Чи сайн тэмцлээр тэмцэгтүн
1Тимот 1:1-20
Гол эшлэл 1:18
“Тимот хүү минь, чиний тухай урьд тунхаглагдсан эш үзүүллэгүүдийн дагуу чи сайн тэмцлээр тэмцэгтүн гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.”
Тимот ном нь Паулаас Христ Есүс доторх хайртай хамтран зүтгэгч Тимотдоо бичсэн захивар захидал юм. Яагаад захивар гэсэн бэ гэвэл уг захиандаа яавал агуу удирдагч болохыг заан сургасан байдагтай холбоотой. Библи судлаач нар шинэ гэрээний 1,2-р Тимот болон Тит номуудыг пастор буюу хоньчлолын заавар гэж нэрлэдэг. Эдгээр захидлууд нь хоньчид буюу пастор, сүнсний удирдагч нар Бурханы хоньдод хэрхэн заах, зааварлах, удирдах, чиглүүлэх талаар зааж өгдөг. Өнөөдрийн номлолоор Паул Тимотод хуурамч сургаал болон номлогчдоос болгоомжлоорой хэмээн анхааруулан хэлж байна. Тимот номыг харвал үг болон сургаал гэсэн үг маш их давтагддаг. Үүнээс харвал бид нар Бурханы өргөөг хэрхэн авч явах, хэрхэн босгон байгуулах, хоньчин удирдагч болсон ахлагч хүн ямар байдлаар Бурханы ажлыг хийх талаар сургамж болон үгийг мэдэж авч болох юм. Тимот номоор дамжуулан Христ Есүсийн сайн цэрэг болж цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр дүүрэн хүмүүс болж чадахыг гуйж байна. Ингэснээрээ Бурханы даалгаж өгсөн их дээд сургуулийн оюутнуудын сайн багш, сайн хоньчин болж чадахыг гуйж байна.
1. Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлэг (1-11)
1-рт Христ Есүсийн элч болсон Паул (1-2)
1, 2-р зүйлийг үзээрэй. “Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би, итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод. Эцэг Бурхан ба бидний эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг.” Энэ хэсэгт Паул хэрхэн өөрийгөө Христийн элч болсон тухай, мөн Тимоттой ямар харилцаатай вэ гэдгийг тодорхой харуулж байна. Паул өөрийгөө Бурхан ба Христийн тушаалаар элч болсон гэдгийг онцгойлон, чухалчлан хэлж байна. Өөрийн хүсэл ба сонголтоор бус туйлын эрх мэдэлтэй Бурхан ба Есүсийн тушаалаар элчийн үүргийг авсан гэсэн үг юм. Хүн төрөлхтөний түүхэн дэх агуу их авралын ажлыг удирдах Бурхан ба Цорын ганц найдвар болсон Христийн тушаалаар элч болсон гэдэгт Паул 100% итгэсэн юм. Орчлон ертөнцийг бүтээсэн хүч чадалт Бурханы тушаал учраас энэ нь 100% дуулгавартай дагах тушаал юм. Яваарай гэвэл явж, зогсоорой гэвэл зогсох ёстой гэсэн үг юм. Паул өөрийгөө ийнхүү танилцуулж байгаа нь адилхан итгэлтэй бид нарыг ч гэсэн ийм итгэлээр, үйлсээр, бахархлаар амьдраарай гэдгийг сануулахын тулд юм. Бид нар яаж түүний хүүхэд, элч, хоньчин болсон бэ? Хэн нэгний заавраар уу? Аль эсвэл албадан шаардлагаар уу? Үгүй юм. Бид нар их дээд сургуулийн оюутнуудын хоньчин болсон нь Бурханы хайр ба уучлал Есүс Христийн загалмайн хайраар түүний тушаалаар түүнийг тунхагладаг элч, хоньчин, библийн багш болсон юм. Бид нар тушаалаар болсон учраас дуулгавартай сэтгэл болон дуудлагын итгэлээр хоньчны амьдралаар амьдрах хэрэгтэй.
2-р зүйл дээр Паул Тимотыг “Итгэл доторх миний жинхэнэ хүүхэд” гэсэн. Тимотийн аав нь грек, ээж нь иудей итгэгч хүн байсан. Паулын эхний сайнмэдээний аялалын үед Тимот Есүсийг аврагчаар хүлээн авч, Христийн дагалдагч болсон. Түүнчлэн Паул хоёр дахь сайнмэдээний аялалд, Тимотыг хамтран зүтгэгч болгон хамт авч явсан. Тимот нь цэвэр сэтгэлтэй, итгэмжит, худал хуурмаггүй, итгэлтэй нэгэн байв. Гэвч зөөлөн сэтгэлтэй тул зориггүй, амархан уйлдаг хүн байв гэж библи дээр тэмдэглэн үлдээжээ. Ийм тэрээр сүнсний удирдагч болж чуулганыг удирдахад зохимжгүй дутуу дулимаг, хүчгүй сул дорой хүн мэт харагдав. Ийм байсан боловч, Тимот нь эцэгтээ хандах мэт элч Паулд туслан түүний хамтран зүтгэгч болон зүтгэснээр хожим Паулын хамгийн сайн итгэмжлэгдсэн сайнмэдээний ажилчин, сүнсний залгамжлагч болсон юм. Паул Тимотыг дуудахдаа 1Тимот 1:2 “Итгэл доторх миний жинхэнэ хүүхэд”, 1Коринт 4:17 “Эзэн доторх миний хайрт итгэлт хүү Тимот”, 1Тимот 6:11 “Бурханы хүү чи” зэргээр дуудсаныг харвал гайхалтай хайр ба итгэлийн харилцаа байсныг харж болно. Тийм учраас Паул хуурам ч багш нар ба буруу урсгалын довтолгоогоор дүүрэн Ефес чуулганд үйлчилж буй Тимотын төлөө Бурханы нигүүлсэл ба өршөөл, амар тайван дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөн гуйж байна(2б).
Угаасаа Бурханы ажил нь хэн нэгний чадвар, чадамж, мөнгө, эрх мэдлээр явдаг зүйл биш бөгөөд гагцхүү Бурханы нигүүлслээр байдаг тул тэр нигүүлсэл дүүрэн байхыг, Бурханы амар тайвнаар дүүрэн байгаасай хэмээн та бүхнийг ерөөж байна. Бидний амьдарч байгаа маань хүртэл түүний нигүүлсэл дотор байгаа гэдгийг итгэлээр тунхаглан хэлж байна. Бид Бурханы ивээл нигүүлслээр бүх зүйлсийг даван дийлж чадахыг хүсэн гуйж байна.
2-рт Хуурам ч багш нарын тухай сэрэмжлүүлэг (3-11)
Элч Паул нь мэндчилгээний дараа шууд сүнсний удирдагч хоньчин хүний хийх ажлын талаар зааварчилгаа өгч Ефест байгаа Тимотод хийх ёстой ажлынх нь талаар заан өгч байна.
3,4-р зүйлийг үзээрэй. “Би Македон руу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх ургийн бичгүүдэд анхаарлаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм.”
Паул домог болон дуусахыг үзэхгүй ургийн бичгүүдээс зайлсхийгээрэй хэмээн сануулж байна. Грек түүхэнд олон домгууд байдаг. Маш чухал байр суурь эзлэн хүн төрөлхтөний үзэл бодлуудыг бүтээн бий болгодог. Мөн ургийн бичиг гэдэг зүйлээр дамжуулан бахархан дуурсах, өөрийгөө өмгөөлөх зүйлийг бий болгохыг хичээдэг. Хэт домог ярианд автаад ирвэл хүн жинхэнэ үнэнээс холдох аюултай. Мөн ургийн бичиг гээд л яриад эхлэвэл манай удам тайж байсан, дарга байсан, номтой лам, эмч байсан гээд л маргалдаж өгдөг. Нутаг ус, хэн нь илүү вэ гээд л явж өгдөг. Ихэнх Монголчууд Хиад Боржигон овог авч Чингис хааны удам гэж өөрсдөөрөө бахархдаг. Би ч бас Чингис хааны охинтой гэрлэсэн. Харин манай овог бол Өүлэн эхийн овог. Тэгэхээр их л мундаг элит хүмүүс болж байна. Харин библийг харвал үүнээс зайлсхий хэмээн хэлж байна.
Анхны чуулганууд байгуулагдаж буй тухайн цаг үед олон асуудалтай тулгарч байв. Чуулган доторх хуваагдал, системчлэгдээгүй эмх цэгцгүй асуудал, Ромын хавчлага, Иудей шашин ба хуурам ч сургаалууд итгэгчдийг мэхлэн уруу татан ховсдож байсан. Янз бүрийн буруу сургаалууд нь чуулганы мөн чанарыг өөрчлөн нураах гэсэн сатаны ажил тул Элч Паул сайнмэдээний үнэнд үндэслэн зөв сургаал зарчмыг сахин хамгаалах ажлыг чуулганы хоньчид буюу удирдагч нарын хамгийн чухал үүрэг шүү хэмээн зааварлаж байна.
Элч Паул Ефест очсоныхоо дараа Македони уруу явсан бөгөөд явахдаа Тимотыг Ефес дэх чуулганы хоньчноор томилсон. Ефес хот нь Ромын колончлолд байсан бага Азийн нийслэл байв. Боомт хот тул өрнө, дорны соёл иргэншлийн уулзвар байсан ба арилжаа наймаа болон шашин шүтлэгийн төв нь байв. Үйлс 19 бүлгийг харвал Паул, Тимот хоёр гурав дахь сайнмэдээний аялалын үеэрээ Ефест гурван жилийн турш дагалдагчдыг өсгөх ажилд өөрсдийгөө зориулсан. Энэ үед Ефес чуулган маш ихээр өсөж, эргэн тойрны бага Ази дахь чуулгануудад нөлөөлөн удирдах байр суурьтай болов. Тийм учраас Паул Тимотыг Ефест үлдээн янз бүрийн буруу урсгалаас чуулганыг хамгаалан Христ итгэлийн үнэн зөвийг сахиулахыг даалгажээ.
Иймээс Тимот чуулганд орж ирсэн хуурамч багш нарт өөр сургаал заахгүй байхыг хатуу сануулах хэрэгтэй байв. Энд хэлж буй өөр сургаал нь зөв итгэлийг бусниулан үйлмүүлэх буруу үзэл ба хуурамч сургаалийг заана. Есүст итгэсэн ч заавал хозлол хийх ёстой, хуулийн үйлс байж байж төгс аврал болно хэмээн зааж байлаа. Энэ мэт олон сургаал, үзэл бодлууд дүүрэн байлаа.
Эдгээр өөр өөр сургаал нь итгэгчдийн хооронд маргаан үүсгэж, Бурханы үнэнд хүргэдэггүй ба итгэлээр Бурханд үйлчлэн авралын ажлыг биелүүлэхэд ямар ч ашиг тус болохгүй юм. Хэрэв чуулганы хүмүүс янз бүрийн буруу үзэл бодол хуурамч сургаалууд ба төгсгөлгүй хий хоосон ярианд автвал Бурханы үнэнийг гуйвуулан янз бүрийн эргэлзээ, үл итгэлийг төрүүлэн маргааны бий болгох аюултай. Тиймээс бид итгэгчид Бурханы хэлсэн библийн хүрээн дотор ярих хэрэгтэй. Библид бичигдээгүй илүү зүйлсийг ярих үед хэрүүл маргаан үүсэж болно. Тийм учраас 5-р эшлэл дээр дахин Бурханы үг ба сургаалаар дүүрэн байхыг түүний зорилгыг тайлбарлан хэлж байна.
5-р эшлэлийг үзээрэй. “Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар, хийгээд хувирашгүй итгэлийн хайр юм.” Эндээс хайрыг 3 төрлийн сууриар бат бөх байлгах ёстой хэмээн хэлж байна. Энэ хайрын 3-н суурь нь цэвэр зүрх, сайн мөс чанар, хувирашгүй итгэл юм.
Эхнийх нь цэвэр зүрх гэжээ. Матай номын 5:8-г үзвэл “Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ. Тэд Бурханыг харах болно.” Зүрх хамгийн нандин эрхтэн бөгөөд амьтай шууд хамааралтай. Хүний зүрх зогссон гэвэл тэр хүн үхсэн гэсэн үг. Тиймээс зүрх цэвэр гэвэл үхэл байхгүй бөгөөд амь, амьдрал байна гэсэн үг юм. Тэгэхээр зүрхээ юугаар дүүргэнэ үр дүн нь тодорхой болж байна. Зүрх цэвэр бол бие цэвэр, зүрх эрүүл бол бие эрүүл бодол санаа эрүүл байна. Тийм учраас зүрхээ хамгаалах хэрэгтэй. Садар самуун, шунал тачаал, үзэн ядалт, өш хонзон, эд хөрөнгө, заль мэх, залхуу хойрго байдал зүрхэнд орвол үр дүн нь биднийг тэр зүг рүү чиглүүлнэ. Бид зүрхээ цэвэр байлгахын тулд Есүсийн загалмайн хайр, гэмшил, Бурхан үг ба зарлиг, дахин амилалтын итгэлээр зүрхээ цэвэр байлгаж чадна. Олон хүмүүс хоолоор, зарим хүмүүс гэрлэхгүй бол цэвэр ариун байж чадна гэж үздэг. Тийм биш юм. Загалмайн хайраар гэмийн өршөөлийн хайраар зүрх сэтгэлээ цэвэр байлгаж чадах юм. Үргэлж Бурханы үгтэй байснаар цэвэр зүрхийг хадгалж чадна.
Хоёр дахь нь сайн мөс чанар юм. Есүсийн цусаар цэвэрлэгдсэн сайн мөс чанараар Бурханы өмнө зоригтой амьдарч чадна гэдгийг зааж байна. Бид Бурханы үг ба сургаалаар дамжин сайн мууг ялган, сайныг үйлдсэнээр Бурханы өмнө цаг ямагт сайн мөс чанартай байх хэрэгтэй. Ядууст туслан, өвчтөнд гараа сунган амьдрахыг зааж байна. Аль сайн аль нь муу вэ гэдгийг мэдэх тул итгэгчид анхааралтайгаар сайн мөс чанараар шалган амьдрах хэрэгтэй. 1Тимот 4:2 дээр Паул зарим итгэлээс урвагчийн мөс чанар нь хуйхлуулсан мэт ямар ч мэдрэмжгүй болж хуурамч итгэлээр амьдрана гэдгийг сануулан хэлсэн. Мэдсээр байж гэм үйлдэх нь сайн мөс чанар биш юм. Зарим итгэгчид архи ууж, мансуурах, мөрийтөй тоглоом тоглох, садар самуунд донтох, хиймэл шүтээн болох зүйлсэд донтон амьдардаг. Энэ цагт сайн мөс чанарыг хадгалан Есүсийн цусаар уучлалыг аван Бурханы өгдөг сайн мөс чанараар амьдарч чадахыг гуйж байна.
Гурав дахь нь хувирашгүй итгэл юм. Итгэл байхгүй бол хайр оршин тогтнох боломжгүй. Итгэлээр амьдрах нь хайр бөгөөд хайраар түүхийг бүтээх нь итгэл юм. Хайр өөрөө итгэл юм. Хувирдаггүй итгэл нь ариун итгэл юм. Ариун итгэл нь Бурханы итгэл, Бурханаас ирдэг хайр юм. Бурханы үг ба сургаалаар дамжигдан ирдэг юм. Хуурамч итгэлтэй хүмүүс нь шинэ гэрээг харвал бусдад харагдах гэж амьдардаг. Матай 6:1 үзвэл Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцгээс чинь та нарт шагнал олдохгүй. Бид нар үзэгдэх итгэл биш харин хувирдаггүй итгэлээр амьдрах ёстой бөгөөд ийм итгэлийг тарьж ургуулах хэрэгтэй юм. Хувирашгүй итгэл, ийм хайраар амьдарч байгаа хүн энэ дэлхийд олон бий. Өмнөд Солонгосын католикийн сүмийн пастор И Тэ Шиг гэж хүн байсан. Тэрээр Өмнөд Судан улсад ядуу тосгоны хүмүүст аав шиг нь, ах шиг нь, найдаж болох нэгэн байж тэдэнд Есүсийн хайрыг тэр хувирашгүй итгэлийг үзүүлсэн. Тосгонд тусгаарлагдан амьдардаг уяман өвчтөний гэрт очин хөлийг нь барьж, түүнд таарах гутал хийж өгөн, хамтдаа дуулж байгаа тэр төрхийг харвал Есүсийн төрхийг харж болно. Солонгосын уяман өвчтөнгүүдийн арал дээр 40 гаран жил ажиллаад залуу насаа дуусгаад буцаж байгаа 2 Швед сувилагч эмээг харахад өөрийн эрхгүй Есүсийн хайр, тэр хувирашгүй итгэлийг тэднээс олж харсан. Энэ цагт өөрийн цаг зав залуу насаа юуны төлөө зориулах вэ хэмээн бодож байгаа хүн байна уу? Юу нь хамгийн үнэ цэнтэй нандин амьдрал вэ? Сүнсээр үхэн там руу явж байгаа таны ах дүү хамаатан садан найз нарынхаа төлөө та яг одоо юу хийж байна вэ? Таньд Бурханаас авсан тэр итгэл тэр хайр байгаа бол та яг одооноос тэр хайрыг дамжуулаасай хэмээн хүсч байна. Та өдөр бүр зүрхээ Бурханы үгээр зүрхээ цэвэр байлгаж, Есүсийн цусаар авсан сайн мөс чанараараа хувирашгүй тэр итгэл ба хайраар Бурханд үйлчлэн амьдраарай хэмээн ерөөж байна. Өөрийг дахин дахин шалгаж өөрийгөө эхлээд Христийн сайн хоньчин хайрын, хувирашгүй итгэлийн хүн болоход өсгөөрөй. Мэдлэг болон сурах бичгийн итгэл биш хайр ба үйлчлэл, золиос ба зориулалтаар дүүрэн хайрын хоньчин, библийн багш болоосой хэмээн ерөөж байна. Бурханы сайнмэдээний зорилго нь өөрөө хайр юм. Христийн хайр бүх дэлхийд тунхаглагдахыг хүсэн залбирч байна.
6-г зүйлийг үзвэл зарим итгэгчид энэхүү зорилгоос хадууран хайрыг хэрэгжүүлэхээс няцан дэмий хоосон ярианд автан хэлбийсэн гэв. Тэдний зорилго нь өөрийн мэдлэгийг гайхуулан нэр алдрыг хайхад байв.
8-11-р зүйл дээр Паул хуулийн талаар зөв ойлголтыг заан өгч байна. Есүст итгэн аврагдсан шинэ гэрээний үеийн итгэгчид хуучин гэрээний хуулийг ямар ч ач тустай зүйл биш хэмээн үл тооход амархан байв. Харин Паул хуучин гэрээн дэх хуулиуд нь шууд авралыг өгж чадахгүй ч хүмүүст гэмийн хэмжүүрийг, тухайлбал юу нь Бурханы өмнө гэм болохыг цаашлаад биднийг гарцгүй гэмтэн гэдгийг ухааруулан Христийг хайхад тусалдаг сайн зүйл гэдгийг тайлбарлан хэлж өгөв. Бурхан хүмүүст хуулийг өгсөн нь гэмийг ухааран Есүсийг арвагчаар хүлээн авч, авралд хүргэхийн тулд юм.
Паул 1-11 зүйлсийг нэгтгэн дүгнэж Бурханы алдрыг харуулах сайнмэдээнд үндэслэн хэлсэн хэмээн тайлбарлаж байна. Паул сайнмэдээний үнэн дээр бат зогссон учраас үнэнээс зөрчсөн бүх буруу зүйлсийг ялган сэрэмжлүүлж хэлж чадсан юм. Паулын Тимотод сайнмэдээ болох сургаалыг хэлж байгаа зорилго нь юу вэ? Бид ч Бурханы зөвшөөрсөн Христийн сайнмэдээнд бат үндэслэн амьдарснаар янз бүрийн буруу сургаал буюу буруу урсгалаас хонин сүргийг хамгаалуулахыг хүссэн учирт байгаа юм. Бид нар итгэлээр амьдрах хэрэгтэй. Итгэлээр амьдарч байгаад голоос нь өөр зүйл рүү явах, өөрийн бодлоор шийдэх, дэлхийлэг амьдрах, эсвэл өөр урсгалд автан амьдарч болохгүй. Бид нар хувирашгүй итгэл хайраар эхэлсэн учраас эцэс хүртэл энэ итгэл энэ хайраар амьдрах хэрэгтэй. Бид нар Бурханы сайнмэдээнээс холдвол, итгэл ба хайрыг алдах бөгөөд үхэх болно. Би ахиад хэлье. Энэ жилийн миний чухал зүйл, залбирлын сэдвүүдийг барин эцэс хүртэл тэмцэж амьдрахыг хүсэн гуйж байна. Хэцүү гэж орхилгүй итгэлээс итгэлд хүрч амьдарч чадахыг гуйж байна.
Чи сайн тэмцлээр тэмцэгтүн (12-20)
Буруу урсгалуудын талаар тайлбарлан сэрэмжлүүлсэн Элч Паул нь өөрийнхөө итгэлийн талаар гэрчлэл хийн сайнмэдээ нь юу болох бөгөөд сайнмэдээний хүч чадлын талаар нотлон тунхаглаж байна.
12-р зүйлийг үзээрэй “Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг.” Паул өөрийгөө хүчирхэгжүүлэн итгэмжит хэмээн үзээд сайнмэдээний ажилчин, элчийн үүргийг даалгасан Бурханд талархан Бурханы ивээл гэдэгт дахин талархан өгүүлж байна. Угийн итгэмжгүй нэгнийг сонгоод хүч чадлыг өгөн итгэмжит хэмээн тооцон сайнмэдээний үүргийг даалгасан Бурханы ивээлийг бид ч санан талархан амьдрах хэрэгтэй. Ялангуяа итгэмжгүй байсан бидэнд энэ дэлхийн оюутан залуусыг даалган Есүсийн дагалдагч болгох хүч ба үүргийг өгсөн нь үнэхээр талархмаар зүйл юм.
Элч Паул үргэлжлүүлэн өөрийгөө хэн байсан хэрхэн аврагдсанаа гэрчилж байна. 13,14-р зүйлийг үзвэл Паул урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан гэдгийг харж болно. Ийм түүнээс өс хонзон авч, шийтгэл үзүүлэх нь зохистой байв. Харин Есүс Түүнд уур хилэнгийн оронд өршөөлийн нигүүлслийг өгч, хайр ба итгэлийг бялхам дүүргэж өгсөн. Паул Бурханаас өөрт нь өгсөн тэр агуу их өршөөлийн нигүүлслийг бодох болгонд сэтгэл хөдлөн гайхалтай түүнийг магтан хашгирахаас өөр аргагүй байсан. Гал мэт улаан гэмийг минь цас шиг цагаан болгож өгсөн тэр хайр нигүүлсэл нь юугаар ч сольшгүй агуу зүйл байсан. Аймшигт харгис тэр нэгэн Есүсийн тэр хайраар өөрчлөгдөн тэр ивээлээр бялхан амьдардаг нэгэн болсон. Тэр ивээл хайрыг 15-р зүйлээр дамжуулан талархан хэлсэн. “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.” гэв. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэсэн үг нь хий хоосон бус хамгийн үнэмшилтэй хүн бүр бүрэн зөвшөөрөх жинхэнэ үнэ цэнтэй, үнэн гэдгийг тэрээр тунхаглан зарласан. Элч Паул гэмтнүүдийн эхнийх байсан өөрийнхөө төлөө Христ Есүс ирсэн гэдгийг гэрчилж байна. Бурханы өмнө хамгийн өрөвдөлтэй, бузар, зохисгүй нэгэн, гэмтэн гэдгийг тэрээр ил гарган гэмшин өчиж байна. Тэрээр хэзээд гэмшлээр дүүрэн талархлаар дүүрэн байсан тул түүний дотор Христийн үзүүлсэн авралын хайр ивээл, өршөөгдсөн нигүүлсэл нь байнга бялхам дүүрэн байж чадсан.
16-р зүйлийг үзвэл Есүс Христ Элч Паулд ийм их өршөөлийг үзүүлсэн нь бусад бүх хүмүүс болон ямар ч гэмтнийг Есүс өршөөн аварч хайрлан уучилна гэдгийг харуулахын тулд юм. Аврагдахгүй хүн гэж байхгүй. Их гэм бага гэм гэж байхгүй. Бурханы агуу хайраар 100% уучлагдах учраас Есүс Христэд ирэх нь чухал юм. Элч Паул гэмтнүүдийг аврахаар Есүс Христийг илгээсэн Бурханы нигүүслийг бодох үед өөрийн эрхгүй Бурханыг магтах магтаалаар дүүрч байсан. Халлелүяа магтан дуулья миний гэм өршөөгдсөн. Эзэн Есүс хамт байгаа тул би хаана ч байсан Эзний улсад. Цааш нь үргэлжлүүлээд 17 зүйлээр дамжуулан “Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен” хэмээн магтан тунхаглаж байна. Бид нар ч гэсэн Элч Паултай адил гэрчлэл хийн хоньчноор дуудсан дуудлагат талархаж Бурхандаа талархал магтаалыг өргөж чадахыг гуйж байна.
Миний хувьд заримдаа би Есүст итгэдэг хүн мөн үү гэж өөрөөсөө асуулт асуудаг. Яагаад гэвэл миний дотор хүн өөрчлөгдөхгүй байн байн хуучин өөрийгөө харах үедээ гутардаг. Тийм болохоор энэ удаа зарлиг бэлдэж байгаад өөрөөсөө асуулт асууж үзлээ. Би яаж хэзээ Есүстэй уулзсан билээ? Есүсийн надад өгсөн ивээл ба хайр нь юу билээ? Эзнээс надад өгсөн даалгавар тушаал юу билээ? Би анх 10-р ангийн улсын шалгалт өгөхийн өмнөх 7 хоногт үеэл эгчийгээ даган сэнтад ирсэн. Идэх хоол өгөөд л сайхан ааштай хүмүүс байсан тул библийн хичээл хийсэн. Намайг гэмтэн, нүгэлтэн гэх үед юу ч ойлгоогүй. Харин библийн хичээл үргэлжлүүлэн хийснээр бага багаар миний сэтгэлд зарлиг нутагшиж эхлэсэн. Босоод дэвсгэрээ аваад яв гэсэн зарлигаар миний гэмийг буруушаалгүй уучилж, буруушаадаггүй Есүсийн хайрыг мэдэрсэн. Амийн усыг өгдөг Есүс зарлигаар бусадтай өөрийгөө харьцуулдаг сэтгэл, мөнгө, дэлхийн зүйлсээр өөрийнхөө цангааг тайлах гэснийг болиулж Есүст очиж хэзээ ч цангахгүй дүүрэн байлгах Есүсийн хайрыг ухаарсан. Тэр үед өөрийгөө гэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрч гэмшин сайнмэдээний элчээр амьдрах шийдвэр гарган хоньчин болсон. Матай 28:19 эшлэлээр надад хүсэл найдвар өгч бүх үндэстэнд сайнмэдээг тунхаглах миссионерийн зүрх сэтгэл өгсөн. Би яагаад сайнмэдээг тунхаглаж хонь тэжээх ёстой вэ гэдгийг ойлгон хүлээн авсан. Бурхан ийм миний шийдвэрийг хүлээн авч намайг ерөөж өгсөн. Есүстэй уулзаад яг 26 жил болжээ. 14 жилийг нь миссионероор амьдарч түүний хаанчлал болон зөвт байдлыг хайдаг итгэлийг заан өгч Христийн хайр ба түүний нигүүслээр дүүрэн амьдрах боломж олгосон Бурхандаа талархаж байна. Бурхан надад дахин үүрэг өгснийг би олж харсан. Миний үүрэг бол түүнээс ирсэн тушаал бол хоньдыг аврах сайнмэдээг тунхаглах юм гэдгийг дахин ойлгуулж өгсөнд талархаж байна. Би Тимот шиг зөөлөн сэтгэлтэй уйлахдаа амархан боловч Христийн хайраар, түүний зарлигаар хүчтэй болж бусдыг босгон байгуулдаг тэдэнд хайрыг түгээдэг, буруу сургаалаас хонь хоньчдоо хамгаалдаг сайн хоньчноор амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 18-р эшлэлийг үзээрэй. “Тимот хүү минь, чиний тухай урьд тунхаглагдсан эш үзүүллэгүүдийн дагуу чи сайн тэмцлээр тэмцэгтүн гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.”
Ефес чуулганыг түүнд даатган гараа тавин залбирахдаа “Чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн Бурханы үгээр ерөөн тослож бас тушааж байна. Тимотод энэ тушаалыг байнга санаж, сатаны эсрэг тэмцэл хийн, чуулганыг үнэний үгээр хамгаалан амьдраарай хэмээн Паулд зөвлөж байна. Итгэлийн амьдрал нь дандаа амар тайвныг эдлэн, амарлингуй суудаг амьдрал биш юм. Итгэлийн амьдрал нь тэмцэл болон байнгын тулаан дунд байдаг амьдрал юм. Намайг болон бусад хамтран зүтгэгчдийг маань, хоньдыг минь унагаах гэсэн сатаны үргэлжилсэн дайралтын эсрэг сүнсний тэмцэлтэй байх амьдрал юм. Энэ цагт хоньчины үүргийг авсан бидэнд дахин хэлж байна. Чи сайн тэмцлээр тэмцэгтүн. Өдөр бүр Эзний үгээр зэвсэг хийн түүний гуйлтаар бүрээ хийн сатантай тэмцэлд хэмээн тушааж байна. Христийн хайраар оюутнуудад хамтран зүтгэгчдээ хайрлан тэднийг босгон байгуулаарай хэмээн хэлж байна.
19-г үзээрэй “Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэл нь сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ” Сүнсний дайн нь зөвхөн бидний хүч чадлаар хийж чадахгүй тийм дайн юм. Сүнсний дайн учраас сүнслэг зүйлсээр зэвсэглэн итгэлээр Бурханы хүчийг өмсөх хэрэгтэй юм. Өглөөний гуйлт, өдөр бүрийн хоол, сүнслэг мөргөл, залбирал, итгэгчдийн нөхөрлөл, библи уншилтаар дамжуулан үргэлж сүнсээ хооллож дайчин Христийн сайн цэрэг болон ялалт байгуулан амьдарч чадахыг гуйж байна. Сүнслэг зүйлсээр өөрийгөө зэвсэглэхгүй бол энэ дэлхийн гэмийн дайралтанд өртөж итгэлийн амьдралаа сүйрүүлэхэд амархан. Хоньчид буюу сүнсний удирдагч хүний хувьд бид нар сайн мөс чанарыг хамгаалах нь нэн чухал байдаг. Юу нь буруу зөв гэдгээ ухаарч тэр даруй зогсоон хохирсон ч гэсэн итгэлийн талд шийдвэр гаргадаг ухаалаг удирдагчид болж чадахыг гуйж байна. Одоо, өнөөдөр миний хийж буй энэ үйлдэл миний итгэлд тус нэмэр болох бусдын итгэлд хүч болох уу үгүй юу гэдгийг сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Надад зүгээр ч бусдыг унагах зүйл байвал хийхгүй байх нь итгэлийн шийдвэр юм.
20-р зйлийг үзвэл Хуменай, Александар нар сайн мөс чанарыг алдан итгэлийн амьдрал нь сүйрсэн талаар гарч байна. Паул тэднийг хатуу шийтгэн чуулганаас хөөснөөр тэдэнд гэмших боломж өгч, мөн бусдад сургамж болгосон.
Дүгнэлт: Сүүлийн үед янз бүрийн буруу үзэл бодол, сургаал, ёс заншил, дадал зуршил зэргээр дамжуулан сатан олон итгэгчдийг уруу татан гэмд унагаж байна. Америкад 3S гэдэг зүйлээр дамжуулан хүмүүсийг сатан хорлож байгааг сүнсний удирдагчид хэлж байна. Sex, Sport, Social media нь хүмүүсийг Бурханы үгнээс холдуулж байна. Сатан ийм аймаар зохион байгуулалттай дайрч байхад бид үүнээс илүү Бурханы үгийн ажилд анхаарал хандуулснаараа улам цэвэр зүрх, сайн мөс чанар, хувирашгүй итгэлтэй байж итгэлийн сайн тэмцлээр тэмцэн сүнсний дайнд ялалт байгуулж чадахыг хүсэн гуйж байна.