2021 оны Наадмын Тесалоник тусгай номлол (07.18) Э. Ганболд хн

Бүх зүйлд Талархалаа өргө

1 Тесалоник 5:16-18
Гол эшлэл 5:18

“Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн”

Паул хоёр дахь сайн мэдээний аялалын үеэр Силас, Тимот нартай хамт Македон улсын нийсэл, хөл хөдөлгөөн ихтэй Тесаолоник хотод очиж байсан (Үйлс 17). Паул Синагогт Есүс Христийн үхэл ба амилалт, зовлонгийн тухай тунхаглах үед, хэдэн иудей, үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж байсан. Гэвч атаархалд автсан үл итгэгч идуейчүүд, хотын балмад хүмүүстэй хамт нийлэн хотыг үймүүлснээс болж хотоос гарахаас аргагүй болдог. Ийнхүү Паулыг эзгүй байх үед Христийн дайснууд сайн мэдээний үнэнийг гуйвуулж, Тесалоник чуулганы шинэ итгэгчдийг үнэнээс холдуулахыг оролдож байсан. Тиймээс тэдний итгэлийг урамшуулан тайтгаруулахын тулд энэхүү захидлыг бичсэн байдаг.
Өнөөдөр итгэгч бид ч гэсэн Тесалоник чуулганыхны адил бие мах бод ба оюун санаа, сэтгэл сүнсний хувьд янз бүрийн аргаар дайралтанд өртөж байдаг. Муу ёрын сүнс цаг үргэлж биднийг ямар нэгэн аргаар унагаахын тулд тасралтгүй ажиллаж байдаг. Ялангуяа Коронагаас болж чуулганы ахан дүүс маань хамтдаа цуглахгүй байгаа энэ үед чуулганы оюутнууд ба хоньчид уруу бүр ч илүүгээр дайрч байна. бид үүнийг хүний хүчээр дийлж чадахгүй. Гэвч Есүс Иохан 16:33б-д ийнхүү хэлсэн “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнийг ялсан” гэж байна. Есүс Христийг дахин ирэх хүртэл энэ л гайхалтай амьд найдварыг хүн бүр зүрх сэтгэлдээ гүнзгий тунгаан бодож, суулгаснаар үргэлж баяртай, тасралтгүй залбирдаг, бүх зүйлд талархалаа өргөдөг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бүх зүйлд талархалаа өргөдөг итгэлийг сурч чадахыг хүсэн гуйж байна.
1. Үргэлж баяртай бай (16)
16-р эшлэлийг үзээрэй “Үргэлж баяртай бай” гэж байна. Энэ эшлэлийг сайн бодож үзвэл таны дотор яг юу бодогдож байна вэ? Магадгүй үргэлж баяртай байх боломжгүй шүү дээ хэмээн бодогдож байж магадгүй юм. Өнгөрч буй наадмын амралтын 7 хоногт хүн бүр гэр бүлээрээ аялал зугаалга хийж, салхинд гаран байгалын сайханыг мэдэрч, амтат сайхан хорхог, хуушуур салад идэж сэтгэл болоод бие мах бодийн хувьд үнэхээр сайхан баяртай өдрүүдийг өнгүүлсэн байх. Гэвч эдгээр амаралтын өдрүүдэд амссан баяр хөөр өнөөдөр эсвэл дараа 7 хоногт яагаад бидний дотор байхгүй байна вэ? Яагаад хүн үргэлж баяр хөөртэй байх нь хэцүү байдаг вэ? Учир нь гэвэл энэ дэлхийн өгдөг баяр хөөр ба сүнслэг баяр хөөр хоёрын ялгааг бид мэдэх хэрэгтэй. Энэ дэлхийн баяр хөөр нь үр дүн дээр суурилсан байдаг бол сүнслэг баяр хөөр нь Есүс Христ дээр суурилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл бид сайн ажиллаж, хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд бид баяр хөөрийг амсдаг. Мөн гадна нөхцөл байдал, үзэгдэх орчин гоё сайхан байх үед бидний сэтгэл зүрх хөдөлж баяр хөөрийг амсдаг.
Энэ бол энэ дэлхийн өгдөг баяр хөөр юм. Энэ нь хэврэг, хязгаарлагдмал бодит зүйл дээр тулгуурласан сэтгэл хөдлөл төдий зүйл юм. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал таатай, сайн байвал би аз жаргалтай баяр хөөртэй байдаг гэсэн үг. Жишээ нь: Би “А” дүн авбал баяр хөөртэй, өндөр цалинтай ажилд орвол баяртай байдаг. Гэвч би эсэргээрээ “D” дүн авж, муу цалинтай ажилд орвол яах вэ? бодит үр дүн буюу гадна нөхцөл байдал дээр суурилсан учир хэсэг хугацаанд баяр хөөртэй байж байгаад алга болж, би эргээд уур уцаартай, стресстэй, бухимдлаар дүүрдэг.
Нөгөө талаар сүнслэг баяр хөөр нь энэ дэлхийн баяр хөөрийн эсрэг зүйл юм. Хритсэд итгэгч хүмүүс үргэлж баяр хөөртэй амьдардаг нь нөхцөл байдал, үр дүнд сууридлдаг биш, харин Есүс дээр суурилсан байдаг бөгөөд Бурхан миний төлөө юу хийсэн, юу хийх гэж байгаа дээр тулгуурладаг юм. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал өөрчлөгддөг ч, Төгс Хүчит Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй учраас сүнслэг баяр хөөр нь үргэлж байдаг.
Тиймээс итгэгч бид Бурханы дотор үргэлж баяр хөөртэй амьдарч чадна. Ингэхийн тулд бид гэмээ гэмшиж Есүсийн цусаар дамжуулан Бурханы уучлалыг хүлээн авснаар үргэлж баяр хөөрийг эдлэн амьдарч чадна. Элч Паул Филиппой 4:4-7 ийнхүү хэлсэн “Эзэн дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгддэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүү. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” хэмээн хэлсэн. Паул Филиппой захидлыг бичиж байх үед шоронд байсан гэдгийг бид сайн мэднэ. Тэрээр хөгширч, шоронд, ганцаардмал, хэнд ч хэрэгцээгүй нэгэн мэт байсан. Түүний нөхцөл байдлыг хүний нүдээр харвал сэтгэлээр унаж, дүнсийж, ямар ч баяр хөөрөөр дүүрэх боломжгүй байсан. Гэвч Тэрээр Ромын шоронд хүртэл баяр хөөрөөр дүүрэн байж чадсан. Тэрээр шоронгоос баяр хөөртэй, урам зоригтой, итгэлтэй, эрч хүчтэйгээр олон захидлыг бичиж чадсан. Эндээс харвал бид зүрх сэтгэлдээ үргэлж Есүсийг байлгах үед ямарч нөхцөл байдлаас үл хамааран үргэлж баяр хөөртэй байж, эрч хүч урам зоригтой идвэхтэй амьдарч чадна гэдгийг сурч байна. Энэ цагт бид Корона цар тахалтай, чуулган цуглахгүй байгаа хэдий ч, Есүсийг зүрх сэтгэлдээ байлгаснаар сүнслэг баяр хөөрийг дүүрэн эдэлж, нөхцөл байдлаас үл хамааран урам зориг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн амьдарцгаая хэмээн уриалж байна.
2. Тасралтгүй залбир
17-р эшлэлийг үзээрэй “Тасралтгүй залбир” гэж байна. Энэ нь 24 цаг залбираарай гэсэн утгатай үг биш юм. Энэ нь харин Бурханаас бүрэн хамааралтай байгаарай гэсэн утгатай. Бурхан биднийг хааяа нэг Түүний өмнө очдог бус харин байнга Өөрт нь түшиглэдэг байгаасай хэмээн хүсдэг. Мөн “тасралтгүй” гэдэг нь бууж өгөхгүйгээр, тогтмол, ойр ойрхон, давтамжтайгаар гэсэн утгатай. Тиймээс бид тасралтгүй Бурханд залбирах хэрэгтэй.
Тасралтгүй залбиралын жишээг Есүс бидэнд өөрөөр харуулсан. Библид Есүс өглөө эрт босоод уулан дээр гараад залбирдаг байсныг олон удаа бичсэн байдаг. Хэрэв Бурханы Хүү Есүс өөрөө ийнхүү үйлддэг байсан бол бид Түүнээс илүү их Бурханд тасралтгүй залбиран түшиглэх хэрэгтэй. Яагаад гэвэл Муу ёрын сүнс Сатан энэ дэлхийг захирч байна. Бид жил бүр шинэ залуу, боловсролтой, ухаалаг, Христэд итгэгчдийг эсэргүүдцэг залуу үеийхэнтэй сүнслэг тулаан хийхээр тэргүүн эгнээнд зогсож буй хүмүүс юм. Тиймээс бидэнд Бурханы хүч чадал ба мэргэн ухаан заавал хэрэгтэй. Үүний төлөө бид Бурханд үргэлж тасралтгүй залбирах ёстой юм.
Нөгөө талаас ихэнх хүмүүс залбиралийг Бурханд өөрийн хүслээ илэрхийлдэг цаг гэж боддог. Тэдгээр хүмүүс Бурханд хүссэн бүх зүйлээ хийхийг тулгаж, бүх төрлийн асуудал, хүсэлтүүдээ авчирдаг. Улмаар тэд өөрсдийн хүслийг биелүүлэхийг Бурханаас шаарддаг. Гэвч бидний залбирал нь зөвхөн өөрийн хүслийг Бурханд тулгах бус, харин Бурханы хүслийг сонсох цаг байх ёстой. Өөрөөр хэлбэл залбирал нь Бурханыг сонсох цаг байх ёстой. Бид хэн нэгнийг сонсож өгсөнөөр түүний юу бодож байгааг, юу хүсч, юу хийхийг зорьж байгааг олж мэддэг. Мөн түүнтэй илүү их цагийг өнгөрөөснөөр тухайн хүний асуудлыг мэдэх боломжтой болдог. Үүнтэй адил бид Бурханд илүү их цаг завийг зориулж, Түүнийг сонсох цаг илүү авах үед Бурхан юу хүсэж, юу хийхийг зорьж байгааг мэдэх болно. Тиймээс бид Бурхан надаас юу хүсэж байгааг олж мэдэхийн тулд залбирлаар Түүнийг сонсох цаг гаргацгаая хэмээн уриалж байна. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр залбирлаар Бурханд илүү их цаг зав гаргаж, Бурханы хүслийг таньж мэдсэнээр, Түүний хүслийг бодитоор амьдралдаа биелүүлдэг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна.
3. Бүх зүйлд талархалаа өргө
18-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншицгаая “Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” Бурханд талархах нь Бурханд хандах бидний үндсэн хандлагуудын нэг юм. Бид ямар ч нөхцөл байдал дунд байсан Бурханд талархах ёстой. Бурхан бол Бүтээгч Эзэн бөгөөд бид бол Түүний бүтээл юм. Бурхан бидний амьсгалах ус, агаар, хоол хүнс, гэр бүл, найз нөхөд, ажил, мэргэжил, сайхан эх орон байгаль дэлхий гээд бидэнд хэрэгтэй бүгдийг өгсөн. Нар мандахаас жаргах цаг, сүрлэг өндөр уулс, байгалийн гайхамшигт тогтоц зэрэгт бид Бурханд талархах ёстой. Магадгүй өнгөрч буй наадмын 7 хоногт хүн бүр нар салхи, голын эрэг гарж байгалийн сайханыг илүү их мэдэрсэн байх. Эдгээр зуны сайхан өдрүүдийн өнгө үзэмж зэрэг нь үнэхээр сайхан үзэсгэлэнтэй. Бид энэ мэт сайхан байгалийн үзэсгэлэнг зөвшөөрч, мэдрэх боломж өгсөн Бурханд талархах ёстой. Мөн Монгол бол газар нутгийн хувьд нэг хүнд ноогдоох хэмжээгээр дэлхийд 1-рт ордог. Бид дуртай зүгтээ аялаж, байгалийн үзэсгэлэнг үзэж, амарах боломжтой ийм сайхан өргөн уудам газар нутагт, улс, эх оронд амьдарч байгаадаа талархах хэрэгтэй. Энэ цагт Бурханд чинь сэтгэлийн талархал өргөхийг уриалж байна.
Бидний хамгийн нэн тэргүүнд талархах зүйл бол Есүс Христийн цусаар дамжуулан, мөнхийн шийтгэлээс аврагдаж Бурханы нийгүүсэлээр мөнх амь ба аврал авсанд талархах ёстой. Бурхан бидэнд маш их хайртай учир хамгийн сайныг, хамгийн сайханыг өгөхөд бэлэн байдаг. Тиймээс бид ямар нэгэн зүйлсийн талаар гомдоллох шаардлагагүй билээ. Харин Бид бүхийл зүйлд Бурханд талархах хэрэгтэй. Гэвч нөгөө талаар зарим хүмүүсийн хувьд Бурханы өөрийнх нь төлөөх бүх сайн сайхан зүйлс ба нигүүсэлийг үл тоон талархдаггүй. Тэд Бурханд талархалын оронд үргэлж гомдоллодог. Итгэлийн замаас холдсон хүмүүсийн үндсэн асуудлын нэг нь Бурхан тэдэнд талархах олон шалтгааныг өгсөн боловч, тэд үргэлж гомдоллож талархах сэтгэлгүйгээс үүдэлтэй байдаг. Тэд 10-н зүйл нь бүгд сайн байхад Бурханд талархдаггүй мөртлөө, харин нэг зүйл нь бага зэрэг хүнд үед тэд гомдоллож эхэлдэг. Талархах сэтгэлгүй байдал нь хүний бүх сайн сайхан зүйлсийг хөгшрүүлж, муухай харагдуулж, цөхрөлд ортол нь иддэг халдварт өвчин шиг байдаг. Тиймээс хүнийг гомдоллох үед Сатан ажиллаж эхэлдэг. Харин биднийг Бурханд талархах үед Ариун Сүнс ажиллаж, олон сайхан зүйл тохиолддог.
Үнэндээ талархах сэтгэл нь өөрөө бий болдог, эсвэл нэг шөнийн дотор хөгжүүлдэг зүйл биш билээ. Энэ нь бусад зан чанаруудтай адил үргэлж талархдаг сэтгэл маш их сахилга ба дасгал сургуулиудын үр дүнд бий болдог. Бурхан 430-н жилийн турш Египетийн боолчлол дор байсан Израилын ард түмнийг арван гайхамшигаар дамжуулан аварсан байдаг. Дараа нь Бурхан тэднийг Улаан тэнгисээр гатлуулж, хуурай газраар алхаж байгаа мэт явуулсан. Ийм агуу гайхамшигийг харсан Израилчуудыг бүхийл зүйлд талархах сэтгэлийг сургахын тулд Бурхан тэдэнд олон сүнслэг тушаал ба заавар өгсөн. Гэвч тэд цөлд гурав хоногийн дараа усны асуудал гарж ирэх үед гомдоллож, дараа нь хоол хүнсний тал дээр ч гонгиносон байдаг. Ийм талархдаггүй үргэлж гомдоллодог тэд үхэх хүртлээ олон жилийн турш цөлд тэнүүчлэн амьдарсан. Тэдний хэн ч амласан газарт ороогүй. Энэ бол талархдаггүй сэтгэл нь ноцтой гэм бөгөөд маш том асуудал болдог гэдгийг харуулж байна.

Бид үргэлж Бурханд талархах нь Бурханы хүсэл юм. Бурхан Өөрийн ард түмнийг гомдолж, гонгинодог байхыг хүсдэггүй. Харин биднийг бүхийл зүйл талархаасай хэмээн хүсдэг. Ром 1:19-20-д нүглийн үндэс нь бардам зан, талархдаггүй сэтгэл хэмээн хэлсэн. Хэрэв бид бардам, талархдаггүй сэтгэлтэй бол бидний зүрх сэтгэл сүнсний хувьд сохорч, бидний бодол санаа хоосон баяр хөөргүй, хүчгүй болдог. Тиймээс талархах сэтгэлийг өөртөө зуршил болгоцгооё хэмээн уриалж байна.
Дэлхийн 2-р дайны дараа Японы тэнгисийн цэргийн офицер Каваками Кейчи гэгч хүн эх орондоо эргэн иржээ. Гэтэл Түүнийг эх орондоо ирэх үед Япон улсын нөхцөл бодит байдал үнэхээр аймшигтай угтан авсан. Тэрээр өдөр бүр, цаг мөч бүр, Японы удирдагчдын талаар гомдоллож, гомдолтой сэтгэлээр дүүрэн өдөр хоногийг өнгөрөөх болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний бие чулуу шиг хөшиж, хөдөлж чадахгүй болсон. Түүнд ямар ч эм, эмч тус болоогүй. Гэтэл нэгэн Христ итгэгч эмч түүнд “Өдөрт арван мянган удаа” баярлалаа “гэж хэлээрэй. Талархсан зүрх сэтгэл таны өвчнийг эдгээнэ” гэсэн жорыг бичээд явсан байна. Цөхрөнгөө барсан Кейчи өвчнөөсөө салахын тулд юу ч хийхэд бэлэн байсан тэрээр, өдөр бүр өвчтэй орныхоо дэргэд “баярлалаа” гэж хэлдэг байв. Түүнийг ийнүү хэлэх үед, өөрөө ч мэдэлгүй тэр эргэн тойрондоо байгаа эгэл өчүүхэн зүйлүүдэд ч гэсэн чин сэтгэлээсээ, дотроос нь талархах сэтгэл төрж эхэлсэн гэнэ. Нэг өдөр түүний хүү нь өөрт нь хоёр хурга өгчээ. Түүнийг гараа сунгахад ноён Кейчи “баярлалаа” гэж хэлэн авсан байна. Тэр өдрөөс хойш түүний хөшсөн бие суларч өвчин нь илааршсан байна. Энэхүү үйл явдлаас харвал гомдол, гонгиноон, өширхөх сэтгэл, атаархал, үзэн ядалт, хараал зүхэл зэрэг нь өвчний үндэс болдог байна. Харин талархах нь аз жаргал ба эрүүл амьдралыг авчирдаг байна. Хэрэв бид ямар ч үед Бурханд талархал илэрхийлж чадвал бид аз жаргалтай, баяр хөөртэй, эрүүл амьдарч чадна.
Одоо 18-р эшлэлийг дахин үзэээрэй “Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол Та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” гэж байна. бид бүх зүйлд талархах үед, Бурхан биднийг илүү ихээр ерөөдөг. Хуучин гэрээний Даниел номыг үзвэл Даниел өөрийг нь үзэн яддаг дайснуудад баригдаж, арсланийг нүхэнд хаягддаг.Тэрээр үхэлтэй нүүр тулдаг. Гэсэн хэдий ч тэрээр Бурханы өмнө тасралтгүй залбирч, Бурханд талархалаа өргөсөөр байдаг. Мөн тэрээр бүх зүйлийн Эзэн нь Бурхан гэдэгт итгэж байсан. Ийм түүнийг Бурхан ивээж, арслангийн амыг хааж, аймшигтай хор хөнөөлөөс аварсан байдаг.
Мөн Үйлс 16-р бүлгийг харвал Паул, Силас нар Тесалоник хотод ирэхээс хэдхэн хоногийн өмнө Филиппой хотын удирдагчдын атаархлаас болж шоронд хоригдон ташуурдуулсан байдаг. Гэвч тэд шоронд байхдаа Бурханд талархал илэрхийлэн, магтан дуу дуулах үед Бурхан гайхамшгийг үйлдсэн байдаг (Үйлс 16: 19-24). Паул, Силас нар маш их зовж шаналж байсан ч нөхцөл байдлаас үл хамааран Бурханд талархаж байсан. Ийм тэдний асуудалд Бурхан хөндлөнгөөс оролцож, туслан гайхамшигийг үйлдсэнээр Филиппой хотод Есүсийн тухай сайн мэдээг үргэлжлүүлэн ярих зоригийг тэдэнд өгсөн байдаг. Филипоой чуулган нь хожим нь Сайн мэдээг Зүүн Европт дэлгэрүүлэх гүүр болсон. Бурханд ямар ч үед талархалаа өргөх үед тэрээр биднийг улам ихээр ерөөж, бидний амьдралд гайхамшгийг үйлдэн сайн мэдээний ажилд нандинаар хэрэглэгддэг билээ. Энэ үйл явдал болсноос хойш бараг 4 жилийн дараа Паул Ромын шоронд Коринт хотод байхдаа ийнхүү хэлсэн байдаг. Ром 8:28-д “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” Энэ цагт ямар ч үед бид Бурханд талархал өргөснөөр Бурханы гайхамшиг ба ерөөлийг амсдаг хүмүүсээр хэрэглэгдцээё хэмээн уриалж байна.
Бид бодит байдал дээр хэрхэн Бурханд талархалаа илэрхийлэх вэ? Таны хувьд үнэ цэнэтэй бүх зүйлсээ дараалуулан бичээрэй. Жишээ нь цаг хугацаа, санхүү мөнгө, ажил мэргэжил, эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр гэх мэт таны хувьд үнэхээр үнэ цэнтэй гэж боддог бүх зүйлсээ бичээрэй. Тэгээд та санхүү мөнгөнийхөө хэдэн хувийг Бурханд зориулж байна вэ? 1%-ыг уу, эсвэл 10%-г уу? Та өөрийн үнэ цэнтэйд тооцдог цаг хугацааны хэдэн хувийг Бурханд зориулж байна вэ? өдөр 24 цагийн хэчнээнийг Бурханд зориулж байна? гар утас интернэтэд хичээн хувийг? Мөн таны хувьд үнэ цэнэтэй, чухал ажил ба амралтийн өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? Бурханы төлөө, сайн мэдээний төлөө, хоньдын төлөө хичнээнийг зарцуулж байна вэ? Хэрэв та Бурханд талархалаа илэрхийлэхийг хүсэж байвал өөрийн үнэ цэнтэй, нандин гэж тооцож буй тэдгээр зүйлсээс Бурханд зориулан золиослохыг уриалж байна. Үүнийг нэг удаа эвсэл хоёр удаа биш, харин амьдралынхаа зуршил болгох хэрэгтэй. Тэгвэл Бурхан таны амьдралыг эрс өөрчилж, таны төсөөлж ч байгаагүй гайхамшиг ба ерөөлөөр дүүргэн өгөх болно. Мөн Бурхан таньд чин сэтгэлийн баяр хөөр ба амьдралын утга учрыг ухааруулах болно.
Манай гэр бүлийн хувьд шинэ байранд орохын тулд хэд хэдэн зээл авсан. Шинэ байрандаа орж зээлүүдээ төлж эхлэх үед бидний орлого сар бүрийн зээлүүдийг бүрэн төлөхөд хаана нь ч хүрэлцэхгүй байв. Тэгээд энэ тухайгаа хоньчдод хэлж залбируулсан бөгөөд Мөнхтулга хоньчны гэр бүл энэхүү сэдвийн төлөө гэрт ирээд залбирч хүртэл өгж байлаа. Тэгээд ямар ч байсан манай гэр бүлийг байранд оруулсанд Бурханд талархаж зээлүүдээ төлөхөд орлого хүрэхгүй байсан ч юуны түрүүнд 10/1-ыг итгэмжтэй тасралтгүй өргөе гэдэг шийдвэр гарган, 10/1-г талархалтайгаар итгэмжтэй үргэлжлүүлэн өргөсөн. Ийнхүү Бурханд 10/1-ыг итгэмжтэйгээр талархан өргөх үед, Бурхан сар бүрийн зээлүүдийг бүрэн төлөх янз бүрийн арга замыг нээж өгсөн. Одоо ч хүртэл орлого маань зээлүүдээ төлөхөд хүрэлцэхгүй ч, Бурханд 1/10-г талархсан сэтгэлээр итгэмжтэй өгөх болно. Тэр үед Бурхан манай гэр бүлд өөрийн арга замуудаар туслана гэдэгт итгэлтэй байна. Энэ цагт чуулганыхаа гэр бүл хоньчид болоод, бага залуу хоньчдоо сар бүрийн санхүү мөнгө тань хүрэлцэхгүй байсан ч, Бурханд 1/10 өргөлөө талархалтайгаар өргөөсэй хэмээн уриалж байна. Тэгвэл Бурхан таны төсөөлж ч байгаагүй арга замаар бүрч илүүгээр ерөөх болно.
Дүгнэлт: Бурханд талархал өргөх нь нөхцөл байдлаас хамаардаггүй билээ. Энэ бол бидний зүрх сэтгэлийн хандлагатай шууд холбоотой. Бурханд үргэлж таларахалаа илэрхийлэхээр шийдэцгээе хэмээн уриалж байна. Талархах сэтгэл нь Бурханы ерөөл ба баяр хөөртэй амьдралын түлхүүр билээ. Бүгдээрээ баяртайгаар талархалын хаалгаар орж, гомдоллыг арын хаалгаар гаргацгаая. Бүхийл зүйлд Бурханд талархцгаая. Энэ бол Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. АМЕН

өмнөх нийтлэл2021 оны Филиппой 04-р хичээл (07.25)
Дараагийн нийтлэл2021 оны Филиппой 3-р номлол (07.11) Х. Бүүвэйбаатар