2021 оны Иошуа 9-р Номлол Galaa Peter (05.16)

Эзэний зөвлөгөөг асуусангүй

Иошуа 9:1-27
Гол эшлэл 9:14

“Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.”

Өмнөх номлолоор бид Израилчууд хэдийгээр Эзэний өмнө гэмд унасан ч гэсэн чин сэтгэлээсээ гэмшиж Эзэн руу эргэсэн тэд хэрхэн дахин төрсөн мэт урам зоригтойгоор ялалт байгуулж байгааг, уг ялалтын хамгийн гол түлхүүр нь Эзэнд дуулгавартай байсных болохыг суралцсан билээ.
Тэгвэл өнөөдрийн номлолоор бид Израил болон Иошуа удирдагч дахин цоо шинэ зорилтод Эзэнд хандалгүй яарч шийдвэр гаргаснаар муу сүнсний мэхэнд унаж байгаа тухай суралцах болно. Бидний дайсан болох Сатан нь ямар зальтай болохыг ухаарч түүнийг ялан дийлах ЦОР ганц Эзэн Бурханд түшиглэх итгэлийг сурч Эзэн Бурханаас асуудаг хүмүүсээр амьдарч сүнсээр цаг үргэлж сэрэмжтэй, хүчтэй амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен
1. Эзэний зөвлөгөөг асуугаагүй Израил
Эзэний хүн, удирдагч Иошуагийн Канаан газрыг эзлэх тулааны үе ид өрнөсөөр. Энэ бол Израилчуудын хувьд их чухал түүхэн цаг үе. Энэ бол Бурханы Израилчуудад амласан амлалтаа биелүүлж буй тулаан. Иошуа амлагдсан газар болох Канаан газрыг эзлэхийн тулд гурван том дайсантай тулсан тухай бид суралцаж байна. Иерихо болон Аи-г эзэлсэн тухай суралцсан билээ. Мөн гурав дахь том дайсан нь өнөөдөр бидний үзэж буй Гибеончууд юм. Иерихо хот – Энэ дэлхийг, Аи хот – махан биеийг, Гибеончууд – муу ёрын сүнсийг төлөөлж байдаг. Эзэн дотор дуудагдсан хүн бүрийн хувьд энэ гурван дайсантай тулж байдаг.
Одоо бүгдээрээ 1,2-р эшлэлийг үзээрэй. Канаан газар оршин суугчид бүгд Израилчуудаас ихэд айцгаасан. Тэд бүгд Израилчууд Иерихо болон Аи-г хэрхэн эзэлснийг дуулсан байлаа. Улмаар тэд хүчээ нэгтгэн тулаанд бэлтгэж байна. Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод, Иошуа ба Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв. Энгийн цагт хоорондоо өрсөлдөгчид байсан тэд одоо өөр хоорондоо үгсэн нийлэв. Харин Гибеоны оршин суугчид өөр бодолтой байв. Тэд хувийн тоглолт хийж эхэлсэн. Тэд бол маш мэргэн ухаантай, овжин заль мэхтэй, бас худалч хүмүүс байсан. Гибеон: Үгийн утга нь Өндөрлөг толгодтой холбоотой. Гибеончууд бол өмнө нь Едомд амьдарч байсан хивичүүд, хуричууд буюу хоричууд юм. (Эхлэл36:20, Дх2:12) Гибеон хот хивичүүдийн дөрвөн том хотын тэргүүн хот нь байсан. (9:17) Цааш нь үзэх юм бол тэд хэрхэн заль мэх гаргаж байгааг харж болно. Одоо бүгдээрээ 3-6р эшлэлийг үзээрэй “Иерихо болон Аиг Иошуа хэрхэснийг Гибеоны оршин суугчид сонсоод заль зохион, элэгдэж хуучирсан уут шуудай болон үжирч нөхсөн дарсны хуучирсан хөхүүр зэргийг илжгэн дээр ачуулж хуурамч элч нарт хөлд нь хуучирсан шаахай, биед нь хуучирсан хувцас өмсгөв. Хоол хүнс нь ч хатаж үйрсэн талх байлаа.” Тэдний энэ заль мэхийг харах юм бол маш нарийн тооцоо, судалгаатай болохыг мэдэж болно. Израилын түүхийг тэд маш сайн судалж мэдсэн байсан. Мөн тэд цаг үеийг маш сайн мэдэрч гарамгай ашигласан. Тухайн цаг үед Израилчууд магадгүй 10-н эсрэг 1 ч юм уу тулаанд орох гэж байсан. Ийм тэдэнд “Бид таны боолууд байна аа, бид танайд дагаар оръё оо” гээд ирвэл хэн ч гэсэн таатай санагдах нь мэдээж юм. Цувж явсан барснаас, цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг тулаанд орж ялалт байгуулахад тус нэмэртэй санагдана.
Харин бүгдээрээ 9:7-14 эшлэлийг хамт үзье. Тэд үнэхээр үнэмшилтэй, заль гаргасан. “Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй” эндээс харвал Израилчууд Эзэний зөвөлгөөг асуулгүй, яаран хүний санаагаар шийдсэн учраас Гибеончуудын мэхэнд унасан. Үүний адил заль мэхэнд унаж үзсэн хүн та бүгдийн дунд байна уу? Асууж шалгалгүйгээр, гэнэн итгэмтгий, яаруу шийдвэр гаргасны улмаас мэхэнд унасан тохиолдол танд байна уу? Дараа нь заль мэх, урхи байсныг нь мэдэх үед ямар мэдрэмж авсан бэ? Библийг үзвэл бидний сайн мэдэх Иаков ээжтэйгээ нийлээд Есав ахынхаа ерөөлийг авдаг тухай, могойн дүрээр ирсэн сатан Адам болон Еваг хэрхэн мэхэлснийг бид санаж байгаа.
Тэгэхээр дээр дурьдсанчлан Иерихо хот бол Энэ дэлхийг төлөөлдөг. Энэ дэлхийг итгэгчид хэрхэн ялан дийлэг бэ? Ром12:2-т “Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.” Мөн 1Ион5:4-т “Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой.” Энд хэлсэнчлэн бид энэ дэлхийг зөвхөн Итгэлээр л ялан дийлнэ. Аи хот – махан бие төлөөлдөг. Махан биеэ бид яаж ялан дийлдэг бэ? Тэмцэж биш харин сул доройгоо хүлээн зөвшөөрч Бурхан дээр очиж АС-ний хүчээр л ялан дийлэх боломжтой. Гибеончууд – Муу ёрын сүнсийг төлөөлж байдаг. Израил Гибеончуудын заль мэхэнд яагаад унах болов. Тэд Бурханы хүслийг асуугаагүй учраас. Өөрөөр хэлбэл тэд Бурханы хүсэл таалал юу бол? гэж огтхон ч бодож үзээгүй, Бурханаас асууж залбирах, шалгах өчүүхэн ч оролдлого хийгээгүй.
Ефес6:11-12 “Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.” Бидний дайсан бол мах цусны эсрэг биш юм. Харин муу ёрын сүнсний эсрэг юм. “Муу ёсрын сүнс бүтэн сайн болгонд сүмд очдог” гэдэг үг байдаг. Сатаны хамгийн шилдэг арга нь бидний зүрх сэтгэлд эргэлзээ суулгахыг хүсдэг. Мөн гарах гарцгүй мэт буланд шахаж яаран хүний санаагаар шийдвэр гаргуулахыг хүсдэг. Шашинлаг байдалтай болгохыг хүсдэг. Маш аядуу, зөөлнөөр, аажим аажимаар бидний нүдийг хучдаг, тагладаг. Гэвч бид бүгд нэг нийтлэг сул талтай нь Иошуа шиг гэнэн итгэмтгий. Хэн нэгэн бидэн дээр ирээд “Би итгэгч” эсвэл “Би ч гэсэн сүмд явдаг” гэх л юм бол шууд анхаарал, сэрэмжээ автоматаар сулруулдаг. Тэгээд Гидеончууд шиг даруу, өрөвдөлтэй дүр үзүүлэх юм бол шууд итгэчихдэг. Израилын удирдагч Иошуа ч харамсалтай нь гэнэн бас нягтлаагүйгээсээ болоод сатаны мэхэнд автан унасан. Бурхантай ойр байх нь туйлын чухал юм. Ялангуяа энэ цаг үед сатан биднийг мэхлэхийн тулд 24/7-р ажилласаар л байаа. Бид мэдэхгүй будилаан самуунд оруулах зүйлсээс хол байх ёстой. Иаков бидэнд сатаны заль мэхийг хэрхэн даван туулах зааварчилгааг ийнхүү үлдээсэн байдаг. Иаков 4:7 “Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна.”, Бид эхлээд БУРХАНд захирагдах ёстой. Тэгвэл өнөөдөр та бид хэнд, юунд захирагдаж байна бэ? Бүх талаар Бурханд захирагд! Диаволыг эсэргүүц, тэр зайлах болно.
Миний хувьд ч Эзэн Бурханы хүсэл тааллыг асуух сэдэлгүй өөрийн санаа бодлоор ажил болон амьдралын бүхий л асуудлыг өөрийн санаа бодлоор шийдэх нь элбэг байдаг. Бурхан надад асуудал өгөх үед харин их гайхаж Бурхан дээр очоод яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуудаг. Гэвч энэхүү номлолоор дамжуулан миний дуулгаваргүй байдал намайг тийм байдалд хүргэдэг болохыг суралцаж байна. Мөн сүнс болон сэтгэл санаагаар хүчгүй болж гэмийн бодолд автаж улмаар ямар ч идэвхигүй, үр жимсгүй амьдарч байгаа намайг гэмшүүлж өгөхийг гуйж байна. Эзэн Бурхан минь Танд хандах чин сэтгэлээр бүхий л талаар ТАНД захирагддаг байхад тусалж өгөөч. Талархал болон даруу байдал дотор итгэлээр л амьдрах ивээлээ хайрлаж өгөөч. Есүсийн нэрээр гуйж байна. Амен.
2. Тангарагтаа үнэнч байсан Израил
Тэгвэл тэд ингэж Бурханаас асуухгүй гэрээ хийснээрээ ямар үр дагаварт хүрсэн бэ? 16-р эшлэлийг хараарай. “Гэрээ байгуулснаас хойш гурав хоногийн дараа тэд өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг израильчууд мэдсэн”. Хожим нь тэд энх тайвны гэрээ байгуулсан Гибеонд ирсэн. Энэ улс Гилгалаас ердөө 20-25 км зайд орших хот байсан. Израилчуудын уур хилэн маш их хөдөлж өөрийн эрхгүй сэлэм рүү гар нь явсан. Тэд хууран мэхлэгдсэн гэдгээ ухаарсан. Гибеончуудыг Бурхан устгахыг тушаасан мөн Израилийн байлдан эзлэх ёстой газар байв. Гэсэн хэдий ч тэд Израильд дагаар орох энхийн гэрээ нэгэнт байгуулчихсан. Одоо тэднийг устгах боломжгүй болсон. Учир нь Бурханы нэрээр тангарагийн гэрээ байгуулсан учраас юм. Тэд далаараа тавиулснаа ухаарсан.
Харин энэ үед Израил сэлмээ бариад дайрсан бол юу болох байсан бэ?
Нэгпүгээрт, Бурханы нэр унах болно. Израилчууд гэрээгээ зөрчвөл бусад үндэстнүүд Бурханыг шударга бус Бурхан гэх бөгөөд Түүний ард түмнийг шударга бус гэж шүүмжлэх болно. Бурханы нэр газарт унаж шороотой хутгалдан гэвэл БУРХАН мэдээж таалахгүй нь ойлгомжтой. Бидний сайн мэдэх Эзэний заасан гуйлтыг харах юм бол “Тэнгэрт байгаа бидний Ааваа Таны нэр ариунаар дуурсагдах болтугай.” Тэгээд хамгийн сүүлд “Таны хаанчлал алдар сүр үүрд таных” гэдэг. Эндээс харвал Бурханы нэр цаг үргэлж ариунаар дуурсагдах ёстой. Бурханд алдар магтаалыг өргөх хэрэгтэй. Цор ганц магтагдах нэгэн бол ЭЗЭН Бурхан билээ. Тиймээс Бурханы нэрээр амласан амлалтаа заавал биелүүлэх учиртай.
Хоёрдугаарт, Хүн болон хүний хоорондох итгэлцэл гэж үгүй болно. Ямар нэг гэрээ хэлцэл хийчихээд түүнийгээ цуцлах заалт гэж байдаг. Тэрхүү заалтанд тусгаагүй шалтгаанаар гэрээг цуцлах нь хууль бус. Хэрэв цуцлах юм бол дараа удаа тийм газартай дахин гэрээ хийхгүй болно. Өөрөөр хэлбэл итгэлцэл гэж байхгүй болно. Тэр тусмаа Бурханы ард түмэн болох Израил Бурханы нэр алдрын төлөө амьдардаг хүмүүс мөнөөсөө мөн. Тэд Гибеончуудыг хөнөөх боломжтой байсан. Гэвч Бурханыхаа нэрээр тангарагласан. Харин одоо амласандаа хүрэхгүй бол маш олон асуудлууд бий болно. Тэгвэл энэ нийгэм худал хуурмагаар дүүрэн болж хүн хүндээ итгэх аргагүй болно. Мөн тэд Бурханаас эмээхгүй байвал энэ нь ямар аймшигтай нийгэм болж хувирах вэ?
Тэгвэл эсрэгээрээ тэд Гибеоны оршин суугчдад тангарагласнаа биелүүлбэл юу болох вэ?
Нэгдүгээрт, Тэд канаанчуудад сөргөөр нөлөөлөх болно. Гибеон ард түмэн тэдний дунд амьдрах болно. Израил хүссэн хүсээгүй Гибеончуудаас муу нөлөөллийг авна. Бурхан Иошуад яагаад Канаан хүмүүсийг утсгах ёстой гэсэн бэ? “Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч”. Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь ЭЗЭН бол хартай Бурхан билээ. “Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Учир нь тэд бурхдаа даган завхайрч, бурхдадаа тахил өргөх үед хэн нэгэн нь чамайг урьж тэр тахилаас нь чи идэх вий”. Хэмээн Бурхан маш тодорхой анхааруулж хэлсэн. Гэвч тэд том алдаа гаргаж нэгэнтээ гэрээ хийчихсэн, тэгвэл одоо яах ёстой вэ? Израиль Канааныг эзэлсэн ч гэсэн тэдний дунд амьд үлдэх болов.
Хоёрдугаарт, Тэд Гибеон оршин суугчдыг амьд үлдээгээд дайн тулаан хийсэн ч, цаашид тэд яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Түүнчлэн Израиль тэдэнтэй энхийн гэрээ байгуулсан тул одоо тэднийг канаанчуудаас хамгаалах үүрэгтэй болжээ. Тэд энхийн гэрээ байгуулсан боловч тэднийг дайрч хөнөөх гэвэл оролцохгүй өнгөрөх хэцүү. Хожим нь Иошуа яах ч аргагүй байдалд орж тэднийг аваад дайнд оролцох хэрэгтэй болдог (10-р бүлэг). Израил ард түмний хувьд Гибеон маш их толгой өвтгөмөөр асуудал болон хувирсан. Яагаад Эзэний хүсэл тааллыг асуулгүйгээр яарч сайн судалж бататгаагүй байж энхийн гэрээ байгуулж ийм том асуудалд оров гээд ард түмэн бас шүүсэн. Энэ маягаар тэд дайны өмнө өөр хооронд нь хуваагдал бий болж, дайн тулаан хийж чадахгүй болох ч магадлал өндөр байсан. Ямар ч улс үндэстэн, сүм чуулган, байгууллага ялгаагүй удирдагч нь унавал өөр хоорондоо хагаралдаж бүх зүйл асуудалд орно. Канааныг эзлэхээс өмнө тэд эхлээд мөхөх болно.
Тэгвэл овог аймгийн ахлагчдын байр суурь ямар байсан бэ? “Гэвч удирдагчид бүгдээр даяар хотол түмэнд Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон. Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаасаа няцсанаас болж бидэн дээр уур хилэн буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв”. Хотол түмэн бүхэлдээ удирдагчдын эсрэг дургүйлхэн бувтналдах үед Иошуа энэ гэрээг та нарын төлөө байгуулсан гэж ч юмуу хариуцлагаас мултарч ямар нэг шалтаг тооцоогүй. Харин тэд өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Бурханы нэрээр андгайлсан амлалтаа биелүүлсэн. Тэд Бурханы нэрийг унагаахаас эмээсэн юм. Тэд хэдий том алдаа гаргасан ч бүгд Бурханы нэрийг хамгаалахыг хүссэн. Тэд Ариун, Амьд Бурханы дор нэг болж Иошуаг уучилж өршөөж өгөхийг хүссэн байх. Израиль Бурхан дотор нэгдмэл болж чадсан. Амен
Бурханы ард түмэнд даруу төлөв, нэгдмэл байх нь чухал зан чанар юм. Бурханы нэрээр амласан байгуулсан гэрээнд алдаа гарсан ч Бурханы нэрийн төлөө тэр зүйлийг заавал сахин биелүүлж амлалтандаа хүрэх хэрэгтэй. Ямар ч алдагдалд орж гутаан доромжлуулж эрсдэлд орсон ч гэсэн амлалтандаа хүрэх ёстой. Бидний үг хэл “За нь за, үгүй нь үгүй” байх ёстой. Тийм бол тийм үгүй бол үгүй гэж хэлдэг байх хэрэгтэй.
Бид Бурханы нэрээр тангараг өргөдөг чухал үеүд байдаг. Бид гэрлэхдээ Бурханы өмнө гараа өргөн амлалт өгдөг. Мөн баптисм хүртэхдээ Бурханы өмнө тангараг өргөдөг. Оюутнуудын хоньчноор босохдоо Бурханд амлалт, тангараг өргөдөг. Мөн итгэлээр шийдвэр гарган гэм нүглээ гэмших үед Бурханы өмнө өршөөл уучлалын хайрыг бялхам дүүрэн хүлээн авч Бурханд тангараг, амлалт, өчигүүдийг өргөдөг. Бурханы өршөөл хайр, ивээл ерөөлийг авсан бид Бурханы хүүхэд болсон. Тиймээс Бурханд захирагдан, зөвт амьдрах хэрэгтэй. Бурханы нэр алдрын төлөө ямар ч нарийн зам байсан тууштай алхах хэрэгтэй. Тэр биднийг сонгосон. Тэр биднийг жаргаана гэж хэлээгүй, харин гэмээс чөлөөлж, нарийн замаар дагуулах болно гэсэн. Амен.
Бидний итгэлээр үйлдсэн бүх зүйлс Бурханд хүрсэн. Тэр хүлээн авсан. Есүсийг дагахын төлөө та бидний зольсон өчүүхэн зүйлсийг хүртэл Тэр хүлээн авсан. Ийнхүү амьдарсан Паул хэлэхдээ “Би итгэлээ сахисан, би замаа дуусгасан” гэж хэлсэн. Тэр сүнсний хувьд хайр ивээлээр дүүрч Бурханы ерөөлийг дүүрэн амсаж амьдарсан. Үүний адил өнөөдөр Эзэний өмнө итгэлээр зогсож байгаа хэн боловч түүний адилаар ерөөгдсөн юм. Тиймээс бид Бурханы өмнө амласан амлалтуудаа сахих ёстой юм. Үр жимс гаргах эсэх нь, хэр хэмжээний шагнал авах эсэх нь Бурханы эрх мэдэлд бий. Амен.

Дүгнэлт: Сатаны заль мэх ямар нарийн, хүн харвал ялгаж салгахын аргагүй юм бэ? Гэдгийг сурлаа. Тиймээс бид Эзэнд хандалгүйгээр яаран шийдвэр гаргах нь ямар үр дагаварт хүргэдгийг харуулж байна. Бүх талаар ЭЗЭНд захирагддаг байх нь хамгийн чухал болохыг суралцлаа.
Эхлэл, дахин шинээр эхлэх нь 1000 удаа ч байж болно. Харин НЭГ л төгсгөл хүлээж байгаа. Бид хэдэн ч удаа шинээр эхэлж тэмцэж босож болно. Хамгийн гол нь төгсгөл нь ДУУЛГАВАРТАЙ, ЯЛАЛТтай байх нь чухал. Чуулганы бүхий л ахан дүүсийг маань Танд захирагддаг итгэлтэй, даруу хүмүүсээр амьдруулж өгөхийг хүсэн гуйж байна. Энэ дэлхий, махан биеийн хүсэл, сатаны ов мэхийг Эзэний хүч чадлаар ялан дийлдэг амьдралаар амьдруулж өгөхийг хүсэн гуйж байна. Амен

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 10-р хичээл (05.23)
Дараагийн нийтлэл2021 оны Иошуа 11-р хичээл (05.30)