээлтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүн бүр ерөөн сүсэглэж байна. Итгэгч бидний хувьд ч гэсэн Бурханы ерөөл нь дүүрэн байгаасай хэмээн залбирч байгаа байх. Бид үндэстнийхээ цагаан сараар ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, ерөөл магтаалын үгийг сонсдог уламжлалтай. Ерөөл дүүрэн үгийг сонсоод ерөөл бат оршиг ээ хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл гарч буй туулай жилд хүн бүрийн амьдрал ерөөл дүүрэн байхыг хүсэн угтаж байна. Тэгвэл өнөөдрийн үгэнд ХГ-ны дуулал номыг бичиг нь ямар хүн нь жинхэнэ ерөөлтэй хүнээр амьдардаг вэ? гэдэг үнэнийг бидэнд заан өгч байна. Бурханы амийн үг болсон библийн үгэнд үндэслэсэн жинхэнэ ерөөлтэй хүний амьдралыг сайн сурч, ирж буй туулай жилдээ Бурханы ерөөлөөр бялхам дүүрэн, амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Ерөөлтэй хүн (1-3)
1-р эшлэлийг үзээрэй. “Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн ерөөлтэй еэ!” гэж байна. ХГ-ны Дуулал номыг бичигч нь ерөөлтэй хүний тухай тайлбарлахдаа эхлээд хүнд юу байгааг нь, юу олж авсан, юунд хүрсэн бэ гэдэгт нь биш харин юуг үйлддэг, юуг үйлддэггүй вэ? гэдгийг нь тайлбарлан эхэлж байна. Энд ерөөлтэй хүний хийдэггүй гурван зүйлийг дурдаж байна. 1-рт “буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй”, 2-рт “бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй”, 3-рт “басамжлагчдын суудалд суудаггүй” гэж байна. Тэгвэл яагаад эхлээд ерөөлтэй хүний хийдэггүй зүйлсийн тухай дурдаж байна вэ? Үүнд нэг шалгаан байна. Энд гарч буюу “явах”, “зогсох”, “суух” гэсэн үйл үгнүүд нь хүний оролцооны гурван хэлбэрийг зааж байна. Хэн нэгэнтэй хамт “явна” гэдэг нь тухайн хүнийг даган дуурайна гэсэн утгатай. Хэн нэгэнтэй хамт “зогсоно” гэдэг нь хэн нэгэнтэй ярьж, яриа өрнүүлнэ гэсэн утгатай. Хэн нэгэнтэй хамт “сууна” гэдэг нь тухайн хүнтэй хамт цагийг нэлээд өнгөрөөнө гэсэн утгатай. Яг л бид аав ээжийгээ дагаад айл айлаар орон, бууз баншаа жигнэн идэж, хамтдаа суун хууч хөөрөхтэй адил.
Тэгвэл явдаггүй, зогсдоггүй, суудаггүй гэдэг нь буруу хүний адил үйлддэггүй, бузар нүгэлтнүүдийн хамт зогсдоггүй бөгөөд тэднээс эсрэгээрээ амьдардаг гэсэн утгыг илэрхийлж байна.
Дуулал 1:1-р эшлэлтэй холбоотой эсрэг үйл явдал ШГ-нд нэгэн жишээ байдаг. Энэ бол Элч Петр Есүсийг баривчлагдах үед болсон үйл байдаг. Иохан 18:18-д “Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв” гэж бичигдсэн байдаг. Петр Есүсийг баривчлагдах үед, Тэргүүн тахилчийн хашаа уруу орж, зарц нар ба харуулуудын хажууд хэсэг хугацаанд зогссоноос болж, эцэстээ Есүсийг гурван удаа үгүйсгэхэд хүрсэн байдаг. Эндээс харвал бид хашаа явж, хаана зогсож, хэний хажууд суухаас хамаарч ерөөлтэй хүнээр амьдрах уу үгүй юу гэдэг маань хамаардаг. Яагаад гэвэл бид дэргэд, хажууд, надтай ойр байгаа хүмүүсээс шууд болон, шууд бусаар заавал нөлөө авч байдаг учраас юм. Жишээ нь хэрэв бид ямар ч үед талархах сэтгэлээр дүүрэн хүний хажууд байвал байвал бид үргэлж талархах сэтгэлээр дүүрэн байх болно. Харин бид үргэлж махбодын хүсэл шуналаар дүүрэн, гомдолдог хүмүүсийн хажууд байвал бид өөрийн эрхгүй гомдлын үгийг гаргах болно. Тиймээс бид ерөөлтэй хүнээр амьдрах нэг нууц арга бол зөв нөлөө үзүүлэх хүмүүстэй хамт нөхөрлөж, хамтдаа цагийг өнгөрөөж, тэднээр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал юм. Үүнтэй холбоотой бас нэгэн жишээ байна.
Хүүгийнхээ төлөө гурван ч удаа гэрээ нүүлгэсэн нэгэн ээжийн алдартай түүх байдаг. Түүний хүүгийн нэрийг Менжа гэдэг бөгөөд тэрээр хятадын түүхэнд маш алдартай философичдын нэг (Хятадын Чон улсын үеийн гүн ухаантан бөгөөд Хятад улсын Күнзийн сургаалыг хөгжүүлсэн хүн(МЭӨ 372 – 289). Менжаг бага байхад аав нь нас барсан бөгөөд ээж нь ганцаараа амьдралын төлөө зүтгэх болсон. Амьдрал маш ядуу байсан учраас тэд эхэндээ оршуулгын газрын ойролцоо амьдардаг байсан. Гэвч ээж нь хүүгээ оршуулгын цуваанд хөлсний гашуудагч нарыг дуурайн, тэднийг үйлдлийг дуурайж байгааг олж харсан. Тиймээс ээж нь тухайн газраасаа нүүхээр шийдсэн. Тэгээд тэд хотын нэгэн зах худалдааны төвийн ойролцоох байшин уруу нүүсэн. Гэвч тэнд ээж нь бас л хүүгээ дахин захын наймаачдын наймааны дууг даган дуурайж байхыг олж мэдсэн байна. Тиймээс ээж нь эцэстээ сургуулийн ойролцоох байшин уруу 3 дахь удаагаа нүүсэн байн. Харин тэнд хүү нь сургуулийн багш, оюутнуудын нөлөөг авч тэднийг даган сурч эхэлсэн байна. Ийнхүү хүү хожим нь алдартай Хятад улсын эрдэмтэн болсон байна.
Дээрх жишээнүүдээс харвал бид хаана явах, хэний хажууд зогсох, ямар хүний хажууд суух нь чухал гэдгийг харуулж байна. Энэ цагт та ямар хүмүүсээр өөрийгөө илүү их хүрээлүүлэхийг хичээж, ямар хүмүүсийн зөвлөгөөг илүү их сонсон, дагаж, ямар хүмүүстэй илүү их ойр дотно яриа өрнүүлж, ямар ФБ, инстаграмын алдартныг даган сторийг нь алгасахгүй үзэж байна вэ? Хэрэв та бурханлаг бус энэ дэлхийн бодит зүйлсийг илүү ихээр чухалчилдаг, шоу цэнгээн ба махбодын хүсэл тачаал, амьдралын бардам бахархлыг илүүд үздэг хүмүүсийн яриа сонсож, стори үзсээр байвал тэдний нөлөөг авахгүй гэж бодсон ч нөлөө авсан байх болно. Тиймээс хэсэг хугацааны дараа өөрөө ч мэдэлгүй тэдний боддогийг бодож, үйлддэгийг үйлдэх болно. Энэ бол амьдралын бодит үнэн. Харин бид эсрэгээрээ Бурхан болоод сүнслэг үзэл бодолтой, итгэлийн замаар удаан амьдарсан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тэндтэй хамт явж, хамтдаа нэг зорилгын төлөө зогсон, хамтдаа нөхөрлөх, ярих, уулзах цагийг илүү гаргасаар байвал тэднээс нэг л мэдэхэд нөлөөг аван, итгэлийн сайн хүнээр өсөж, энэ цаг үеийн Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн ерөөлтэй хүнээр амьдрах болно.
Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр ирж буй туулай жилдээ Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суулгүй байж ерөөлтэй хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл ерөөлтэй хүн нь юуг үйлдэн амьдардаг вэ? 2-р эшлэлийг үзээрэй. “Эзэний хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана” гэж байна.
Ерөөлтэй хүний хийдэг нэг зүйл бол Бурханы хууль буюу 7 хоног бүрийн номлол, ӨБХ, библийн үгийг өдөр шөнөгүй бясалгадаг гэж байна. Энд гарч буй “бясалгана” гэдэг нь гүн гүнзгий тунгаан бодно, чухалчилна, хайрлана, зүрх сэтгэлдээ, дотроо үргэлж хадгална гэсэн утгатай. Монгол үгийн тайлбар тольд “бясалгана” гэдэг үгийн тайлбарыг хайвал гүн бодож боловсруулан тогтоох, олон удаа эргэцүүлж бодно хэмээн тайлбарласан байдаг. Ер нь хүн юу бодож, дотоод зүрх сэтгэлдээ тээж, хадгалж байгаа маань бидний амьдралын үр жимсээр танигддаг. Тиймээс бид Эзэний үг ба хуулийг гүн гүнзгий тунгаан бодож, бясалган амьдарвал энэ нь бидний амьдралд нөлөөлж, амьдралд минь ил болох болно. Яагаад гэвэл Бурханы үг амьтай хэмээн хэлсэн байдаг. Еврей 4:12-т ийнхүү хэлсэн “ Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” хэмээн хэлсэн. Энэ эшлэлийг сайн хайрвал Бурханы үг нь амьд бөгөөд идэвхтэй, иртэй сэлэм мэт бидний сэтгэл зүрх, бие махбодод маш хүчтэй нөлөөг үзүүлдэг гэж байна. Хэрэв бидний дотор Бурханы амьд үг байвал буруу хүний нөлөө ба бузар нүгэлтнүүдийн замыг дагалгүй, эсэргүүцэж чадах сүнсний хүчтэй байдаг. Харин бид буруу хүний нөлөө аван, тэдний үйлддэгийг үйлдэж байна гэдэг нь Бурханы амьд үг миний дотор байхгүй байна гэсэн үг.
Тэгвэл Бурханы хуулийг өдөр шөнөгүй бясалгадаг хүнд ямар ерөөл ирдэг вэ?
3-р эшлэлийг үзээрэй. “Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт үр жимсээ гаргаж Навчис нахиа нь үл хатах адил Аливаа үйл нь түүнд амжилт авчирна” гэж байна.
Энэ цагт урсгал усны дэргэд ургаж буй модыг төсөөлөөрэй. Та бүхэн Улаанбаатар хотын дундуур урсах Туул голын эргийн дагуу ургасан бургасыг сайн мэднэ. Мод, бут, сөөг нь гол нуур эргийн дагуу маш сайн ургадаг. Тиймээс урсгал усны дэргэд таригдсан мод нь цаг нь болоход заавал жимс ургуулдаг. Бүр ган гачигтай үе байсан ч навчис нь үл хатдаг. Яагаад гэвэл урсгал уснаас үргэлж шим тэжээлээ тасралтгүй авч байгаа учраас юм. Үүнтэй адил Бурханы үгийг бясалган, дотоод зүрх сэтгэлдээ байлгадаг тунгаан боддог хүн нь цаг нь болоход заавал сайн үр жимсийг ургуулдаг юм. Мөн амьдралын салхи шуургатай, хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй, гачигдал асуудалтай, чухал шийдвэр ба сонголтын үед ч навчис нь үл хатах мод мэт үр жимсээ ургуулан амьдардаг.
Лук 6:43-45 “43 Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. 44 Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. 45 Сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялгаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.” Гэж хэлсэн.
Энэхүү эшлэлээс харвал сайн мод хэзээ ч муу жимс ургуулдаггүй эсрэгээрээ, муу мод хэзээ ч сайн жимс ургуулдаггүй гэдэг үнэнийг заан өгч байна. Энэ л үнэнээс харвал муу нэгэн мянга хичээгээд сайн үр жимс гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл хүний дотор юу байгаа нь цаг нь болоход заавалчгүй үр жимсээр танигддаг бөгөөд, ямар хүн болох нь илчлэгддэг гэсэн утгатай.
Хүний дотор юу байгааг, юу бодож байгааг хэн ч харж чадахгүй. Тиймээс хүн хүссэнээ бодож, юу дуртайгаа дотроо тээн хадгалдаг. Гэвч дээрх эшлэлээс харвал бидний зүрх сэтгэлдээ юу байлгаж, юу хадгалж тээж байгаа нь цаг нь болоход заавал ил болж, амьдралын үр жимс болон танигдан ил гарч ирдэг. Тиймээс бид зүрх сэтгэлдээ юуг бодож, тээх нь маш чухал бөгөөд ерөөлтэй хүнээр амьдрах уу үгүй юу гэдэг маань би дотроо юуг байлгаж, юуг бодож, юуг тээхээс ерөөлтэй амьдрах уу үгүй юу гэдэг маань шууд хамаардаг гэдгийг зааж байна. Эндээс харвал жинхэнэ ерөөл нь миний гадна зүйлээс хамаардаг бус миний дотор юуг байлгах, юуг хадгалах, юуг бясалгахаас хамаардаг гэдэг үнэнийг библи бидэнд заан өгч байна. Хүн бүр энэ үнэнийг маш сайн тунгаан бодохыг уриалж байна.
Бурхан манай чуулганд 2023 оны гол эшлэл болох Үйлс 2:42 “Тэд элч нарын сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа” гэсэн үгийг өгсөн. Хувь хүн бүр өөр өөрийн 2023 оны гол эшлэлийг сонгосон. Бид эдгээр Бурханы өгсөн үгнүүдийг хувь хүн бүр, гэр бүл бүр, хэсэг бүр, цаашлаад чуулганаараа тунгаан бодон, бясалгаж, зүрх сэтгэлд дотроо тээн, бодитоор хэрэгжүүлэхийг хичээх үед амьд, идэвхтэй Бурханы үг заавал нөлөө үзүүлж, цаг нь болоход хувь хүн бүрийн амьдралд, гэр бүл бүрд, хэсэг бүрд, нийт чуулган даяар үр жимсээ ургуулах болно. Тиймээс Бурханы амьд үгийг өдөр бүр бясалгаснаар ерөөлтэй хүнээр амьдарцгаая хэмээн уриалж байна.
2. Гэм буруутан нь (4-6)
4,5-р эшлэлийг үзээрэй. “4 Саар буруу хүмүүс харин өөр агаад Салхиар ялгагдах тарианы хальс мэт. 5 Бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тиймд зайлахгүй Бузар нүгэлт хүмүүс зөвтийн чуулалд зогсохгүй.” гэж байна. Энд саар буруу нь салхиар ялгагдах тарианы хальс мэт гэж байна. Тариа буудайг хураасны дараа хальсыг нь салхиар ялган хаядаг бөгөөд урсгал усны дэргэд таригдсан модноос эрс ялгаатай юм. Саар буруу хүн ямар нэгэн үүрэг ба үндэс гэж байдаггүй учраас ийнхүү тарианы халс мэт байдаг. Саар буруу нь амьдралын салхи шуургатай нүүр тулахаас өмнө бидэнтэй нэгэн адил байдаг. Гэвч салхи үлээхэд ор мөргүй салхиар хийсэх тарианы халь мэт алга болдог. 2 Тимот 3:13-д ийнхүү хэлсэн. “Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна.” гэж байна.
Саар бурууг үйлдэгч хүмүүс нь улам бүр өөрсдийгөө дордуулж, өөрсдийгөө гэмд унагадаг. Тэд бусдыг хуурдаг бөгөөд эцэстээ тэд бас хууртагддаг билээ.
Бид Есүсийн 12 шавийн нэг Иудасыг тухай мэднэ. Иудас Есүст дуудагдаж, гурван жил түүнийг даган бусад 11-н шавь нарын адил Есүсийн хайр, үйлчлэл, сургаалыг хажуугаас нь сонсож, суралцан амьдарсан. Гэвч Иудасын дотор буюу зүрх сэтгэлдээ юуг илүү хайрлаж байсан нь 3-н жилийн дараа ил болж Есүсээс илүү мөнгийг хайрладаг байсан учир Түүнээс урвасан. Тэрээр эцэстээ саар бурууг үйлдэж, сатанд мэхлэгдсэнээ ухаарч, эмгэнэлтэйгээр нас барсан байдаг. Энэ бол саар буруу хүмүүс цаг нь болоход тарианы хальс мэт хийсэн алга болдог амьдралын нэг жишээ юм. Тиймээс бүгдээрээ саар бурууг үйлдэхгүй байхыг хичээж амьдарцгаая хэмээн уриалж байна.
Дүгнэлт: Бидний амьдрал ерөөлтэй амьдрах уу? үгүй гэдэг маань 1-рт бид хэнтэй явах, хаана зогсох, хэний хажууд сууж байна, 2-рт зүрх сэтгэлдээ юуг байлгахаас шууд хамааралтай гэдгийг сурлаа. Бурхан өөрийнх нь үгийг өдөр шөнөгүй бясалгадаг нэгэнд тусалж, ерөөлийн замаар дагуулах болно. Тиймээс ирж буй туулай жилдээ Эзэний үг буюу номлол зарлигийг илүү тунгаан бодож, гүн гүнзгий бясалгаснаар урсгал усны дэргэд тарьсан мод адил, ургацын цагт жимсээ ургуулдаг, навчис нь үл хатах мод адил ерөөлтэй хүмүүсээр амьдарцгаая хэмээн уриалж байна. Бурхан та нарыг ивээх болтугай! АМЕН.