БУРХАН МИНЬ, БУРХАН МИНЬ, ЮУНД ТА НАМАЙГ ОРХИВ.
Марк 15:1-72
Гол эшчлэл 15:34
“Есдүгээр цагт Есүс чанга дуугаар “Елой Елой лема сабахтани”(орчуулба <Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив>) гэж хашхирлаа.
Өнөөдрийн номлол бол Есүс үхлийн ял сонсож загалмайд цовдлогдож буй аймшигтай үйл явдлын тухай юм. Монгол ардын зүйр үгэнд төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэсэн үг байдаг. Хүн бүр л энэ дэлхийд төрсөн бол цаг нь болоход нас бардаг. Тиймээс Есүсийн үхэл нь энгийн нэг хүний үхэлтэй адил гэж бодож болох юм. Гэвч Есүсийг нас барах үед илэрхийлэгдсэн олон баримт, үйл явдал, шавь нарын гэрчлэлээс харвал Түүний үхэл нь бусад хүмүүсийн үхэлтэй харьцуулшгүй үнэ цэнэтэй, утга учиртай үхэл байсан гэдгийг мэдэж болно. Энэ цагт Есүсийн загалмайн зовлон ба үхлийн утга учрыг сайн сурч Түүгээр дамжуулан Бурхан бидний хүн нэг бүрд өгөхийг хүсдэг онцгой, үнэ цэнэтэй, юутай ч харьцуулшгүй тэр сүнслэг ивээлийг сэтгэл сүнсэндээ дахин хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Зовлон амссан Есүс (1-20)
1-р эшлэлийг үзээрэй. Шашны удирдагчид Есүсийг шөнөжин байцаасны эцэст Бурханы нэрийг доромжилсон гэж үзэн үхлийн ял оноосон. Тэгээд тэд өглөө эрт Есүсийг хүлж захирагч Пилатад аваачсан. Учир нь гэвэл Израильчууд Ромын колони байсан учир цаазын ялыг гүйцэтгэх эрхгүй байв. Тиймээс тэд Есүсийг Ромын хуулийг барьж алахын тулд Пилатад өгсөн.
Пилат Есүсээс “Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь – Та ч хэлж байна” хэмээн хариулсан. Есүс захирагч Пилатад Өөрийгөө Иудейчүүдийн хаан буюу Мессиа мөн гэдгийг тод гэрчилсэн. Иохан 18:36-с харвал Есүс Өөрийнх нь хаанчлал энэ ертөнцийн хаанчлал бус сүнслэг хаанчлал болохыг тунхагласан байдаг. Эндээс харвал Есүс Пилатын өмнө үнэнийг гэрчилснээр Өөрийгөө аврагч Мессиа гэдгийг зоригтой тунхагласан. Эндээс бид Есүс шиг үнэнийг зоригтой гэрчлэх итгэлтэй болох хэрэгтэй гэдгийг сурч болно. 1-р зууны үеийн итгэгчдийг харвал тэд Христэд итгэдэг гэдэг нь илчлэгдэх юм бол арслангийн нүхэнд хаягдах, эсвэл галдан шатаагдах, хөрөөдүүлэх гэх мэт аймшигтай хавчлага дунд амьдарч байсан. Гэвч Тэд итгэлээсээ урвалгүй, зоригтой бат гэрчилснээр Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн байдаг. Бид ч гэсэн Есүс шиг мөн 1-р зууны үеийн итгэгч нар шиг хэний ч өмнө, ямар ч нөхцөл байдал дунд байсан зоригтой өөрсдийн итгэлийг гэрчилдэг бат итгэлтэй болж чадахыг хүсэн гуйж байна.
3-5-р эшлэлийг үзээрэй Шашны удирдагч нар Есүсийн талаар олон худал мэдүүлгийг өгч өөр олон зүйлээр буруутгаж байсан. Ихэнх хүн өөрийнх нь талаар хүмүүс буруу ойлголттой болоод, худал гүтгэлгэд автах үед идэвхитэйгээр өөрийгөө өмгөөлдөг. Гэвч Есүс гүтгэгдэн, буруутгагдсан ч юу ч хариулаагүй. Яагаад? Яагаад гэвэл Есүс аль хэдийн Бурхан өөрөөр нь дамжуулан хийхийг хүсэж буй Бурханы тэрхүү хүслийн дагуу явж байгаа учраас тэр юм. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийг нь эсэргүүцэж буй хүмүүстэй тэмцэлдэхээс илүүгээр, Бурханы хүсэлд өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн учраас тэр юм. Бидний хувьд ч гэсэн Есүст итгэдэг гэдэг нэрээс болж мөн оюутнуудын төлөөх хоньчноор амьдрахаар шийдвэр гаргах тэр л үед бид Есүс адил хүмүүсээс янз бүрийн буруутгал, үл тоомсорлол, гүтгэлэг, доромжлол, үл хүндлэл, гадуурхал, доромжлол зэргийг амсах үе байдаг. Заримдаа тэдэнд өөрийгөө хэн болохыг харуулмаар ч санагдах үе байдаг. Гэвч бид Есүс шиг хүмүүстэй тэмцэлдэх бус харин Бурханы хүсэл ба дуудлагад бүрэн өөрийгөө зориулахаар шийдэх үед тэдгээр хүмүүстэй тэмцэлдэн маргалдах шаардлагагүй болдог. Тиймээс бид хүмүүсийн надад хандаж байгаа хандлага дээр төвлөрөхөөс илүүгээр Бурханы надаар хийлгэхийг хүсэж буй хүсэл ба дуудлага дээр бүрэн анхаарлаа хандуулцгаая хэмээн уриалж байна.
6-15-р эшлэлийг үзээрэй. Захирагч Пилат Есүсийг шүүсний эцэст Есүсээс ямар ч гэм бурууг олоогүй. Мөн Есүс ахлах тахилч нар ба хуулийн багш нарын атаархлаас болж Есүсийг барьж өгснийг мэдсэн(10). Тэгээд Пилат Есүсийг баярын онцгой өршөөлөөр суллахыг хүссэн. Тухайн үед зард гарсан хоригдол Бараб гэгч хүний хамт Есүсийг зогсоон аль нэгийг нь сонгохыг ард олноос санал сонссон. Гэтэл ахлах тахилч нар ба хуулийн багш нарын ятгалгад автсан ард олон Барабыг суллахыг хүсэж харин Есүсийг цовдол хэмээн хашхирсан. Пилат уг нь ард олон Есүсийн ивээлийг маш их авсан учир өөрөөс нь суллахыг хүснэ хэмээн бодсон байх. Гэвч ард олон эсрэгээрээ хашгирсан. Пилат ард олны энэ үйлдлийг гайхаж дахин ард түмнээс асуусан. 14-р эшлэлд “Харин Пилат –яагаад? Тэр ямар муу юм үйлдэн юм бэ? гэж асуухад тэд-Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа” гэж байна. Пилат Есүсийг суллахыг хүссэн ч чадаагүй. Яагаад гэвэл Пилат үймээн самуун дэгдэхээс айж хурсан олонд нийцүүлэн Барабыг суллаж Есүсийг загалмай дээр цовдлох ял буулгасан. Пилат уг нь том Эзэнт гүрний төлөөлөгч, захирагч, шүүгч хүний хувьд ямар ч хохирол гарсан үнэний талд бат зогсон, аливаа хэргийг шударгаар шүүх ёстой байсан. Гэвч тэрээр өөрийн байр суурь ба эрх ашгийг алдахгүйн тулд зөв бус зүйлстэй тохиролцсон. Тэрээр үнэнийг мэдсэн ч үнэний талд зогсоогүй. Пилат үнэнээс нүүр буруулсан. Эцэст нь Иосебус хэмээх түүхчийн бичсэнээр Пилат энэхүү эмгэнэлт үйл явдлыг мартаагүй бөгөөд хэдэн жилийн дараа цөллөгт явж маш их шаналан зовж амиа хорлосон хэмээн үздэг. Энэ бол үнэнийг мэдсэн ч үнэний талд зогсдоггүй хүний амьдралын төгсгөл. Эндээс бид Есүс шиг амь насанд аюултай байсан ч зоригтойгоор үнэний талд зогсож сурах хэрэгтэй.
2. Загалмайд цовдлогдсон Есүс (16-27)
15б-г үзээрэй Пилат “Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ” гэж байна. Тухайн үед Ромчууд гэмтнийг таршуурдахдаа эхлээд нүцэглэн модонд хүлж ташуурддаг байсан. Ташуур нь сурны үзүүрт хар тугалга болон ясыг шигтгэн хийсэн байдаг байв. Энэхүү ташуураар ташуурдуулж байхдаа хүмүүсийн ихэнх нь үхдэг байсан. Тиймээс Ром хүнийг ташуурдахыг хориглодог бөгөөд Ром биш хүнийг 40-н удаа , харин үндсэрхэг үзэлтэй эсэргүүцэгчийг 120-н удаа ташуурддаг байсан. Энэхүү ташуураар таршуурдуулахад нурууны мах, судас, арьс зэрэг нь бүгд урагдан тасарч аймшигтай өвдөлтийг мэдэрдэг бөгөөд хамаг бие чичрэн дагжиж оюун санаа нь балартдаг байна. Есүс ийм ташуураар харгис хэрцгийгээр 120 удаа таршуурдуулсан. Есүсийн бүх бие нь шархалж цусаар будагдаж аймшигтай өвдөлтийг мэдэрсэн. Энэхүү ташуурдуулалтын өвдөлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэгвэл ямар ч гэм зэмгүй Есүс яагаад ийнхүү харгис хэрцгийгээр биеэ ташуурдуулан зовж шарх ба өвдөлтийг амссан бэ? Исаиа 53:5б-д “Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж шархаар нь бид эдгэрчээ” 1 Петр 2:24б-д “Та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ” гэж хэлсэн. Эндээс харвал бидний гэм ба шархыг эдгээхийн тулд Есүс аймшигтайгаар ташуурдуулж хамаг биедээ шарх ба өвдөлтийг амссан. Өлдсөг хүний зовлонг өлсөж үзсэн хүн л ойлгодог гэдэг үг байдаг. Үүнтэй адил шархтай хүний зовлонг шархдаж үзсэн хүн л ойлгодог. Есүс харгис хэрцгийгээр шархдан зовсон нь гэм ба амьдралын янз бүрийн зүйлсээс болж харгис хэрцгийгээр шархдан зовж буй хүмүүс биднийг ойлгохын тулд тэрээр аймшигтайгаар ташуурдуулсан юм. Өөрөөр хэлбэл Есүс шархдаж өвдөж аймшигтайгаар зовж үзсэн учраас хүмүүс бидний зовлон, өвдөлт, шарх нэг бүрийг хамгийн сайн ойлгож чадах юм. Бид заримдаа миний энэ зовлонг, миний энэ өвдөлтийг, миний энэ шархыг хэн ч ойлгохгүй гэж бодох үе байдаг. Гэвч гэм зэмгүй хэрнээ харгис хэрцгийгээр 120-н удаа таршуурдуулсан Есүсийн шарх ба зовлон, өвдөлттэй харьцуулах зүйл гэж нэг ч байхгүй юм. Тиймээс бид Есүсийн өмнө очих үед бидний өвдөлт, шарх сорив, зовлон нэг бүрийг хамгийн сайн ойлгож эдгээж өгдөг. Энэ цагт бидний амар тайван ба эдгэрлийн төлөө, шархдан зовсон Есүст бүхий л алдар ба магтаалыг өргөж байна.
16-19-р эшлэлийг үзээрэй. Цэргүүд Есүсийг хайр найргүй ташуурдсаны дараа Есүсийг доромжлон тохуурхан эхэлсэн. Есүст хааны өмсдөг улаан нөмрөг нөмөргөж сундуугаар титэм сүлжээд толгой дээр нь тавьсан. Тэгээд толгойг нь хулсаар цохиж “Иудейчүүдийн хаанд мэндилье” гэж тохуурхан сөхрөн мөргөсөн. Ром цэргүүдийн хувьд хүч чадал, эрх мэдэл, зэр зэвсэг зэргийг эрхэмлэдэг байсан. Тэд цэргийн хүчээр дэлхийг байлдан дагуулж харгис хэрцгий Ромын эзэнт гүрнийг байгуулсан. Ийм тэдний хувьд хаан гэдэг нь хүч чадалтай, эрх мэдэлтэй, зэр зэвсэгтэй байх ёстой гэж бодож байсан. Гэтэл тэдний өмнө буй Есүс ямар ч хүч чадалгүй, эрх мэдэлгүй, сул дорой нэгэн байсан. Тиймээс тэд Өөрийгөө хаан хэмээн хэлж буй Есүсийг дооглон, доромжилсон юм. Ямар ч хүний хувьд чадвартай байхад бусдад чадваргүй, мэддэг байхад мэддэггүй мэт тооцогдох, хүч чадалтай байхад бусдад хүчгүй мэт үнэлэгдэх нь маш хэцүү байдаг. Тиймээс цэргүүдийн доромжлолыг тэсвэрлэх нь Есүст мөн маш хэцүү байсан байх. Гэвч Есүс хүчгүй, эрх мэдэлгүй учраас юу ч хийгээгүй хэрэг биш, харин Тэрээр бидний авралын төлөө, бидний амар тайвны төлөө бүхий л доромжлол, тохуурхал, үл хүндэл зэргийг бүгдийг нь тэвчсэн юм.
21-р эшлэлийг үзээрэй Есүс бүх биеэ аймшигтай ташуурдуулан цэргүүдээр доромжлогдон тохуурхагдсаны дараа 70 кг жинтэй загалмайг үүрэн Голгота хэмээх газар руу явсан. Тухайн үед цаазлуулах ял авсан гэм хэрэгтэн цаазын тавцан хүртэл загалмайг үүрдэг байв. Хүний нүдээр Есүс загалмайг үүрэн яваа байдал хамгийн өрөвдөлтэй, азгүй, эмгэнэлтэй мэт харагдаж болох юм. Гэвч Есүсийн энэхүү загалмайг үүрч яваа зам бол амийн зам байсан. Яагаад гэвэл Есүсийн өвдөлт ба үхлээр дамжуулан хүмүүс бид эдгэж амийг олох байсан учраас тэр юм. Есүс өмнөх шөнө нь шөнөжин байцаагдаж 120 удаа таршуурдуулсан учир бие нь ямар ч тамир тэнхээгүй болон загалмайг үүрч чадахгүй байсан. Тиймээс Ромын цэргүүд Есүсийн загалмайг Хөдөөнөөс ирсэн Курений Симонд албадлагаар үүрүүлсэн. Энэ Курений Симон албадлагаар Есүсийн загалмайг үүрсэн ч хожим үүгээр дамжуулан тэр болон түүний гэр бүл аврал авч Бурханы түүхэнд хэрэглэгдэх хүртэл ерөөл хүртсэн.(Ром 16:13).
22-24-р эшлэлийг үзээрэй Есүс Голгота гэдэг газар хүрч ирсэн. Тэр үед цэргүүд Есүсийн гар хөлийг модон загалмайд хүлж цовдолсон. Загалмайн ял бол хүн төрөлхтний зохиосон хамгийн харгис хэрцгий ялуудын нэг. Загалмайд хүнийг цовдлох үед тэр дороо үхдэггүй бөгөөд 2-3 өдрийн турш аймшигтай зовж бүх цусаа гоожуулан цангаж үхдэг байна. Загалмайд цовдлогдсон хүн 1000-с дээш удаа ухаан алдаж сэрдэг байна. Биеийн жинг нь даалгахын тулд хүний гарын бугуйнд бүдүүн хадаасаар хаддаг байна. Хүний гар хөлөнд, бүх мэдрэлийн эсүүд байдаг учраас өвлөтийг дээд цэгтээ хүртэл мэдэрдэг учир тэрхүү өвдөлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Загалмайд цовдолсон хүний биеэс бүх ус нь гадагшилдаг учир ам цангаснаас болж тагнай хатан амьсгалахад хэцүү болдог байна. Есүс загалмай дээр энэ бүгдийг биедээ мэдэрсэн. Есүсийн загалмайн зовлонгийн тухай Дуулал номыг бичигч нь ийнхүү хэлсэн. Дуулал 22:14-15-д “14 Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. 15 Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.”
Тэгвэл яагаад Есүс ийм аймшигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй загалмайн зовлонг амссан бэ? Исаиа эш үзүүлэгч Есүсийн амссан зовлонгийн шалтгааныг ийнхүү тайлбарласан. Исаиа 53:5а-6б “5 Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.” гэжээ. Есүс миний гэмээс болж зодуулж хатгагдан бяцарсан. Есүс хатгагдсанаар бид Бурханаас гэмийн уучлалыг авч бидний бүхий л өвчин шарх эдгэж биднийг жинхэнэ аз жаргалтай амьдруулахын төлөө байсан учраас юм. Өөрөөр хэлбэл биднийг гэм ба гэмийн хараалаас аврахын тулд, өвчин шаналлаас эдгээхийн төлөө Есүс загалмайд цовдлогдосон.
34-р эшлэлийг үзээрэй. ““Есдүгээр цагт Есүс чанга дуугаар Елой Елой лема сабахтани(орчуулба <Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив>) гэж хашхирлаа” гэж байна. “Елой Елой лема сабахтани” гэдэг нь Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив гэсэн утгатай. Үүнээс харахад Есүс Бурханд хүртэл орхигдсон гэдгийг мэдэж болно. Хүний амьдралд амсдаг зовлонгуудын дунд орхигдон хаягдах нь хамгийн хэцүү байдаг бөгөөд хамгийн их өвдөлт ба шархыг өгдөг. Ялангуяа хамгийн хайртай найдаж итгэсэн нэгнээс орхигдоход бүр ч хэцүү. Бурхан Есүсийг үйлчлэлээ эхэлж байх үед “Энэ бол миний хайрт Хүү, Түүн дээр миний таалал оршино” хэмээн хэлж байсан. Гэвч Загалмай дээр Бурхан хайртай Өөрийх нь таалал дүүрэн байсан Есүсээс нүүр буруулж орхигдсон. Өөрөөсөө илүү хайрлаж итгэж найдаж хүслийг нь биелүүлж байсан тэр л Бурхан Аав Есүсээс нүүр буруулсан. Өөрөөр хэлбэл Загалмай дээр Бурхан Есүсийн хоорондын харилцаа тасарсан гэсэн утгатай.
Тэгвэл Есүс хайртай Бурханд хүртэл орхигдон байж загалмайн зовлонг эдэлж буй нь ямар утга учиртай вэ? Есүсийн энэ загалмайн зовлон бидэнтэй ямар хамаатай вэ?
Ром 3:24-д “Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ” гэж байна. Есүс загалмайд цовдлогдох үедээ Бурхан ба хүн хоорондох маш чухал үүргийг гүйцэтгэсэн. 1-рт Бурханы зөв шударгын мөн чанарыг гүйцэлдүүлсэн. Бурхан ариунаас ариун ба шударга мөн чанартай учраас гэм нүглийг өчүүхэн ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс Бурхан Есүст загалмай дээр хүн төрөлхтний бүхий л гэмийн шийтгэл ба хараалыг үүрүүлснээр биднийг гэмийн хараал ба шийтгэлээс бүрэн чөлөөлсөн юм. 2-рт Бурханы хайрын мөн чанарыг гүйцэлдүүлсэн. Бурхан гэмийг үзэн яддаг ч гэмтнийг хайрладаг. Тиймээс Бурхан Есүсийн загалмайгаар дамжуулан хүмүүс бидэнд хандсан жинхэнэ агуу хайраа харуулсан. Эцэг эхчүүд үр хүүхдээ аминаасаа илүү хайрладаг. Хайртай хүүхдийг нь хэн нэгэн санаатай болон санамсаргүй байдлаар бэртээж гэмтээх нь эцэг эхчүүдийн хувьд байж боломжгүй үйлдэл. Гэвч Бурхан биднийг хайрлаж байгаагаа хамгийн хайртай ганц Хүүгээ загалмайд золиослосноор харуулсан юм. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй Бурханы бидэнд хандсан хайр юм. Ром 5:7,8-д “Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.” Хүмүүс бид Адамын гэмээс болж сүнс ба бие махбодын хувьд ялзарч доройтон, Бурханы уур хилэнг хүртхээс өөр аргагүй байсан. Гэвч Бурхан Есүсийг энэ дэлхийд илгээн хэнд ч хэрэггүй гэмтэй бидний төлөө загалмайд өлгөсөн. Ингэснээр Бурхан бидэнд үнэхээр хайртай гэдгээ батлан харуулсан юм. Есүсийн загалмайн үхэл нь бидэн рүү хандсан Бурханы хамгийн том хайрын илэрхийлэл юм. Ихэнх хүн ивээлтэй, аз жаргалтай, баяр хөөртэй үедээ Бурханы хайрыг магтаж Бурханд бат итгэдэг. Гэвч зовлон тулгарвал Бурханы хайранд эргэлздэг. Бид Бурханы хайрыг өөрийн нөхцөл байдал ба сэтгэлийн хөдлөлөөр хэмжиж болохгүй юм. Бид ямар ч үед Бурханы хайранд эргэлзэхгүй байх хэрэгтэй. Ингэхийн тулд бид Есүсийн загалмайн золиослолын энэ түүхэн үнэн дээр суурилан Бурханы хайранд бат итгэх хэрэгтэй. Биднийг хайрлаж байгааг харуулдаг энэ түүхэн үйл явдал нь хэзээ ч хувирдаггүй, өөрчлөгддөггүй, алга болдоггүй юм. Тэнгэр нурж, газар дагжин чичирсэн ч утсахгүй. Бурханы хайрыг баталдаг хамгийн том гэрчлэл энэ билээ. Бид ямар ч үед Бурханы хайранд бат итгэснээр зовлон сорилтыг зөв даван туулж Бурханы хаанчлалын жинхэнэ найдвар дотор үргэлж баяр хөөртэй хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
37-38-р эшлэлийг үзээрэй “Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа” гэж байна. Есүс чанга дуу гаргаад эцсийн амьсгалаа хураасан. Ийнхүү Есүсийг амьсгал хураах үед Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хэсэг болон цуурсан. Сүмийн хөшиг нь Бурхан ба хүмүүс хооронд хаалт болж байсан гэм нүглийг илэрхийлдэг. Харин Есүс нас барахад энэ хөшиг хуваагдсан гэдэг нь Бурхан ба хүн хооронд зааглаж байсан гэмийн хана бүрэн нурж алга болсон гэсэн утгатай. Есүсийн цус ба үхлээр дамжуулан гэмийн хана бүрэн нурсан гэдгийг үүгээр харуулж байна. Тиймээс одоо Есүст итгэх итгэлээр хэн ч Ариун Бурханы өмнө очих боломжтой болсон юм(Еврей 10:19,20). Энэ бол хүмүүс бидэнд өгсөн Бурханы маш том, үгээр илэрхийлэхийн аргагүй ивээл юм. Есүсийн бие загалмайд урагдсанаар хүмүүс бид Ариун Бурханы өмнө очин гэмийн өршөөлийг хэзээ ч авч болох сүнсэг зам нээгдсэн юм. Тмймээс бид хаана ч, хэзээ ч Есүсийн цусанд итгэх итгэл дотор амьд Бурханы оршихуйд очин түүнтэй зөв харилцаатай амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Есүсийн үхэл бол бусад хүмүүсийнхтэй адил жирийн нэг үхэл байгаагүй гэдгийг өнөөдрийн үйл явдал ба баримтууд бидэнд тод заан өгч байна. Есүс ямар ч гэм зэмгүй байсан бөгөөд гэмтэн мэт тооцогдож үгээр илэрийлэхийн аргагүй аймшигтай зовлон, шаналал, доромжлол, гүтгэлэг, шарх ба өвдөлтийг бүгдийг амссан. Энэ нь та болон надаас болсон юм. Есүсийн загалмайн зовлон ба үхэл нь хүмүүс бидэнд хандсан Бурханы онцгой хайрын илэрхийлэл юм. Тиймээс бид миний гэмийн төлөө загалмайд аймшигтай зовлон эдэлж нас барсан Есүсийг зүрх сэтгэлдээ дахин дахин хүлээн зөвшөөрцгөөе. Тэр үед бидний дотор буй ямар ч гүн шарх эдгэрч жинхэнэ баяр хөөр, амар тайван, утга учиртай, ивээлээр дүүрэн амьдрах болно. Энэ цагт таны төлөө, миний төлөө, хүн төрөлхтний төлөөх Есүсийн загалмайн хайр ба золиослолыг тунгаан бодож Бурханы өршөөлийн хайраар дүүрэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН