Есүс бол Авралын эвэр, Дорнын гэгээ
Лук 1:57-80
Гол эшлэл 1:69
“Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.”
Өмнөх номлолоор бид хоёр зөгнөл болон хоёр өөр хүлээн авалтыг суралцсан билээ. Яг адил тэнгэрэлч Габриел мэдээ дамжуулсан. Эзэний үгийг сонсоод хүлээн авсан нэгэн нь баяртайгаар хадгалсан. Харин нөгөө нэг нь Эзэнээс ирсэн үгэнд итгэж чадаагүй учраас Эзэний сахилгажуулалт, тэмдгийг хүлээн авсан. Гэхдээ Мариа, Захариа хоёрын хувьд хоёул Эзэн Бурханыг магтан дуулсан адил зүйл байв. Бидний амьдралд янз бүрийн мэдээ сонсогдож байдаг. Сайн, муу хоёр талтай. Гэхдээ ихэнх нь сайнмэдээ байдаг. Бэлэг авах, ажилд орох, сургуулиа төгсөх, шилдэг ажилтан болох, азтан болох, аварга болох гээд зөндөө. Тэр дундаа та,чи энэ дэлхийд хүн болж мэндэлсэн нь хэн нэгнийг, хамаатан садан, аав, ээжийгээ баярлуулсан лавтай. Удахгүй Христ мэндэлсний баяр дөхөж байна. Өнөөдрийн үг нь яг Христийн талаар болон Түүний замыг бэлдэгч нэгний тухай юм. Хожим Есүс энэ хүний талаар эхийн хэвлийгээс мэндэлсэн хүмүүсийн дотроос хамгийн агуу нь хэмээн гэрчилсэн байдаг. Тэрээр Есүсийн хамгийн сайн гэрчлэгч байсан юм. Хамгийн сайн замыг нь засагч нэгэн байв. Энэ цагт бид бүхэн өөрсдийн дуудлага болон зорилгоо дахин нэг ухааран бодохыг хүсэн гуйж байна. Эзэний үгийн биелэл амьдралд маань ирэхэд бид Захариа шиг гэрчилдэг, магтан дуулдаг нэгэн болохыг хүсэн гуйж байна. 1. Эзэний замыг бэлтгэгч Иохан /57-66/ 57-58-р зүйлийг үзээрэй. “57 Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. 58 Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.” Аливаа гэр бүлд бүл нэмнэ гэдэг нь баяр хөөртэй мөчүүдийн нэг байдаг. Ялангуяа Эзэний өмнө залбирч байсан гуйлтын сэдэв биелэх үед, залбирч байгаад мартсан зүйл биелэх үед, зүүдэлсэн зүүд нь биелэх үед, Эзэнээс авсан үг биелэх үед баярлахгүй байхын аргагүй юм. Тэр тусмаа Эзэнээс ирсэн үгэнд үл итгэн, Эзэний тэмдэг, сахилгажуулалтыг авсан Захариагийн хувьд 9 сар хэлгүй явна гэдэг хэр хүнд байсан болоо? Үнэхээр хэцүү юм. Төсөөлөөд үзээрэй. Бүхэл бүтэн 9 сар хэн нэгэнтэй харьцахгүй, харьцсан ч ярьж чадахгүй байнга л дохио зангаа хэрэглэх тийм амар зүйл болов уу? Настай болсон Елизабет, Захариа нар хүүтэй болсон гэдэг нь зөвхөн тэр хоёр төдийгүй хамаатан садан, айл хөршүүд нь баярлаж байлаа. Тэр хавийнхан бүгд л баярлахын хажуугаар Эзэн ямар их нигүүлсэнгүй вэ гэдгийг хүртэл хараад Эзэнээс эмээн хүндэтгэж байсан биз ээ. Израйль төдийгүй ихэнх улс оронд аавынх нь удам угсаанд байсан хүний нэрийг өгөх ёсон одоо хүртэл байдаг аж. Заншил ёсоор хүүд нэр өгөх болсонд Елизабет “Иохан” гэдэг нэрийг санал болгов. Харин хөршүүд нь мэл гайхаж, “Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ” гэцгээв. Иохан гэдэг нь “Бурхан бол Нигүүлсэнгүй” гэсэн утгатай аж. Та бүхний дотор ийм нэртэй хүн байна уу? Та бүхэн өөрийн нэрний утгыг мэдэх үү? Хүүгийн нэрийг өгөх гэж ширүүн маргаан бий болсон байхаа. Удам угсаанд нь байхгүй нэр өгнө гэдэг нь хэцүү л дээ. Гэвч Елизабет, захариа хоёр яагаад ийнхүү нэрлэх болов? Уг нь бол садан төрлөө дагавал ямар ч асуудал гарахгүй биш үү? Гэтэл Елизабетийн эрс шийдэмгий хариулт “Үгүй” байлаа. Тэд хоёул тахилчийн удмаас гаралтай бөгөөд өдийг хүртэл хүүсэр байсан юм. Ийм үед баяр хөөр болж ирсэн хүүд нэр өгөх нь тийм ч хэцүү зүйл биш юм. Яахав зүгээр л нэг нэр шүү дээ. Аавынх нь нэрээр Захариа гэдэг ч юм уу. Эсвэл Аарон ч гэх юм уу. Ер нь ямар хамаа байна аа. Та байсан бол яах байсан бэ? Зарим нь нээх чухал биш гэж хэлэх байх. Зарим нь эцэг эхээ хүндэл хэмээн дагаж магадгүй юм. Тэгвэл Елизабет, Захариа нар яасан бэ?63-64-р зүйлийг үзээрэй. “63 Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. 64 Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ.” Маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Захариа байв. Гэтэл түүний хариулт мөн л “Иохан” гэж хэлэв. Тэд Эзэнээс өгөгдсөн зүйлийг л дуулгавартай дагав. Магадгүй Захариа дахиад л өөрийнхөөрөө зүтгэсэн бол насан туршдаа хэлгүй болох байсан ч юм уу. Бүү мэд. Тэд зүгээр л Эзэний үгэнд дуулгавартай байсангүй. Эзэний үгийн биелэлд 100 хувь итгэж байсан юм. Тэд махбодын зүйлс болох шагналаас илүү Бурханы хүсэл, тааллыг дагах нь чухал гэдгийг мэдсэн юм. Махбодын хүсэл тааллыг дагах нь амархан байдаг. Шуналд автах, хүсэл тачаалд автах, ашиг хонжоо олох, бусдын үгэнд автах зэрэг нь амархан. Харин Бурханы үгийг ойлгох, дэлхийлэг зүйлсээс илүүгээр ялгаж салгах нь хэцүү байдаг. Ялангуяа баяр хөөрөөр дүүрсэн үед, хавчлага зовлонгүй үед итгэл алдрах нь их байдаг. Энэ дэлхий биднийг цаг үргэлж уруу татаж байдаг. Ганцхан, нэг удаа гэдэг үгээр дамжуулан биднийг байнга урхидаж, уруу татлага руу дуудаж байдаг. Амар тайван байх үед бид бусдыг дагахад амархан. Монголчууд бид хэлдэг “жаргалдаа ташуурах”. Эзэний үг биднийг цаг үргэлж урамшуулж, урагш тэмүүлэх зүйлсийг хэлж байдаг. Эзэний үгийг дуулгавартай дагахад тэгвэл юу болдог вэ? Бидний эргэн тойронд юу болдог вэ? 65-66-р зүйлийг ажиглаарай. “65 Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. 66 Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж —Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.” Орчин болон нөхцөл байдлыг үл тоон Эзэний үгэнд дуулгавартай байсан Елизабет, Захариа нарын үйл явдлаар дамжуулан хавь ойрын ард түмэн ихэд цочирдож, айдаст автав. 400 жилийн турш ийм зүйл тохиолдоогүй ажээ. Настай болсон тэднийг ерөөсөн Бурханы нигүүлслийн мэдээ хурдан тархжээ. Зарим нь сонссон зүйлсээ зүрхэндээ нандигнан хадгалжээ. Оны сүүл, 12-р сар бол ер нь хүн төрөлхтний хувьд маш чухалд тооцогддог. Байгууллага болон улс орон, сүм чуулганы хувьд өнгөрч буй нэг жилийг дүгнэн хэлэлцэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг тодорхойлдог. Нөгөө талаас итгэгчдэд уруу татлага, сорилтууд их ирдэг. Шоу цэнгээний үе гэлтэй. Мөн бизнесийн байгууллагын хувьд ашиг орлого олдог сар юм. 10 жилийн шинэ жил, анги хамт олны, байгууллагын, анд нөхдийн гэх мэтээр үргэлжилнэ. Мэдээж энэ нь битгий баярлаарай гэсэн утгатай биш. Гэхдээ бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Елизабет, Захариа хоёр юунд хамгийн их баярласан бол оо? Хүүтэй болсонд уу? Аль эсвэл хүмүүс баярласан учраас уу? Тэд Бурханы үг биелэгдэж, амлалт хэрэгжиж байгаад туйлаас баярлаж байв. Бидний дундаас ч Эзэний үг хэрэгжиж байгаа тохиолдолд баярладаг хүмүүс олноор бий болохыг хүсэн гуйж байна. Баптисч Иохан тэнгэрэлч Габриелын хэлсний дагуу үнэхээр Елиагийн сүнс дотор явж, эцгүүдийнх нь зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь хандуулж, Эзэний замыг засаж, бэлтгэж байв. Тэрээр дарс, сархад ч хэрэглэдэггүй байлаа. Үүнд аав, ээжийн үүрэг маш чухал нөлөөтэй байх нь ойлгомжтой. Гэвч Иоханы хувьд Эзэний өмнө гарч иртлээ цөлд амьдарсан билээ. Бид өнөөдөр Эзэний өмнө үйлчлэхийн тулд Иохан шиг, Захариа шиг дасгалжуулагдаж, бэлтгэгдэх хэрэгтэй юм. Эзэний үгийг өдөр бүр тунгаан бясалгаж, ойлгон ухаарч, хэрэгжүүлсэнээр Эзэний замыг бэлтгэдэг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна. 2. Авралын эвэр, Дорнын гэгээ Есүс /67-80/Одоо 68-79-р зүйлийг хараарай. Захариа Эзэний цагт ярьж эхлэв. Тэрээр шууд л Эзэн Бурханыг магтаж эхэлсэн. Захариа Ариун Сүнсээр дүүрэн байсан бөгөөд тэрээр өөрийнхөөрөө байсангүй. Уг нь хамаатан садантайгаа баярлаж болохоор байв. Гэтэл тэрээр тэгсэнгүй. Харин ч эш үзүүлж эхэлсэн. Түүний байдлыг харвал зүгээр ч нэг магтаагүй, эш үзүүлэн зөгнөв. Ирээдүйн Мессиагийн хийх ажлын талаар маш тодорхой зөгнөсөн. Бид түүний эш үзүүллэгээс хэд хэдэн зүйлсийг мэдэж болно.1-рт: Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн. “68 —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Учир нь Тэр бидэн дээр ирж, ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.” Хожим ирэх Мессиа буюу Христ Есүсийн Золилтын талаар хэлж байна. “Золилт” гэдэг нь хэн нэгний юм уу, эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө төлөөс төлж амийг нь аврахыг хэлдэг. Монгол хэлний журамласан толь бичигт “золих” нь ирээдүй цагийг заах бөгөөд “гарзад гаргах” гэсэн утгыг агуулдаг аж. Ард түмнийхээ төлөө золилтыг гүйцээсэн нь Өөрийгөө гарзад гаргаж, Өөрийн амийг олны төлөө зориулсныг хэлж байна. Есүс нь хүн төрөлхтний сүнсний болон гэм нүглийн асуудлыг бүрмөсөн шийдэж, загалмай дээрх үхлээрээ дамжуулж, үхсэний дараа дахин амилсанаараа энэхүү “золилт”-ын ажлыг бүрэн дуусгасан билээ. Гэм нүглээс болж үхэх, Бурханаас мөнхийн шийтгэлийг авах байсан хүн төрөлхтөнд Бурхан Өөрөө хүн дүр төрхөөр бууж ирсэн нь ард түмнээ гэсэн Бурханы хайр, нигүүлсэл байсан юм. Түүхийн хугацаанд олон удирдагч, хаадыг харвал ийнхүү олны төлөө амиа зориулж, сайн дураараа өөрийгөө өгсөн нэг ч хүн байхгүй юм. Гэм нүглээсээ болж үхэхээс өөр аргагүй байсан бидэнд Бурхан ирсэн гэдэг нь ямар гайхамшигтай мэдээ вэ? Есүс хүн төрөлхтөн, Бурхан хоёрын хоорондох төгс Зууч, Эвлэрүүлэгч байсан.Таныг хүнд хэцүү бэрхшээл, зовлонтой тулгарах үед танд хэн нэгэн тус хүргэвэл та баярлахгүй гэж үү? Та тэр хүнийг бусдад магтахгүй гэж үү? Түүний хийсэн зүйлийн тухайд гэрчлэхгүй гэж үү? Би өөрөө тусламж гуйн очоогүй атал тэр хүн тусалсан бол бүр ихээр талархахгүй гэж үү? Саяхан нэгэн түргэний машин дуудлагаар явж байгаад дугуй нь хагарчихжээ. Гэтэл нэгэн жолооч тэрхэн агшинд дугуйг нь хурдан сольж өгөөд тус болсон аж. Нийгэм дээр сүүлийн үед их яригдаж буй сэдэв бол яах аргагүй эерэг хандлага, ойлгоё, хүндэлье гэх мэт уриатайгаар хийгдэж байна. Мэдээж сайн зүйл. Гэвч хүний материаллаг зүйлээс илүүтэй сүнс, гэм нүглийн асуудлыг шийдэж байгаа нь юу юунаас ч илүү Бурханд талархах, Захариа шиг магтан дуулахаас өөр аргагүй билээ. Золилтыг бүрэн ойлгож, мэдэхийн тулд хүн төрөлхтөн нүглийн боол болсон гэдэг нөхцөл байдлыг зайлшгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Бурхан израйльчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөхийн тулд, дарангуйллаас нь аврахын тулд зольсон юм. Биднийг гэм нүгэл, муу ёрын сүнсний дарангуйллаас чөлөөлөхийн тулд Бурхан Есүс Христийг илгээж, Түүнийг зольсон билээ. Учир нь “16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” 2-рт: Бидний төлөө Авралын Эврийг босгов. “69 Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.” Эвэр бол аливаа амьтны хүч чадал, сүр жавхлан байдаг. Ялангуяа Ойрхи Дорнодын ард түмэн эврийг янз бүрийн бэлгэдлээр ашиглаж ирсэн. Эвэр нь сайн болон муу ёрын төгс хүч чадлыг илэрхийлдэг. Энэхүү авралын эвэр нь Сатаны дөнгө, гинжийг таслах, хүч чадлыг нь үгүй хийх, тэрхүү муу ёрын дарангуйллаас хүн төрөлхтнийг аврах утгыг агуулж байна. Давидын гэрт Бурхан аврагчийг илгээнэ гэсэн тэрхүү үг ийнхүү биелж байна. Тэр үеийн израйлийн нөхцөл байдал дарангуйлал дор, хүнд хүчир буулгын дор амьдарч байв. Бидэнд яагаад авралын эвэр хэрэгтэй вэ? Илчлэл 12:3-т “3 Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй асар том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.”Илчлэлт 12:3-ыг үзвэл Сатаныг маш оновчтойгоор дүрслэн харуулсан. Нөгөө талаас бидний тэмцэл нь хүн, ямар нэгэн махбодын эсрэг зүйл биш юм. Харин харанхуйн хүч, ноёрхол, эрх мэдлийн эсрэг юм. Үүнийг Ефес номд тайлбарлан хэлсэн. Ефес 6:10-12-т “10 Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. 11 Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. 12 Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.” Тиймээс бидэнд авралын эвэр хэрэгтэй бөгөөд авралын хүч ч хэрэгтэй байдаг. Тэгэж байж бид Сатаны аливаа заль мэх, олон эврүүдийн эсрэг зогсож чадах юм. Библид энэ цаг үеийн харанхуйн хүчний захирагчийн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр биднийг янз бүрийн тухайлбал, хүсэл тачаал, шунал, эрх мэдэл, сул дорой байдал, үзэн ядалт, атаа жөтөө, бардамнал, биеэ тоох, үл итгэл, Бурханд дуулгаваргүй байх зэрэг эврээрээ сүлбэхэд бэлэн байдаг. Бид ч сүлбүүлэхэд бэлэн байдаг. Саяхны үйл явдлыг бид сайн мэднэ. Хичнээн их мэдлэг боловсролтой байлаа ч Сатаны эвэрт хатгуулбал ямар болдогийг бид харсан. ҮХЦ-ийн дарга гэдэг бол дээр нь хөх тэнгэр гэж л байдаг байлаа. Харин шунал, хүсэл тачаалын эвэрт хатгуулсан учраас огцороход хүрсэн. Мөн УИХ-ын гишүүдээс ч зарим нь тачаалын эвэрт хатгуулсан байдаг. Түүнчлэн залуучуудын дунд сүүлийн үед ямар эвэрт хатгуулж, сүлбүүлж байна вэ? Мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэснээр өөрсдийгөө хянах чадваргүй, түүнээсээ болоод сайхан залуу насаа торны цаана өнгөрөөж байгааг бид харж, сонсож, уншиж байна. Зарим тохиолдолд бид шүүрэн шанага болдог шүү дээ. Тиймээс биднийг аврах авралын эвэр зайлшгүй хэрэгтэй. Тэр бол Есүс Христ юм. Бидний төлөө авралын Эвэр Есүсийг босгосон Бурханд талархаж байна. Зөвхөн авралын Эвэр болсон Есүс Христ нь биднийг аварч чадна. Өөр юу ч биш. Өөр хэний ч дотор аврал байхгүй. Үйлс 4:12-т“12 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.” Бурхан Дуулал 132:17-д ийнхүү хэлсэн байдаг. “17 Тэнд Би Давидад эврийг ургуулна. Би тослогдогчдоо дэнлүү бэлтгэнэ.” 3-рт: Бурхан тангарагаа биелүүлсэн юм. “72 Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм. 73 Бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ юм.” Эхлэл номд Бурхан анх Абрахамтай гэрээ байгуулж, түүнийг амьдралынх нь туршид ерөөсөн байдаг. Хуучин гэрээний төгсгөл хэсэгт Бурханы ард түмэн харанхуй цаг үед амьдарч байв. 400 жилийн турш Бурханаас ямар ч тэмдэг, ямар ч эш үзүүлэгч гарч ирээгүй бөгөөд Бурханаас орхигдсон юм шиг санагдаж байсан аж. Тэр л үед Бурхан Өөрийн Абрахамтай байгуулсан гэрээгээ санаж, тангарагаа биелүүлжээ. Бурхан Давидын удмаас аврагч, Мессиаг төрүүлнэ гэснээрээ амлалтаа биелүүлсэн юм. Тэрээр Итгэмжит Нэгэн билээ. 2019 он таны хувьд хэрхэн өнгөрч байна вэ? Оны эхэнд та Бурханд хандан залбирлын сэдэв, чухал зүйл сонгож, Бурханд амлаж, төлөвлөгөө гаргасан байх. Гэхдээ та амлалтаа биелүүлээгүй ч Тэрээр итгэмжит хэвээрээ юм. Бурхан бидний төлөө дандаа илүү зүйлийг хийж өгдөг. Тэгвэл бидний төлөө Золилтыг гүйцээж, авралын Эвэр Есүсийг босгож, амлалтаа биелүүлсэн Бурханд бид хэрхэн хандвал зохилтой вэ? 4-рт: Бид Бурханд үйлчлэхийн тулд юм. “74 Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр 75 Ариун ба зөвт байдалд Үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд болой.” Бурхан амлалтаа биелүүлээд зогсохгүй биднийг дайснуудын маань гараас аварна гэдгийг хэлж байна. Бид зөвхөн аврагдаад зогсохгүй юм. Бид үйлчлэхийн тулд дуудагдсан, аврагдсан билээ. Бидний Эзэн Есүс Марк номд хэлэхдээ “Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн” гэжээ. Бид нэгэнт аврагдсан бол одоо үйлчлэх л хэрэгтэй. Яаж гэж үү? Ариун болоод зөвт байдал дор айдас түгшүүргүйгээр үйлчлэх хэрэгтэй. Ром 6:13-14-т “13 Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. 14 Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.”Бурханд үйлчилнэ гэдэг нь тийм ч хүнд хэцүү ойлголт биш юм. Заримдаа бид үйлчлэлийг бүтэн сайн өдрөөр төсөөлдөг шүү дээ. Үнэндээ тийм биш бөгөөд цаг тутам, өдөр бүр юм. Таны энд сууж байгаа нь ч үйлчлэл юм. Та ажил дээрээ байгаа нь ч үйлчлэл юм. Та амьдарч байгаа нь ч үйлчлэл юмаа. Та аврагдсан гэдэгтээ итгэж л байгаа бол үйлчилнэ гэсэн үг. Андуурч болохгүй. Харин үйлчлэлийн төрлүүд бол олон янз байж болно. Бид бол оюутан залууст үйлчилдэг дуудлагатай. Бурханд үйлчилнэ гэдэг нь цаг хугацаа, нөхцөл байдлаас болж үл зогсох бөгөөд ямар ч тохиолдолд үйлчилсээр байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл биднийг гэм нүглийн, үхлийн айдсаас чөлөөлсөн Түүнд итгэж, ариун, зөвт байдалд үйлчлэхийг хэлж байна. Ром 12-р бүлэгт хэлсэнчлэн энэ үеийн явдалд нийцэлгүй, тааламжтайгаар амьд, ариун өргөл хэмээн өөрсдийгөө үзэх хэрэгтэй. Ром 12:1, 2 “1 Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. 2 Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.” Одоо үед хүмүүс бие биедээ олон зүйлсийг тааламжтай байлгах гэж хичээдэг болсон. Даргадаа таалагдана, дэргэдэх хүндээ таалагдана. Бусдаас талархлын үгийг сонсовч, шүүмжлэлийн үгийг сонсохыг хүсэхгүй. Бид өөрсдийн үйлчлэлийг дахин дахин Эзэний үгээр нягтлан харж байх ёстой юм. Тэгэхгүй бол нэг мэдэхэд бардам занд хөтлөгдөж, хэлбэр төдий үйлчлэх нь амархан. Оюутан залуус сургууль дээрээ, ажилчид нь ажлын талбар дээр үйлчлэх үйлчлэл нь чухал болсон үе ирээд байна. Бидний нас, бие махбод маань хөгширч байна. Оюутнуудтай тэр бүр цагийг өнгөрөөж чадаж байгаа бил үү? Нууцгүй хэлэхэд бид байгаа газартаа Эзэнд үйлчлэх хэрэгтэй юм. Тэгэж байж тахилч улс, ариун ард түмэн болно. Өөрөөр хэлбэл Эзэнд үйлчлэхэд бидэнд 2 зүйлийн шаардлага тавигдана. Энэ бол ариун болоод зөвт байдал юм. Бидний бодол санаа ариун байх, үйлдэл маань зөв байх хэрэгтэйг харуулж байна. Ариун болон зөвт байдал дотор Эзэн дотор үйлчилцгээе. 1Петр 2:9-10 “9 Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм. 10 Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.” 5-рт: Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг өгнө. “76 Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдах нь Чи замыг нь бэлдэхээр Эзэний өмнө явж, 77 Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм.” Энд баптисч Иоханы талаар хэлж байгаа бөгөөд бидэнд ч хамаатай. Тэрээр эш үзүүлэгчийн ажлыг хийж байгаа бөгөөд тууштай байсан. Тэрээр нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг ард түмэнд өгч байсан учраас ард олон Иоханы талд байсан юм. Тиймээс ч Херод хаан хүртэл түүнийг хүндэлдэг байсан. Тэрээр эцгүүдийнх зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлсэн юм. Хүн бол мэдлэгээр сул дорой нэгэн юм. Бүх юмны утга учрыг сайн ойлгож чадахгүй. Хичнээн мундаг эрдэмтэн байлаа ч мэдлэгээр хомс байдаг. Ялангуяа авралтай холбоотой, сүнслэг оршихуйн юмсыг ойлгоход бэрх байдаг. Баптисч Иохан хаанчлалын сайнмэдээг тунхаглахдаа эхлээд “…гэмшигтүн…” хэмээн хэлж Есүсийн замыг бэлдэж байсан. Эхлээд өөрсдийн гэм нүглийг гэмшиж, дараа нь Бурханаас ирэх уучлал, нигүүлслийг хүлээн авдаг. Ингэснээр хүн авралын мэдлэгээр өдөр бүр өсдөг. Бид бол зөвхөн дамжуулах үүрэгтэй юм. Иохан гэмшлийн мэдээг дамжуулж, Бурханы уучлалыг баптисмаар баталгаажуулж байсан. Гэмшилгүйгээр Бурханы өршөөл, уучлалыг авч чадахгүй юм. Гэмшихгүйгээр нүгэл нь уучлагдахгүй юм. Гэмшихгүйгээр Бурханд ойртох боломжгүй юм. Гэмшил үгүйгээр бидний итгэл хуурамч юм. Харин бид нүглээ хүлээн зөвшөөрч гэмшсэнээр Бурханаас ирдэг уучлалыг хүлээн авдаг. Түүнчлэн авралын мэдлэгийг хүлээн авдаг. Хамгийн эхний алхам бол “9 Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. 10 Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ.”Бид бүхэн 2019 оны Христмасын баярын үг бүрээр дамжуулан нүглийн уучлалыг хүлээн авахыг хүсэн гуйж байна. Бурханы уучлалыг дахин дахин авснаар бусдад заадаг, бусдад өгдөг, бусдад дамжуулдаг сүнсний Иоханчууд, Бурханыг магтдаг сүнсний Захариачууд болцгоохыг хүсэн гуйж байна. Одоо 78-79-р зүйлийг үзээрэй. “78 Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь 79 Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.” Дорнын гэгээ гэдэг нь зүүн зүгээс гарах гэрэл, мандах нарыг зааж байна. Хүн төрөлхтөн олон зүйлийг нээж, гайхамшигтайгаар хөгжсөөр байна. Гэвч хүний амьдралын харанхуй хийгээд үхлийн сүүдэр шиг гэм нүглийн асуудлыг өнөө хүртэл шийдэж чадахгүй л байна. Цаашид ч шийдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүнийг гагцхүү Бурханы нигүүлсэнгүй өршөөл л шийдэж чадах юм. Энд сууж буй бид бүхэн Бурханы өршөөлийг хүртэгсэд билээ. Есүс Иохан 8:12-т хэлэхдээ “… Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.” Есүст итгэсэн, Түүнийг хүлээн авсан хүний дотор гэрэлтэй байдаг юм. Түүний дотор амь байдаг юм. Та Есүст итгээрэй. Түүнийг хүлээн зөвшөөрч амьдралдаа уриарай. Тэр таныг амар тайвны замаар удирдах болно. Дүгнэлт: Захариагийн магтан дуулал, эш үзүүллэгийг харвал бүгд биелсэн юм. Есүс бол хүн төрөлхтний аврагч юм. Түүнчлэн эш үзүүлэгч Исаиагаар 2700 гаруй жилийн тэртээ Бурханаар амлагдсан амлалт биелж, хүн төрөлхтөн гэм нүглийн боолчлолоос чөлөөлөгдөж, гэрэлтэй амьдрах болсон. Авралын Эвэр, Дорнын гэгээ болсон Есүст бүх алдар нь байх болтугай. Тэр таныг аливаа уруу татлага, муу ёрын заль мэхнээс хамгаалж, таны замыг амар тайвнаар удирдах болтугай. Түүгээр хамгаалуулж, Түүгээр гэрэлтэцгээе. 2019 оны Христмас баярын цуглаанаар дамжуулан авралын Эвэр, Дорнын гэгээ болсон Есүсийг дахин дахин зүрх сэтгэлдээ хүлээн авцгаая. Захариа шиг Эзэн Бурханыг магтан түүнд алдрыг үйлчлэлээрээ өргөцгөөе.