Өв залгамжлагч
Галат 4:1-7
Гол эшлэл: 4:7
“Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.”
Өнөөдөр бид өв залгамжлалын талаар хамтдаа сурах гэж байна. Христэд итгэснээр бид өв залгамжлах эрхтэй болсон. Тэгвэл юу өв залгамжлах эрхтэй болсон талаар хамт сурцгаая. Бас өв залгамжлалаа хүлээн авч, өв залгамжлагч гэдэг байр сууриар насан турш амьдрахыг хүсэн ерөөж байна.
Та өв залгамжлах эрхтэй гэвэл та юу авахыг хүсэж байна вэ? Гэвч та өв залгамжлах эрхтэй боловч таны цаг хараахан болоогүй байгаа. Та аавынхаа цуглуулсан бүх эд хөрөнгийг өв залгамжлан авах эрхтэй. Гэвч таны цаг болоогүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байгаа гэж бодвол танд ямар санагдах вэ? Өв залгамжлагч гэдэг нь хэн нэгний үлдээсэн өв хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших болон тэр өв хөрөнгийг өөрийн болгох албан ёсны эрхтэй хүнийг хэлдэг.
1-2-р эшлэлүүдийг үзээрэй. “Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг. Харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн доор байдаг гэж хэлэх байна.” Тухайн үед 14 нас хүртлээ хүүхэд асрамжлагч юм уу итгэмжлэгдсэн хүний дор байж зохих боловсрол эзэмшиж, дадал зуршилтай болдог байсан. Мөн тодорхой дэг жаяг дотор өсөх ёстой байлаа. Эцэг эх нь асрамжлагчид бүх эрх мэдлийг өгнө. Хэрэв асрамжлагчийн үгэнд орохгүй байвал эцэг эхийнхээ үгэнд орохгүй мэтээр өндөр хэмжээний дасгалжуулалт дотор тухайн хүүхдийг өсгөдөг байжээ.
Яг л өнөөгийн хүүхдүүд шиг гэсэн үг. Мэдээж бид хүүхдээ өсгөхдөө асрамжлагч авдаггүй. Харин тодорхой эрхүүдийг нь хязгаарладаг. Тухайлбал танай хүүхэд 18 нас хүрч байж машин барих эрхтэй болно. Одоогоор банкинд хадгаламжтай боловч банкны карт эзэмших эрхгүй. Гэр бүлийн дотоод асуудал тухайлбал байр, машин авах, ажлаа солих, болих, цалин, мөнгөний зарцуулалт гэх мэт асуудлуудад 15 ч хүрээгүй хүүхдийг оролцуулдаггүй биз дээ? Тодорхой насанд хүрээд эрхүүдийг эдэлдэг болохоос биш тэр хүртлээ хүүхэд гэдэг байр суурин дээрээ л байна. Харин өнөөдөр бид хүүхдээ хүүхэд гэдэг байр сууринаас хардаг бол тухайн үед хүүхдээ боол гэсэн байр сууринаас үздэг байсан.
Хуулийн дор байх болон Христийн дор байх харилцааг элч Паул өв залгамжлагчаас гадна хүүхэд ба насанд хүрсэн хүний ялгаатай байдлыг харьцуулан гаргаж ирэн илэрхийлж байна. Хууль нь боолын эзэн буюу асрамжлагч, итгэмжлэгдсэн хүн. Харин боол гэдэг нь хүүхэд. Хууль нь хүнийг огт хөдөлгөдөггүй байжээ. Хүн буруу зүйл хийх л юм бол хууль хүнийг огт хайр найргүйгээр ташуурдаж, тэр байтугай аминд нь хүрдэг байсан. Тэгснээрээ хууль огт буруу хүлээдэггүй. Харин ч гавьяа байгуулсан мэт ард түмний болоод удирдагч нарын дунд амь бөхтэй оршдог байсан. Хуулийн дор хүн бүр байх ёстой. Энэ бол нийгмийн харилцаа. Гэхдээ тухайн үед байсан хууль хэзээ ч мөнх амь ба Мөнхийн улсад орох, орохгүйг шийдэж чадахгүй байсан гэдгийг Паул дурдаж байгааг анзаараарай. Гэсэн хэдий ч тухайн үеийн шашны удирдагч нар Мөнхийн улсад орох үгүйг хозлол хийлгэсэн байх ёстой, Абрахамын хүүхэд байх ёстой гэх мэтээр хэмжих гэж оролдож байлаа. Энэ нь аврал гэгч зүйлийг хүчгүй болгох, улмаар Христийн загалмайн хайр дээр ямар нэгэн ёс заншил нэмэх гэсэн оролдлого байсан.
Харин Христ ирснээр бид хуулийн өгдөг айдсыг бус эрх чөлөөг эдлэх болсон юм. Одоо бид жинхэнэ эрх чөлөөтэй хүмүүс буюу өв залгамжлах эрхээ албан ёсоор эдэлж байгаа хүүхдүүдтэй адилхан болсон. Христэд итгэж, Түүнийг Аврагчаар хүлээн авсан учир бид одоо Бурханы хүүхэд гэсэн байр суурьтай болсон. Христийг хүлээн авсан болгонд Бурхан Эцэг нь болдог. 1Иохан 3:1-д “Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!” Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулах эрхтэй болцгоосон. Энэ бол маш чухал ойлголт юм. Мэдээж та махбодоороо аав, ээжийнхээ хайртай хүүхэд нь. Гэвч сүнслэг утгаараа та бид Бурханы хүүхэд гэсэн байр суурьтай болсон. Бурханы хүүхэд болсон гэдгийн цаанаа асар их хайр ивээл нуугдаж байгаа. Мэдээж асар их хайр ивээлийг эдлэх эрхтэй болсон хэдий ч хамгийн том ивээл нь та Бурханы хүүхэд болсон явдал юм. Энэ ивээлийг эдлэх эрхтэй болсон нь энэ дэлхий дэх хүн бүрийн эдлэмээр байдаг ч эдлээд байдаггүй эрх юм. Өөрөөр хэлбэл махбодын эцэг эхтэй ч сүнсний хувьд тэд өнчин байгаатай адилхан гэсэн үг. Харин та өнчин биш, хэзээ ч очиж болох аавтай болсон. Хэнд ч уудалж чадахгүй зүйлээ ярих Нэгэнтэй болсон. Хэн ч таныг тоохгүй байлаа ч Бурхан таныг хүлээн авч, үгээрээ тайвшруулж, таныг бас зэмлэж, тантай ойр байхыг хүсдэг. Яг л аав, хүүхэд хоёр шиг. Аав хичнээн ажил ихтэй, завгүй байсан ч хүүхэдтэйгээ цаг гаргахыг үргэлж хүсдэг. Аав заримдаа үзэгддэггүй. Аав заримдаа ууртай. Гэхдээ эцэстээ аав үргэлж хүүхдүүдийнхээ төлөө байдаг. Айлын тусыг нүүсний дараа, аавын ачийг үхсэний дараа нь хүүхдүүд санадаг. Хэдийгээр аав нь үргэлж хамт байдаг, заримдаа ядаргаатай байдаг ч гэсэн аав хүний орон зай түүнийг байхгүй болсны дараа асар ихээр мэдэгдэж, үгүйлэгддэг. Бурхан бол бидний сүнслэг Аав юм. Бурхан хэзээ ч үхэхгүй, алга болохгүй. Харин Бурхан бидэнтэй үргэлж буюу 24/7 хамт байх болно. Тэр танд хайртай. Тэр Таны төлөө бүхнээ зориулсан.
Та Бурханы хүүхэд болсон төдийгүй өв залгамжлагч болсон юм. Хэрэв танд өв залгамжлах эрх байна гэвэл та юу авахыг хүсэх вэ? Байр, машин эсвэл эд хөрөнгө авахыг хүсэж байна уу? Эрдэм мэдлэгийг ч авмаар байна уу? Гэхдээ бид махбодын эцэг эхээсээ өөрийн мэдэлгүй өв залгамжилж авсан зүйлс байдаг. Царай зүс, сайн муу зан чанар, нуруу туруу гээд. Мөн зуршлыг нь ч бас авсан байдаг. Та аав, ээжээсээ юу өвлөж авсан бэ? Та үр хүүхэддээ ч гэсэн өөрийн мэдэлгүйгээр өвлүүлсэн зүйлс байгаа. Та өвлүүлмээргүй байсан ч гэсэн өвлүүлсэн муу зан чанарууд ч бий. Та өвлөж авмааргүй байсан ч өвлөж авсан, магадгүй өөрийгөө буруутгадаг, үзэн ядмаар байдаг муу зан чанарууд ч бий.
Харин бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний итгэдэг Бурхан бол төгс хүчит. Тэр хайр ба энэрлээр дүүрэн. Тэр зөв шударга ба үнэ зөвөөр бялхам. Тэр бол Бүтээгч, Бурхан бол бүх зүйлийг Захирагч агуу хүчирхэг Нэгэн. Ийм агуу Эзэнээс бид өв залгамжлах зүйлстэй гээд бод доо. Тиймээс Бурхан бидэнд дараах зүйлсийг өв болгон үлдээсэн юм.
1-рт, мөнхийн амь. Та бид махбодоороо үхэх нь тодорхой. Гэхдээ хэзээ гэдгийг хэн ч үл мэднэ. Харин махбодоороо энэ дэлхийгээс хальсан ч гэсэн Христэд итгэгчид нь мөнхийн амийг өвлөн авах болно. Яагаад гэвэл бидний Бурхан Өөрөө мөнхөд оршигч юм. Тэр бол Альфа ба Омега. Дэлхийн сууриас ч өмнө байсан. Тэр Өөрөө мөнхөд оршигч. Тиймээс бид Түүний оршихуйд мөнхөд амьдрах болно. Хүмүүс бид диваажин, там гэдэг ойлголтуудтай байдаг. Христэд итгэгч нь диваажин буюу мөнхийн улсад очих болно. Энэ бол бидэнд үлдээсэн хамгийн том өв.
2-рт, Бурхан бидэнд Өөрийн үг болсон Библиэ өв болгон өгсөн. Тэнд амийн үгс бий. Тэнд амьдралын үгс бий. Бид Бурханы үггүйгээр энэ дэлхийд хөлөө олж амьдрах боломжгүй. Түүний үгэнд хүч чадал бий. Үнэхээр Бурханы үг хүчтэй. Тэр үгээрээ орчлон ертөнцийг бүтээсэн. Оргүйгээс орчлон ертөнцийг бүтээсэн нь зөвхөн Бурханы үг байлаа. Ийм агуу үгийг бид өвлөн авсан. Одоо таны гар дээр Түүний үг байна. Та агуу зүйлийг өвлөн авсан. Заримдаа бид ийм агуу зүйлийг өвлөн авсандаа талархдаггүй. Баярладаггүй.
3-рт, зөв шударга байдлыг бид өв залгамжлан авсан. Шударга бус нийгэм гэж бид их ярьдаг. Нийгэм ямар байх нь чухал боловч бид өөрсдөө ямар байх нь бүр ч илүү чухал. Бурхан бидэнд зөв шударга байдлыг Хүү Есүсээрээ дамжуулан өвлүүлсэн.
4-рт, бид хайр, өршөөл, нигүүлслийг өвлөн авсан. Хайр байхгүй газар юу оршихыг бид таашгүй. Есүс амиа өгөн байж биднийг хайрласан. Түүний хайр байхгүй байсан бол өнөөдөр бид аврал ч аваагүй, өнөөдөр бид амар тайван ч байхгүй байсан. Түүний өршөөл байхгүй байсан бол та хаана явж байх бол оо? Гэмийн ямар ялыг та үүрсэн явж байх бол оо?
Та хэн нэгний өвийг залгамжлахгүй байж болно. Танд аав чинь, ах чинь өв хөрөнгө өвлүүлэхгүй байж болно. Гэхдээ бид тэнгэрт өв эзэмшинэ. Энэ дэлхийн ямар ч хүнээс илүү өвүүдийг бид эзэмших эрхтэй болсон.
Та өөрөө хүүхэддээ, дүүдээ ч гэсэн өв үлдээхгүй байж болно. Гэхдээ Бурханы үгийг өв болгон үлдээгээрэй. Шинэ оюутан залууст Эзэний хайр ба өршөөлийн өвийг үлдээгээрэй. Юу үнэгүй авсан түүнийгээ өв болгоорой.