2021 оны Иохан 2-р номлол (09.26) Э. Ганболд хн

ХАРАГТУН! ЕРТӨНЦИЙН НҮГЛИЙГ ҮҮРЭГЧ БУРХАНЫ ХУРГА

Иохан 1:19-34
Гол эшлэл 1:29

“Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, -Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурхан Хурга”

Иоханы сайн мэдээний номонд баптист Иоханы гэрчлэл хоёр удаа гардаг. Эхнийх нь 1:9-36-д Иоханы үйлчлэлийн эхэн үе буюу нэр алдартай оргил үе байсан. Хоёр дахь гэрчлэл нь 3:22-36-д бөгөөд Иоханы үйлчлэлийн төгсөл үед буюу түүний үйлчлэл өдрөөс өдөрт буурч байсан үе байсан. Гэвч Иохан амьдралынхаа ямар ч үед сэтгэл алдралгүй, баяр хөөртэйгээр Есүсийн тухай гэрчилж амьдарсан.
Христэд итгэгч хүний хувьд Есүсийг бусдад гэрчлэн амьдрах нь маш чухал зүйлийн нэг билээ. Энэ нь тухайн хүний сүнсийг эрүүл, хүчтэй, сэргэг байлгадаг. Гэм ба ёс бусаар дүүрэн харанхуй энэ нийгмийн хүмүүст Христийг гэрчилж амьдрах нь тэдэнд амийг өгдөг Бурханы чухал ажлын нэг. Хэрэв итгэгчид бусдад Есүсийг гэрчилж амьдрахгүй бол бидний эргэн тойронд буй хүмүүст амь өгөгдөхгүй бөгөөд бидний сэтгэл сүнс эрүүл бус, хүчгүй, хорчийн хатсан мод мэт амийн хүчгүй амьдардаг. Яг л сөнөсөн тэнгис мэт гаднаас тэжээл авдаг боловч гадгаш урсахгүй байдагтай адил. Ихэнх итгэгчид өөрсдийн нэр төр, бардам зан, гэмийн сэтгэл, айдас зэргээс болж Есүсийг гэрчлэлгүй амьдардаг. Мөн ажил-амьдрал, нийгмийн завгүй уур амьсгал, янз бүрийн асуудал зэргээс болж итгэгчдийн зүрх сэтгэлд Есүсийг гэрчлэх орон зайгүй амьдруулдаг. Гэвч итгэгч бид ямар ч үед Есүсийн тухай гэрчилж амьдрах хэрэгтэй. Есүсийг хэрхэн гэрчлэхийг сурах хэрэгтэй юм. Өнөөдрийн үгээр дамжуулан бид баптист Иохан Есүсийг хэрхэн гэрчилж буй түүний хандлага болоод гэрчлэлийн талаар сурцгаая.
1. Иоханы гэрчлэлийн хандлага (19-28)
Баптист Иохан бол ХГ-ний хамгийн сүүлчийн эш үзүүлэгч байсан. Ойролцоогоор Малахи зөнчөөс хойш Израиль ард түмэн 400 гаруй жилийн турш эш үзүүлэгчгүй байсан. Бурхан цаг болоход Мессиагийн замыг бэлтгүүлэхээр Баптист Иоханыг илгээсэн. Иохан цөлд хүмүүст усаар баптисм хүртээж нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Мессиагийн замыг бэлтгэж байсан(Мк 1:4). Тэрээр “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээн тунхаглаж байсан(Мт 3:2). Тэгэхэд Иерусалим ба хамаг Иудей мөн Иордан хавийн бүх нутгийнхан түүн дээр очоод нүглээ улааж баптисм хүртэцгээж байлаа(Мк 1:5). Баптист Иоханы цөл дэх энгийн амьдралын хэв маяг ба түүний Сүнслэг эрх мэдэлтэй үгнээс нь болж олон хүмүүсийн зүрх сэтгэл хөдөлж Түүн дээр очин баптисм хүртэж байсан. Иоханы энэ л үйлчлэлээр дамжуулан Изариль ард түмний дунд сүнсний агуу сэргэлт болж улс орныг тэр чигт нь хөдөлгөн түүний үйлчлэл өргөжин тэлж байсан. Магадгүй Иохан үндэсний баатар болсон. Хүмүүс Түүнийг Христ байна хэмээн андуурах хүртэл үйлчилсэн(Лук 3:15).
Гэвч Тухайн үеийн иудейн шашны удирдагчид энэ талаар сонсоод Иоханыг үзэн ядаж дургүй нь хүрсэн. Учир нь гэвэл баптист Иоханы нэр хүнд ард олны дунд алдаршиж байсан. Иохан Мессиа Христ биш үү гэж бодогдох хүртэл нэр алдартай болсон юм. Тиймээс тухайн үеийн тахилч нар ба Левичүүд хүн илгээн Та хэн бэ? хэмээн асуулгасан(19). Иоханы хувьд ард түмний дундах өндөр нэр хүнд агуу байдал нь түүнд маш том уруу татлага болж байсан байх. Гэвч Иохан 20-р эшлээс харвал “Би Христ биш” хэмээн өөрийгөө өргөлгүй даруу сэтгэлээр хариулсан . Мөн тэд үргэлжлүүлэн “Тэгвэл Та хэн юм бэ? Елиа юмуу” хэмээн асуусан. Бурхан Малахи зөнчийн үед Эзэний өдөр ирэхээс өмнө Елиаг ирж Израильчуудыг алдар дотор дахин сэргээнэ хэмээн амласан байдаг(Мал 4:5). Тиймээс баптист Иоханыг Бурханы амласан тэр Елиа мөн үү хэмээн асуусан. Гэвч баптист Иохан “Би биш” хэмээн хариулсан(21а). Эцэст нь тэд үргэлжлүүлэн “Та өнөөх эш үзүүлэгч үү?” хэмээн асуусан. Бурхан ХГ-д Израильчуудад Мосе шиг нэгэн эш үзүүлэгчийг босгоно хэмээн амласан байв(Дх 15:15). Тиймээс идуейн удирдагчид Иоханыг тэр эш үзүүлэгч мөн үү хэмээн асуусан. Иохан бас л үүнийг үгүйсгэн даруу сэтгэлээр би биш хэмээн хариулсан. Эндээс бид баптист Иоханы иудейн удирдагч нарын асуултанд хариулж буй хандлагаас нэг зүйлийг сурч болно. Баптист Иохан бусад хүмүүсээр магтуулах, хүндлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх гэх мэт хүний хүслээс бүрэн чөлөөлөгдсөн байгааг харж болно. Ямар ч хүнд бусдаар магтуулах, хүндлүүлэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл байдаг. Хэрэв бусад хүн өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол уурлаж, сэтгэлээр унан, бусдад гомдож янз бүрийн аргаар бусдад өөрийгөө харуулах гэж хичээдэг. Муу ёрын сүнс сатан хүний энэ сэтгэлийн хандлагыг ашиглан бусдын чихэрлэг гоёмсог үгийг бидэнд шивнэн хуурч бүдрүүлэх гэж хичээдэг. Ялангуяа Итгэгч бид энэ муу ёрын сүнсний хууран мэхлэлтээс сэрэмжлэх хэрэгтэй.
Тэгвэл Иохан хүмүүсийн бусдаар хүндлүүлж магтуулах гэсэн сэтгэлээс хэрхэн чөлөөгдсөн бэ?
23-р эшлэлийг үзээрэй. “Иохан—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ.” хэмээн хэлсэн. Иохан Исаиа 40:3-р эшлэлийг үндэслэн өөрийгөө Эзэний замыг шулуун болгохын тулд ирсэн цөлд хашхирах дуу байна хэмээн хэлж байна. Эндээс сайн харвал Иохан Бурханы үгээр дамжуулан өөрийн байр суурь үүргээ сайн мэдэж ухаарсныг сурч болно. Иохан өөрийгөө цөлд хашхирах дуу, Бурханы зарц, усаар баптисм хүртээгч, Христийн замыг бэлтгэгч хэмээн гэрчилсэн. Энэ бүгдээс харвал тэрээр өөрийгөө хэн бэ? гэдгийг маш тодорхой мэдэж ухаарсан гэсэн утгатай. Мөн өөрийнх нь үүрэг юу вэ? гэдгийг ч тодорхой мэдсэн гэсэн утгатай. Түүний үүрэг бол Эзэний замыг бэлтгэхийн төлөө хүмүүсийг гэмшил уруу дуудахад байсан. Иохан мөн өөрийгөө “цөлд хашхирах дуу” гэж хэлсэн. “Дуу” бол үг(мсж)-г дамжуулах нэг хэрэгсэл юм. Үг буюу мсж хэлсний дараа дуу авиа алга болдог. Иохан 1:1-д Есүс бол Үг хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр баптист Иоханы хувьд “Үг” болсон Есүсийг дамжуулаад алга болох дуу гэдгээ маш тодохой ойлгосон. Өөрөөр хэлбэл Иохан өөрийгөө “дуу” хэмээн хэлсэн нь би бол алга олох хэн ч биш, харин Есүс бол гол зүйл байна гэсэн утгатай.
Эндээс бид баптист Иохан шиг Бурханы үгээр дамжуулан өөрсдийн маань жинхэнэ байр суурь ба үүрэг юу вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид Бурханы өмнө би хэн бэ?, ямар байр суурьтай, ямар үүрэгтэй нэгэн бэ? гэдгийг санаж амьдарвал ямар ч үед Ариун Сүнсээр удирдуулж үр жимстэй, амьтай, хүчтэй амьдарч Бурханы өгсөн үүрэг ба ивээлийг зөвөөр эдлэн амьдарч чадна. Энэ нь бидний үйлчлэлийн эхэн байна уу? төгсгөл байна уу? оргил байна уу? бууралт байна уу? гэдгийн алинд ч хэрэгжинэ. Харин бид Бурханы өмнөх өөрийн жинхэнэ байр суурь ба үүргийг мэдэхгүй амьдарвал сатаны янз бүрийн чихэрлэг, гоё сайхан үгэнд хууртагдан бүдэрч Бурханы өгсөн ивээлийг зөвөөр эдлэн амьдарч чадахгүй. Тиймээс бидний хүн нэг бүр Бурханы өмнө жинхэнэ өөрийн байр суурь ба үүргээ гүнзгий ухааран мэдэх хэрэгтэй. Элч Паул Иохан шиг Бурханы өмнө өөрийн байр сууриа маш сайн мэдэж байсан. 1 Тимот 1:15б-д Паул ийнхүү хэлсэн байна. “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна.” хэмээн хэлсэн. Паул Бурханы ивээлээр олон чуулган тарьж Бурханы гайхамшиг ба онцгой ивээлийг дүүрэн эдэлж Дэлхийн сайн мэдээний ажилд 12 дагалдагчаас илүү хэрэглэгдсэн. Гэвч элч Паул ямар ч үед марталгүй амьдарсан нэг зүйл нь Бурханы өмнөх өөрийн жинхэнэ байр суурь болох гэмтнүүдийн гэмтэн нүгэлтэн байсан гэдгээ марталгүй амьдарсан. Өөрөөр хэлбэл Бурханы өөрт нь өгсөн нигүүслийг хэзээ ч мартаагүй бөгөөд өөрийгөө хамгийн эхний нүгэлтэн гэдгээ үргэлж санаж байсан учраас ямар ч үед даруу амьдарсан. Тиймээс Паул амьдралаараа Бурханыг хэн бүгдээс илүү маш сайн гэрчилж үр жимсээр дүүрэн амьдарсан ч бардамналгүй даруу амьдарсаар итгэлийн замаа дуусгаж чадсан. Бид библи дэх итгэлийн баатрууд шиг Бурханы ажилд нандинаар хэрэглэгдье гэвэл Бурханы надад үзүүлсэн нигүүслийг гүнзгий ухаарч Христэд ирэхээс өмнө гэм ба алдаа зөрчлөөр дүүрэн нэгэн байсан гэдгийг марталгүй үргэлж санан даруу амьдрах хэрэгтэй. Тэгвэл бид Бурханы ивээлийг зөвөөр эдэлж ямар ч үед даруу сэтгэлээр амьдарч итгэлийн замаа сайнаар дуусгаж чадна.
Одоо 24-28-р эшлэлийг үзээрэй Фарисайчуудын илгээсэн хүмүүс Иоханыг “Та Христ биш, Елиа биш, өнөөх эш үзүүлэгч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ?” хэмээн түүнийг буруутгасан(24,25). Тэд баптист Иоханыг шашны удирдагч нараас зөвшөөрөл авалгүй баптисм хүртээж байна хэмээн буруутгасан. Энэ үед Иохан тэдэнтэй маргалгүй харин үргэлжлүүлэн Есүсийн тухай тэдэнд гэрчилсэн.
26,27-р эшлэлд “Иохан—Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв.” Иохан Есүсийг Бурхан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Есүсийг хэн бэ? гэдгийг хүлээн зөвшөөрөх үед Тэр өөрийгөө үнэ хүндгүй зарц байна гэдгийг олж мэдсэн. Бид ч Есүсийн дотор буй Бурханыг танин мэдэх үед бид бол үнэ хүндгүй зарц мэт, хэн ч биш байна гэдгийг олж мэддэг. Аливаа хүн Бурханы тухай мэдлэггүйгээр өөрийн үндсэн мөн чанарыг мэдэж чаддаггүй. Мөн Бурханы тухай мэдлэг байхгүй нэгэн нь өөрсдийн үнэн ба зөвөөр амьдардаг. Гэвч бид Бурханы тухай мэдэх үед бид бүгдийн зөв байдал, мэргэн ухаан юу ч биш бохир хувцас мэт гэдгийг ухаардаг.
Манай чуулганы хүн нэг бүр өдөр бүр өөрийгөө Бурханы үгээр шалгаж Бурханы өмнөх өөрийн байр суурь ба үнэнийг дахин нэг санацгаая хэмээн уриалж байна. Тэгснээр баптист Иохан, Паул нар шиг Бурханы өмнө ямар ч үед даруу сэтгэлээр үнэн ба зөвөөр амьдарч энэ цаг үеийн Бурханы ажилд тэдэн шиг хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Бурханы Хурга Есүс (29-34)
29-р эшлэлийг үзээрэй “Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, -Харагтун Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” гэв. Иохан Есүсийг хараад “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” хэмээн хэлсэн. Тэгвэл бид Баптист Иоханы энэ гэрчлэлээс юу сурч болох вэ?
Нэгдүгээрт: Есүс бол Бурханы Хурга: Хуучин гэрээний үед хүний гэмийн асуудлыг шийдэхийн тул заавал хурга золиослодог байсан. Израильчууд Египетийн боолчлолоос чөлөөгдөх үед болсон Дээгүүр өнгөрөх үйл явдал ба тахилын систем үүнийг маш сайн харуулдаг. Израильчууд Египетийн хаан Фараоны боолчлолоос чөлөөлөгдөхөд хурганы цус ашигласан байдаг. Фараон олон гай гамшгийг амссан ч гэсэн Израильчуудыг чөлөөлөлгүй хатуу эсэргүүцсээр байсан. Тиймээс Бурхан хамгийн сүүлд Египет нутаг даяар хүн мал амьтны ууганы амийг цохих шийтгэл буулгадаг. Тэр үед Бурхан Израиль ард түмэнд согоггүй нэг настай хурга авч түүний цусыг хаалганы тотго болон хоёр талд нь түрхэхийг тушаадаг. Цаг нь болоход Бурхан аймшигтай шийтгэлийн өдөр ирэхэд үхлийн сүнс бүх Египет нутаг даяарх хүн ба амьтны бүх ууганыг цохидог. Тэр үед тэнд байсан хүмүүсийн нийгмийн байр суурь, боловсрол мэдлэг, амьдралын түвшин гэх мэт зүйлс нь огт хамааралгүй байсан. Харин тэр аймшигтай шийтгэлийн шөнө үхлийн сүнс Израильчуудын хаалгандаа түрхсэн хурганы цусыг хараад алгасан өнгөрдөг. Өөрөөр хэлбэл хурганы цус нь Израильчуудыг үхлийн гамшгаас аварсан. Энэ үйл явдлын дараа Фараон Израильчуудыг бүрэн чөлөөлж явуулдаг. Бид Фараоныг гэм ба сатантай зүйрлэж болно. Гэм ба сатаны хүч маш хүчтэй учраас хүн өөрийн хүч ба мэргэн ухаанаар чөлөөгдөж чадахгүй. Израильчуудыг явуулахгүй байсан Фараонтой адил. Гэвч Хурганы цусны гавъяагаар Израильчууд чөлөөгдсөн шиг бидэнд ч бас гэм ба сатаны хүчнээс чөлөөлөгдөх гэвэл Хурганы цус хэрэгтэй. Зөвхөн Хурганы цус л биднийг гэм ба сатаны эрхшээлээс чөлөөлж чадна. Тиймээс бид Бурханы Хурга болж ирсэн Есүс өөд харж итгэлээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр үед бид бүрэн чөлөөгдөж чадна. 1Коринт 5:7б-д “Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан.” Энэ дэлхийн хэн ч ямар ч зүйл ямар ч үзэл бодол аливаа хүнийг гэм ба сатаны эрхшээлээс аварч чадахгүй. Харин загалмай дээр бидний гэмийн төлөө нас барсан Бурханы Хурга болох Есүс Христийн цус л биднийг аварч чадна.
Хоёрдугаарт: Есүс бол Ертөнцийн нүглийг үүрэгч. Есүс бол энэ дэлхийн хүмүүсийн гэмийг үүрсэн Бурханы Хурга билээ. ХГ-д Тэргүүн тахилч амьд ухны толгой дээр хоёр гараа тавьж Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, бүх нүглийг түүн дээр улааж тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулдаг байсан(Леви 16:21,22). Үүнтэй адил Бурхан хүмүүсийн бүх гэм нүгэл, алдаа зөрчил, бүх муу үйлсийг Есүс дээр шилжүүлэн загалмайн ял шийтгэлийг Түүнд үүрүүлсэн. Есүс ХГ-ны золигт гаргадаг ухна мэт болсон. Бурхан Есүсийн заглмайд урсгасан цусаар дамжуулан хүмүүсийн бүх гэмийг хэлтрүүлсэн юм. Исаиа 53:6-д “Бүгдээрэй бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд Эзэн тохов” хэмээн хэлсэн. Бидний гэм нүглийг үүрсэн Есүст бүхий л алдар магтаалыг өргөж байна.
Тэгвэл бид өөрсдийн гэмийн асуудлыг шийдэхийн төлөө хийх ёстой вэ? Энэ ерөөлийг хэрхэн хүлээн авах вэ? Бид үүнийг мөнгөөр худалдаж авах уу? Эсвэл бид өөрийгөө шийтгэж эсвэл хичээнгүй ажиллаж эсвэл амжилт олсноор олж авах уу? Аль нь ч ҮГҮЙ юм. Баптист Иохан “Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” гэж хэлсэн. Энд гарч буй “ХАРАГТУН” гэдэг нь бүрэн анхаарлаа хандуулан, хараарай гэсэн утгатай. Энэ дэлхийн зүйлийг л хардаг өөрийн харааг Есүс уруу хандуулан өөрсөд дээрээ төвлөрөх бус Есүс дээр төвлөрнө гэсэн утгатай. Мөн Харагтун гэдэг нь харж итгэнэ гэсэн утга. Бид Есүсийг бидний гэмийг үүрэхээр ирсэн Бурханы Хурга байна хэмээн итгэх хэрэгтэй. Тэгвэл бид итгэлээр дамжин ирдэг ерөөлийг амсах болно. Еврей 12:1б-д гэмийн мөн чанарыг тайлбарласан. Энд “амархан урхиддаг” хэмээн хэлсэн. Жишээ нь: бид бардам занг ганцхан удаа гэмшээд салчихдаггүй. Энэ нь дахин дахин гарч ирээд биднийг зовоодог. Мөн шуналын сэтгэл, атаархах сэтгэл, хүсэл тачаал, амин хувиа хичээх сэтгэл зэргийг нэг удаа гэмшиж болно. Гэвч дахиад л бидний дотор төрдөг. Бид Бурханд гомдоллох нь зөв биш гэдгийг мэддэг. Гэвч хэсэг хугацааны дараа бидний амнаас гомдлын үг гарсаар байдаг. Энэ мэт гэмийн асуудал биднийг амархан урхидаж биднийг хүлж сэтгэл тавгүй болгон баяр хөөргүй, эрх чөлөөгүй болгодог. Эцэстээ энэ мэт гэмйн асуудлаас болж Есүсийг гэрчилж чадалгүй амьдардаг. Бид энэ мэт амархан урхиддаг, дахин дахин төрж бий болдог гэмийн хүлээснээс хэрхэн чөлөөдөгдөх вэ? Иоханы гэрчилсэн шиг өдөр бүр бид Есүсийг ХАРАХ хэрэгтэй. Миний гэмийн төлөө Хурга болсон Есүсийг харах хэрэгтэй. Энэ хараа бидэнд итгэлийг өгч итгэл нь бидэнд эрх чөлөө ба баяр хөөрийг өгдөг. Загалмай дээр Есүсийн хажууд цовдлогдсон дээрэмчин Есүсийг харах үед гэмийн өршөөлийг аван Бурханы хаанчлалд орсон байдаг. Бид ч Бурханы Хурга болсон Есүсийг харах үед биднийг чанга хүлж буй гэмээс чөлөөгдөж сэтгэл сүнсэнд жинхэнэ баяр хөөр ба эрх чөлөөг авчирдаг. Энэ цагт таны хараа юуг илүү их харж байна вэ? Ковид-19 гэх хүнд нөхцөл байдлыг харж байна уу? Шударга бусаар дүүрэн улс төр ба нийгмийг харж байна уу? Эвсэл бензин өгөхгүй байгаа колонкуудыг харж байна уу? Эсвэл үргэлж сул дорой байдал ба гэмийг үйлддэг өөрийгөө харж байна уу? Бид энэ мэт энэ дэлхийн зүйлсийг бодит нөхцөл байдлыг, өөрийгөө хараад байвал бид уур уцаар, гомдол, стресс, бухимдал, атаархал, үзэн ядалтаар дүүрэн болох болно. Харин бидний гэмийг үүрсэн Бурханы Хурга болсон Есүсийг харвал бид итгэл найдар, баяр хөөр, эдгэрэл, чөлөөлтийг дүүрэн авах болно. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр завгүй нийгмийн уур амьсгалын дунд ӨБХ идэх, сэтгэгдэл бичих цаг, 1:1-ны библийн хичээл хийх, 7 хоног бүрийн номлол сонсох, оюутан залуусыг фишиндэх, тэдэнтэй 1:1-ны библийн хичээл хийх гэм мэт цагуудаар дамжуулан Есүсийг харж амьдрахыг уриалж байна. Мөн их дээд сургууль дээр очоод оюутан залуус Бурханы Хурга болсон Есүсийг харагтун хэмээн гэрчилж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1880-д оны үед Чикаго Уайт Сокс багийн бейсболын тоглогч Билли Санди хэмээх нэгэн залуу байсан. Тэрээр чөлөөт цагаа архи ууж мөрийтэй тоглон бусад тоглогчдын адил салон хэсэн цагийг өнгөрөөх дуртай нэгэн байв. Гэвч тэрээр нэг өдөр Pacific Garden Missions-н хэмээх сайн мэдээний багийн магтан дуу дуулахыг сонсон. Түүний сонссон дуу нь ээжийнх нь багад нь өөрт нь зориулж дуулдаг байсан магтаалын дууг түүнд сануулсан. Тэрээр тэр мөчөөс эхлэн Христ рүү харж эхэлсэн. Түүнийг Христ рүү харах үед Түүний өнгөрсөнд үйлдсэн бүх гэм нүгэл нь уучлагдаж түүний зүрх сэтгэлд жинхэнэ баяр хөөр ба эрх чөлөө амсах болов. Тиймээс тэр дахин бусад тоглогчдийн адил архи ууж мөрийтэй тоглон салон хэсэх шаадлагагүй болсон. Харин тэрээр Есүсийг олон хүнд гэрчлэн амьдрах болсон юм. Тэрээр эцэстээ 20-р зууны эхний хорин жилийн Америкийн хамгийн алдартай сайн мэдээний номлогч болсон. Бид магадгүй Билли шиг бүгд зууны алдартай номлогч болж чадахгүй байх. Гэхдээ бид үр хүүхдэдээ, оюутан залууст Есүсийг харахад тусалж чадна. Бид Биллигийн ээж шиг магтан дуу дуулж, 1:1-ны библийн хичээл хийж, библи уншиж, тэднийг ерөөн залбирч чадна. Түүнчлэн бид ажлын байр, оюутны хотхон эсвэл гэртээ христчин гэдгээ гэрчилснээр Бурханыг харуулан амьдарч чадна. Бид Есүсийг бусдад гэрчлэх үед Бурхан биднийг ашиглан олон хүнийг аврах ажилд хэрэглэх болно. Энэ цагт бидний хүн нэг бүр Бурханы Хурга болсон Есүсийг гэрчилснээр олон хүнд Есүсийг олж харахад тусалж чадахыг хүсэн гуйж байна. Удахгүй болох гэж буй 2021 оны НБК-д хичээнгүй бэлдэж олон олон оюутан залуусыг идэвхтэй урьснаар Есүсийг харахад тусалцгаая хэмээн уриалж байна.

Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор Есүс бидний гэм нүглийг үүрэхээр ирсэн Бурханы Хурга гэдгийг сурлаа. Бид Есүсийг итгэлээр харах үед гэм ба сатаны эрхшээлээс чөлөөгддөг. Баптист Иохан олон хүнд “Харагтун. ЕРТӨНЦИЙН НҮГЛИЙГ ҮҮРЭГЧ БУРХАНЫ ХУРГА” хэмээн гэрчилсэнтэй адил Есүсийг гэрчилцгээе. Энэ цагт гэм ба сатаны эрхшээл дор зовж буй оюутан залуусыг Есүс өөд харахад тусалж тэдний сүнсийг аварцгаая хэмээн уриалж байна. АМЕН

өмнөх нийтлэл2021 оны Иохан 3-р хичээл (10.03)
Дараагийн нийтлэл2021 оны Иохан 4-р хичээл (10.10)