2020 оны Ефес 4-р номлол (01.19) Ж.Мөнхтулга

Есүс Өөрөө бидний амар тайван

Ефес 2:11-22

Гол эшлэл 2:14

“Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм.”

Өнөөдрийн зарлигаар дамжуулан Есүс бидний төлөө юу хийсэн тухай Паул тодорхой заан өгч байна. Есүс загалмайг үүрэн явснаар хүмүүс бидний хоорондох хагарал цаашлаад Бурхан хүн төрөлхтний хоорондох хагарлын гол шалтгааныг тодорхой заан өгөх гэж байна. Хүн яагаад аз жаргалгүй байгаа нь бүтээлийн мөн чанараас гажуудсан Бурхантай зөв харилцаагүй болсонтой шууд холбоотой билээ. Тиймээс Есүсийн Загалмайгаар дамжин бидний дундах аливаа асуудал бүр амар тайван ивээл ерөөл болж чадна.  1 Та нар хэн байснаа сана (11,12)11,12–р эшлэлийг үзээрэй. “Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо гараар “хозлуулсан” гэж нэрлэгдэгсдээр “Хозуулаагүйчүүд” гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа” эндээс харвал Паул тэдэнд Христэд итгэхээс өмнөх тэдний байр суурийг сануулахыг хүссэн. Аливаа ард түмэнд зайлшгүй санах ёстой үнэт зүйл гэж байдаг. Мөн хүн бүр тус бүртээ заавал санах ёстой зүйлүүдтэй. Бидний санаж байх ёстой зүйлс нь сайн эсвэл муу байх нь огтоос чухал биш харин бид хэн байсан хэн болох ёстойг сануулж байгаа тэдгээр зүйлсийг санах л чухал. Иймд бид Есүст итгэхээс өмнө хэр өрөвдөлтэй харанхуйн дунд амьдарч байсныгаа санахыг заримдаа хүсдэггүй. Гэвч үүнийг санагтун гэсэн нь намайг тэр амьдралаас аварч өршөөсөн, өөрчилсөн Бурханы агуу ивээл ба хүч чадлыг дахин ухааруулахын тулд юм. Паул Ефес чуулганы ахан дүүст нэг зүйлийг тодорхой болгосон нь Ефес 2:1-3 Харь үндэстэн, Иудей үндэстэн хоёулаа гэм дотроо үхсэн байсан гэдгийг сануулж байна. 11,12-р  мөн харь үндэстнүүд нь “хозлуулаагүйчүүд” хэмээн нэрлэгдэж байсан. Хозлол бол Бурханы сонгосон ард түмнийг илэрхийлэх тэмдэг байсан. Харь үндэстэн бол Бурханаар сонгогдоогүй. ӨХ: Тэд Бурханаас орхигдсон гэсэн утгатай юм. Энэ үг ч харийнхнийг маш их доромжилсон үг бөгөөд Бурханы авралаас хасагдсан хүмүүс гэсэн утгатай. Үүнээс илүү өрөвдөлтэй нь харийнхан нь Христийн гадна байсан. Энэ нь Христээр дамжин ирдэг бүх ерөөлөөс хасагдаж амийн булагнаас таслагдан, үхэл ба хараал дор байсан гэсэн утгатай. Мөн тэд Израилийн иргэншилд гадных байснаар сонгогдсон ард түмний эдэлдэг ерөөлөөс ч гадуурх байсан. Амлалтын гэрээнүүд болох, Мессиагийн тухай амлалт ч тэдэнд өгөгдөөгүй байв. Үүнчлэн харь үндэстнүүд нь Бурхангүй, Мессиа Аврагчийн тухай хүсэл найдвар ч үгүй, Бурханаас орхигдсон, ямар ч найдваргүй өрөвдөлтэй хүмүүс байсан. Харь үндэстэнд зөвхөн мөнхийн шийтгэл, сүйрэл л байсан. Өөрөөр хэлбэл ямар ч ирээдүй үгүй, зорилго чиглэл ч  үгүй мах бодынхоо хүсэл тачаалуудаар төөрөн амьдарч байгаад мөнхийн тамд орохоос аргагүй байсан. Ийнхүү харийнхны байдал нь яг бидний өмнөх байдал байв. Христ байхгүй хүний амьдрал, гаднаас харахад хүсэл найдвартай, өөдрөг харагдавч үнэндээ ямар ч хүсэл найдваргүй байдаг. Дээр дурдаж байгаа харь хүн бол бид билээ. Бид бол харь үндэстэн хүмүүс бид бол харийн хозлуулаагүйчүүд, Христ ч үгүй, гаднынх, харийнх, найдваргүй, Бурхангүй хүмүүс байсан. Иймд би өөрийнхөө өмнөх байдлыг цаг үргэлж санаж амьдрах нь чухал билээ.  2. Бурхан Христээр дамжуулан бидний төлөө юу хийсэн бэ? (13-18)13-р эшлэлийг үзээрэй. “Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.” Энд алс хол байсан гэсэн нь Бид Бурхантай харилцаа байхгүй гэсэн утгатай юм. Гэвч одоо бид Христ Есүсээр дамжуулан Бурхантай холбогдох болсон. Бид Бурхантай ойр дотно харилцах боломжтой болсон. Ингэснээр бид Бурханы хайр халамж гэрээ болоод авралыг хүртэх боломжтой болсон. Бид Бурханд хандан чөлөөтэй залбирч, Тэр биднийг сонсож, гуйлтынхаа хариултыг авах боломжтой болгосон. Яаж бид ийм болсон бэ? Бид хүнд хэцүү үед Бурханы өгдөг мэргэн ухааныг, сул дорой үед Түүний төгс хүч чадлыг авах боломжтой болсон. Ийнхүү Бурханд ойр болсон нь, Христийн цуснаас болсон юм. Хуучин гэрээн дэх амьтны цусаар өргөдөг тахил нь Бурхан ба харь үндэстэн, харь үндэстэн ба Израилийн хооронд буй ханыг нурааж чадахгүй. Харин Христийн цус буюу үхэл нь Бурхан ба хүн хооронд буй гүн ангал ба зааг, ханыг нураалаа. Есүсийг нас барахад ариун газар ба ариунаас ариун газрын хоорондох хөшиг нь хоёр болон цуурснаар Есүсийн цусанд итгэгч бүхэн Бурханы өмнө зоригтой очих замтай болсон. Бид Бурхан уруу ямар ч үед, хэзээ ч очих боломжтой болсон. Биднийг Бурхан уруу ойртуулахын тулд цусаа урсган золиос болсон Есүст талархаж байна.Үргэлжлүүлээд зарлигийн 14-18-д Христийн цусаар хийгдсэн гайхамшигтай ажлуудын тухай, гэрчилж байна. 1-рт Иудейчүүд ба харь үндэстнийг эвлэрүүлэн нэг болгосон.14, 15-г үзээрэй “Тэр бидний амар тайван мөн. Тэрээр мах бодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх, тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод”. Энд “Тэр бидний амар тайван мөн” гэсэн нь гэмээс болж Бурхан ба хүн хоорондын харилцаа, хүн ба хүн хоорондын харилцаанд ан цав гаран зөрчилдөөнтэй дайсагналтай байсныг Христ Өөрийн цусаар эвлэрүүлэл болсноор бүх хагарсан харилцааг сэргээн амар тайвныг тогтоон өгсөн гэсэн утгатай. Нэг үгээр хэлбэл зөвхөн Христ л бидний амар тайван гэсэн үг. Түүнгүйгээр хаана ч, хэзээ ч жинхэнэ амар тайвныг олж чадахгүй юм.Бурхан хуулийг Израилчуудад өгсөн нь гэмийн тухай мэдлэгийг өгөхийн тулд байсан бөгөөд тэднийг ариун, зөвт амьдралд дасгалжуулахын тулд байсан /Ром 3:20/ Есүс хуулийг нэг үгээр хэлэхдээ Бурхан ба хөршөө хайрлах “хайр” гэж дүгнэсэн. /Марк 12:37/ Гэвч израилчууд хуулийн дотор багтсан хайрыг хэрэгжүүлээгүй. Тэд хуульчлагдаж, хэт шашинжиж, өөрсдийн зөвөөр амьдрах болсон. Тэд өөрсдийгөө цэвэр гэж бодон, харин харь үндэстнийг гадуурхаж доромжлох болсон. Энэ мэтээр хууль нь дайсагнал болоод хуваагдлын ханыг бий болгосон. Есүс хуулийн шаардлагыг махан биеэр биелүүлснээр энэ дайсагнал болоод хуваагдлын ханыг нураасан. Тиймээс бид хуулийн шаарддаг зүйлс болох “Дээгүүр өнгөрөх баяр, гар угаах ёслол,” гэх мэт зүйлсийг сахих шаардлагагүй болсон. Эдгээр нь иудей болон харь үндэстний хооронд маш том ханыг бий болгосон. Энэ хуваагдлын хана маш өндөр тул хэзээ ч нурахааргүй байсан. Энэ харь үндэстний хоорондох хана нь бусад хүмүүсийн дунд бүх төрлийн хуваагдлыг илэрхийлдэг. Арьс өнгө, үндэс угсаа, соёл иргэншил, эдийн засгийн чадвар, нийгмийн гарал үүсэл, боловсрол мэдлэг зэрэг дээр тулгуурлан олон төрлийн хуваагдлын хана бидний дунд бий болсон байдаг. Эдгээр нь сүм чуулганд хүртэл илэрдэг бөгөөд энэ нь бардам зангаас үүдэлтэй. Гэвч Есүс эдгээр дайсагналын ханыг бүрэн нурааж амар тайвныг бидний дунд тогтоосон. Бодит байдал дээр дайсагнаж муудалцсан хоёр тал гэрээ хэлэлцээр хийн амар тайвныг тогтоохыг хичээдэг. Гэрээ хэлэлцээр хийсний дүнд амар тайван тогтох болов ч энэ нь үүрд мөнхийн бус, хэврэг байдаг. Учир нь амар тайван, ивээл нигүүлсэл бол зөвхөн Христ Есүсээр л дамжин бидэнд тогтоогдсон билээ. Энэ талаар зарлигийн 14-р эшлэлд тодорхой өгүүлсэн. Тэр бидний амар тайван мөн гэснээрээ Есүс бол бидний амар тайван гэдгийг тод томруунаар тайлбарлан өгчээ. ӨХ: амар тайван нь гэрээ хийснээр ирдэг зүйл биш. Харин Христ Есүст итгэснээр бидэнд шагнал болон ирдэг билээ. Бодит байдал дээр хүмүүс бид хүний мөс чанараар бусдаас илүү гарахаар өрсөлдөж, эсвэл шударга шулуун байдлыг ягштал биелүүлснээр амар тайвныг бий болгохыг хичээдэг. Тэгээд амар тайван бидний дунд ирсэн билүү? Үгүй. Миний мэдэхээр япон улс нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой нийгэм, хүмүүсийн соёл, боловсрол, бие биенээ бусдаасаа дээр хэмээн хүндэтгэн бөхөлзөх байдал, мөн хулгай байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой амьдрах орчинтой халамжийн үйлчилгээ сайн, ер нь бүхий л нийгмийн хангамж нь хангагдсан үнэхээр хүний хүсэж болох бүхий л зүйлс тэнд байгаа. Гэтэл тэнд мөн маш олон гаж буруу бурхад, гаж буруу тоглоом, нийгмийн сонирхол гээд бүр цаашлаад амиа хорлолт хүртэл ихтэй байгаа нь амар тайван байгаа учраас юм уу? Үгүй юм. Үнэн хэрэгтээ амар тайван нь хуулийг биелүүлснээр бий болдог зүйл биш гэдгийг тодорхой харуулж байна. Иудейчүүд ариусах ёслол, тахил, хозлол гэх мэтийн тушаалуудыг сахиснаар л аврагдана хэмээн харь үндэстнүүдийг гадуурхан үзэн ядаж, дайсагнаж байсан. Харин бидний амар тайван болсон Христ, загалмайд цусаа асгаруулан нас барснаар хуулийн бүх шаардлагыг гүйцээж төгс болгосноор, тэдний хоорондох хана ба дайсагналыг нэг мөсөн хөнөөв. Хуулийг сахиснаар бус идуей ч бас харь үндэстэн ч бай зөвхөн Есүст итгэснээр аврагдах боломжтой болсон.Тиймд Бурхан Христээр дамжин хоёр байсныг  “нэг шинэ хүн” болгон бүтээсэн гэв. “нэг шинэ хүн” бол Христ дотор дахин шинээр бүтээгдсэн бүх ертөнц дахь Ариун Хүмүүсийн нэгдэл болох “Христийн Чуулганыг” зааж байна. Колоссай 3:10,11-д  Христийн чуулганы тухай ийнхүү хэлжээ. “Шинэ хүнийг өмссөн, энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм. Энд Грек ба Иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, хэл харьтнууд, скутууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна” гэв. Тиймээс “нэг шинэ хүн” бол иудей ч, харь үндэстэн ч биш, Монгол, Солонгос, Хятад, Америк ч биш “шинэ хүн төрөлхтөн” болох тэс өөр Христийн доторх бүх хүмүүсийг заана. Христ доторх хүмүүс нь нас, хүйс, арьс, өнгө, улс үндэстэн, нийгмийн зиндаанаас үл хамааран Христийн дотор нэг шинэ хүн буюу нэг бие ажгуу. Эндээс харвал Бурханы зорилго нь зөвхөн хүмүүсийн дундах дайсагналыг нураахад байгаагүйг харж болно. Харин Христийн дотор нэг шинэ хүнийг бүтээхэд байсан юм. Энд гарч байгаа “бүтээх” “Нэг шинэ хүн” гэдэг үгнүүд нь маш өргөн утгатай билээ. “Бүтээх “ гэдэг нь цоо шинэ амийг буюу цоо шинэ бүтээл төрүүлэн гаргах гэсэн утгатай. Энэ нь сайжруулан өөрчлөх гэсэн утгатай биш гэдгийг сайтар тунгааж бодоорой. Есүс Никодемд “чи дээрээс төрөх ёстой гэж хэлсэн байдаг.” Энэ нь дээрээс төрөхийн тулд ямар нэгэн зүйл хийх ёстой хэрэг бус Харин Бурхан Өөрөө Ариун Сүнсээр дамжуулан хийнэ гэсэн утгатай билээ. Эдгээрийг сайтар ухан ойлговол Бурхан харь үндэстэн болон Иудей хүмүүсийн аль нэгийг онцлон үзэх бус хоёулангаас нь цоо шинэ хүн төрөлхтөн бүтээнэ гэсэн үг юм. Энэ шинэ бүтээл бол Загалмайгаар дамжуулан Бурхантай 2 тал эвлэрснээр нэг бие болохыг хэлж байна. Биеийн хэсэг бүр Есүстэй холбогдсоноор биеийн хэсэг бүрээрээ Есүсээр дамжин Бурхантай холбогдон эвлэрэх болжээ. /Галат 3:28 Христ бол чуулганы тэргүүн, ба бид бол Түүний биеийн эрхтнүүд юм. Толгой биеийг удирддаг шиг, Есүс чуулганыг удирддаг билээ./ Иймээс бид Христийн дотор байснаар өөрийгөө төвд тавьдаг сэтгэлээ, дайсагналыг үүсэгдэг бардам зангаа засан залруулахгүй бол үхэлд хүрэх билээ. Тиймээс бид Христийн загалмайгаар дамжуулан Бурханы өмнө ирэх хэрэгтэй ингэснээр шинэ хүн, шинэ бүтээл болж чадна.Ер нь яагаад хагарал, хуваагдал, дайсагнал байдаг бол? Бид яагаад бусадтай зөрчилдөн ан цавын дунд байдаг вэ? нэг үгээр хэлбэл нүглийн учир юм. Бардам ба амиа боддог гэм, хүсэл шунал ба атаархлын гэм, бусдаас илүү өөрийгөө төвд тавьдаг гэм, хувийн нэр төрийг эрхэмлэдэг гэм эдгээр бүхий л гэмийн асуудал нь хүн ба хүний, гэр бүлийн, үндэстний, газар ба улс хоорондоо зөрчилдөөн хуваагдал дайсагналыг бий болгодог. Хүний гэмийн асуудал нь хаана ч зөрчилдөөн хагарлыг үүсгэн, чуулган дотор хүртэл ийм л асуудлаас салахгүй болгодог. Гэхдээ өшөө гүнзгий бодож үзвэл бидний дотор доройтсон гэмт чанар нь өөрчлөгдөөгүй учраас юм. Адамд харьяатай хуучин хүнээ Христийн загалмайд үхүүлээгүй учраас юм. Христийн дотор цоо шинэ бүтээл болж, амилуулагдсан нэгэн бол махан биед хамаатай зүйлсээр бусдыг ялгаварлахгүй, хуваагдлын ханыг босгохгүй төлөв даруу байдаг. Христийн нэг биеийн эрхтнүүд дундах хана ба дайсагнал нь эцэстээ Христийн загалмайн үхлийг хоосон болгож буй гэм гэж тооцогдоно. 17,18-г үзээрэй. “Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч, амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.” Есүс Өөрийн бүхий л зүйлсээр амар тайвныг бидэнд тунхаглан заасан. Есүсийг төрөх үед Тэнгэрэлч нар дээд өндөрт алдар нь Бурханд байх болтугай. Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэсэн. Мөн Сайнмэдээний номуудад Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж амар тайвныг тунхагласан. Есүс Өөрийн шавь нарт хүртэл сайнмэдээг тараахаар явах үедээ айлд ороод энэ айлд амар тайван байх болтугай гэж хэл гэсэн. Есүс загалмайн зовлонг эдлэн байхдаа Ааваа  тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна хэмээн залбирсан. Эдгээр нь Есүс Бурхан ба хүн хооронд, Хүн ба хүний хооронд амар тайвнийг авч ирснийг илэрхийлж байна. Амилсан Есүс шавь нартайгаа уулзахдаа Амар амгалан нь та нарт байх болтугай гэж мэндчилсэн. Энэ бол Есүс үхлийг ялан дийлснээр мөнхийн амар тайванг авч ирсэн мэндчилгээ байсан. Есүсээр Иудей болоод Харь үндэстэн буюу бүх хүн төрөлхтөн нэг Сүнсээр дамжуулан Эцэг уруу ойртох замтай болсон. Ингэснээр бид нэг Сүнсээр дамжуулан Христийн дотор Нэг болсон. Энэ бол гайхамшигт Бурханы ивээл ба нигүүлсэл билээ.3. Бид одоо хэн болсон бэ?(19-22)19-22-д элч Паул Есүс бидний амар тайван болсноор бид хэрхэн цоо шинэ хүн болон өөрчлөгдсөнийг тайлбарлаж байна. 19-г үзээрэй. “Тийм бол та нар цаашид гадныхан болон ирмэл хүн бус харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.” Паул одоо Есүст итгэгчид нь цаашид Бурханы амлалт ба Түүний хаанчлалаас гадуурх биш болсныг чухалчлан хэлж байна. Харь үндэстнүүд нь Христ дотор сүнслэг Израилийн иргэд болсон төдийгүй, Бурханы гэр бүл болсон гэж байна. Бурханы гэр болсон Чуулганд (Барилга бус) буюу бүх ариун хүн нь улс үндэстэн, нас, хүйс, мэдлэг боловсрол, баян ядуу ба байр сууриас үл хамааран бүгд Бурханы гэр бүл юм. Чуулган бол Бурханы гэр бүлийн нэгдэл бөгөөд Христийн цусаар холбогдсон хүмүүс билээ. Тиймээс нэг эцгийн хүүхдүүд мэт бие биенээ өрөвдөн хайрлаж, уучлан зоригжуулж, шархыг нь анагааж, жинхэнэ гэр бүл болох хэрэгтэй. Мөн Бурханы хаанчлалын жинхэнэ гэрт орох хүртэл хамтдаа ийнхүү алхах хэрэгтэй. Ром 8:29-д “Тийм учраас бид бие биенээ хайрлаж, бие биенээ тэвчиж, өөр нэгнээ уучилж, өөр нэгний төлөө залбирч, өөр нэгнийг зоригжуулах хэрэгтэй” гэжээ. 20-22-д: Чуулганыг сүмийн барилгатай зүйрлэж байна. Иерусалим сүм бол Бурханы оршихуйг билэгддэг газар байв. Үүнчлэн нүдэнд үл харагдах Ариун Хүмүүсийн “Чуулган” нь Бурханы орших газар болохын төлөө байгуулагдаж байна. тэгвэл “Чуулган” нь хэрхэн баригдан байгуулагдаж байна вэ?
1-рт Элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдсон. 20а-г үзвэл “Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдсон” гэв.1-р зууны үед элч нар ба эш үзүүлэгчид нь Есүс бол Бурханы Хүү, Христ мөн гэдгийг голчлон дамжуулснаар чуулгануудыг байгуулж байсан. Мөн 1 Коринт 3:11-д Энэ суурь нь Есүс Христ гэв. Тиймээс бүх итгэгч нь элч нар ба эш үзүүлэгчдийн тавьсан суурь болох Есүс Христэд итгэх итгэлээр босгогдсон юм.2-рт чуулганы булангийн чулуу нь Христ Өөрөө аж20б-г үзвэл. “Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” гэв. Иудейчүүд барилга барихдаа булангийн чулуунаас эхэлж өрдөг. Мөн булангийн чулуу нь байшингийн гол  хэмжүүр ба төв болон хануудыг залгадаг. Мөн булангийн чулуун дээр барилгын эзэмшигчийн нэрийг сийлдэг байв. Тиймээс Христ булангийн чулуу гэсэн нь Христ нь Чуулганы суурь ба төв мөн Эзэн гэсэн утгатай. Тиймээс чуулган нь Христэд суурилагдан Христийг төв болгоход л чуулган болж байгуулагдана. Христийг орхигдуулан аливаа үзэл бодол, ашиг хонжоо, нөхөрлөл гэх мэтийн суурин дээр цугладаг чуулган нь заавал нурж бутрах болно. Бодитоор барилгын суурь нь ямар барилга барих яаж барихыг шийдвэрлэх гол хүчин зүйл болдог. Гэхдээ ямар хөрсөн дээр барихаас болоод суурь суух, гүйх, суурийн онцлог зэргээр бүгд өөр байдаг шиг бид бүхэн ч Бурханы чуулган болохын хувьд энэ сатаны хүчний эсрэг Есүс Христ хэмээх суурин дээр бат суурилан баригдаж чадахыг хүсэн гуйж байна.3-рт Чуулган нь Бурханы орших газар болж байгуулагдаж байна. 21-г үзээрэй. “Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна.” Энд бүх барилга бол Бурханы сүм болсон хүн нэг бүрийг хэлж байна. (1Ко 3:16). Бурханы Сүнс орших сүм болсон энэ ертөнцийн итгэгч бүр Христ дотор холбогдон нэг бие мэт Чуулганаар өсөж байна. Тиймээс чуулган бол гадна барилга бус, байгууллагын хамт олон ч биш гагцхүү Бурханы нигүүлслээр сонгогдож Есүсийн загалмайн цусаар ариусгагдан шинэ амьтай болсон ариун хүмүүсийн амьд холбоотой нэгдэл юм. Христ ганц байдаг шиг Христийн бие болсон чуулган ч нэг ажээ. Христийн бие болсон чуулганыг нэг барилга гэж бодоход бид хүн бүр нь тэр барилгыг бүрдүүлэх чулуутай адил юм. Тиймээс чулуу бүр бүгд чухал. Нэг чулуу байхгүй бол барилга бат бэх баригдаж чадахгүй. Өөрийгөө хамгийн онц хэмээн бусдаас салангид байх эсвэл өөрийгөө голж бусдаас холдож болохгүй. Бүгд байх хэрэгтэй. Мөн чулуу тус бүр өөрийн гэсэн ажил үүрэгтэй байдаг. Олон янзын ажил үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөн бие биенээ хүндэтгэх хэрэгтэй. Хайр гэсэн цементээр бат бэх холбогдох хэрэгтэй.  “Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна” шинэ сүм болох чуулганыг барьж буй зорилго нь иудей төдийгүй харь үндэстэн, бүх дэлхийн үндэстэн Ариун Сүнсээр дамжин Христ дотор Бурханы орших газар болохын төлөө юм. Бид хүн бүр Ариун бөгөөд сүр жавхлантай Бурханы орших газар болж баригдаж байгаа нь үнэхээр хайр ивээлтэй зүйл юм.21-д “Ариун Сүм болохоор өсөж байна”, 22-д “Хамтдаа байгуулагдаж байна.” гэж хэлснээр одоо ч энэ ажил нь явагдаж байгааг гэрчилж байна. Мөн арай дуусаагүй гэсэн үг. Чуулган байгуулагдах ажил нь Есүсийг дахин ирэх хүртэл явагдана. Тэгээд Христ дахин ирэхэд Бурханы орших сүм чуулган нь бүрэн баригдсанаар Бурханы хаанчлал биелэгдэх болно. Мөн энэ ажилд Ариун Сүнс, Бурхан, Христ хамтарч байгааг мэдэж болно. “Сүнс дотор”, “Бурханы орших газар болохоор”, “Христ дотор” гэсэн үгсээр дамжин Ариун Сүнс нь хүн бүрийн дотор ажилласнаар, Христ нь Булангийн чулуу болсноор Бурхан нь Ариун Хүмүүсээр бүрэлдсэн чуулган дотор оршсоноор хамтдаа ажилладаг. Бурханы орших газар болохын төлөө баригдаж буй алдрын ажилд хэрэглэгдэх нь нандин чухал юм. Тиймээс бид тус бүрийн үүрэгт хичээнгүй үнэнч байснаар нэгдмэл болж, хамтдаа Бурханы сүм болон байгуулагдахыг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Бид урьд Бурхангүй, Түүний амлалт ч үгүй, Христ ч байхгүй байсан учраас ямар ч ирээдүйгүй, найдваргүй байсан. Бурханы хаанчлалын гадна байсан. Харин Христийн загалмайгаар бүх дайсагналыг хөнөөж, Бурхантай эвлэрүүлснээр цоо шинэ бүтээл болгосон. Үүгээр ч зогсохгүй, нэг шинэ хүн болох Чуулганыг байгуулсан. Чуулган бол Бурханыг Эцэг, Ааваа болгосон нэг гэр бүл юм. Тиймээс бид Христийн загалмайг түшиглэн Түүний өмнө өдөр бүр очсоноор бүх зөрчилдөөн гомдол ба үл итгэлцлийн ханыг нурааж, Бурханыг хайрлан бие биенээ хайрладаг эвтэй гэр бүл болох хэрэгтэй. Мөн тус бүр чуулганууд ч нэгдэн Бурханы орших Ариун Сүм болон өсөж баригдах хэрэгтэй. Тэгэхэд Бурхан алдаршин, амийг аврах сайхан ажилд бид хэрэглэгдэх болно. Бид бүгд Христийн загалмайгаар Бурханы орших сүм болж өсөж чадахыг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэл2020 оны Ефес 5-р хичээлийн асуулт (01.26)
Дараагийн нийтлэл2020 оны Ефес 6-р хичээлийн асуулт (02.02)