Закхайг дуудсан Есүс
Лук 19-1:10
Гол эшлэл 19:10
Өнөөдрийн номлолоор Есүс татвар хураагч Закхайг хайж олоод түүнд авралыг өгч байгаа талаар гарч байна. Өнөөдрийн номлолоор дамжуулан та бүхэн өөрийгөө болон мөнгийг хайрлаж байсан татвар хураагч Закхайг хайрлан түүнд Бурханы авралын баяр хөөрийг бэлэглэсэн Есүсийг хүлээн авч суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бидний найз болсон, аврагч болсон Есүсийн ивээл болон хайр бидний зүрх сэтгэлд дүүрэн оршин байгаасай хэмээн хүсэн гуйж байна.
1. Закхайг хайж ирсэн Есүс
Есүсийн амьдарч байсан тухайн цаг үед татвар хураагчид нь нийгмийн хувьд гэмтэн байсан бөгөөд заль хорон мэхээр нэрд гарсан хүмүүс байлаа. Тэд хүмүүсээс их хэмжээний татвар авч бараг ихэнх хэсгийг нь хувьдаа завшдаг байв. Есүс ядуу хүмүүсийн төлөө байдаг гэж бид боддог. Харин өнөөдрийн сурч буй энэ хэсэгт Есүс залилагч, хорон муу Захкайгийн талд орж буйг харж болно. Энэ нь алдагдсан нэгний төлөө хийж буй Есүсийн хайрын үйлдэл юм. Тэгвэл татвар хураагч Закхай нь аль талаараа алдагдсан нэгэн байсан бэ? Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, элбэг хангалуун мөнгө төгрөгөөр дутаагүй Закхай нь Эзэн дээр ирэх шалтгаан нь юу байсан бэ? Тэр яагаад бүх зүйлээ орхин Есүст итгэх болсон бэ?
19:1-3 зүйлийг үзээрэй.
“Есүс Иерихог дайрч өнгөрөв. Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв”
Далдуу модны хот” гэж нэрлэгддэг байсан Иериход Закхай гэгч татвар хураагч амьдардаг байсан бөгөөд тэрээр татвар хураагчдийн ахлагч байлаа. Тэр мөнгөтэй баян, юугаар ч дутахааргүй чинээлэг хүн байлаа. Закхай гэдэг нэрний утга нь “цэвэр ариун зөв шударга” гэсэн утгатай юм. Тэр багадаа хэн байсан, ямар гэр бүлд төрсөн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй юм. Магадгүй тэрээр ядуу тарчиг гэр бүлд өссөн, эсвэл хойд аав ээжийн хатуу гарт нухлагдсан амьдралыг туулсан байж болох юм. Эсвэл үргэлж хэн нэгэнд гадуурхагдан хайрыг авч үзээгүй өссөн байж болно. Магадгүй төрөлхийн өвчтэй байсан болохоор түүндээ шаналж байсан ч байж болох юм. Ямартаа ч тэр бүгдийг даван туулж их хөдөлмөрлөж хичээж өөрийн амьдралыг өөрчлөхийг хичээсэн. Тэр эцэстээ татвар хураагч гэх энэ замыг сонгосон нь бүх зүйлийг төгс болгохыг хичээж эд хөрөнгө, эрх мэдэлтэй болохыг хүссэнд байгаа юм. Тэрээр дутуу зүрх сэтгэлээ мөнгөөр дүүргэхийг хичээсэн нь адгийн гэмтэй татвар хураагч болохоос өөр аргагүй байдалд оруулсан. Тэр энэ бүгдийг даван туулж хүмүүсийн хараал болон үзэн ядалтыг давж байж татвар хураагчийн ахлагч гэх энэ албан тушаал дээр ирсэн юм. Энд хүрэх гэж ихэд хичээсэн бөгөөд Ромчуудын арга эвийг олохын тулд пялдага зан гарган амьдарсан. Мэдээж түүнд хэцүү зүйл олон байсан ч эрх мэдэл, албан тушаал, мөнгөтэй болохын тулд тэр бүх зүйлийг даван туулж мөнгө цагаан, нүд улаан амьдралаар амьдарсан. Өөрийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд ромын албан тушаалтанд хээл хахуул, авилгал өгч үүнийгээ нөхөхийн тулд ард иргэдээс төлөх ёстойгоос илүү татвар хураан авдаг байлаа. Закхай зорилгодоо хүрсэн бөгөөд эд хөрөнгө, албан тушаал түүнийг баяр хөөр, аз жаргалтай байлгаж чадна гэж бодсон. Харин эсрэгээр энэ амьдрал нь түүнийг аз жаргалтай байлгаж чадаагүй бөгөөд түүний зүрх сэтгэлийг дүүргэж чадаагүй юм. Түүний сэтгэл сүнс нь үхмэл байсан бөгөөд түүнд байгаа зүйл нь ард иргэдийн уур уцаар, бухимдал, түүнийг үзэн ядсан байдлаар харах харц байлаа. Закхай бодитоор ийм л амьдралыг туулж буй алдагдсан нэгэн байв.
Одоо 3-р зүйлийг үзээрэй. “Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв”
Олон хүмүүс Есүсийг гэртээ урьж түүнтэй ярилцаж хамт байхыг хүсэж байсан. Закхай ч тэгэж хүсэж байсан хүмүүсийн нэг байлаа. Есүсийг өнгөрч явах үед маш олон хүмүүс бүчин авч түүнтэй ярилцаж байлаа. Харин бие жижиг Захкай тэр хүмүүсийн гадна байв. Тэр Есүсийг харахыг маш их хүсэж бас арга хайж байлаа. Яагаад гэвэл тэр Есүсийн хийсэн агуу зүйлүүдийг сонссон байв. Түүнийг л харах юмсан. Түүнийг л харах юмсан. Закхай үнэхээр Есүсийг харахыг хүсч байв. Гэвч тэр хүмүүсийн дээгүүр давуулаад харах хэмжээний өндөр биш байв. Магадгүй тэрээр тэнд байсан хүмүүсээс хамгийн намхан нь байсан байх. Хөөрхий Закхай, одоо яах ч юм билээ. Тэр түлхээд түлхээд хүмүүсийн дундуур орж чадсангүй. Хүмүүс түүнийг оруулах ч үгүй. Яагаад гэвэл тэд хогийн муу гэмтэн Закхайг мэднэ. Тэд түүнийг баян гэдгийг мэднэ. Хүмүүс түүнд дургүй бөгөөд хүмүүс түүнийг үзэн яддаг. Закхай татвар хураагчдын ахлагч байсан. Татвар хураагчид нь хүмүүсээс авах ёстойгоосоо үргэлж илүү мөнгө авдаг байсан. Тэд илүү мөнгийг өөрсдөдөө үлдээж баяждаг байжээ. Мэдээж, Закхай ч бас ийм жишгээр амьдарсан. Тиймээс хүмүүс түүнд дургүй болсон.
19:4 зүйлийг үзээрэй. “Тэгээд тэр түрүүлэн гүйж Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа.”
Тэр Есүсийг харахыг л хүсч байлаа! Түүнд гэнэт хийж чадах ганц л зүйл байх шиг санагдав. Тэр тэдний өмнөх замын хажууд байсан модруу хүмүүсээс түрүүлэн гүйв. Энэ нь тэр хотод байдаг маш олон далдуу моднуудын нэг биш бөгөөд амтлаг жимстэй инжрийн мод байв. Закхайд жимс идэх сонирхол ерөөсөө байсангүй. Харин түүний зорилгыг биелүүлэх салаа бүдүүн мөчрийг тэр олж харав. Тэр гараа сунган мөчрөөс зууран барьж авирсаар дээш гарав. Модны нэг салаан дээр тэнцэн тогтоод доош зам дагуу харав. Олон хүмүүс ойртон ирж байлаа. Закхай бүх хүмүүсийн дээр, бас илүү өндөрт байлаа. Тэрээр одоо би үнэхээр Есүсийг харж чадна гэж баярлан бодов. Бөөн хүмүүс ойртсоор байлаа. Закхай улам хичээн харав. Түүний харахыг хүссэн цорын ганц хүн болох Есүс Христ тэнд байв. Тэгээд тэр Түүнийг харлаа. Закхай Түүнээс хараагаа огт салгасангүй. Закхайн сууж байсан модны яг доор ирээд Есүс зогсов. Хүмүүс ч зогсоцгоов. Есүс дээшээ мод руу харав. Хүмүүс бас даган харав. Өө, “Закхай!” хэмээн Есүс түүнийг дуудав. Тэрээр Закхайг чинь сэтгэлээсээ дуудав. Намайг нэрээр минь дуудлаа хэмээн Закхай бодов. Миний нэрийг Есүс яаж мэддэг болсон юм бол? Закхай ихэд гайхав. Тэр өмнө нь намайг хэзээ ч хараагүй. Намайг энд, энэ дээр байгааг Тэр яаж мэдсэн юм бол? Ийнхүү бодох зуур Есүс түүнд дахин хэлэв. “Закхай, түргэл, буугаад ир!” гэж Есүс дуудав. “Өнөөдөр би танай гэрт очих ёстой” гэж түүнд хэлэв. Намайг дуудаж миний гэрт очихыг хүсч байна хэмээн баярлан Закхай хар хурдаараа бууж ирэв. Дараа нь тэр Эзэн Есүсийн өмнө зогсов. Тэрээр урьд нь хэзээ ч харж байгаагүй хайрын, баяр хөөрийн бас хамгийн эелдэг харцыг олж харав. Матай 11:9 зүйлийг үзвэл. “Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тиймээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.”
Закхай өөрийн авралыг өгөгч Нэгнийг харах гэж түүнтэй уулзахыг хүсэн инжир модон дээр авиран гарснаараа Эзэн Есүстэй уулзсан юм. Тэр эш үзүүлэгчээс илүү нэгэн бөгөөд бидний гэмийг уучилж биднийг хайрлаж бидэнд шинэ амьдралыг өгч авралын баяр хөөрөөр дүүрэн амьдруулагч Эзэн юм. Биднийг хайж ирдэг нэгэн бөгөөд энэ дэлхийн юугаар ч орлуулж боломгүй тийм л гайхамшигт дуудлага нь “Закхай буугаад ир” гэсэн Есүс Христийн хайрын дууудлага юм. Энд сууж байгаа Та ч бас нэгийг бодоорой. Та биднийг сул дорой гэм буруугаар дүүрэн сатаны эрхшээлд байх үед биднийг дуудсан Эзэнд талархаарай. Мөн хараахан Есүсийг мэдэхгүй байгаа та ч гэсэн энэ Есүсийн буугаад ир гэсэн хайрын дуу хоолойг сонсон Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээж аваасай хэмээн хүсч байна. Мөн бидний эргэн тойронд Закхай мэт модон дээр гараад хүлээж буй аль нэг их дээд сургуулийн кофе шоп, номийн сан, өөр хаа нэг газар сууж буй оюутнууд дээр очоод гараад ир сентад очъё хэмээн хэлж тэдэнд Бурханы үгийг тунхаглаж чадахыг хүсч байна. Бидний дуудлагыг хүлээж байгаа олон зуун оюутнууд байгаа. Бид Бурханаас энэ оюутнуудыг дуудах дуудлагыг авсан хүмүүс юм. Бид ч бас энэ үүргээ сайн биелүүлэх ёстой гэж бодож байна. Энэ цагт бүгдээрээ Закхай буугаад ир гэсэн Есүс Христийн үгийг авч их дээд сургуулийн оюутнуудыг Бурханд авчрах дуудлагын ажлаа итгэмжтэй хийж чадахыг хүсэн гуйж байна.
2. Закхайн гэмшил
Лук 19:7 зүйлийг үзэцгээе. “Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа ” Есүс гэмтэй татвар хураагчтай хамт гэрт нь очихоор явав. Есүс нүгэлт хүний гэрт зочлохоор явлаа гэж цугласан олон уулга алдацгаав. Гэвч хүмүүсийн зэвүүцэл Закхайд ямар ч саад болсонгүй. Есүс түүнтэй хамт, түүний гэрт байх нь л түүнд хамгийн чухал байлаа. Закхай Есүстэй уулзсандаа үнэхээр баяр хөөртэй байв. Закхайд Есүс Бурханы агуу их хайрыг мэдрүүлэв. Тэр маш их аз жаргалтай байлаа. Магадгүй тэр баярын нулимс унагасан байх. Хэсэг хугацааны дараа Бурханы ариун Хүүгийн жинхэнэ оршихуйд байгаадаа Закхай бага зэрэг сандрав. Закхай Есүстэй уулзан өөрийгөө бузар гэмтэн гэдгийг олж мэджээ. Тэр мөнгийг өөрийн эзэн мэт хайрладаг нэгэн байв. Тэр үүнийгээ гэм гэдгийг ухаарсан. Закхай Бурханы агуу их хайр тэр гүн гүнзгий ивээлийг мэдэрч байв. Иохан 1:9 зүйлийг үзвэл “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэр итгэмжит зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ ” гэсэн байдаг. Тэрээр өөрийгөө гэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө төрөлх нэрийн утгатай адилаар ариун зөв цэвэр нэгэн болов.
Тэр өөрийгөө эрх мэдэлтэй баян хүн гэж бодохоо болив. Бурхан ямар ариун болохыг, татвар хураагч өөрөө ямар их нүгэлтэй болохыг тэр ухаарав. Закхай гэмшив. Тэр татвар төлөгчдөөс мөнгө хулгайлж авсныхаа төлөө гэмшжээ. Түүний оюун бодол санаа сэтгэл өөрчлөгдөв. Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөн дахин төрөв. Тэр Есүсийг гэрлүүгээ дагуулан явж байсан бөгөөд түүний харих зам гэрэлтэж байв. Яагаад гэвэл Есүс түүнтэй хамт байгаа учирт юм.
Лук 19:8 үзээрэй “Закхай зогсоод Эзэнд, хөрөнгөнийхөө тэн хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж, эргүүлэн өгнө гэсэнд” Закхай энэ эшлэлийг бүх хүмүүст дуулдахаар чанга хэлсэн байх. Тэр урьд нь мөнгөний боол байсан бөгөөд хүмүүсээс 10 20 30 дахин илүү мөнгө авдаг байсан. Харин ийм түүний зүрх сэтгэлийг Есүс өөрчилж чадсан юм. Тэрээр эрх мэдэл мөнгөний шуналаас чөлөөлөгдсөн. Тэр хүний амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Эзэн Есүст итгэсэн тэрээр хийсэн буруу зүйлүүдийнхээ төлөө гэмшжээ. Түүний гэмшил чин сэтгэлийнх байсан. Учир нь тэр хийж дадсан заншлынхаа яг эсрэг зүйлийг хийхээр амласан юм. Одоо тэр хүмүүсээс хулгайлан авахын оронд өгөхөөр болсон юм. Закхай Есүсийн хайраар дахин шинэ хүн болсон юмаа. Нүглүүд нь уучлагдсан гэдгээ мэдэх нь энэ дэлхийн бүх мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй юм.
Одоо Лук 19:9-10 “Есүс түүнд. Өнөөдөр Энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. Хүний хүү алдагдсаныг хайж аврахаар ирсэн. ” Закхайн хувьд өөрийгөө төвд тавьдаг амьдрал, бардамналаасаа салж Бурханы ариун Хүү рүү эргэсэн нь энэ өдөр ямар их гайхалтай өдөр вэ гэдгийг харуулж байна. Түүний оюун бодол, зүрх сэтгэл, үйлдэл нь өөрчлөгдсөн учир үнэхээр баяр хөөртэй гайхалтай өдөр байлаа. Тэр дэлхийн баялгаа орхиж Есүс Христ доторх тэнгэрлэг баялаг руу эргэсэн юм. Аврагч Есүст итгэсэн яг тэр агшинд тэр гэмшжээ. Эзэн Есүс Христийг Аврагч хэмээн итгэж Закхайн адил гэмшиж мөнгө. эд баялагт үйлчилдэггүй хүнээр та бүхэн шинэ хувцсыг өмсөөсэй хэмээн хүсэн гуйж байна. Мөнгө эд баялаг нь хүний амьдралын хэрэглээ болохоос биш, туйлын гол зорилго болон утга учир биш юм. Харин Эзэн Есүсийн бидэнд өгдөг аврал л хамгийн чухал болохыг Закхай сая нэг ухаарсан. Ийнхүү хэн ч тоохгүй, хэнд ч хэрэггүй мэт амьдарч байсан Закхайг Эзэн Есүс хайрлан, Өөр рүүгээ дуудан шинэ амьдрал шинэ хүсэл мөрөөдөл болсон авралыг түүнд өгсөн юм. Энэ цагт Есүс бидэн дээр энд сууж буй тань дээр ирээд танийг дуудаж байна. Та Есүст хариулахад бэлэн үү? Түүнд зүрх сэтгэлээ нээж түүнд бүх амьдралаа уудлахад бэлэн үү? Хэрэв та түүнд өөрийн зүрх сэтгэлийг өгвөл тэр танд энэ дэлхийн хэн ч өгч чадахгүй гэм нүглийн уучлал, авралын баяр хөөр, амар тайвныг өгөх болно. Яагаад гэвэл Есүс Христ энэ дэлхийд ирсэн зорилго нь алдагсаныг хайж аврахаар ирсэнд оршиж байгаа. Нүглийн уучлалыг авсан та хариу үйлдэл хийх хэрэгтэй бөгөөд алдагдсан, гадуурхагдсан тэр нэг оюутанд Эзэний үгийг тунхаглаж баярын мэдээний үнэнийг дамжуулж чадахыг хүсэн гуйж байна.
Намайг Норжмаа овогтой Нямдорж гэдэг. Би 1995 онд Архангай аймгийн Ихтамир суманд айлын 2 дахь хүү болон төрсөн бөгөөд 3 сартай байхад аав ээж минь салсан. Төрсөн ах минь ээжтэй явж би аав эмээтэйгээ үлдсэн. Төд удалгуй аав Зүүнхараа явж би эмээтэйгээ үлдэж эмээгийн хүүхэд болсон. Бага нас минь бусдын адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 10 жилдээ их сахилгагүй хүүхэд байлаа. 11-р ангиа төгсөж ЭЕШ-аа өгч тийм ч сайн оноо авч чадсангүй. Дархан хотод байх ХААИС-ийг авч сурахаар явав. Надад Дарханд байх нь тийм ч их таалагдсангүй. Таних хүн байхгүй оюутны байранд нилээн зутруу байлаа. Гэрээс холдож үзээгүй надад хоол хийхээс эхлээд олон хэцүү зүйл байлаа. Гэрээсээ байнга мөнгө нэхэх хэцүү тул намар ногоо хураалтанд явж цалин авч байлаа. Эхэндээ хүнсээ авдаг байсан би сүүлдээ өөр зүйлд зориулахаар олсон мэт мөнгийг архидалт, шоу цэнгээнд зарцуулдаг болов. Энэ байдал нилээн үргэлжилж амралт болов. Угийн дургүй байсан би сургуулиа хаяад Архангай явлаа. Ямар ч зорилгогүй гэртээ ирэв. Дахиад ЭЕШ өгөхөөр болж Бурханы төлөвлөгөөний дагуу БХИС-ийн инженерийн ангид суралцахаар болов. Энэ үед Закхай мэт төөрч будилж энэ дэлхийн зүйлсээр өөрийгөө дүүргэх гэж шаналж явсан намайг 2014 онд Оюунчимэг хоньчин юбф цуглаанд урьж ирүүлсэн билээ. Анх ирэхэд их сонин дуулаал, заримдаа дууны үгийг нь ойлгохгүй дундыг барин ам дагуулаал дуулдаг байв. Номлол бол бүүр ойлгохгүй. Анх Бүүвэйбаатар хоньчинтой анхан шатны нэг хичээл хийгээд сайн ойлгосонгүй. Намрын конференцод явж ирээд дахин сентад ирээгүй. Би оюутан байх хугацаандаа ангийхантайгаа нийлж их уудаг байлаа. Амралтын өдрөөр ажил хийж олсон мөнгөө хэрэггүй зүйлд их зарцуулдаг байлаа. Зодоон их хийж нэлээн зодуулна бас зодно. Курсын ялгаа их хэцүү байдаг байлаа. Ах нарын арга эвийг олох гэж архидуулж өөрөө бас архидан завхайрлын гэм хийн амьдрах болов. 10 жилд байхдаа нутгийн охинтой үерхдэг байлаа. Удаан үерхсэн тул биенээ сайн мэддэг байв. Тэгсэн ч өөр хүмүүстэй уулзаж завхайрч амьдрах болов. Юун нөгөө Эзэн Бурханаа санах мартаж орхисон байв. Харин ийм байсан би Гал-Эрдэнэ хоньчны гэр бүл Монголд ирснээр гэрт нь амьдрах болж дахин Есүс дээр ирж Түүнийг хайн амьдрах боломжоор хангагдсан юм. Ийнхүү дахин би сентад ирсэн. Би олон талаараа Закхайтай адилхан. Надад эцэг эхийн хайр, ах дүүгийн хайр, хангалуун байх мөнгөгүй, өөрийгөө голсон сэтгэл, бас намхан гэж өөртөө гомдох гээд л олон зүйл байлаа. Энэ бүхнээс илүү Есүсийг мэдэхгүйгээр гэмийн хүлээс дунд байсан маань Есүс дээр ирэх хамгийн том шалтгаан болсон юм. Би Есүстэй уулзаагүй бол, би библийн хичээл хийгээгүй бол, би Оюунчимэг хоньчны үгэнд ороогүй бол өнөөдөр Закхай мэт хаа нэг газар суугаад л бусдыг зовоон өөрийгөө ч зовоосон өөрийнхөө амьдралд шантарсан нэгэн байх байсан. Есүс намайг дахин дуудсан дуудлага нь Иохан 4:14 “Харин миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд” гэсэн Эзэний үг байлаа. Мөн Иохан 8:11 “Тэр эзэн хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс Би ч чамайг шийтгэхүй. Яв. Үүнээс хойж дахин нүгэл бүү үйлд гэлээ”. Энэ үгээр Эзэн миний өөрийгөө голох гэм, бардам онгироо байдал, миний завхайрлын гэмийг уучилж өршөөж цагаатгаж өгсөн юм. Би ийм л Есүсийн хайрыг авсан учраас дахин Бурхандаа ирсэн юм. Мөн итгэлийн олон ахан дүүстэй болгож хамгийн сайн ажилд оруулж өгсөнд талархаж байна. Гэхдээ юу юунаас илүү Есүс миний гэмийг уучилсан гэдэгт хамгийн их талархаж байна. Дээрэлхүү хараалын үг хэрэглэж зарим хоньчидруу уурлаж хэл амаар доромжилж сүнслэг цаг авалгүй, бүх зүйлд өөрийнхөөрөө хайнга ханддагт энэ цагт чинь сэтгэлээсээ гэмшиж байна. Бас өөрийн хамгийн том гэм болох өмнө нь үерхдэг байсан бүсгүйтэй харилцаатай байж уулзаж мартаагүй амьдарсандаа гэмшиж байна. Хоньчин болсноос хойш завхайралын гэмийг үйлдсэндээ гэмшиж байна. Ажлынхантайгаа архи ууж уух болгондоо Баясгалан хоньчинтой таарч бас ахлах хоньчидтой таарч зөв бус үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Тиймээ Эзэн би хайрлагдах зохисгүй нэгэн. Харин та намайг Нямдоржоо буугаад ир би танайд өнөөдөр очно хэмээн намайг хайрлан дуудаж надад хүсэл найдвар тавьж байгаад тань талархаж байна. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ хэмээн Есүс намайг дахин хүлээн авч надад шинэ хүч чадал, шинэ амьдралыг өгсөн билээ. Би эзэний өргөөнөөс чамайг ерөөлөө гэсэн үгээр би дахин сентад эргэн ирсэн бөгөөд сул дорой гэж намайг гололгүй өөрийн ажлыг хийлгэх, Эзэний үгийг тунхагладаг хоньчноор дуудсанд талархаж байна. Би энэ цаг үеийн оюутнуудын хоньчин, сайн библийн багш болон амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт-Закхай мэт амьдарч байгаа хүмүүс энэ дэлхийд олон байна. Магадгүй бидний бодож байгаагаас ч илүү их байна. Тэдэнд Есүс заавал хэрэгтэй. Эзэний үгийг дамжуулах, тэднийг дуудах хоньчид хэрэгтэй. Энэ цагт таний зүрх сэтгэл өөрчлөгдсөн үү? Таны хүсэл мөрөөдөл өөрчлөгдсөн үү? Хэрэв өөрчлөгдөөгүй бол энэ цагт та гэмших хэрэгтэй. Та гэмээ орхиж Эзэн Есүс рүү эргэсэн бол бусад хүмүүс хэрхэн Түүн рүү эргэж болох талаар тэдэнд зааж үзүүлэх хэрэгтэй. Найзууд болон гэр бүлдээ Закхайн тухай ярьж тэрээр хэрхэн авралыг авч шинэ амьдралыг олж авсныг тунхаглах хэрэгтэй. Энэ цагт энд сууж буй оюутнууд болон та бүхний зүрх сэтгэлд Закхайгийн авсан баяр хөөр болон авралын ажил биелэлээ олоосой хэмээн хүсэн залбирч байна. Хаа нэг газар хайраар дутагдаж зовлонгоор дүүрэн, орхигдсон, гадуурхагдсан, үзэн ядагдсан Закхай мэт хэн нэгэн байсаар байна. Та тэдэн дээр очоод Есүс адил дээш харан Закхай буугаад ир өнөөдөр би танайд очно хэмээн хайрын дуу хоолойгоор тэднийг Есүсийн хуримын найранд урьж жинхэнэ амар тайван баяр хөөрийг дамжуулж өгөөсөй хэмээн хүсэж байна. Та тэдэнд залбиралтайгаар хэлбэл Бурханы Ариун сүнс тэдний зүрх сэтгэлийг бэлтгэж Тэд Бурханы Хүүд итгэж гэмээ гэмших болно. Бурхан биднээр дамжуулан олон хүмүүсийг Эзэн рүү авчраасай хэмээн хүсэн гуйж байна. Та бүхний амьдралд Закхайгийн эдэлсэн авралын баяр хөөр, гэмшлийн бодит үйлчлэл үргэлж дүүрэн байх болтугай хэмээн залбирч байна. Амен