2019 оны Ефес 2-р номлол(12.01) Б. Баярмагнай

2019 оны Ефес 2-р номлол (12.01) Б. Баярмагнай

Мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнс

Ефес 1:15-23
Гол эшлэл: 1:17

“Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж”

Оршил
Өнгөрсөн номлолоор дамжуулан бидэнд өгөгдсөн сүнслэг ерөөлүүдийн талаар суралцсан билээ. Та ерөөгдсөн гэдгээ мэдэж, итгэж, бүр тэр ерөөлүүдээ эдэлж, жаргаж байгаа биз дээ?
Тэгвэл өнөөдөр бид Паулын залбирлын тухай сурах гэж байна. Ефес чуулганыхны төлөө санаа тавин залбирч буй Паул юуны төлөө залбирсан бэ? Тэднийг ямар байгаасай гэж Паул залбирч байгаа тухай хамт сурцгаая.
15-16-р эшлэлүүдийг үзвэл Паул Ефес чуулганы итгэгчдийн төлөө Бурханд талархдаг гэдгийг харж болно. “Би ч Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чинь тухай сонссон тул залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй.” Түүний талархлын сэдэв нь ефесчүүдийн итгэл ба бусдын төлөөх хайр юм.
1-рт, Ефес чуулганыхны итгэл. Ефес чуулганыхны итгэл хүчтэй байсан. Бурханы төлөө юугаа ч өгөхөөс буцахааргүй хүчтэй итгэлтэй байлаа. Итгэлтэй байгаа ефесчүүдийн төлөө Паул талархахаас өөр аргагүй байсан. Бид загалмайг харвал босоо ба хэвтээ нэг нэг шугамууд бий. Зарим хүн үүнийг босоо шугам нь Бурхантай харилцах харилцааг, хэвтээ шугам нь хөрштэйгөө буюу хүмүүстэй харилцах харилцааг төлөөлдөг гэж үздэг. Бас л боломжийн тайлбар. Тэгвэл ефесчүүд босоо шугамын дагуу Бурхантай сайн харилцаатай буюу итгэлтэй байсанд нь Паул талархаж байна.
2-рт, Ефес чуулганыхан өгөөмөр байсан. Тэд баян цатгаландаа биш, цаг завтайдаа ч биш, харин өгөөмөр байсан учраас ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив сайн өргөдөг байсан бололтой. Өөрөөр хэлбэл тэд хэвтээ шугамын дагуу хөршүүддээ Бурханы хайраар үйлчилж, тэр үйлчлэлээ бодитоор хэрэгжүүлж байсан. Ингэж ефесчүүд “Бурханыг бүх зүрхээрээ хайрла, хөршөө өөрийн адил хайрла” гэсэн агуу хоёр тушаалыг биелүүлж байжээ.
Хэрэв энэ цаг үед Паул байсан бол манай чуулганы ямар талыг хараад Бурханд талархах байсан бол оо? Дагалдагч сайн, чанартай өсгөдөг тул гэж талархах байсан болов уу? Библийн хичээл сайн хийдэг, сэтгэгдэл бичдэг хүмүүсийн төлөө талархах байсан болов уу? Фишин сайн хийж, оюутан залуусыг Христ рүү авчирж байгаа хоньчдыг хараад талархах байсан биз. Өглөөний гуйлтад ирдэг хүмүүсийг хараад талархах байсан байх.
Мөн чуулганаас гадна таны юуг хараад Паул талархах байсан бол оо? Хүн бүрд Бурханаас өгөгдсөн сайн бөгөөд сайхан чанарууд байдаг. Засрашгүй, өөрчлөгдөшгүй, бусдыг ч хайрладаггүй хүмүүс Христийн дагалдагч болсныг хараад талархах байсан байх. Гэхдээ сайн сайхан зан чанаруудаас илүүгээр Бурханыг хайрладаг, хөршөө хайрладаг, Библид хайртай хүмүүсийг хараад Паул талархах байсан биз. Бид заавал ефесчүүд шиг байх албагүй, гэхдээ тэднээс суралцах хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь Бурханд л таалагдах амьдралаар амьдрахыг хичээх ёстой юм. Өөрийнх нь үгэнд шунан дурладаг, Библиэр дамжуулан өөртэй нь ярьж байгаа Бурханыг хүндэлдэг хүмүүс байхыг Бурхан хүсэж байгаа. Хүн бүрд итгэлийн сайн үйлс бий, тэрийгээ хөгжүүлэхэд болно. Хүн бүр Бурханыг хайрлах арга зам бий. Тийм зүйлүүд нь талархууштай юм.
Ингээд Ефес чуулганы төлөөх Паулын залбирал эхэлж байна. Ефес чуулганыхны төлөө тэр хоёр зүйлийг залбирсан.
17-р эшлэлийг үзээрэй. “Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж” Энд мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлэх тухай залбирч байна. Бүх мэдлэг ба мэргэн ухааны Эзэн нь Есүс Христ юм. Паул ефесийнхний хавчлагын төлөө, эсвэл хангалт, хамгаалалтын төлөө залбираагүй. Харин мэргэн ухаан хайрлаач хэмээн залбирсан. Энэ мэргэн ухаан нь зөвхөн Есүсээс ирнэ. Бид мэргэн бөгөөд ухаантай байя гэвэл Христтэй үргэлж холбоотой байх хэрэтэй. Мэдээж бүх цаг үед Сатан маш овжноор итгэгчдийг урвуулах, унагах байдлаар ажилладаг. Тэгвэл энэ цаг үед Сатан яаж ажиллаж байна вэ? Бид энэ цаг үеийг бодитоор мэдэж байж Бурханы мэргэн ухааныг залбирах хэрэгтэй болж байна. Ефесчүүд хавчлага зовлонгийн дунд мэргэн ухааны төлөө залбирч байж тэр цаг үеийг давж байсан байх. Тэгвэл энэ цаг үед бидэнд бүр ч илүү мэргэн ухаан хэрэгтэй. Бодитоор хавчлага зовлон бидэнд одоогоор алга. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө гэдэг үгнүүдийн цаана Сатан маш ухаалгаар ажиллаж, итгэгчдийн үнэ цэнийг үгүй хийж, үнэт зүйлийг хүчгүй болгож байдаг. Юуг ч хийж болно гэсэн чөлөөт үзлээс болоод итгэлийн амьдралын хэмнэл алдагдахад хүрдэг. Тийм ээ, бидэнд мэргэн ухаан хэрэгтэй. Энэ мэргэн ухааныг бид залбирлаар л авч чадна. Бид зүгээр л нэг амьдраад байгаа юм биш. Бид бол агуу захирамжийг биелүүлэн, Христийг гэрчлэх гэж дуудагдсан. Тиймээс Христийг гэрчлэхэд бидэнд мэргэн ухаан хэрэгтэй. Амьдралаараа харуулах ёстой. Эргэн тойрны хүмүүстээ Христийн гэрлийг харуулж амьдрах нь бидний үүрэг. Үүний төлөө ч гэсэн бид мэргэн ухааныг залбирах ёстой юм.
Ефесчүүдийн төлөө залбиралдаа Паул мөн илчлэлийн сүнсийг өгөөч гэж залбирсан. Ефесчүүдэд илчлэлийн сүнс яагаад хэрэгтэй байсан гэж? Бурхан Өөрөө илчлэгдэх хэрэгтэй байсан болов уу? Ер нь Бурхан танд яаж илчлэгддэг вэ? Хэрэв бид Христитгэлийн түүхийг харвал Бурхан дандаа Өөрийн үгээрээ илчлэгддэг. Өөрөөр хэлбэл Бурхан үгээрээ бидний дунд ажиллаж, үгээрээ биднийг хөтлөн удирддаг гэсэн үг. Бурханы үгийг уншсанаараа та Бурханы тааллыг олж харна, мэднэ, бас хөтлөгдөнө гэсэн үг. Бурхантай шууд харилцах боломж Христийн загалмайд үхсэн өдрөөс хүн төрөлхтөнд нээлттэй болсон. Ямар нэг зуучгүйгээр, бидний өмнөөс хэн нэгэн очих шаардлагагүйгээр Бурхантай бид шууд харилцаж болохоор болсон. Гэвч заримдаа бидэнд бэрхшээл тулгардаг. Бурханы үгийг унших үед ойлгохгүй, ухаарахгүй үе гарч ирдэг. Бидэнд илчлэгдэх ёстой үгнүүд, ойлгогдох ёстой ойлголтууд, ухаарах ёстой ухаарал ба гэмшлүүд, мөн эдлэх ёстой ерөөлүүд Библи дээр дүүрэн бий. Тэр болгоныг бид Бурхантай харилцах байдлаар, Библи унших байдлаар олж нээж илрүүлэх болно. Тэгэхийн тулд бид илчлэлийн сүнсийг өгөөч гэж залбирах хэрэгтэй болж байна гэсэн үг. Хоньчингүйгээр ч, пастор ахлагчгүйгээр ч бид Библийг унших, ойлгох, ухаарах, гэмших боломжтой. Гэхдээ энэ нь библийн хичээл битгий хийгээрэй, хоньчин пастор хэрэггүй гэж гэж хэлэх гээгүй шүү. Бид бие даан Библи уншиж, тэндээс ухаарч гэмшиж, ерөөлийг ч авах боломжтой гэсэн үг юм. Тийм учраас бидэнд илчлэлийн сүнс буюу Библийг ойлгох ухаан хэрэгтэй гэсэн үг. Залбирцгаая. Паул Ефес чуулганы итгэгчдийн төлөө мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнс өгөөч гэж залбирсан шиг бид ч бас энэ чуулгандаа, хувь хүн бүрд мэргэн ухаан ба илчлэлийн сүнс хайрлаач гэж залбирцгаая.
Паулын удаах залбирлын сэдэв нь юу байсан бэ? 18-19-р эшлэлүүдийг үзээрэй. “зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ.” Ефесчүүдийн зүрхний мэлмий гийгүүлэгдээсэй гэж залбирсан. Мэлмий гэдэг нь нүдийг хэлдэг. Зүрхний мэлмий гэдэг нь зүрхний нүд нь нээгдээсэй гэж утгатай юм. Бид махбод болоод сүнслэг хоёр ертөнцөд зэрэг амьдардаг хүмүүс. Тиймээс бид махбодын нүдээрээ зурагт үзэж, утсаа ухаж, хүмүүстэй харилцаж, ярилцаж, ном уншиж гэх мэтээр ашигладаг. Харин зүрхний мэлмий нээгдсэнээр Бурханыг улам илүү таних болно. Таньснаар Бурханы хийж буй ажлыг харах болно. Бурханы зорилго, Бурханы хайрыг улам их харах болно. Та одоо хүртэл Бурханы гайхамшигт мөн чанаруудыг таниагүй байгаа юм биш биз дээ? Зөвхөн хангагч, эмчлэгч, хамгаалагч төдийхнөөр боддог юм биш биз дээ? Үгүй шүү, тэгж бодож байгаа бол та андуурч байна. Орчлон ертөнцийг Бүтээгч Бурхан бол бүх ерөөлүүдийн үндэс юм. Бүх гайхамшгийн Эзэн, хайр ба зөв шударгын Эзэн. Бурханы ерөөлийн талаар бид өмнөх номлол дээр сурцгаасан. Тэр сүнслэг ерөөлүүдийг Бурхан өгөх чадалтай. Хэрэв таны зүрхний мэлмий нээгдвэл Бурханы гайхамшгийг олж харах болно. Түүний бүх ерөөлийг мэдэх болно. Хязгаарлагдмал, хайрцаглагдсан байдалтай байвал танд тэр бүх ерөөл харагдахгүй. Та Бурханыг хязгаарлагдмал байдлаар бодож болох ч үнэндээ Бурхан тийм биш. Түүнд бүх ерөөл бий. Бүх гайхамшиг бий. Гагцхүү бид зүрхний мэлмийг минь нээж өгөөч гэж залбирах хэрэгтэй болж байна.
Мөн Паул ефесчүүдийг дуудлагын найдварыг мэдээсэй гэж залбирсан. Итгэгч хүний дуудлага бол сайнмэдээний элч байх явдал юм. Өөрөөр хэлбэл итгэгч байна гэдэг бол өөрөө дуудлага. Та хаана ч сайнмэдээний элчээр амьдрах үүрэгтэй гэж хэлэхэд болно. Энэ бол хэн нэгний сайн дурын ажил биш, таны хиймээр үедээ хийдэг, хиймээргүй үедээ хийдэггүй ажил ч биш. Харин та сайнмэдээний элчээр амьдрахаар дуудагдсан.
Бурханы ерөөлүүд, сайнмэдээний элчээр амьдрахаар дуудагдсан зэргийг мэдсэнээр бид Бурханы хүч чадлыг 100% амьдралдаа эдэлж чадна.

өмнөх нийтлэл2019 оны Христмасын 1-р хичээл (12.08)
Дараагийн нийтлэлХҮНДЭТГЭЛИЙН ЦУГЛААНД ТАВТАЙ МОРИЛ