СҮНСНИЙ УДИРДАГЧ САМУЕЛ
1 Самуел 7:2-17
Гол эшлэл: 7:3
“тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин – Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.”
Өнөөдрийн номлол нь Израилийн сүнсний удирдагч Самуелын тухай юм. Шүүгчдийн цаг үед гадна талын тасралтгүй довтолгоо ба дайсан тэднийг зовоож байсан. Сүнсний хувьд Бурханы үг ховор байсан учир Бурханы ард түмэн гэсэн сэтгэлийг алдаж, дураараа дургиж, өөртөө зөв гэсэн бүхнээ үйлдэж байсан. Гэхдээ тэдний хамгийн гол асуудал бол сүнсний удирдагч байхгүй явдал байв. Шүүгчдээс Самуел хүртэл 350 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд Бурхан Өөрийн цагтаа Самуелыг босгон Израилийн сүнсний удирдагчаар хэрэглэсэн. Өнөөдрийн үгээр дамжуулан сүнсний удирдагч буюу хоньчид бид хэрхэн энэ цаг үеийн хоньдыг Бурхан Эзэн уруу эргүүлэн удирдах аргыг суралцаж чадахыг гуйж байна.
Одоо бүгдээрээ 2-р эшлэлийг хараарай. “Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.”
Хэдийгээр гэрээний авдар Израильчуудад ирээд 20 жил болсон ч тэд Бурханд болон хиймэл шүтээнд зэрэг үйлчилж байсан. Тиймээс тэд сүнсний хувьд төөрөлдөж, учираа олохгүй болжээ. Аль нь яг зөв зам бэ? Юу хийж, хэнд нь чухам үйлчлэх ёстойгоо ч сайн мэдэхгүй болсон байв. Үнэндээ бол Бурханыг ч сайн мэдэхгүй байсан. Тухайн цаг үеийн тахилч болох Ели болон түүний хүүхдүүд Хофни, Финехас нар Эзэн Бурханы өмнө зохисгүй бөгөөд зөвт бус хүмүүс байсан учир ард түмний сүнсний байдал ч доройтсон байсан. Ялангуяа Бурханы үг байхгүй байгаа нь маш том асуудал байлаа. Бурханы үг хүмүүст амьдралын жинхэнэ зорилго ба утга учрыг зааж байдаг. Гэтэл тэд Бурханы үггүй учир зөв бурууг ялгахгүй, амьдралын жинхэнэ утга учир ба зорилго юу болохыг мэдэхгүй учир төөрөлдөн мөнгө, эд баялаг, амар тайван тав тухтай амьдралд хүлэгдэн амьдрахаас аргагүй байсан.
Өнөөгийн залуусын хандлага нь Израильчуудтай адилхан байдаг. Тэд Бурханы үггүй учир өөрийн дуртай зүйлээ үйлдэж, хүссэнээрээ шийдэж, дураараа амьдардаг. Ганц олдох амьдралыг ингэж л өнгөрөөхгүй бол хожим хөгширсөн хойноо харамсана шүү дээ гэдэг. Бурханы үг ба үнэнийг дамжуулах үед дургүйцэн эсэргүүцдэг. Библийн үнэнийг хэлвэл зөв, сайхан үг байна гэдэг боловч өөрийнхөөрөө амьдрах нь сайхан учир дагаж чадахгүй нь гэдэг. Библийн хичээлийг дарамт шахалт мэт бодож, өөрийнхөөрөө амьдрахыг мэргэн ухаантай гэж бодно. Энэ нь тэдний сэтгэл сүнсэнд Бурханы үг байхгүй учраас юм. Харин Бурханы үгийг хүлээн авсаны дараа амьдралын утга учир ба үүргийг хүлээн авч тэдний амьдрал нь бүрэн өөрчлөгддөг. Бид ч гэсэн энэ цаг үеийн оюутан залуусыг сүнсний нүдээр харж чадахыг гуйж байна.
Дахин 2-р эшлэлийн б хэсгийг харвал “Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа” гэсэн нь Эзэн Бурханыг эрэн хайсан гэсэн утгатай. Израильчуудын амьдрал, үйлс нь доройтож сүнс дотор харанхуй байсан учир Бурханыг санагалзан үгүйлсэн. Яг энэ цаг үед Бурхан Самуелыг Израилийн сүнсний удирдагч ба хоньчноор босгон хэрэглэх болсон. Тэгвэл Самуел ямар хүн байсан бэ?
Самуел нь Зуф хүн Елкана болон Ханна нарын ууган хүү юм. Тэрээр эхийн хөхнөөс гарсан цагаас л Бурханд өргөгдөн сүмд үйлчилж, балчир хөвгүүн байхаасаа л Бурханд дуудагдсан. Тэр цагаас хойш 20 орчим жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Бурханы дасгалжуулалтыг авч, сүнсний удирдагчаар бэлтгэгдэж байжээ. Тэрээр одоо 25 настай идэр залуу болсон байв. Самуел Израилийн сүүлчийн шүүгч (1Сам 7:6), анхны эш үзүүлэгч (1Сам 3:20), тахилчийн үүргийг гүйцэтгэж байсан. Самуел шиг энэ гурван үйлчлэлийг амьдралынхаа туршид зэрэг хийсэн хүн байгаагүй. Тэрээр шүүгчийн хувьд ард түмнийг удирдан чиглүүлж байсан бол эш үзүүлэгчийн хувьд Бурханы үгийг дамжуулж, тахилчийн үүргийг биелүүлж ард түмнийг Бурханд зуучилдаг байсан.
Тэгвэл Самуел Израиль ард түмнийг хэрхэн хоньчилж удирдсан бэ?
1-рт: Ард түмнийг гэмшилд уриалсан. Одоо 3-р эшлэлийг хамт уншицгаая. “Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.”
Цаг нь болоход Самуел ард түмний өмнө гарч ирэн үүргээ гүйцэтгэж байна. Идэр залуухан эр Самуел Израиль ард түмний өмнө гарч зогсон гэмшлийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. “Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол…” гэж хэлсэн нь тэднийг жинхэнэ гэмшилд уриалж буй зүйл юм. Тэд Бурханыг дагаж, итгэж байна гэж байгаа боловч Канааны бурхад болох Баал болон Ашторэтыг шүтэж байсан. Баал нь Канаан газрын үр тарианы шүтээн учраас тариалангийн ажил болон мал аж ахуй тэр байтугай хүүхэдтэй болох эсэхийг ч шийддэг хүчтэй гэж тэд итгэж байсан. Мөн Ашторэт нь хүсэл тачаалын шүтээн байв. Ашторэт нь Баалын эхнэр гэж үздэг байсан бөгөөд хоёуланг нь садар самуун ёслол үйлийн дагуу мөргөн шүтдэг байв. Тэд арван хуулинд хэлсэн “Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” гэсэн тушаалыг дагадаггүй байжээ. Бурханыг дагаж байна, бид Бурханы ард түмэн, Түүнд үйлчилж байна гэж амаараа л ярьж байгаа боловч тэдний зүрх сэтгэл нь хиймэл шүтээнээр дүүрэн байжээ. Тиймээс ариун Бурханы өмнө ирж, Түүнд ойртохын тулд заавал хийх ёстой эхний зүйл нь цэвэр зүрх сэтгэлээр ЭЗЭН Бурханы өмнө гэмших байсан.
Өнөө үед ч гэсэн зарим итгэгчид ийм замаар Бурханыг дагадаг. Бурханд ч үйлчлээд мөнгө, эрх мэдэлд ч үйлчилдэг. Бурханд ч үйлчлээд Ашторэт шиг гоо үзэсгэлэнт эмэгтэйд ч үйлчилдэг. Тэгээд тачаалын гэмийг үйлддэг. Бурханд ч үйлчлээд эхнэр, нөхөр болон хүүхдүүддээ ч үйлчилдэг. Бурханд үйлчилж байгаа ч өөрийн хүсэл мөрөөдөл ба төлөвлөгөөнд ч үйлчилдэг. Бурханд ч үйлчлээд PС тоглоом, facebook, youtube, хов живэнд ч үйлчилдэг. Бурханд итгэж байгаа хэрнээ бодит амьдрал дээр гэмийг үйлдэн амьдарч, үл итгэгчдээс өөрцгүй амьдардаг. Ийм итгэлийн амьдрал гаднаас харахад ухаалаг, гоё сайхан юм шиг байдаг. Гэвч бид хэзээ ч хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй юм. Аль нэгийг нь заавал сонгох ёстой. Бид зөвхөн Бурханд үйлчлэх гэвэл зүрхний гүнд буй бүх хиймэл шүтээнүүдийг зайлуулж, бүхий л зүрхээ Эзэн уруу хандуулан Түүнд үйлчлэх хэрэгтэй. Сэтгэлийнхээ тэргүүн байранд Бурханаас өөр зүйлийг байлгаж болохгүй. Сүнсний удирдагч болсон хоньчид эхлээд өөрсдөө Бурханы өмнө чин үнэнч зүрх сэтгэлээр гэмшсэнээр оюутан залуусыг ч гэсэн гэмшилд уриалах ёстой юм. Өөрөө гэмшиж, цэвэр сэтгэлээр Бурханы өмнө үйлчлэхгүй байгаа хүн бусдыг ч гэсэн гэмшилд уриалж хэрхэн чадах билээ.
Одоо 4-6-р эшлэлийг хараарай. Израильчууд Самуелын уриалгыг сонсоод “Шал дэмий юм ярих юм. Яахлаараа энэ залуугийн үгийг сонсох ёстой юм бэ? Биднийг гүтгэж байна, ямар гэм хийсэн юм бэ” гэж гонгинолдож болох байсан. Харин тэд даруу зүрх сэтгэлтэй байсан учир гэмшлийн дуу хоолойг дуулгавартайгаар, эмээн хүндэтгэх сэтгэлээр хүлээн авч тэр даруй гэмшиж өөрсдийн дотроос шүтээнүүдийг зайлуулан, Эзэнд үйлчилж эхэлсэн. Тэгэхэд Самуел бүх Израилийг Мизпад цуглуулан залбирлын цуглааныг хийв. Тэнд Израильчууд ус асгах мэт гэмийг асгаж, Эзэний өмнө мацаг барин – Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ хэмээн гэмшлийг өргөж өршөөлийн хайр ивээлийг дүүрэн авсан. Бурхан биднээс гэм нүглээ ус мэт асгахыг хүсдэг. Ялангуяа Бурханы өмнө цэвэр сэтгэлээр гэмшихийг хүсдэг. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй энэ үед хоньчид бид өөрсдийн дотор буй бүх гэмийг, хиймэл шүтээнүүдийг Бурханы өмнө чин сэтгэлээр ус асгах мэт гэмшсэнээр хоньдыг ч гэсэн зоригтойгоор гэмшилд уриалж чадахыг хүсэн гуйж байна.
2-рт: Зуучлан залбирсан. 7,8-р эшлэлийг үзээрэй. Израиль ард түмэн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод довтлохоор хүрч ирэв. Одоо Израильчууд маш эгзэгтэй, ямар ч гарцгүй санагдаж, ялагдахаас өөр замгүй мэт болсон. Учир нь тэд дайны ямар ч бэлтгэлгүй байв. Гэхдээ тэд Самуелээс бидний төлөө Бурхан Эзэн уруу хашхиран залбирч өгөөч хэмээн хүссэн. Израильчууд өмнө нь гэрээний авдрыг шүтээн болгож, гэрээний авдар л байвал ялалт байгуулна гэж андуурсан учир дайнд ялагдсан. Мөн тэд өөрсдийн хүч ба аргаар тулалдах гэж оролдож байсан бол одоо тэдний хандлага өөрчлөгдсөн байна. Тэд өөрсдийн хүчинд найдах бус харин ЭЗЭН Бурханы хүч чадалд найдаж байгаа учир Самуелаас залбирч өгөхийг хүсч байна. Энэ нь Израильчууд Бурханы өмнө цэвэр сэтгэлээр гэмшсэн гэдгийг харуулж байна. Тэд одоо л Бурханд цэвэр сэтгэлээр итгэж, найдаж байна. Харин тэдний энэ хүсэлтийг Самуел баяртайгаар хүлээн авсан. Сүнсний удирдагч хоньчны хувьд хэн ч гэсэн хоньдынхоо төлөө залбирахдаа баяртай байдаг бөгөөд хоньдууд нь өөрсдийнх нь төлөө залбирч өгөхийг хүсвэл баярлан хүлээн авдаг.
Харин Самуел ард түмний хүсэлтэнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? 9-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд тахив. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.”
Самуел Бурхан ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж, хашхиран залбирсан. Шатаалт тахил нь Эзэнд өөрийгөө бүрэн өргөж байгааг илтгэдэг. Тахилыг зөвхөн тахилч хүн л өргөх ёстой байдаг бөгөөд Самуел тахил өргөн залбирсан нь тахилчийн үүргийг биелүүлж, ард түмний зууч болон Бурханы өмнө ирсэн юм. Энэ үед Бурхан түүний залбирлыг сонсож, тэр газар гайхамшигтай зүйл болж, Бурхан филистчүүдийн дээрээс хүчтэй аянга буулгаж, тэднийг самгардуулан бут цохив. Нэг сүнсний удирдагч Самуелын залбирлаар дамжуулан Израильчууд дайснаа ялж, дахин дарлагдахгүй амар тайван амьдрах болсон.
Хоньчны амьдрал нь филистчүүд шиг Бурханы хүүхдүүдийг айлган, унагаах гэсэн муу ёрын сүнстэй тэмцэлдэх сүнсний дайн юм. Муу ёрын сүнснүүд цаг ямагт унагаж бүдрүүлэх хүнийг хайн явж, сүнсээр сул итгэгчид уруу дайрдаг. Мөн хүний сул тал уруу ч дайрдаг. Тиймээс ийм сүнсний дайнд ялах гэвэл Бурханыг түшиглэн зуучлан залбирах хэрэгтэй. Бид залбирахгүй бол нэг сүнсийг гэм ба Сатаны эрхшээлээс аварч, Есүсийн дагалдагчаар өсгөж чадахгүй. Тиймээс хоньчин хүн нь ард түмнийхээ төлөө, хоньдынхоо төлөө залбирах нь маш чухал юм. Залбирахаа больвол хоньчлол үр дүнгүй болно. Хоньчин хүн залбирахгүй бол хоньдууд нь дайсанд ялагдаж, айн сандарч, хүчгүй амьдрах болно. Хоньчин хүн залбирлаар л сайнмэдээний ажлыг хийж, залбирлаар л авралын түүхийг бүтээдэг юм. Залбиралгүй хоньчлол бол жирийн нэгэн багшаас ялгарах зүйлгүй. Багш хүн мэдлэгийг л дамжуулдаг бол хоньчин хүн Бурханы үгийг дамжуулахаас гадна хичээнгүйлэн хоньдынхоо төлөө хашхиран, нулимс дуслуулан залбирдаг юм. Залбирснаар итгэл ба сүнсээр дорой хоньдын өмнөөс Сатантай тулалдаж, сүнслэг тэмцлийг хийдэг юм. Самуел зуучлан залбирлаар авралын ажлыг бүтээсэн шиг бид ч гэсэн зуучлан залбирахаа зогсоолгүй, хичээнгүйлэн зориулалт гарган залбирцгаая. Бид бүхэн ядарч туйлдсан, цөхөрсөн, ялагдсан нэгний төлөө Самуел шиг өөрийгөө анхилуун тахил болгон өргөж, хашхиран залбирсанаар ялалтыг авчирч, Эзэний хүч чадлыг амсахыг хүсэн гуйж байна. Бидний зуучлан залбирлаар дамжуулан монголын оюутан залуус төдийгүй бүх дэлхийн оюутнууд Сатаны боолчлолоос чөлөөлөгдөж, Есүс Христийг дагалдагчаар өсөж чадахыг хүсэн гуйж байна.
3-рт: Самуел нутгуудаар тойрон явж, израильчуудад үйлчилсэн. 16-р эшлэлийг үзээрэй. “Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.”
Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байсан бөгөөд Израильчууд алдсан газар нутгаа эргүүлэн авч, аморичуудтай эв найрамдалтай болсон. Ийнхүү амьдрал нь амар амгалан болсон энэ цаг үед Самуел сүнсний хувьд назгайрч, тайвширч болох байсан. Гэхдээ тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, Израильчуудыг шүүн, үйлчилж байсан. Энэ нь тэдний асуудлын зөв бурууг шүүсэн гэсэн утгатай. Самуел хоньд уруу хичээнгүйлэн очсоноор тэдний бодит асуудалд туслан үйлчилсэн. Бид ч бас Самуел шиг Бурханы зарцаар хичээнгүйлэн очиж үйлчлэх хэрэгтэй.
Одоо цагт бидний очих газар нь зөвхөн их сургууль байхаа больжээ. Оюутнууд их сургууль дээрээ өдөржин байдаг цаг аль хэдийн өнгөрчээ. Тэд хаа сайгүй л байдаг болсон байна. Бид тэдний байгаа газрыг олоод очих хэрэгтэй. Оюутнууд л учраас зөвхөн их сургуулийн байшинд байдаг гэсэн үг биш. Мэдээж хичээлийн цагаараа сургууль дээрээ байдаг. Бусад үед харин хаана байна вэ? Тэд гэртээ, найзындаа, номын санд, дотуур байранд, эмнэлэг, дэлгүүр, кофе шоп, цайны газар, спорт заал, АТМ-д, компьютер тоглоомын газар, гудманд, сошиал ертөнцөд ялангуяа facebook, instagram гээд хаа сайгүй л байна. Тэдний байгаа газар нь зориулалт гарган очоод үйлчилцгээе. Ялангуяа цуглаанд явж буй оюутнуудынхаа амьдралынх нь бодит асуудалд нь туслан, хүрч үйлчилцгээе. Энэ нь магадгүй бидний дутагдал ч байж болох юм. Цуглаанд л урьж, дууддаг болохоос гэрт нь очиж, сургууль дээр нь очиж Библийн хичээл хийдэг билүү. Есүс ч гэсэн хүмүүст үйлчлэхдээ байгаа газар нь буюу нуурын эрэгт, худгийн дэргэд, гэрт нь, хурим болон оршуулган дээр ч очин хоньдынхоо амьдралын асуудалд нь туслан даруугаар үйлчилж байсан. Түүнчлэн бид ч гэсэн оюутнуудынхаа байгаа газар нь очин үйлчилж, Бурханы үгийг зааж, сайнмэдээг тунхаглаж, бодитоор туслан хоньчилж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Самуел үнэхээр Бурханы агуу хүн бөгөөд ард түмний сайн хоньчин юм. Бурханаас эмээн хүндэтгэдэг сүнслэг нэг удирдагчаар дамжуулан Израиль ард түмэн төөрөгдлөөс гарч жинхэнэ Бурханд л бүх сэтгэлээрээ үйлчлэх болсон. Тэгээд тэдний дунд үнэн, амар тайван, аз жаргал, хайр ивээл дүүрэн болсон.
Өнөөдөр манай цуглааны хоньчид маань Самуел шиг хоньдыг гэмшилд уриалан дуудаж, тэдний төлөө өдөр бүр тасралтгүй зуучлан залбирч, байгаа газар нь очин туслан үйлчилснээр олон олон сүнсний удирдагч хоньчдыг босгож чадахыг гуйж байна. Тэгснээр манай чуулган болон монгол улс маань тахилчдын хаант улс, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн болохыг гуйж байна. Амен!