МЭРГЭН ХҮМҮҮСИЙН ЁСООР АЛХМЭРГЭН ХҮМҮҮСИЙН ЁСООР АЛХ
Ефес 5:15-20
Гол эшлэл: 5:15
“Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.”
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Өмнө бид Христийн дотор дахин төрж шинэ болсон хүмүүс нь хэрхэн Бурханыг дуурайн амьдрах тухай суралцсан. Харин өнөөдрийн номлолоор мэргэн хүн гэж ямар хүнийг хэлэх бөгөөд хэрхэн амьдрах ёстой талаар суралцацгаая.Одоо бүгдээрээ 15-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.”Энэхүү эшлэл нь өөрийн амьдралын зам мөрөө хянаснаар мэргэн ухаантай амьдраарай гэсэн утгатай. Хүмүүс байр машин худалдан авах, хаана амьдрах, ямар сургуульд сурах, мэргэжил сонгох, ажилд орох, гэрлэлт, шинэ хувцас худалдан авах, гадна төрх гэх мэтэд маш хянамгай байдаг. Гэвч үнэхээр чухалчлан сайн хянах зүйл нь “ямар замаар алхаж” буйг хянах юм. Тэгвэл мэргэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Олон ном уншиж, олон талын мэдлэг боловсролыг олж эзэмшсэн хүнийг мэргэн хүн гэх үү? Үнэтэй сайхан сургамж, ухаарлын үгийг хэлж зөвлөдөг амьдралын ухаантай хүнийг хэлэх үү? Энд хэлж буй мэргэн хүн гэдэг нь мэргэн бууч юм уу харваач хүнийг огтхон ч хэлээгүй. Монгол хэлний тайлбар толинд “мэргэн хүн” гэж хэрэг явдлыг оновчтой шийдвэрлэж чаддаг цэцэн цэлмэг, ухаантай байдлыг хэлнэ гэжээ. Харин Библийн дагуу харвал Сургаалт үгс 1:7-д “ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг мунхгууд үл тоомсорлодог ажээ” гэсэн байна. Эндээс харвал Бурханаас эмээн хүндэтгэж, Түүний үг тушаалын дагуу амьдардаг хүнийг мэргэн хүн гэж ойлгож болно. Бурханы мэргэн ухаан нь энэ дэлхийн бүх мэргэн ухаанаас ч илүү юм. Тиймээс мэргэн хүмүүс нь Бурханы мэргэн ухааныг хүлээн авч зөв замаар алхаж, зөв шийдвэрийг ч гаргаж чаддаг. Харин өөрийгөө ухаантай гэж боддог хүмүүс Бурханы үг ба тушаалыг үл тоомсорлон, өөрийнхөө толгойн ухаанаар амьдрах гэдэг. Тэдгээр хүмүүс нь ухаантай юм шиг боловч үнэндээ бол мэргэн бус юм. Мэргэн бусчууд амар хялбар, өөрт тааламжтай замыг сонгодог бол мэргэн хүмүүс нь хэцүү бэрхшээл, бартаатай боловч мөнхөд үлдэх замыг сонгодог. Тэгвэл мэргэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж буйгаа хянахын тулд бидэнд байх ёстой 3-н чухал чанарыг суралцацгаая. 1-рт: Мэргэн хүн нь цагийг үнэлдэг. 16-р эшлэлийг үзээрэй. “Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.” Цагийг үнэлэх нь цагийг аврах, цаг хугацаа боломжийг ашиглах гэсэн утгатай. Цаг хугацаа болон өдөр нь Бурханаас хүн бүрд тэнцүү өгөгдсөн байдаг. Бидний хэн байхаас үл хамаарч бидэнд өдөрт 24 цаг, 1440 минут, 86400 секунд өгөгдсөн. Энэ хугацаа бол Бурханы бидэнд өгсөн гайхалтай бэлэг юм. Харин бид энэхүү цаг хугацааны нярав юм.Тиймээс мэргэн хүний ёсоор Бурханы өгсөн онцгой боломж болсон цаг хугацааг бүх чадлаараа зөв ашиглан амьдрах хэрэгтэй. Та цагийг хэр зэрэг үнэлж байна вэ? Цагийг үнэлэн амьдрах ёстойн учир нь цаг хугацаа богино учраас бус өнөөгийн цаг үе нь муу цөвүүн учраас юм. Тухайн үед ч гэсэн Христэд итгэгч олон хүн шоронд хоригдож, цаазаар авахуулдаг байсан. Үйлчлэх боломжгүй өдөр удахгүй ирж учраас (Иох 9:4) Бурханд үйлчлэх боломжийг итгэгчид алдаж болохгүй гэж Паул хэлсэн. Тиймээс мэргэн хүмүүс нь бузар муу, цөвүүн энэ цаг үеийн уур амьсгалыг дагаж амьдралгүй, бүх боломжоо ашиглан мууг эсэргүүцэж сайныг үйлдэн амьдрах хэрэгтэй. Өнөө үед залуус PC тоглоом, facebook, youtube, TV, ухаалаг утас гэх мэт дэлгэцийн ертөнцөд ихэнх цагийг дэмий үрдэг болсон. Харин мэргэн хүмүүс нь бузар муу энэ цаг үед амьдардаг ч, өнөөгийн уур амьсгалыг дагаж амьдралгүй, бүх боломжийг ашиглан мууг эсэргүүцэн сайныг үйлдэн амьдрах хэрэгтэй. Сайн зүйлийн төлөө зориулахад ч хангалтгүй богино амьдралыг мууг үйлдэн дэмий үрэх нь мунхаг үйлдэл юм. Тиймээс Бурханд таалагдах, Түүний хүслийг гүйцэлдүүлэх аливаа боломж, цагийг алдах ёсгүй.Ялангуяа итгэгч бид хамгийн түрүүнд Бурханд хүндэтгэл мөргөл өргөн, Библи уншиж, залбирах цагийг гаргах ёстой. Ингэснээр Бурханы мэргэн ухаанаас суралцаж, зөв амьдрах аргыг олж авах юм. Үнэхээр амжилттай, зөв сайхан амьдрахыг хүсэж байгаа бол сүнслэг цагийг эхлээд гаргах хэрэгтэй. Энэхүү цагийг хойш тавих нь Бурхантай харилцах харилцаанд ач холбогдол, үнэ цэнэ өгөхгүй байгаагийн илрэл юм. Миний хувьд ажил амарсан учраас энэ боломжийг ашиглан бие махбодоо амраая гэж бодон гэртээ зүгээр хэвтэж өнгөрөөсөн өдөр цагуудын төлөө харамсан, Бурханы өмнө гэмшиж байна. Хүнд махбодын амралт хэрэгтэй боловч, телевиз үзэж, идэж, унтан цагийг үр ашиггүй өнгөрөөн, ялангуяа сүнслэг цагийг авч чадаагүй нь миний алдсан цаг хугацаа байсан. “Цагийг үнэл” гэсэн энэхүү зарлигаар дамжуулан Бурханы надад өгсөн цагийг зөв, мэргэн хүний ёсоор ашиглахыг ухаарлаа. Хөл хорио тавьснаас болж боловсролын байгууллагууд, цэцэрлэг, зарим албан байгууллага амарч байгаа. Үүнийг бид муу талаас нь харвал олон зүйлсийг хэлж шүүмжилж болох боловч харин энэ хугацааг Бурханы бидэнд өгч буй амралт гэж бодон гэр бүл, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, эрүүл мэнддээ анхаарах, амжуулж чадахгүй байсан ажлуудаа амжуулах, сүнслэг цагийг ч гэсэн хичээнгүйлэн авч Бурхантай харилцаагаа сэргээх боломж гэж харвал үнэхээр ухаалаг байж чадах юм. Мөн энэ цаг хугацаа нь онлайн цуглаан хийх мэдлэг туршлага, салбар чуулган байгуулах суурийг ч тавьж, сайнмэдээг хувьчлан хуваалцахын ашиг тусыг ухааруулж байна. Энэ цагт UBF чуулганыхан бид мэргэн хүний ёсоор Бурханы алдрын төлөө цаг хугацааг үр ашигтай зарцуулдаг амьдралаар амьдарч чадахыг гуйж байна. 2-рт: Мэргэн хүн нь Бурханы хүслийг ойлгож ухаардаг. 17-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.”Мэргэн хүн шиг амьдрахын тулд Бурханы хүслийг ойлгож ухаарах хэрэгтэй. Мэргэн бусчууд нүгэлт шинж чанараараа амьдардаг боловч жинхэнэ ухаалаг хүмүүс Бурханы хүсэл нь юу болохыг ойлгож түүний дагуу үйлдэн амьдардаг. Учир нь Бурханы хүсэл бүх цаг үед хамгийн сайн байдаг. Тэр өөрийн хүүхдүүдэд хэзээ ч муу муухайг хүсэхгүй. Тиймээс мэргэн хүмүүс зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхол, таашаалд анхаарлаа хандуулахын оронд Их Эзэний хүсэл юу болохыг ойлгохыг хичээдэг.Бурханы хүслийг мэдэх олон арга замууд байдаг ч хамгийн гол нь Бурхантай ойр дотно харилцаатай байх ёстой. Эзэн Бурхантай маш дотно харилцаатай байснаар Түүнд зүрх сэтгэлээ өргөж, тэгснээр Түүний хүслийг ойлгож, дагах сэтгэлтэй байж чадна. Библид бичсэнээр, Бурхан хүмүүст өөрийн хүслээ, Библиэр, залбирлаар, нөхцөл байдлаар, чуулганаар, зүүдээр, үзэгдлээр, эш үзүүлэгчээр, тэнгэрэлчээр, илжгээр, шатаж буй бутаар гэх мэт олон байдлаар илэрхийлсэн байдаг. Гэвч өнөө цаг үед яг ийм байдлаар Бурхан хүслээ илэрхийлнэ гэсэн үг биш. Бид төгс хүчит Бурханд итгэж, Түүнээс эмээн хүндэтгэж л байгаа бол Түүнд бүх амьдралаа, бүх зүрх сэтгэлээ бүрэн өргөх хэрэгтэй. Тэгээд Түүнээс хичээнгүйлэн залбиран асууж, Түүний үг болсон Библиэр дамжуулан ойлгож ухаарч болно. Хэрэв та жаахан эргэлзэж, ойлгож чадахгүй бол хамтран зүтгэгч ба сүнслэг удирдагч, хоньчдын зөвлөгөөг сонсож, нөхцөл байдлаар дамжуулан Бурхан хэрхэн ажиллаж байгааг ажиглаарай. Хамгийн гол нь Бурханы хүсэл мөн гэдэгт итгэж дуулгавартай дагах нь чухал юм. Бурханы бүх хүнд хандсан сайн хүсэл таалал байгаа боловч дээрх аргаар хувь хүн нэг бүрд хандсан хүсэл тааллыг бүрэн ухаарснаар мэргэн хүний ёсоор амьдарч чадахыг гуйж байна. Иеремиа 29:11-д “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Бидэнд хандсан Бурханы хүсэл төлөвлөгөө бидний сайн сайхны төлөө байдаг. Тиймээс Бурханы төлөвлөгөөг дагаж амьдарвал аз жаргалгүй болно гэж айж, санаа зовох хэрэггүй. Бурханы хүслийг дагах нь тухайн үедээ хүнд хэцүү мэт санагдавч, үнэндээ амьдралын явцаас харвал тэр нь хавьгүй дээр, илүү аз жаргалтай, зөв бөгөөд хайр ивээл байсныг ухаарах болно. Есүс Өөрт нь хамгийн сайныг хүсэж, ерөөж, хайраар удирдаж буй Бурхан Эцэгээ мэддэг байсан учраас л Тэрээр Түүний хүслийг биелүүлж байсан юм. Тэрээр, “Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм.” (Иохан 4:34) гэжээ. Тэр ямагт Эцгийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө Өөрийгөө дайчилж, түүнийгээ ч биелүүлдэг байлаа. Та ч гэсэн өөрийнхөө хүслээс илүүгээр Бурханы хүслийг биелүүлвэл Есүст байсан сэтгэл хангалуун, амар амгалан, баяр хөөртэй амьдралыг хүлээн авах болно.Энэ цагт манай чуулганд болон хувь хүн нэг бүрд хандсан Бурханы хүсэл таалал юу вэ гэдгийг өдөр бүр эрэн хайснаар алхам бүрээ хянадаг, мэргэн хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. 3-рт: Мэргэн хүн нь Ариун Сүнсээр удирдуулан амьдардаг. Одоо 18-р эшлэлийг үзэцгээе. “Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр Дүүр.”Энд дарсанд бүү согтуур, харин Сүнсээр дүүр гэжээ. Дарсанд согтох ба Ариун Сүнсээр дүүрэхийг харьцуулан бичсэн нь энэ хоёрын хооронд төстэй чанар байдаг учраас юм. Согтуурахад хүн архины хүчинд захирагдан үйлддэг шиг Ариун Сүнсээр дүүрсэн нь Сүнсний хүчинд захирагдан үйлдэг. Согтуурал нь зөв шийдвэр гаргах чадварыг алдуулж, танхай балмад, харгис, ёс суртахуунгүй үйлдлүүдийг гаргахад хүргэдэг. Харин Ариун Сүнсэнд захирагддаг нэгэн нь өөрийгөө хянаж захиран, зөвт ариун үйлсийг гаргаж, Эзэний хүслийг ойлгон Ариун Сүнсний үр жимсүүдийг гаргадаг. Эндээс хүн юугаар дүүрэн байна тийнхүү үйлдэж байгааг харж байна. Тэгвэл та юугаар дүүрсэн байна вэ? Зарим нь айдсаар дүүрэн байхад, зарим нь санаа зовуур ба эргэлзээгээр дүүрэн байдаг. Муу зуршил болон хорон муу санаа бодлууд болох атаархал, өс хонзон, үзэн ядалт, бардамналаар дүүрэн хүн ч байдаг. Эсвэл мөнгө, эд баялгийн хайраар дүүрэн байж болох юм. Энэ мэт энэ дэлхийн бузар муу бүхнээр өөрийгөө дүүргэн амьдарвал Ариун Сүнс миний дотор орох зай байхгүй болно. Саванд ямар нэг зүйлийг хийж дүүргэвэл өөр зүйл хийж болохгүйтэй адил. Харин Бурхан биднээс хүсэж буй зүйл нь “Сүнсээр дүүрэх” юм. Сүнсээр дүүрэх гэдэг нь Ариун Сүнсийг илүү ихээр авна гэсэн утга бус харин өөрийгөө болон амьдралаа бүрэн Ариун Сүнсэнд даатган амьдрахыг хэлж байна. Тухайлбал, Ариун Сүнсээр дүүрсэн нэгэн нь Өөрийгөө бүрэн хоослон үгүйсгэж, Ариун Сүнсний захиргаан дор сөхрүүлэн Түүнийг амьдралынхаа жинхэнэ эзэн болгож амьдардаг. Тиймээс “Сүнсээр дүүрнэ” гэдэг нь Ариун Сүнсний удирдамжийн дагуу, Түүгээр удирдуулан амьдрах юм. Энэ нь нэг удаагийн зүйл биш. Харин өдөр бүр хийх ёстой зүйл юм. Тэгвэл ийнхүү Ариун Сүнсээр удирдуулан амьдрах үед ямар үр жимс гарах вэ?19, 20-р эшлэлийг үзээрэй. Бурхан биднийг Ариун Сүнсээр дүүргэж, бие биетэйгээ дуу, дуулал, сүнслэг дуугаар ярихыг хүсдэг. Түүнд талархлыг өргөн, магтан дуулахыг Бурхан биднээс хүсдэг. Бурханд талархлын дуу дуулах олон шалтгаан бидэнд бий. Ялангуяа Есүсээр дамжуулан бидэнд өгсөн хайрын төлөө Бурханд талархлын дуу дуулж болно. Бурхан бидний зүрх сэтгэлийг талархал, магтаалын ая дуугаар дүүргэж, ая дуу зохион, тэднийг бие биедээ дуулдаг хүмүүсээр ерөөх болтугай. Мөн Ариун Сүнсээр дүүрэн амьдрах үед Галат 5:22-23-д хэлэгдсэн сүнсний үр жимсүүд гарах болно. Мөн ер бусын хүч чадлыг мэдэрч, баяр хөөр ба амар амгалан дотор үйлдэж амьдардаг. Ялангуяа Бурханы хаанчлалын төлөө зүрх сэтгэл догдолж, хайр өршөөлөөр хүмүүсийг харах болдог. Ариун Сүнсээр удирдуулдаг хүн нь Христийн дүр төрхөөр өөрчлөгдөж, Есүсийн гэрчээр, дагалдагчаар амьдрах гэсэн чин хүслээр дүүрэн болдог. Мөн Бурхантай илүү дотно харилцаатай болж залбирал ба үгийг илүү хайрлах болно. Түүнчлэн Ариун Сүнсээр дүүрэн байвал махбодын бузар муу зүйлс миний дотор орж чадахгүй бөгөөд махбодын хүслээ ч гүйцэлдүүлэхгүй. (Галат 5:16) Ялангуяа уруу татлага ба муу ёрын сүнсний эсрэг тэмцэх хүчтэй болдог. Тиймээс ямар ч уруу татлага, сорилт тулгарсан итгэл ба сүнсний хүч чадлаар ялан дийлж амьдарч чаддаг юм. 1871 оны 10-р сарын 8-ны өдөр АНУ-ын Чикаго хотод их түймэр гарч 27 цаг үргэлжилжээ. Уг түймрээр хот бараг бүхэлдээ шатсан. Уг түймрээс болж Двайт Лайман Мүүдийн гэр болон цуглааны байр, түүний байгуулсан YMCA-ийн төв байр хүртэл бүрэн шатжээ. Уг түймэр Мүүдид асар их хохирлыг учруулсан. Гэвч Мүүди сүүлд уг түймрээр дамжуулан Ариун Сүнсийг хүртсэн гэж дурсав. Тэр “Хэрэв бид Ариун Сүнсээр дүүрэн байхгүй бол Бурханаас авсан хайр ивээлийг эдэлж чадахгүй” гэв. Үүний дараа тэр Ариун Сүнс тусална гэсэн итгэлтэйгээр сайнмэдээний ажлыг хийсэн гэнэ. Түүний хувьд мартагдашгүй хоёр үйл явдал байсан бөгөөд нэг нь залуудаа Кимбол багштай уулзаж Есүст итгэх болсон, нөгөөх нь Чикаго хотын түймрээр Ариун Сүнсийг хүртсэн явдал гэжээ. Энэ цагт бид бүхэн өдөр бүр Ариун Сүнсээр дүүргэн өгөхийг хүсэмжлэн гуйж, Ариун Сүнсээр удирдуулан амьдарч чадахыг гуйж байна. Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор мэргэн хүн хэрхэн амьдрах талаар суралцлаа. Хүмүүс мэргэн ухаантай болохыг хүсдэг. Мэргэн ухаанаараа алдартай Израилийн хаан Соломон нь анхнаасаа мэргэн ухаантай байгаагүй. Харин Бурханаас мэргэн ухааныг гуйснаар хамгийн мэргэн ухаантай хаан болж чадсан. Үүнчлэн Библийн дагуу мэргэн хүн нь Бурханаас эмээн хүндэтгэж, Түүний үгийг хайрлан дуулгавартай дагаж буй хүн юм. Мэргэн хүн нь Бурханы өгсөн цаг ба боломжийг хамгийн үр ашигтайгаар зарцуулдаг итгэмжит нярав байж чаддаг. Мэргэн хүн нь Бурханы хүслийг ойлгож ухаардаг учраас зөв замыг олж, амжилттай амьдарч чаддаг. Мэргэн хүн нь Ариун Сүнсээр дүүрэн амьдардаг учир махбодын хүслээс татгалзаж, сүнсний үр жимсийг гарган амьдарч чаддаг юм. Тиймээс энэ цагт бид бүхэн мэргэн хүний ёсоор амьдарч, алхам бүрээ хянаж чадахыг хүсэн гуйж байна. Амен!