Нулимс унаган хүн бүрт үйлчилсэн Паул
Үйлс 20:17-38
Гол эшлэл 20:31
31“Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун”.
Өнөөдрийн номлол бол элч Паул Милетэд Ефесийн ахлагчдыг дуудан хэлсэн сүүлчийн үгийн тухай юм. Энэ үгэнд Паул хоньдод хэрхэн үйлчилсэн,Түүний хоньчны амьдралын үзэл бодол болон үүрэг авсан хүний хандлагыг сайн харуулж байна. Паул хоньчин хүн, үүрэг авсан хүний хувьд Ефес чуулганыханд харамсалгүй үйлчилжээ. Бид түүний хоньчны амьдралын үлгэр жишээг тунгаан бодож, Түүнийг дуурайн амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Энэ удаа Пентекостын өдөр Иерусалимд хүрэхээр яарч байсан Паул Эфес хотоор дайралгүй өмнө зүгт 30 бээр байх Милет хотод буусан. Улмаар Ефес чуулганы ахлагчдыг дуудуулан хайрт аав нь мэт салах ёс гүйцэтгэх захиасаа тэдэнд хүргэв.
Паул чуулганы ахлагчдыг дуудан өөрийн хоньчны амьдралын тухай гэрчилсэн. Үүнд элч Паул сайн мэдээний ажилд хэрхэн үйлчилснийг сайн гэрчилж байна. 17,18-р эшлэлийг үзээрэй “Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. Тэднийг ирэхэд тэр—Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ” гэж байна.
Ефес чуулганы ахлагчдын хувьд Паулыг анх Ефест хөл тавьсан өдрөөс явах хүртэл бүхий л хугацааны турш түүнтэй хамт байж бүх л зовлон жаргалыг хуваалцсан. Тэд Паулын амьдралыг нүдээр харж, хамтдаа үйлчилж, үлгэр дуурайлал авсан билээ. Тэгвэл Паул хоньчны хувьд хэрхэн үйлчилж, амьдарсан бэ? Юуны өмнө Эзэнд яаж үйлчилж байгаагаа гэрчилж байна.
1-рт Тэр бүхий л даруу зангаар Эзэнд үйлчилсэн.
19-р эшлэлийг хамт уншицгаая. “Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан”. Паул хамгийн түрүүнд даруу зангаар үйлчилсэн гэв. Тэр Эзэнд болон хоньдод үйлчлэхдээ захирангуй тушаах байдлаар бус зарц, боол шиг үйлчилсэн гэсэн утгатай. Уг нь Паулын амьдралын түүхийг харвал даруу зантай хүн огт биш байсан. Тэрээр хүний хувьд бардамнаж болох олон шалтгаантай хүн байв. Тэрээр Израйл үндэстэн, Бенамин овог, Цэвэр Еврей. Төрөөд заншлын дагуу 8 дахь хоногтоо хозлуулсан, Хууль ёсны хуучин гэрээнд гүнзгий нэвтэрсэн Фарисай, Хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй хүн (Филиппой 3:5,6) байв. Тэрчлэн гүн ухааны хот гэгдэх Киликийн Тарс хотод боловсрол эзэмшсэн эрдэмтэн бөгөөд тухайн үеийн хамгийн нэр хүндтэй хуулийн багш Гамалелийн гарын шавь байсан. Мөн Ромын иргэншлийг авсан Израйлын хаан байсан Саулын нэрээр нэрлэгдсэн бидний хэлдгээр төгс хүн байлаа. Нэгэн цагт Бардам байсан Саул өөрөөрөө бахархан бардамнаж, итгэгчдийг, чуулганыг харгисаар тарамдуулж байсан хайр найргүй хатуу зүрхтэй хүн байв. Хэн ч өөрчилж чадахгүй мэт байсан ийм түүний төлөө энэ дэлхийд хүний биеэр ирсэн, түүний гэмийн төлөө загалмайд цовдлогдон амилсан, Есүсийн төлөв даруу төрх ба золиослолын хайр нь түүнийг өөрчилж Саулыг Паул болгосон юм (Филиппой2:6-8). Өөрийгөө хоослон энэ дэлхийд боолын дүрээр үйлчилсэн энэ л Есүсийг санах тусам, тэрээр гэмээс болж хатуу бардамнаж буй, хоньдын төлөө өөрийгөө бүрэн хоосолж , үгүйсгэн үйлчлэх хэрэгтэй болсон. Тэр өөрийн сонгогдсон Иудей хүн, хуулийн зөвт байдал эрдэм мэдлэг, нийгмийн байр суурь гэсэн бүхий л бахархлыг хоослон өөрийгөө хэн ч биш болгосон. 1 Коринт 4:13-с үзвэл тэрээр бүр хорвоогийн хог хамгийн шаар болсон гэж тодорхойлсон. Хэн ч ийм байдалд орохыг хүсдэггүй нь лавтай. Харин Паул хүний хувьд хүсдэг, мөрөөддөг хүндэтгэл, бахархлын бардам сэтгэлийг орхиж чадсан. Учир нь биеэ тоодог, би гэсэн үзлийг орхин өөрийгөө хоослон үхэлд хүртэл дуулгавартай байсан Есүс руу тэр нүдээ, зүрхээ хандуулсан юм. Ийнхүү бүрэн даруу байдлаар хүмүүсийг тэвчин тэдэнд үйлчлэв. Тэгэхэд Ефес болон Ази дахь хүмүүс, хоньдууд сэтгэлээ нээн түүнийг хоньчин гэж хүлээн зөвшөөрч сайн мэдээ хүлээж авсан юм. Бид нэг хүний сэтгэлийг олж, үйлчлэх гэвэл төлөв даруу болох хэрэгтэй. Би гэсэн сэтгэлийг орхих хэрэгтэй болно. Өөрийн нас боловсрол нийгмийн байр суурь эрх мэдэл гэх мэтийг хоослох ч хэрэг гарна. Заримдаа хоньдыг хоньчлох, хэн нэгнийг дагалдуулах гэвэл өөрийгөө дорд болж байгаа мэт таагүй санагдах үетэй тулгарна. Энэ л үед өдий хүртэл төлөв даруугаар намайг тэвчин уучилж, Өөрийгөө хэн ч биш болгон надад үйлчилсээр буй Есүсийг санах хэрэгтэй. Бид нэг хүн намайг аврахын төлөө өөрийгөө хоосолж, энэ дэлхийд боолын дүрээр загалмайд үхэх хүртэл үйлчилсэн Есүсээс, тасралтгүй сурснаар нэг сүнсэнд бүрэн даруу байдлаар үйлчилдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2-рт Паул нулимстайгаар үйлчилсэн.
Паул хоньдын төлөө их нулимс унагаадаг хүн байлаа (31, 2 коринт 2:4, филиппой 3:18). Нулимс унагааж байсан гэдэг нь хоньдод хандсан түүний хайр нь чин үнэн ч байсныг хэлж байна. Өөрөөр хэлбэл тэр хоньчны сэтгэлээр дүүрэн байсан. Уг нь Паул ийм хүн биш. Тэр хоньдын сул доройг ойлгодоггүй хуулийн хатуу сэтгэлтэй нэгэн байсан. Сайн мэдээний 2 дахь аялал эхлэхийн өмнө Маркийг авч явах асуудлаар Барнабтай ширүүн маргалдахад Паул Маркийн алдаа болоод сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээс болж сайн мэдээний аяллаас түүнийг хассан. Ийм хурц хатуу байсан Паул олон хоньдод үйлчлэх явцад дотоод сэтгэл нь зөөлөн халуун хайрын сэтгэлтэй хүнээр өөрчлөгдсөн. Тэгээд тэр хоньдын төлөө байнга нулимс унагаадаг хүн болжээ. Түүний нулимс нь ихэнх дээ Есүсийн загалмайн хайрыг мэдэлгүй, эсэргүүцдэг хүмүүст хандсан, харуусал ба өрөвдөх сэтгэлийн нулимс байв. Бид нэг сүнсэнд өнгөцхөн байдлаар тусалбал нулимс гарахгүй. Харин хонь бүрийн сүнсний өрөвдөлтэй байдал, Бурханыг танин мэдэхгүйгээс болж төөрөн ямар ч зорилгогүй утгагүй амьдар ч байгаа байдлыг гүнзгий ойлгоход мөн амьдралын гүн шарх хэцүү хүнд байдалд байгааг гүн ойлгоход хоньчин нь нулимс унаган түүний төлөө залбирах болдог. Мөн гэмийг гэм гэдгийг ч мэдэхгүй өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй гэмийн дунд явж буй хонийг нулимстай хайраар сурган зэмлэж чадна. Бид эцэг эх болж, хүүхдийнхээ сул дорой өрөвдөлтэй байдлыг ойлгох үед нулимс унагаадаг билээ. Үүний адил нэг сүнсийг чинь сэтгэлээсээ хайрлавал нулимстайгаар үйлчилж чадна.
Өнөөдрийн бидний эргэн тойронд үйлчлэл дунд бардамнах, өөрийн хийж байгаа үйлсийг бусадтай харьцуулан дөвийлгөх тохиолдол байдаг байхыг үгүйсгэхгүй. Хүн бардамнахдаа амархан. Гэвч юу ч хийж байсан гэсэн даруу зангаар хийвэл тэр нь жинхэнэ чимэг болно. Нөгөө талаар хийж байгаа үйлчлэлээрээ дамжуулан өөрийгөө рекламдах, хүндлүүлэх гэж хийвэл тэр нь жинхэнэ үйлчлэл биш. Бурхан харж байгаа. Таны зан байдал, үйлдэл, үйлчлэлийг хүмүүс харж байгаа хэдий ч Бурхан зүрх сэтгэл, үйлдэл, бодол санааг бүр нэвт шувт харж байгаа. Паул зөвхөн Бурханы л өмнө үйлчилсэн. Тиймээс Бурхан бидний хоньчны нулимстай залбирал ба үйлчлэлийг таалан соёрхдог. Өмнө нь өөртөө болон өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үйлчилж байсан Паул өнөөдөр нулимстайгаар Их эзэнд үйлчилж байсны адил хамтдаа, чуулганаараа оюутан залуусын төлөө даруугаар, нулимстайгаар үйлчилж чадахыг хүсэн гуйж байна.
3-рт Паул бүх сорилтыг тэвчин Эзэнд үйлчилсэн.
Паул амар тайван нөхцөл дунд Эзэнд үйлчлээгүй юм. Иудечүүд өдөр тутам Паулыг эсэргүүцэн шүүмжилж, алахыг завдаж байсан. Тасралтгүй сайн мэдээний ажлыг эсэргүүцэн үймүүлдэг хүмүүс байвал хүний уураар тэмцэлдэн маргалдмаар санагддаг. Эсвэл сэтгэлээр унаж Эзэнд үйлчлэхээ болимоор санагддаг. Харин Паул энэ бүх сорилт ба эсэргүүцлийг тэвчин Эзэн ба хоньдод үйлчилсэн гэж байна. Бид ч Эзэнд үйлчлэхдээ ийнхүү сорилттой тулгардаг. Харин хүний аргаар тэмцэлдэлгүй тэвчээртэй байдлаар даван туулах хэрэгтэй.
4-рт Паул хоньдод тустай гэсэн болгоныг заан сургадаг байсан.
20-г үзээрэй “Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж” Паул хоньдод тустай гэсэн үг болгоныг заахаас эмээх юм уу түдгэлзээгүй. Тэднийг өсгөн төлөвшүүлэхэд тус болно гэвэл чуулганд ч тэр хувиараа ч уулзсан сайн мэдээг зоригтой заадаг байв. Тэр мөн хоньдод тустай гэсэн болгоныг огоороогүй бөгөөд хэрэгтэй цагт нь нийтэд, эсвэл айлаас айлд гэсэн янз бүрийн хэлбэрүүдээр үйлчилж байлаа. Бусдад тустай гэсэн болгоныг огоороогүй гэдгийг өнөөдөр бид ч бас хэрэгжүүлэх ёстой хэрэгжүүлэлт байна. Дуртай юм гээд хүүхдэд дандаа чихэр, чипс, ундаа өгөөд байвал юу болох вэ? Харин тустай гэсэн болгоныг нь өгч байж хүүхэд эрүүл өсөж бойжно. Бид ч бас хоньдод, үйлчилж буй хоньчиддоо тустай гэсэн болгоныг огооролгүй үйлчлэх хэрэгтэй. Цаг үе өөр болжээ гэдгээр шалтаглаж, дур дураар нь явуулах биш. Эсвэл зөнгөөр нь орхих ч биш. Харин тэдэнд тустай гэсэн болгоноор бид үйлчлэх ёстой. Тэгж байж сүнсээр эрүүл өсөх болно. Тэгж байж итгэл ба дуулгавраар хүчтэй байх болно. Мөн бидний үйлчлэх хэлбэр янз бүр байж болно. Гэхдээ үйлчлэлд хамгийн гол нэг зарчим нь хайрын харилцаа тогтоох юм.
5-рт, Паул үргэлж Бурханы өмнөх гэмшил ба Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг гэрчилдэг байсан.
/21/ Паулын хийсэн гол үйлчлэл бол Есүс Христийн аврал ба гэмшлийн тухай иудейчүүд ба грекчүүдэд гэрчилсэн явдал байв. Бүх хүн Бурханаас холдсон гэмтэн гэдгийг болон Бурхангүйгээр амьдарч байсан амьдралаа гэмшин эргэхийг заасан. Өөрөөр хэлбэл тэр чуулганы итгэгчдэд үйлчлэхээс гадна авралын зарын үйлчлэлийг үндэстэн ялгахгүй маш идэвхтэй явуулсан. Тэгээд тэдгээрийн гэмийг өршөөхийн төлөө Есүс бидний оронд загалмайд нас баран дахин амилснаар гэмийн өршөөл ба авралын замыг нээсэн гэдэгт итгэх итгэлийг заадаг байв.
Паул Ефест байгаа хугацаандаа Эзэнд болон хоньдод ийнхүү үйлчилдэг байсан. харин ариун сүнс одоо түүнийг Иерусалим руу явуулж байна. Авралын сайнмэдээг тааралдсан хот суурин газар, синагогуудад ярьсаар явсан. Одоо харин түүнд юу тохиолдохыг мэдэхгүй гэж гэрчилж байна. Ариун Сүнс түүнийг яаж удирдах, түүнд ямар зам бэлдсэнийг Паул мэдэхгүй. Гэхдээ тодорхой байгаа нэг зүйл нь хүлээс ба зовлон хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнсээр илчлэлт аван мэдсэн байна. 22-г үзээрэй. “Үзтүгэй, эдүгээ Би Иерусалим руу Сүнсээр хөтлүүлэн явж байхдаа ч надад юу тохиолдохыг мэдэхгүй”. Сүнсээр хөтлүүлэн явж байна гэсэн нь хувийн хүслээр бус ариун сүнсний хүслээр гэсэн үг. Элч Паул цаг ямагт ариун сүнсний удирдлагыг дуулгавартай дагадаг байлаа. Харин тэр зам нь алдар бус зовлон ба хүлээс гэдгийг ариун сүнс түүнд гэрчилнэ. /23/ Хүмүүс болж өгвөл зовлон ба хүлээснээс зайлсхийхийг л хүсдэг. Ариун сүнсээр удирдуулан дуулгавартай дагахыг хүсдэг ч зовлонгийн зам л биш байхыг хүсдэг.
Харин Паулын үүрэгт хандсан хандлага нь ямар байна вэ? Эзэний дуудлага нь зовлон зүдүүрийн зам байсан ч тэрээр Эзэний өгсөн дуудлага ба үүргээс огт татгалзаагүй. 24-г уншицгаая. “Гэвч би Бурханы нигүүслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг алба гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн”. Паул өөртөө үхэл зовлон ирсэн ч Эзэн Есүсийн даалгасан алба үүргийг эцэс хүртэл гүйцээх болно гэж байна. Мөн үүний төлөө өөрийн амийг хүртэл юман чинээ бодохгүй гэж шийдэж байна. Хүнд хамгийн нандин чухал зүйл нь амь нас юм. үүнээс гадна хүмүүсийн амь шигээ нандинд тооцдог зүйлс ч олон байдаг. Харин амиа алдвал хичнээн үнэтэй нандин зүйл юунд ч хэрэггүй тул амь хамгийн чухал юм. харин Паулын хувьд өөрийнх нь амиас ч илүү нандин зүйл нь Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг гэж байна. Ихэнх хүмүүс өөрийн амь ба хувийн амьдралыг хамгийн түрүүнд тавихад Паул Есүсийн даалгасан үүргийг аминаасаа илүү чухал нандин гэж тооцсон. Түүний авсан үүрэг нь харь үндэстнүүдэд Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчлэх ажил байв. Тэр энэ үүргийг дэлхийн ямар ч зүйлээс илүү нандин чухал гэж үзсэн. Тиймээс Иерусалимд зовлон хүлээс, үхэл хүлээж байсан ч авсан үүргээ гүйцээнэ гэж байна. Хувийн хүсэл, таашаал эдэлж, тав тухтай амьдрахаас илүү дуудлагын замаа гүйцээж явахыг хамгийн түрүүнд тавьжээ.
Бид энэ дэлхийд төрж ямар нэгэн зүйлийг хийн амьдарцгаадаг. Харин ингэхдээ бид юуг хамгийн чухал нандин болгож амь амьдралаа зориулах нь миний, бидний шийдэх, сонгох чухал асуудал юм. Гэвч олон хүн энэ тухай бодох сэтгэлийн зав зайгүйгээр бодит хэрэгцээний асуудалд хүлэгдсээр эцэст нь шатаж устгагдах зүйлсийн төлөө л утгагүй үнэ цэнгүй амьдарсан байдаг. Мөн ажил үүргийн хувьд олон төрөл байдаг. Харин элч Паул Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчлэх үүргийг энэ дэлхийн ямар ч ажилтай зүйрлэшгүй хамгийн нандин гэдгийг ухаарсан. мөнхийн үхэл рүү явж байгаа хүмүүсийг аврах нь энэ дэлхийн хамгийн чухал нандин үүрэг билээ. Паулын энэ шийдвэр, энэ үйлсээр л дамжуулан Европт сайн мэдээ маш үр дүнтэй, хурдацтай тарж олон хүмүүс авралд ирсэн. Түүгээр ч барахгүй сайн мэдээг өөр тивд, өөр улс үндэстэнд тараан тунхаглах итгэлийн олон өвөг дээдсүүд, илгээлтийн эзэд төрөн гарцгаасан. Амь, амьдралаа сайн мэдээний төлөө зориулна гэсэн Паулын шийдвэрээр дамжуулан Бурхан гайхалтай ажилласан юм.
Мөн Паул энэ үүргийг гүйцээн дуусгахыг эрмэлзэж байсан. Марафон гүйлтэнд замаа дуусган гүйцээх нь хамгийн чухал байдаг. Хэчнээн хурдан гүйж байсан ч замаа дуусгахгүй бол эсвэл яг дуусахын өмнөхөн боливол тэр гүйлт нь утгагүй болно. бид Эзэнээс авсан үүргээ биелүүлж байгаад эрүүл мэнд санхүү, гэр бүл, хүүхдүүдийн гэх мэт асуудалтай тулгарахад Эзэнээс авсан үүргийг хойш тавих эсвэл үүргийг орхих нь амархан. Харин Эзэн Есүсийн надад даалгасан ажил үүрэг ба дуудлагын замыг гүйцээн дуусгах хэрэгтэй. Тэгэхэд элч Паул шиг би замаа дуусгасан. Урьд минь зөвт байдлын титэм зэхэгдсэн байна гэж зоригтой хэлж чадна. /2Тимот 4:7-8/ Есүс Илчлэл 2:10-д бидэнд ийнхүү амлаж байна. “Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө”. Бид ч гэсэн элч Паул шиг Эзний даалгасан сайн мэдээний үүргийг өөрийн амь амьдралаас илүү нандинд тооцон эцэс хүртэл үүргийн замыг гүйцээх итгэмжит үнэнч зарц нар болохыг хүсэн ерөөж байна. Бурхан бидний итгэлээр гаргаж байгаа алхам бүрийг ивээдэг. Тэр ивээл, ерөөл нь заримдаа шууд харагдахгүй ч хожим нь үр жимс болон заавал гарч байдаг. Итгэлийн шийдвэр, итгэлийн алхам бүр нь үр жимс, ерөөлийг хойноосоо дагуулдаг билээ.
Итгэлээр алхацгаая! Итгэлээр шийдэцгээе!
25-27-г үзээрэй. Паул тэдний царайг дахин харахгүй болно гэдгийг хэлээд одоо бүх хүний цусны тухай буруугүй гэж байна. Учир нь тэр Бурханы бүхий л таалал төлөвлөгөөг тэдэнд дамжуулсан юм. Паул сайн мэдээг дамжуулагчийн хувьд өөрийн ажил үүрэгт хайнга хандаагүй ба гуйвуулж заагаагүй. Тиймээс тэр үгийг гэрчилсэн хүмүүсийн сүнсний амийн тухай хариуцлага хүлээх юм байхгүй гэж байна. Хэрэв бид үгийг дамжуулагчийн хувьд гэмшил ба сануулгын үгийг дамжуулах хэрэгтэй байтал сэтгэл өвдөөд эсвэл айгаад зайлсхийвэл тэрнээс болж тэр хүн мөнхийн үхэл рүү явбал тэр хариуцлагыг хоньчин нь үүрэх ёстой. Бид ч хүмүүсийн сонсох дургүй Бурханы үг төлөвлөгөөг ч гэсэн бүгдийг нь дамжуулдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
28-30-г үзээрэй. Паул одоо Ефэс чуулганы ахлагчдад хонин сүргийг даатган Бурханы чуулганд хэрхэхийг заан сургаж байна. 28-д Паул юуны өмнө Бурханы чуулганыг хэлэхдээ “Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан чуулган” гэв. Энэ нь чуулганы хонин сүргийг Есүсийн цус буюу амийг төлөөс болгон төлж аварсан гэсэн үг. Хонин сүрэг нь Бурханы Өөрийнх нь юм. Ийм нандин хүмүүсийг өсгөн халамжилж хамгаалаарай гэж Бурхан тэднийг сүнсний харгалзагч буюу манаач болгосон. Тиймд тэд назгайралгүй манаач шиг үргэлж хоньдын сүнсний байдлыг ажиглан анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа Паул өөрийг нь явсны дараа сүргийг үл өршөөх хэрцгий чононууд буюу буруу урсгалын хуурамч багш нар орж ирэн гажууд үгээр хоньдыг сүйрүүлэх вий гэдэгт санаа зовж байсан. 30-г үзвэл буруу урсгалаас гадна чуулганы дотроос ч зарим ахлагчид нь өөрийн нэр алдрын төлөө хоньдыг өөртөө татаж сайн мэдээний үнэнийг гуйвуулж зальтай үгээр хоньдыг уруу татах болно гэв. Энд хоньдыг татах гажууд үг нь энэ дэлхийн эд баялгийг дээдэлдэг үзэл дэлхийтэй нийцэн холилдон амьдрах амьдрал, назгай амирлангуй амьдрах амьдралыг заах үзлүүд юм. тиймээс чуулганы ахлагчид удирдагч нар нь иймэрхүү аюулаас хоньдыг хамгаалахын төлөө сүнсээр сэргэг байх хэрэгтэй. Хуурамч багш нарын тухай өгч байгаа Паулын анхааруулга өнөөдөр ч гэсэн хүчинтэй. Бид өөрсдийгөө, чуулганыг хамгаалах бамбай, хуурамч багш нарыг няцаах сэлэмтэй байх ёстой. Энэ нь залбирал ба Бурханы үг болсон Библи юм. Тиймээс сэрэмжтэй байхаас гадна тэмцэх аргаа аль хэдийн олсон байх хэрэгтэй. Ялангуяа үүний тулд Паулыг хэрхэн хонин сүрэгт үйлчилснийг санах хэрэгтэй. 31-г үзээрэй. “Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун”. Удирдагч хоньчид нь Есүсийн нандин цусаар худалдан авсан хоньдын амийг хамгаалж өсгөхийн тулд сэрэмжтэй амьдрах хэрэгтэй. Аюул мэдрэгдвэл хүн бүрийг хоньчны сэтгэл ба хайраар тасралтгүй ятган сэнхрүүлж туслах хэрэгтэй. Паул хонин сүргийг чуулганы ахлагчдад даатгасан ч эцэст нь жинхэнэ авралын хүч болох Бурхан ба Түүний үгэнд даатгаж байна. /32/
33-35-д Паул хоньчны хувьд эд мөнгөний амьдрал дээр ямар байсныг гэрчилж байна. Паул тэдэнд үйлчлэхэд мөнгө эсвэл алт эд хөрөнгө, хувцсанд шунахайраагүй гэв. Харин үүгээр зогсохгүй тэр өөрийн гараар ажил хийн өөрийн болон хамтран зүтгэгч нарын хэрэгцээг хангаж байсан гэж байна. Паул ийнхүү зүдэж зүтгэсэн нь тусламж хэрэгтэй нэгэнд тусалдаг амьдралыг тэдэнд заахын тулд байсан. Учир нь Эзэн Есүс авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэснийг баримталж байсных юм. Паул Есүсийн энэ үгийн дагуу хичээнгүй ажиллан өгдөг амьдралаар амьдарсан ажээ. Паул чуулганы ахлагчдад ч ийнхүү амьдрахыг сургаж байна. Өнөөдөр ч гэсэн Ариун Сүнс бидний дунд ажиллаж, бидний сурсан зүйлсийг цаашид сануулж, хэрэгжүүлэхэд хамт байх болно гэдэгт итгэлтэй байна.
Дүгнэлт: Бид Паулын хоньчны амьдралын үлгэр жишээг сурлаа. Бид ч Паул шиг даруу ба нулимстайгаар Эзэн болон хоньдод үйлчилдэг, хүн бүрт сайн мэдээг тунхагласан хүмүүс болохыг хүсэн ерөөж байна. Ялангуяа Эзэн Есүсээс хүлээн авсан оюутнуудыг аврах хоньчны үүргийг өөрийн амь амьдралаас илүү нандинд тооцон эцэс хүртэл дуудлагын замаа гүйцээн ялалт байгуулах хүмүүс болохыг хүсэн ерөөж байна. Амен.
Гуйлт:
Эзэн Бурхан минь танд баярлалаа. Элч Паул Ефес хотынхонд өдөр шөнөгүй, нойр хоолгүй, бүх зүйлээ зориулан, зүрх сэтгэлээ тэдний төлөө асгаж, золиослож үйлчилсэн. Энэ л үйлчлэлээ Танд зориулж буй үйлчлэл гэж харж байсан. Эзэн минь бид Паулын үлгэж жишээг дагахад та бидэнд туслаарай. Бид үйлчилж байхдаа хүнд биш харин Тань дээр бид итгэл найдвараа тавьж, итгэлээ суурилуулахад Та бидэнд туслаач гэж гуйж байна. Эзэн минь та бидэнд өгсөн үүрэг, дуудлагыг итгэмжтэйгээр, найдвартайгаар бид нар дуусгахад Та тусалж өгөөрэй. Замын дундаас бид буцахгүй байхад туслаарай. Таны бидэнд хариуцуулан өгсөн оюутан залуучууд, хонин сүргийг халамжлах, дагалдуулахад Та тусалж өгөөрэй. Бидэнд хүчийг, мэргэн ухааныг өгөөрэй. Бүх зүйлийг Есүс Христийн нэр дээр гуйж байна.