Бэлэвсэн эмэгтэй өргөл
Марк 12:35- 44
Гол эшлэл: Марк 12:44
“Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв”
1. Есүсийн уг гарвал
Есүс нэгэн синагогт зочилсон бөгөөд тэрбээр энэ удаад хуулийн багш нарын сургаалын агуулгад анхаарлаа хандуулсан. Учир нь тэд нэг зүйлийг буруу зааж байв. Хуулийн багш нар зааж байгаа зүйлээ өөрсдөө ойлгоогүйгээр зааж байлаа. Тэд энэ удаад Мессиа буюу Христ нь Давидын хүү гэж зааж байв. Тэд хүний санаагаар зааж байгаа хэдий ч зааж байгаа зүйлээ сайн ойлгосон бол Давид бол Есүсийн өвөг эцэг гэж заах байв. Хуулийн багш нар, садукайчууд, фарисайчуудад байдаг нэгэн ижил тал нь сүнсний ойлголт, хараагүй байдал юм. Тэд Бурханыг чин сэтгэлээсээ таньж мэдэх, Түүнийг даган амьдрах ямар ч хүсэлгүй байв. Бурханы амласан Христийг энэ дэлхийд ирэх талаарх амлалтанд ч огт итгээгүй. Тэд өнөө маргааш, өдөр тутмын амьдралын аар саар, мөнгө төгрөг, идэж уух, бусдаар хүндлүүлэх, Бурханлаг харагдах тал дээр л анхаарч байлаа. Цаашлаад Иессийн үр удмаас аврагч Мессиаг төрүүлэх Бурханы амлалтанд хэзээ ч итгээгүй. Тэд Мессиаг Израйльчуудыг газар нутаг, хүн ам, эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээр нэгтгэн Ромын дарлалаас чөлөөлнө гэсэн буруу ойлголттой байсан. Тэд эдгээрийг хийх Мессиаг хүлээж байлаа. Бурханы цаг болж өөрийн цор ганц Хүүгээ энэ дэлхий рүү илгээсэн. Гэвч хуулийн багш нар малын тэвшинд байх нялх Хүүг харахдаа Түүнийг Аврагч гэж хүлээн авсангүй.. Тэд Есүсийг Аврагчаар хүлээн авсангүй. Иохан 1:11 “Тэр Өөрийнхөндөө ирсэн боловч Өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ.”. Харин Бурхан Христийг энэ дэлхий рүү илгээсэн зорилго нь хүмүүсийг гэм нүглээс нь чөлөөлөх юм. Тэднийг гэм нүглийн ямар нэгэн боолчлол, муу сүнсний заль мэхээс ангид нигүүлслийн дор амьдруулахын тулд юм. Гэвч тэд энэ үнэнийг мөн Түүнийг хүлээн авахаас татгалзсан. Учир нь тэдний зүрхэнд Бурхан орших орон зай байгаагүй юм. Тэд Бурханы хууль, үгийг заадаг хэрнээ зүрх сэтгэл нь Бурханаас алс хол хүмүүс байв. Иймээс Есүс доорх асуултыг асууж байна. Одоо 35 б эшлэлийг хараарай. “Яагаад хуулийн багш Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? гэж асуусан. Есүс энэ асуултаараа дамжуулан хуулийн багш нарын буруу ойлголтыг зассан. Энэ бол Есүс хэний Хүү болох талаар ойлголт байлаа.
Одоо 36,37-р эшлэлүүдийг хараарай “Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн. 37 Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Есүс асуултаа Дуулал 110:1 эш татан асуусан. Эндээс бид юу сурч болох вэ?
Нэгдүгээрт: Есүс Давид хааны бичсэн Дуулал номноос эш татсан. Энэ нь Давид өөрийн амаараа дамжуулан Христ бол Түүний Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэлж байна. Харин тэр хожим өөрийнх нь үр удмаас төрөх Нэгэн нь Хаадын хаан, Эздийн Эзэн гэдэгт итгэсэн. Тиймээс Есүс махан биеэрээ Давидын үр удмаас төрсөн боловч Бурханы цорын ганц Хүү юм.
Хоёрдугаарт: Давид хаан Ариун Сүнсээр дүүрэх үедээ хожим ирэх Мессиагийн талаарх зөгнөлийг хэлсэн. Энэхүү зөгнөл нь Давид хааны амьдарч байсан цаг хугацаанаас 1000 жилийн дараа болох үйл явдлыг мэдүүлсэн гэсэн утгатай. Энэхүү зөгнөл нь энэ дэлхий дээр ирэх Мессиагийн тухай байв. Тэр нь Түүний удмаас Есүс Христийг мэндлүүлэх байв.
Гуравдугаарт: Давид хаан “Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” хэмээн дуулал номонд бичин үлдээснээр Христ юу хийхийг мэдсэн гэсэн утгатай. Бурхан Христийг энэ дэлхийд ирж хүмүүсийн гэм нүглийн төлөөсийг төлж загалмайд цовдлогдохыг Давид хаанд мэдүүлсэн. Мессиа үхлээс амилж Бурханы баруун гарт залрахыг 1000 жилийн өмнө Давид хаанд мэдүүлсэн ажээ. Христ нь Бурханы цорын ганц Хүү бөгөөд бидний цор ганц Аврагч билээ.
Бид Христ Мессиагаар дамжуулан Бурханы хүүхдүүд болсон. Тиймээс хулийн багш нар шиг байж болохгүй гэдгийг анхааруулж байна. Бурханд бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Цаашлаад мөнхийн улсын хүсэл найдвартай амьдрах хэрэгтэй. Ингэж амьдрах үед бид энэ дэлхийн юунд хоргодохгүй. Эд хөрөнгө, баяр цэнгэл, нэр алдар, мөнгө, сайхан амьдралыг Христийн алдрын төлөө гарз хохирол болгон тооцно. Бурханы улсад хүсэл найдвараа тавин амьдрах болно. Библи биднийг сайн мэдээг дамжуулахдаа цагаа олсон ч олоогүй ч бэлэн байгаарай гэж хэлдэг. Харин энэхүү үйлчлэлийг хийхдээ Бурхан, Ариун Сүнс, Есүс Христэд түшиглэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Бид хуулийн багш нараас сургамж авах хэрэгтэй. Өөрөө сайн ойлгоогүй, эргэлзээтэй ойлголтыг ч библийн багш нар болоод пасторуудаас асуун сайтар нягтлах хэрэгтэй. Түүнчлэн залбирал, гуйлт чимээгүй цагаар дамжуулан Ариун Сүнс, Есүсийг сонсох нь байна. Ингэснээр хэн нэгэнд Бурханы үгийг буруу ойлгуулах, заахаас сэрэмжилж чадах юм.
II. Тэр эмэгтэй өөрт байсан бүхнээ өргөлөө (41-44)
Одоо бүгдээрээ 41-44 эшлэлүүдэд анхаарлаа хандуулцгаая. Энэ хэсэгт сүмд өргөл өргөж байгаа баячууд болон бэлэвсэн эмэгтэйн талаар гарч байна. Тэдний нийтлэг тал нь 2уулаа өргөлөө сүмд Бурханы өмнө авчирч байна. Харин эдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийн хандлага өөр өөр байлаа. Есүс баячууд болон бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл ямар байгааг бусдад харуулахыг хүсэж байна.
Одоо бүгдээрээ 41-р эшлэлийг үзээрэй “Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа.” Есүс шавь нарынхаа хамт сүмийн өргөлийн хэсэгт ирэн тэнд юу болж байгааг ажигласан. Олон баячууд маш их зоосыг нижигнүүлэн өргөлийн хайрцагт цутгаж байлаа. Энэ бүхнийг харж байгаа шавь нарын хувьд хэсэг хугацаанд мөнгөний талаарх бодолд автсан. Тэд өмнө ийм их мөнгийг харж байгаагүй. Баячууд сүмд өөрсдийн хөрөнгөний илүүдлээс өргөж байв. Тэд бусдад харуулахын тулд өргөж байв. Баячууд бардам сэтгэлээр бусдад сайшаагдан харуулахын тулд өргөсөн. Харин эдгээр баячуудын эсрэг дүр бол ядуу бэлэвсэн эмэгтэй байлаа.
Одоо 42р эшлэлийг хараарай “Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.” Библид энэ эмэгтэй ядуу бэлэвсэн эмэгтэй гэж тодотгож байна. Эмэгтэй хүний эр нөхөр нь нас барсан бол тэр эмэгтэйг бэлэвсэн гэж дууддаг. Энэ эмэгтэйг бас ядуу тодотгосон байна. Библид олон бэлэвсэн эмэгтэйчүүдийн түүх байдаг. Бурхан ийм хүмүүсийг онцгойлон анхаарч гайхамшигтай аргуудаар хоооллосон, цор ганц хүүг нь амилуулж өгсөн гээд бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалсан олон түүх байдаг. Харин эрт цагт Израйльд эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээ маш бага байсан аж. Иймээс энэ эмэгтэйн хувьд байгаа бүхнээ л Бурханд өргөж байгаа нь энэ байлаа.
43-44 р эшлэлүүдийг харвал “Есүс шавь нараа дуудаад—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. 44 Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв”. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй одоогийн монгол төгрөгийн ханшаар 200 төгрөг өргөсөн. Есүс энэ эмэгтэй байсан бүгдээ өргөсөн гэж хэлсэн. Эндээс бид юу сурч болох вэ?
Хүмүүс чанараас илүү хэмжээг харж харьцангуй үнэлдэг бол Есүс хэмжээнээс илүү чанарыг харж үнэлдэг гэдгийг сурч болно. Өөрөөр хэлбэл Есүс хүмүүсийн өргөдөг өргөлийн хэмжээнээс илүү өргөл өргөж буй хүний сэтгэлийг харж үнэлдэг ажээ. Тиймээс Есүс энэ бэлэвсэн эмэгтэйн өргөсөн өргөлийг өндрөөр үнэлсэн юм. Есүс болоод Бурханд хүний зүрх сэтгэл хамгийн чухал гэдгийг харуулж байна. Баячууд байгаа илүүдлээсээ өргөсөн бол ядуу бэлэвсэн эмэгтэй ядуу тарчиг байдлаасаа байгаа бүхнээ л Бурханд өргөсөн.
Бэлэвсэн эмэгтэй ингэж өөрийгөө бүрэн дүрэн зориулж чадсан цорын ганц шалтгаан нь тэрээр бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Эзэн Бурханаа хайрласан учраас юм. Тэр бүтээгч Бурхан, аврагч Бурханы агуу их хайрыг бодох тусам Бурханыг чин сэтгэлээсээ хайрлахаас өөр аргагүй байсан. Тиймээс ядуу тарчиг байдлаасаа байгаа бүхнээ Бурханд өргөж чадсан юм.
2Коринт номын 8: 3-г үзвэл “Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ” гэж элч Паул Македонийн чуулганы итгэгчдийн итгэлийг гэрчилсэн. Иерусалим чуулганы итгэгчдийн тарчиг хэцүү байдлыг сонссон Македонийн итгэгчид үнэхээр сэтгэл гаргаж хэрээсээ ч илүү, сайн дураараа өргөл өргөжээ. Энэ нь тэд Есүсийн цусаар гэм ба шийтгэлээс аврагдсан авралын хайр ивээл үнэхээр их байсныг сайн илтгэн харуулж байна.
Өнөөдөр бид Эзэн Бурханаа халуун сэтгэлээр, бүх хүч чадлаараа хайрлаж чадвал Эзэний төлөө юу ч хийсэн баяр хөөрөөр, талархлаар хийж чадах юм. Ямар ч байдалд орсон Эзэнд сэтгэл гаргаж үйлчилж чадах билээ. Бид Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрласнаар Эзэнээс ирдэг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн амьдрахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт :
Ядуу бэлэвсэн эмэгтэйн адилаар Бурханд өргөх бидний чин сэтгэлийн өргөл нь юу байж болох вэ?
1- рт, Чин сэтгэлийн гэмшил : Бид олон жил библи судлал хийснээр зүрх маань бардам болдог. Улмаар энэ дэлхийн хүмүүстэй өөрсдийгөө харьцуулан зөвт амьдраад байгаа мэт өөрсдийгөө эндүүрдэг. Гэвч бидний зүрх Бурханаас аль хэдийн холдсон байдаг. Давид хаан Бурханы өмнө гэм үйлдэхдээ тэр чин сэтгэлээсээ гэмшсэн. Тиймээс тэрбээр Дуулал номонд “ Бурханд өргөх өргөл бол эмтэрсэн, гэмшдэг зүрх” хэмээн дуулсан байдаг. Тиймээс цаг үргэлж Түүний өмнө даруугаар гэмшдэг хүмүүс болцгооё. Чин сэтгэлийн гэмшил Бурханд өргөх чин сэтгэлийн өргөл юм.
2- рт, нэг нэгийн Библийн хичээл : Та яг одоо хэзээ хамгийн сүүлд Библи сөхөж уншсанаа санаарай. Хэзээ Библийн багш хоньчинтойгоо Бурханы талаар ярилцаж сэтгэгдэл хуваалцсанаа санаж байна уу? Хүн махан биеийн хүслээрээ амьдрах үедээ Бурханы өгсөн хараа, хүсэл зорилгоо гээж эхэлдэг. Ноагийн үед Содом Гоморрад ч хүмүүс Бурханаас илүүтэйгээр дэлхийн сайхан зүйлсийг хайсан учраас тэд мөхөж үгүй болсон. Харин бид түүхээс сургамж авч Бурханы үгийг хайрлан нандигнах хэрэгтэй. Библи судлалын цагуудыг нандигнаж Бурхантай илүү цагийг өнгөрөөдөг хүмүүс болцгооё. Нэг нэгийн Библийн хичээл хийхэд тийм ч амархан биш. Гэлээ ч Бурханд таалагдахын тулд энэ үйлчлэлд зүрхээ бүрэн дүүрэн зориулах хэрэгтэй юм. Байгаа бүхнээ Бурханд өргөдөг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Бурхан биднийг ерөөн сахих болтугай.