2021 оны Иошуа 8-р Номлол Б.Баясгалан (05.09)

Ялагдлаас ялалт руу

Иошуа 8:1-35
Гол эшлэл 8:18

“Тэгээд ЭЗЭН, Иошуад –Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.”

Өмнөх бүлэгт Бурхан нэг хүн Аханы гэм нүглийг Изриальчуудын гэм нүгэл гэж үзэн дуулгаваргүй байдлын шийтгэлийг Ахантай хамааралтай амьтай бүхэнд хамааруулан үндсээр нь таслан хаяж гэмийн асуудлыг Ахорын хөндийд шийдсэн. Хүмүүс бид үргэлж ялалт болон амжилтаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Гэвч хүсэвч хяслаар болдог хорвоо гэгчээр ялагдал бэрхшээлтэй тулгарахаараа хэрхэн даван туулахаа мэддэггүй. Харин өнөөдрийн номлолоор дамжуулан Израильчууд ялагдлаа хэрхэн даван туулж байна, ялалт амжилтанд хүрсний дараа хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? гэсэн зарчмаас суралцах болно. Иошуа болон ард түмнийг зоригжуулан ялалтанд хөтөлдөг нь ЭЗЭН Бурхан гэдгийг сурах болно.
1-рт Бурханы удирдлагыг хүлээн авсан Иошуа(1-2)
1 Ингээд ЭЗЭН, Иошуад -Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.
Канаанд үйлдэгдсэн анхны гэмийн асуудлыг гэмшиж байж Израильчууд Бурхантай дотно харилцаагаа дахин сэргээсэн. Гэсэн ч гэмийн асуудал шийдэгдлээ гээд хүний зүрх сэтгэл тэр дороо амар тайван болчихдоггүй. Иошуа удирдагч энэ гэмээс болж Бурхан өөрөөс нь нүүрээ буруулсан байх гэсэн айдастай, Бурханы оршихуй өөртэй нь, Израиль ард түмэнтэй нь байгаа болов уу? Үгүй болов уу? гэсэн сэтгэлийн шаналалтай байсан.
Хүн аливаад бүтэлгүйтэн ялагдвал айдасд автан ялагдлын сэтгэлтэй гутранги болдог. Нэг бүтэлгүйтэн айдаст автсан хүний зүрх мохож яг л саажилттай хүн шиг юу ч хийж чадахаа больдог. Иерихог ялсан Иошуад Аи хотыг хуруугаа хөдөлгөх төдийд л ялах өчүүхэн жижиг ажил байсан. Ялагдал болон айдаст автсан Иошуад одоо Аи хот Голиат шиг аварга том мэт харагдаж түүнийг зүрхийг айдаст автуулж байлаа. Иошуа Бурханаас болон Аи хотоос айж байсан.
Ийм үед Иошуад Бурхан “Бүү ай, бүү шантар” гэж хэлснээр урам зориг найдварын үгийг өгсөн. Өөрийн үгээрээ зоригжуулан дахин Өөрийг нь удирдахад бэлэн гэдгээ сануулсан. Бурхан өөрийн сонгосон ард түмэндээ ивээл, ерөөлийг эдлүүлэхийг хүсч байсан ч Ахан шиг гэмт чанартай байх үед ивээл ерөөлөө эдлүүлэх боломжгүй болдог. Харин Ахан шиг гэм нүглээ тасдан хаяж гэмших үед Бурхан бүх зүйлийг уучилж ерөөж өгдөг хайр нигүүлслийн Бурхан билээ.
Энэ дэлхийн цензураар алдаа дутагдал гаргавал бүх зүйл дуусах нь элбэг байдаг. Харин бидний Бурхан Эзэн биднийг гэм үйлдэх үед шийтгэдэг шударга Бурхан боловч үнэнээр, чин сэтгэлээр гэмших үед өнгөрсөн бүх алдаа дутагдлыг дахин хэзээ ч сэргээн санадаггүй, бүх хариуцлага алдаа дутагдлыг Өөрөө бүрэн үүрч уучилж өгдөг хайр нигүүлслийн Бурхан билээ.
Бурхан Иошуад урам зориг өгөөд зогсохгүй ялалтын бат итгэлийг суулгаж байна. “Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн”. Бурхан Иошуад ялагдлаа орхин босох, ялалтын талаарх бат итгэлийг өгсөн. Бүтэлгүйтсэн үедээ дахиад босох нь амар зүйл биш, ингэхийн тулд итгэл зориг хэрэгтэй.
Бурхан нэг удаагийн ялагдал, нэг удаагийн бүтэлгүйтлийн гэм нүглээс болж биднийг орхидог Бурхан биш. Бурхан биднийг даруугаар, алдаагаа ухамсарлан, үнэнээр гэмших үед дахин ивээл нигүүлслээ үзүүлж сэргээн босгон байгуулж өгдөг. Энэ бүх амлалт Бурханы зоригжуулалт нь гэмийн асуудлыг Бурхан дээр барин очиж шийдүүлснээр өршөөлийн хайр ивээлийг амьдрал дээрээ бүрэн эдлэх боломжтой болгодог.
2 Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав.
Канаанд анх эзлэн авсан хот бол Иерихо. Эндээс олсон бүх олзыг Бурханд өргөх ёстой. Харин Аи хотын олзыг өөрсөддөө хувааж аваарай гэж Бурхан тушааж байна. Эндээс харвал Бурханы тушаалд дуулгавартай байж чадвал шунасан, шунаагүй хэрэгтэй бүх зүйлээр хангаж өгдгийг харж болно.
Бурханд эхлээд өргөвөл Бурхан ерөөдөг. Ахан дотоод хүсэл, шуналаа дарж чадаад Бурханы өмнө дуулгавартай байсан бол бүхий л хүсэл нь Аи хотыг эзлэж авах үедээ Бурханы ерөөлийг амьдрал дээрээ дүүрэн эдлэх байлаа. Хүн тэвчээргүйгээсээ болоод Бурханы бидэнд хандсан ивээлийг авахаас татгалздаг. Бидний Бурхан Эзэн бол бидэнд хамгийн сайныг өгөх хүсэлтэй. Гэвч Бурханы өгөөмөр сэтгэлийг мэдэхгүйгээсээ болоод ерөөлийг авахаас татгалздаг. Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг бүхнийг ерөөдөг.
Бурхан Иерихотой хийсэн дайны тактикаас өөр тактикийг Аиг эзэлж авахдаа хийх хэрэгтэйг Иошуад өгөв. Дайн тулаанд тактик ажиллагаа буюу төлөвлөгөө хамгийн чухал. Сур үгс 24:6 “Дайтваас мэргэн удирдамжийг дага. Зөвлөхүүд арвин аваас ялалт ирнэ”. Дайнд стратеги маш чухал байдаг шиг Сүнсний дайнд ч мөн ялгаагүй өдөр бүрийн төлөвлөгөө тактик чухал. Өчигдрийн дайнд ялсан төлөвлөгөөгөөр өнөөдрийн дайнд ялалт байгуулах боломжгүй юм. Өнөөдрийн тулаанд өнөөдрийн шинэ төлөвлөгөө чухал.
Өнөөдөр ялалт байгуулахын тулд өнөөдрийн төлөвлөгөө, өнөөдрийн өдөр бүрийн хоол, өнөөдрийн нигүүсэл, өнөөдрийн хүч, өнөөдрийн ивээл чухал. Өчигдрийн бүх амжилт ялалт, өнөөдрийн амжилт ялалтын баталгаа болохгүй. Өнөөдөр л Эзэний өмнө дуулгавартайгаар даруугаар ирж Түүний дуу хоолой, удирдамжийг дагахгүй л бол ялагдах болно.
Өчигдрийн ялалтын үндэс нь Бурханд бүрэн түшиглэснээр, тушаалуудад нь дуулгавартай байсан учраас ялалт байгуулсан юм. Тиймээс бид өдөр бүр даруугаар Бурханы дуу хоолойг сонсох нь чухал. Өдөр бүр шинэ зүрх сэтгэлээр Бурханд түшиглэж Бурханы дуу хоолойг сонсоод, Бурханаар удирдуулах хэрэгтэй. Христитгэлт хүмүүсийн онцлог бол өөрийн хүслээр биш, Бурханы дуу хоолойг сонсоод Бурханаар удирдуулан амьдрах юм. Ром 8:14-д “Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм”. Бид өөрсдийн бодлоо орхиж өдөр бүр даруу зүрх сэтгэлээр Ариун сүнсээр удирдуулах үед ялалтын амьдралаар амьдарч чадах юм.
2-рт Бүтэлгүйтлээс сургамж олж авсан. (3-9).
Өнгөрсөн удаа Аитай хийх тулаанд Иошуа 3000 цэргээ явуулаад өөрөө дайнд яваагүй. Харин энэ удаа ялагдлын дараа Бурханаас байлдааны тушаал авсны дараа 30000 эрэлхэг дайчдаа хотын ар талд отолтонд гаргав. Мөн 5000 орчим цэргээ Аи, Бетел хоёрын голд байрлуулав. Харин өөртэйгөө хамт байгаа бүх хүнээ Аи хот уруу урьдын адил дөхөж оч. Тэд урьд адил биднийг угтан гарч ирэх үед ялагдсан дүр эсгэн зугт гэв. Иошуа өөрөө ч энэ дайнд тэргүүлэн тулалдах гэж байна. Иошуа ялалтандаа баярлаж бардамналд автсан Ай хотын хүмүүсийг гэнэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр өнгөрсөн алдаа онооноосоо сургамж авч шинээр хүчээ сорьж байна.
Аливаа талбарт амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралыг харвал энэ нь анхнаасаа амжилтанд хүрсэндээ биш, харин тоо томшгүй олон бүтэлгүйтлээс, алдаанаасаа сургамж авч цөхрөл, гутралаас босч чадсан учраас амжилтанд хүрсэн. Нэг үгээр бол тэдний амьдралд бүтэлгүйтэл, ялагдал байсан учраас ялалт байгуулсан юм.
Томас Альва Эдисон, тэрээр сургуульд ердөө 3 сар л сурсан. Нэгэн өдөр Томас хүү ээждээ багшаасаа захидал авчирсан. Ээж нь түүнийг задлан уншаад уйлсан боловч хүүдээ” танай хүү бол суут ухаантан. Тиймээс манай сургууль танай хүүг сургах боломжгүй. Танай хүүд зааж сургах багш байхгүй тул та нар өөрсдөө хүүгээ сургана уу” гэж уншиж өгсөн. Олон жилийн дараа тэрээр хуучин бичиг баримт дотроос нэгэн захидлыг олсон. Тэнд “ танай хүү оюун ухааны хомсдолтой тул бид танай хүүг цаашид сургах боломжгүй гэсэн захидал байжээ”. Үүний дараа олон цагийн турш уйлсан тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ- “Томас Альва Эдисон бол оюун ухааны хомсдолтой хүүхэд байсан боловч агуу ээжийнхээ хүчинд эрин зууны агуу эрдэмтэн болсон юм” хэмээн бичиж үлдээжээ. Бидний сайн мэдэх гэрлийн чийдэн буюу лампыг бүтээхийн тулд маш олон удаа бүтэлгүйтсэний дараа ийнхүү хэлжээ. “ Би бүтэлгүйтээгүй. Харин энэ зүйлийг хийж болохгүй 10000 аргыг олж нээсэн” гэв. Тийм ч учраас Томас Эдисон бүтэлгүйтээгүй. Тэрээр үргэлж урагшилж байсан. Тэрээ 3000 орчим нээлт, бүтээлийн патент эзэмшдэг. 3400 гаран туршилтыг бичсэн дэвтэр үлдээсэн байдаг. Тэрээр адлаанаасаа суралцан алдааг амжилт гэж харж байсан. Өөрөөр хэлбэл алдаа маш их гаргасан гэсэн үг. Түүний амжилт нь Түүний бүтэлгүйтэл дээр суурилсан байгааг харж болно.
Заримдаа библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг тун амаргүй ажил байдаг. Ер нь ихэнхдээ бүтэлгүйтдэг. Гэвч бид гаргасан алдаа болгон дээрээ сөхрөн унах биш, дахин өндийн босож дахин дахин хийх урам зоригоо алдаж болохгүй.
Линкольн ерөнхийлөгчөөс хүмүүс “Таны амжилт болон бусдын итгэлийг олж хүндлэгдсэн нууц тань юу вэ? гэж асуусан. Тэрээр ялагдлаар дамжуулан сургамжийг, туршлагыг олж авч суралцсан. Энэ нь олон удаа бүтэлгүйтсэн учраас биш, бүтэлгүйтэл ялагдлаар дамжуулан сургамж авч ухаарсан учраас илүү том ажилд хүчээ сорьж чадсан гэжээ.
Ром 8:28 “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ”. Бүтэлгүйтэл, ялагдал, цөхрөл, шаналал энэ бүх зүйл сайн сайхны төлөө юм гэсэн нь Линкольны итгэлийн өчиг байсан. “Би бүтэлгүйтэх үед сатан дууссан гэж надад хэлдэг. Гэвч намайг бүтэлгүйтэх үед Бурхан энэ бүтэлгүйтлийн туршлага дээр суурилан илүү том зүйлд хүчээ сорь гэж хэлсэн. Би сатаны үгнээс илүү Бурханы үгэнд чихээ тавьсан. Бид бүтэлгүйтэх үедээ цөхрөн шаналж бууж өгөх хэрэггүй. Бүтэлгүйтлээрээ дамжуулан туршлагыг олж аван итгэлээрээ илүү том зүйлд хүчээ сорьсноор Бурханд алдрыг өргөх хэрэгтэй.

3-рт, Бурханы өгсөн чиглэлийг эцсээ хүртэл барин итгэлээр бат зогссон. (10-29)
Аин хаан Израилчуудыг тосон байлдхаар яаран хотоосоо гарч ирэв. Аин хаан израильчууд отолтонд байгааг мэдээгүй тул өмнөх ялалтандаа бардам байсан тул хамаг хүчээрээл Израильчуудыг нэхэн хөөв. Харин Иошуа болон бүх израильчууд цохигдсон мэт дүр үзүүлэн зугтацгаав. Аи болон Бетелийн бүх эрчүүд хотоосоо гарсан үед израильчууд эргэн дайралтаа эхлүүлэхэд бэлэн болов. Иошуаг гараа сунгах үед, отолтод байсан эрчүүд байрнаасаа яаравчлан гарч хот уруу нэвтрэн орж даруй хотыг эзлэн авсан.
Ингэснээр Израильчууд нэг ч хүн үлдээлгүй мөн хэнийг ч зугтаалгалгүйгээр тэднийг бүрэн устгав. Израиль бардам байх үедээ бүтэлгүйтсэн бол, гэмээ бүрэн гэмшиж даруугаар Эзэнийг даган дуулгавартай байх үед агуу ялалтыг байгуулсан. Сур үгс 18:12 “Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал”. Аи хотын дайнд Израильчууд ялалт байгуулсан шалтгаан нь сүнсний сайн удирдагч Иошуа Бурханы өгсөн чиглэлийг бүрэн дагаж дуулгавартай байсан учраас юм.
18 Тэгтэл ЭЗЭН, Иошуад-Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав. 26 Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуустлаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.
Хүн бүр ялагч байхыг хүсдэг. Ягалдагч байхыг хэзээ ч хүсдэггүй. Гэхдээ ялах, ялагдах нь Бурханаас байдаг юм. Ялалтын үндэс бол Бурханы тушаалыг амьдрал дээрээ хэрэгжүүлэх юм.
Тулаанд орж байгаа сүнсний удирдагчийн байр суурь, түүний Бурхантай харилцах харилцаа зөв эрүүл байж Бурханы дуу хоолойг сонсоход соргог байх хэрэгтэй. Хүн гараа өргөөд зүгээр зогсоход ч хэцүү байдаг. Хэсэг хугацаанд л бид зогсож чадна. Гэтэл Иошуа жадтай гараа Аи уруу сунгасаар байна. Тэрээр ядарч байна гээд гараа буулгаагүй ялалтыг бүрэн гүйцэд автлаа ядарсан сэтгэлээ даван туултлаа тууштай байлаа. Жад өргөж зогсоод ялах болов уу? яах бол гэсэн тээнэгэлзэл, үл итгэлээ даван туулах хэрэгтэй.
Иошуа удирдагчтай Бурхан хамт байгааг мэдээд түүний тушаалыг ард олон биелүүлэв. Иошуа Бурханы заавар тушаалыг эцэс хүртлээ дагав. Иошуагын хувьд Бурханы өмнө даруу болсон. Тэрээр уучлагдсанаа мэдэрсэн, тэр Бурхан уучлан өршөөл өгснийг санасан учраас урам зоригтойгоор гараа өргөсөн. Ялагдал цөхрөл айдастай байсан Израильчуудад ялах нууц арга нь Бурханы тушаалын дагуу дайнд ороод Түүний амлалтанд итгэн дайтах явдал юм гэдгийг энэхүү түүхээс бид харж болно. Мөн удирдагч хүн ямарч хэцүү үед жадаа өргөсөөр байгаа нь тууштайгаар хоньчин хүний амьдралаар эцэс хүртлээ амьдрах хэрэгтэйг заана өгч байна.
Иошуа удирдагч учраас цэргүүдэд Бурханы өгсөн харааг, амлалтыг, ивээлийг алсын харааг харуулан, түүн уруу хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй гэсэн урам зориг болон цэргүүдийг чиглүүлсэн. Үүний адилаар сүнсний удирдагч болсон хоньчид бид энэ сүнсний дайнд оюутнуудад сайн мэдээг дамжуулан Аиг ялсантай адил тэдний төлөө тасралтгүй залбирах хэрэгтэй.
Тэгвэл жадаа сунгаж байгаагийн сүнслэг утга нь юу вэ? Энэ нь тодорхой залбирлын сэдвийн дагуу эцсээ хүртэл явахыг хэлж байна. Иошуа удирдагч тул хийх ёстой зүйл нь Бурханы тушаалын дагуу эхнээсээ дуусах хүртэл жадаа өргөн зогсох ёстой байсан. Хэрвээ жадаа Аи тийш сунгахад хэтэрхий хэцүү, уйтгартай, ядраад жадаа буулгасан бол ард түмэн чиглэлээ алдаж айж сандран төөрөлдөх байсан. Тиймээс удирдагч хэчнээн хэцүү ядарсан ч ард түмэндээ чиглэл болон гуйлтын сэдвийг өгдөг байх хэрэгтэй бөгөөд тэр гуйлтын сэдэв биелэлээ олох хүртэл эцсийг нь хүртэл бат зогсох хэрэгтэй. Мөн удирдагчийнхаа өгсөн тушаалыг дуулгавартай дагах хэрэгтэй. Ингэх үед Бурхан ялалтыг өгдөг.
Бурхан биднийг энэ цаг үеийн сүнслэг удирдагчдаар сонгон дуудсан. Бид энэ цаг үеийн удирдагчийн хувьд өргөх чиглүүлэх ёстой жад юу вэ? Бурханы үгийн жад, залбирлын жад бол бид ямар ч нөхцөл байдал дунд байсан орхиж болохгүй зүйл юм. Мөн Бурхан бидэнд манай чуулганд тавьсан үүрэг бол их сургуулийн оюутан залуусд сайн мэдээг тунхаглаж тэднийг сүнслэг удирдагчаар өсгөх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг нэгийн Библийн хичээл хийж Есүсийн дагалдагч нарыг босгох жад юм. Энэ залбирлын сэдвээ орхихгүйгээр эцсээ хүртэл барьж бат зогсон гэдэг нь хэцүү ч гэсэн бид итгэлээрээ эцсээ хүртэл бууж өгөлгүй жадаа сунган барих үед Бурхан Өөрөө ажиллаж ялалтыг өгдөг. 2021 оны манай чуулганы залбирлын сэдвүүд бол бидний өргөх жад юм. Бидний хувьд ямар ч нөхцөл байдалд байсан ч заавал байх ёстой нь дотоод сэтгэлийн хандлага юм. Энэ нь Есүс энэ дэлхийд ирээд Өөрийгөө бүрэн хоослон үйлчилсэнтэй адил даруу золиослолын үйлчлэл юм. Христийн зовлонд оролцох дотоод сэтгэлийн хүч хэрэгтэй юм. Бид ийм даруу зүрх сэтгэлтэйгээр Есүсийг санан Есүсийг түшиглэх үед Бурхан ерөөж гайхалтай авралын ажлаа хийдэг.
Өнгөр хоёр жилийн турш сайн мэдээ дамжуулах, их дээд сургуулийг Бурханы үгээр байлдан дагуулна гэсэн алсын хараагүй. Мөн смолл группээ сүнслэг зүйл уруу чиглүүлэлгүй өөрд тохиолдох өдөр бүрийн амьдралын асуудалдаа дарагдан амьдарсандаа гэмшиж байна.
4-рт ялалтын өдөр Эзэнд зориулан тахилын ширээ босгон хуулийг уншин Библийн хичээл хийв. (30-35)
Аиг байлдан дагуулаад ялалт байгуулсны дараа израильчууд хүний ухаанаар ойлгогдохооргүй зүйлийг хийсэн. Тэд Аигаас цааш хөдлөн 38км яваад Ебал ууланд хүрсэн. Канаан газрын төв хэсэгт нэвтрэн ороод байлдаагүй. Харин тэд Дх 27:1-10 заасны дагуу Мосегийн заасан тушаалыг санан тахилын ширээ босгосон. Дайн болж байхад тахилын ширээ босгон тахил өргөн, библийн хичээл хийх нь хэр зохимжтой вэ? Тал талаас нь Кананы жижиг улсууд дайрах, тэднийг отолдонд оруулахад амархан байсан. Гэвч Иошуа дайныг энэ эрчээрээ үргэлжлүүлэхээс илүүгээр Бурханы тушаалыг үйлдэн ард олонд амлагдсан газрыг эзэмших эрх нь Бурханы гэрээний тунхаглал болон түүнд үнэнч байхаас хамаардаг гэдгийг ард түмэндээ ойлгуулах гэсэн.
Иошуа Бурханд зориулан Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгосон. Тахил бол зориулалт золиослолын тэмдэг юм. Шатаалт тахил: уг тахилын зорилго бол тайтгарах ба ЭЗЭНд өөрийгөө бүрэн өргөж байгаа явдал юм. Эвийн тахил: Бурхантай эвтэй харилцаанд буй хүмүүс Түүнд талархал хийгээд үүрэг хариуцлагаа илэрхийлэн өргөж байгаа юм. Шатаалт тахил болон эвийн тахил өргөх нь Бурханы ивээлийг санан талархаад зогсохгүй Бурхантай зөв харилцааг тогтоож байгаа хэлбэр юм. Үүгээр дамжуулан Иошуа бүх ялалт Бурханаар ирдэг гэсэн итгэлийн илэрхийлэл бөгөөд мөн үргэлжлүүлэн бардам болохгүйгээр Бурханд үйлчилнэ гэж шийдсэн. Ялалтын өдөр Бурханд талархал өргөнө гэдэг нь маш чухал үйл явдал юм. Ялалтын өдөр талархлын тахил өргөх үед бардам болохгүйгээр Бурханд алдрыг өргөх боломжтой.
Ялалтын өдөр Библийн хичээл хийсэн Иошуа шатаалт тахил эвийн тахил өргөөд зогсохгүй Мосегийн бичсэн хуулийг Израилийн хөвгүүдийн өмнө чулуун дээр хуулан бичив. Иошуа хуулийг ард түмэнд уншин өгөхдөө Израильчууд болон тэдэнтэй хамтдаа байсан ирмэл хүмүүс, уугуул нутгийнхан тэнд байсан бүгдэд уншин өгч байна. Арван хоёр овгийг хоёр хуваан нэг хэсгийг нь Геризим уулын өвөрт, нөгөө хагасыг нь Ебал уулын өвөрт зогсоосон. Дараа нь Иошуа хуулийн номд бичигдсэний дагуу хуулийн бүх үгийг ерөөл ба хараалтай нь хамт уншиж Бурханы үгийг заасан.
Библи бол Бурханы үг учраас хүний үндсэн асуудлыг шийдэж өгөх нууц Библид байдаг. Библи бол хүний үхэл амьдралын асуудлыг шийдэж өгөх түлхүүр юм. Хүний мэргэн ухаан хүч чадал хэчнээн агуу ч хязгаартай байдаг. Бид энэ хязгаарлагдмал хүний мэргэн ухаан хүч чадлаас хамаагүй илүү хүчтэй сатантай байлдах сүнсний дайнд Бурханы тусламжгүйгээр ялах боломжгүй юм. Сатантай тулалдах сүнсний дайнд ялахыг хүсвэл Ариун сүнсний удирдамжаар Бурханы үгээр өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй.
Библийн хичээл хийх үед үгийн дагуу амьдрах үед , муу ёрийн сүнс зайлуулагдаж Бурханы ариун сүнстэй хүн болон өөрчлөгддөг. Ингэснээр жинхэнэ амар тайван аз жаргалтай болж ялалтын амьдралаар амьдрах сүнсний хүчтэй болдог.

Бидний өмнө ерөөлийн зам болон хараалын зам, үхлийн зам хаанчлалын зам, тамын зам нээлттэй байдаг. Бид Бурханы үгийг эмээн хүндэтгэх зүрх сэтгэлээр чих тавин сонсож, үгэнд дуулгавартай байх үед Бурханы бүх ерөөлийг амсаж амьдрах болно.
Эзэний өгөх ерөөл нь юу вэ? Дх 28:1-6 харвал 1 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. 2 Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. 3 Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. 4 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. 5 Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. 6 Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Энэхүү ерөөл нь сүнслэг болон материаллаг бүх ерөөлийг хэлж байна. Бурхан өөрийг ерөөгөөд зогсохгүй өөрөөс нь болоод бусдыг, байгаль дэлхийг ерөөх болно.
Эзэний өгөх дуулгаваргүйн хараал юу вэ? Дх 28:15-19 харвал 15 Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ. 16 Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана.17 Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана. 18 Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана. 19 Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана. Хараал нь “Ерөөх” гэдгийн эсрэг үг. Бурханы зүгээс энэ нь шийтгэл буулгах гэсэн утгатай.
Иошуа тэдэнд бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй. Хуулийг сонссон ард түмэн бүгд Амен хэмээн хүлээн зөвшөөрч дуугарч байлаа. Өдөржингөө библийн хичээл хийсний дараа Канаан газарт яаж амьдрах талаар дахин тэд нар сурсан. Амь ба үхэл, ерөөл ба хараалыг сонгох сонголтыг Бурхан хүн бүрт нээлтэйгээр өгсөн. Гэхдээ сонголт та нарын гарт байгаа ч амийн замыг, ерөөлийн замыг сонгоорой гэж байна.
Мосе ерөөл болон хараалын үгийг тунхагласны дараа дэд хууль 30:19-р бүлэгт шийдвэр гаргахыг шаардсан. “Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож”, Бид ерөөлийн зам, хараалын зам, амийн зам, үхлийн замаас нэгийг нь заавал сонгох хэрэгтэй. Миний сонголт надаар дуусахгүй миний үр удамд маш том нөлөөг үзүүлдэг. Бид ерөөлийн замыг сонгосноор зөвхөн би биш, гэр бүл болон ойр дотны хүмүүсээ, үр удамдаа амийн замыг өвлүүлж, ерөөлийн замыг сонгосноороо ерөөлийн үндсээр нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Ялагдлаас ялалт уруу шилжсэн нь Эзэн Бурханы өмнө чин сэтгэлээр гэмшсэн учраас Бурханы уучлалыг дахин амсаж Бурханаар удирдуулах болсон. Мөн ялагдлаар дамжуулан сургамж авч Бурханы үгээр зоригжин тулалдах хэрэгтэй. Удирдагч хүний жадаа өргөн чиглүүлэх чиглүүлэг, шантралгүйгээр тууштай ард олныг алсын хараа уруу чиглүүлэх нь чухал юм. Яллаа гээд бардам болох амархан. Харин бардам болохгүйн тулд библийн хичээл хийж энэ бүх ялалт Бурханых, энэ дайн Бурханых гэдгийг харж Бурханд алдрыг өргөсөн. Бид ч бас ялалт бүрийн дараа Бурханд алдрыг өргөн төлөв даруугаар талархдаг хүмүүсээр амьдарцгаая!
– Сүнсний дайн дуустал итгэмжтэй байх хэрэгтэй.

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 9-р хичээл (05.16)
Дараагийн нийтлэл2021 оны Иошуа 10-р хичээл (05.23)