2019 оны Даниел 9-р номлол (05.12) Б. Баярмагнай

Бурханы агуу энэрлийг гуйсан

Даниел 9-р бүлэг

Гол эшлэл: 9:18-19

“Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлээс тань Таны өмнө гуйлтаа өргөж байна. Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.”

Өнөөдөр бид Даниелын залбирал ба залбирлынхаа хариуг авч байгаа тухай сурах гэж байна. Залбирал бол хэн нэгний цагаа нөхцөөсөн цаг биш, бас зөвхөн өөрийнхөө төлөө Бурханаас залбирдаг цаг ч биш. Харин энэ бол маш үнэ цэнэтэй цаг, энэ бол туйлын үр дүнтэй цаг. Үр дүн харагддаггүй боловч, тэр дороо мэдэгддэггүй боловч Бурханы мэлмийд тэр үр дүн болж харагдаж байдаг үнэ цэнэтэй зүйл юм.
1-2-р эшлэлүүдийг үзээрэй. “Халдеичуудын хаанчлалын хаан болсон, медечүүдийн үр удам Ахашверошийн хүү Дариусын анхдугаар онд буюу ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.” Израилийн цөллөгт байх жилийн тоо дал гэдгийг Даниел Иеремиагийн үзүүлсэн эш үзүүллэгийн дагуу олж мэджээ. Иеремиагийн эш үзүүллэг дээр “Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ. Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлжээ. Үүнийг олж мэдсэн Даниел залбирах гэж яарав. Тэр залбирал гуйлтаараа мацаг барьж, таар өмсөн, өөр дээрээ үнс асган Эзэн Бурханыг эрэлхийлэхээр, Түүнийг хичээнгүйлэн хайжээ. Даниелын залбирал нь Бурханы үгнээс эхтэй байна. Даниел Библиэс уншаагүй бол Иеремиагийн бичсэн зүйлийг олохгүй байв. Олоогүй бол эх нутаг болсон Израилийнхаа төлөө залбирахгүй байв. Тэгвэл Даниел ямар байдлаар улс орныхоо төлөө залбирсан бэ? 4-5-р эшлэлүүдийг үзээрэй. “Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг. Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ.” Даниел хэлэхдээ бид гэж байна. Уг нь Даниел биш улс орны удирдагч нар нь, тахилч нар нь, хаад нь Эзэний өмнө тэрсэлж гэм нүгэл үйлдэцгээсэн. Даниел харин ч Эзэний өмнө зөвт нэгэн байж, Бурханд болон өөрт оногдсон үүрэг албандаа үнэнчээр үйлчилж байсан. Гэсэн ч гэмтнүүдийн дунд өөрийгөө ч оруулан, Бурханы өмнө гэмшин гашуудаж байна. Бусдын өмнөөс ийнхүү гэмшиж байгаа нь бусдыг гэм нүгэл хийхэд ч би оролцсон гэсэн утгатай юм.Зөвхөн бурууг үйлдээд зогсохгүй Бурханы үгнээс манай ард түмэн, жононгууд, удирдагч нар холдоцгоосон гэж гэмшсэн. Бурханыг Бурхан гэж хүндлээгүйдээ, үл тоосондоо ч бас гэмшиж байна. Мөн Бурханы илгээсэн эш үзүүлэгч нарыг сонсоогүйдээ Израилийн ард түмний өмнөөс Даниел гэмшиж байна. Энэ эхэндээ сонсоход утгагүй мэт. Гэвч лавшруулан харвал Даниелын зөв гэлтэй. Яагаад Даниел хийгээгүй хэргийнхээ өмнөөс, үйлдээгүй гэмийнхээ өмнөөс гэмшинэ вэ?7-р эшлэлийг үзээрэй. “Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.” Ичгүүр биднийх гэж Даниел өчиж байна. Гэхдээ зөвхөн хэсэг бүлэг хүмүүст хамааруулсангүй, харин ч Иерусалим, Израиль бас Бурханы эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө гэмшин улайж байна. Цааш үргэлжлүүлэн 8-19-р эшлэлүүдийг харвал Даниел Бурханы өмнө ямар их гэмшил харуусалтайгаар очиж байгааг бид харж болно. Үнэндээ Даниел өөрөө үйлдээгүй боловч гэм үйлдсэн хүмүүсийн өмнөөс гэмшиж байна. Түүнд хоньчны зүрх сэтгэл байгаа тул, түүнд Бурханы зөвийг харж ард түмнийхээ бурууг харж ухаарсан, гэмшсэн зүйл байгаа тул ийнхүү гэмшилтэйгээр Бурханы өмнө бүх бурууг үүрэн очиж байна.Бид бусдын алдааг хараад шүүхдээ амархан. Бусдын алдааг харааг буруутгахдаа амархан. Тэднээс төгс байдлыг шаардахдаа ч амархан. Мөн ямарваа нэг буруугаас өөрөө цэвэрхэн гарахдаа амархан. Тэр хандлагыг бид өөрсөддөө зөвшөөрөхдөө ч амархан. Өөрийн гэмийн өмнөөс гэмшиж улайх нь зөв зүйтэй. Гэвч бусдын өмнөөс бид яагаад гэмших ёстой вэ? Яагаад бусад хүмүүсийн өмнөөс бид бурууг хүлээх ёстой вэ? Итгэгч бид бусдын өмнөөс бурууг хүлээж гэмших нь яагаад чухал вэ?Та бид улс орныхоо төлөө хангалттай залбирч байгаа юу?Та харсан, сонссон, мэдэрсэн бузар булай зүйлсийн төлөө залбирч байгаа юу? Эсвэл эдгээр нь зөвхөн тэдний асуудал гэж орхиж байна уу? Та бид монголчуудынхаа өмнөөс гэмшин залбирах хаант тахилч, ариун хүмүүс. Бид шүүх шүүмжлэхдээ маш амархан. Бид бусдыг буруутгахдаа ч амархан. Бид бусдын хийж байгаа бузар зүйлсийг зүгээр харж өнгөрөөхдөө ч амархан. Надад хамаагүй гэж өөрөөсөө холдуулан бодохдоо ч амархан. Та бид энэ улсыг хамт бүтээлцэж байгаа хүмүүс. Тэр утгаараа бусдын бурууг хараад зүгээр өнгөрөх биш, эсвэл бусдыг буруутгаад өнгөрөх ч биш. Харин бид энэ цаг үедээ зөв амьдрах ёстой хүмүүс. Мөн бусдын буруу алдааны төлөө гэмших ёстой хүмүүс. Өнөөдөр Эзэний ямар үг таныг залбирахад хүргэж байна вэ? Таныг улс орныхоо төлөө залбирахад Библийн ямар үг таныг урамшуулж байна вэ? 2Шастир 7:14-т “нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ” гэж амласан.Өнөөдөр манай улс орны байдал ямар байна вэ? Та улс орныхоо төлөө хэр зэрэг санаа зовж, шаналдаг вэ? Бурхан биднийг санамсаргүйгээр Монгол улсад төрүүлээгүй. Биднийг чуулганд санамсаргүйгээр сонгож ирүүлээгүй. Биднийг энэ сайхан эх оронд Бурхан биднийг итгэгч болгож, биднийг эх орныхоо төлөө залбирах хүмүүс, дайчдаар босгосон гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид эх орныхоо төлөө 1-рт, яаж, 2-рт, юуны төлөө залбирах вэ?1-рт, яаж залбирах вэ?- Бид Даниел шиг гэмшдэг байх хэрэгтэй. Бидний хувийн амьдралд ч гэсэн гэмших олон сэдэв бий. Та өнөөдөр өөрийгөө дахиад нэг хараарай. Гаднаа бид сайн сайхан боловч үнэндээ дотроо бид ямар байгаа бол? Гэмших ямар сэдвүүд байгаа бол? Ялангуяа өнгөрсөн долоо хоногт таны хувьд гэмших ёстой ямар зүйлс тохиолдсон бол?- Зөвхөн өөрсдийн гэм нүглийн төлөө биш, яг л улс орныхоо завхралын өмнөөс, бусдын өмнөөс гэмшдэг байх хэрэгтэй. Та гэмшин залбирах үед улс эх орон өөрчлөгдөнө. Та гэмшин залбирах үед таны эргэн тойрны хүмүүс өөрчлөгдөнө.2-рт, юуны төлөө залбирах вэ?- Бараг өдөр бүр гарч байгаа хүчирхийллийн эсрэг- Улс төрийнхний дунд байгаа завхрал, авилгалын эсрэг- Хийх ёстойгоо хийхгүй байгаа хүмүүсийн төлөө- Залхуурал, эс үйлдлүүдийн төлөө бид гэмшин залбирах хэрэгтэй.- Мөн олон хүн гэмээсээ болж шаналан, бусдыг ч бас янз бүрийн асуудалд оруулдаг.- Бид бусдын авралын төлөө ч бас залбирах хэрэгтэй. Ялангуяа эцсийн цаг үед амьдарч байгаа бид бусдын авралын төлөө залбирч, тэднийг аврахын төлөө бүх анхаарал, хүч чадлаа шавхах ёстой болж байна.Бид залбирлаараа хүчтэй байвал бидний залбирлаар дамжуулан Бурхан ажлаа хийх болно. Бид Бурханы энэрлийн гарыг гуйх ёстой. Таны залбирлаар дамжуулан Бурхан ажиллах болно.Энэ тухай бид Даниелын залбиралд Бурхан яаж хариулсан тухай харцгаая. 22-23-р эшлэлүүдийг үзээрэй. Габриел хүрч ирээд Даниелтай ярин “Тэрээр надад заавар өгч, надтай ярин —Даниел аа. Би чамд ухаарал болоод чадвар өгөхөөр ирсэн. Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр би ирлээ. Чи эрхэм нандин тул энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго.” Бурхан Даниелын залбиралд хариулахаар тодорхой хэдэн зүйлийг бэлдсэн байлаа. Тэр нь далан долоо хоногийн тухай зөгнөл юм.Энэ далан долоо хоног гэдэг нь 490 жилийн тухай өгүүлэх болно. Энэ хугацаанд зургаан зүйл биеллээ олно гэж Габриел Даниелд хэлж байна. Мэдээж тэр зургаан зүйлийг задалж ярина гэвэл маш их цаг хугацаа орох болно. Харин товчлон хэлбэл бүх гэм нүгэл илчлэгдэн, хүмүүс гэмшил уруу ирэх болно. Сүмийн байр сэргээн босгогдох бөгөөд энэ нь Христийн ирэх хугацаатай давхцах болно. Христ загалмайд цовдлогдох цаг хугацааг тодорхой хэлж байна. Гэвч антихрист зүгээр суухгүй. Тэр хэзээ ч итгэгч хүмүүсийг төдийгүй итгэдэггүй, үл итгэгчдийг ч бас орхихгүй. Ажлаа хийсээр байх болно. Энэ ажлыг зөвхөн итгэгчид л мэдэх болно. Тэд эсэргүүцэн зогсох болно гэдгийг өгүүлж байна. Эцэстээ Христ дахин ирж, мөнхийн хаанчлалаа байгуулах болно.Энэ бол антихристийн идэвхитэй үе юм. Бид ямар үед амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй. Муухай царайтай, үзлийн янз бүрийн дүрсээр бид антихристийг төсөөлж болохгүй. Харин антихрист чимээгүйгээр ажиллаж, Христийн эсрэг үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Янз бүрийн хууль дүрэм, соёл, шашин болон спортын янз бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн тархийг угааж, тэр хэмжээгээрээ хүмүүсийн тархинд Христийн эсрэг янз бүрийн зүйлсийг оруулж байдаг. Христийг эсэргүүцэх сэдэл, Христийн эсрэг зогсох бүхэл бүтэн армийг бэлдсээр байдаг. Бүх зүйл нурах болно, зовлонгийн цаг улам ихсэх болно. Дайн тулаан зогсоосой гэж бид хүсдэг ч зогсохгүй. Бүх зовлонгийн цаг үеийг бид эсвэл бидний хойч үе туулах болно. Энэ дэлхий ялзралынхаа дээдийг амсах болно. Одоогийн бидний амсаж байгаа зовлон ирээдүйд юу ч биш байхыг үгүйсгэхгүй. Ялзрал, хоосрол гэдэг үгс тэр үед тренд болно.Гэвч … Гэвч бидэнд найдвар бий. Бидний Эзэн Есүс Христ дахин ирэх болно. Энэ бол агуу найдвар юм. Хэдийгээр тэр хүртэл антихрист янз бүрийн үйл ажиллагаа явуулах боловч, тэр хүртэл бидэнд найдвар үгүй мэт боловч бидэнд найдвар байсаар байх болно. Найдвар бидэнд үлдээгүй мэт ойлголт өгтөл антихрист ажиллах болно. Гэвч бидний төлөө ирсэн Есүс Христ дахин ирэх болно. Тэр бидний гэм нүглийг уучилсан шигээ Өөрт нь итгэгчдийг Мөнхийн улсдаа авахаар дахин ирэх болно. Агуу найдвар бидэнд байгаа тул танд ямар ч зовлон, бэрхшээл, ямар ч уруу татлага ирсэн бай бүү шантраарай.Эцэст нь хэлэхэд бидний залбирал хоосон биш ээ. Бидний гуйлтыг Бурхан заавал сонсдог. Бидний залбирал хэзээ ч хоосон буцахгүй. Бурхан заавал сонсож яг зохистой цагт нь хариулах болно. Гагцхүү бидэнд зөвхөн өөрсдийнхөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүсийн, улс орныхоо төлөө гэсэн Даниелынх шиг хоньчны зүрх сэтгэл бүхий залбирал хэрэгтэй. Амен

өмнөх нийтлэл2019 оны Даниел 9-р хичээл (05.12)
Дараагийн нийтлэл2019 оны Даниел 10-р хичээл (05.17)