Бүгд нэг байхын тулд
Иохан 17:20-26
Гол эшлэл: 17:21
“Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.”
Хүний угийн чанар нь хуваагдал, нэгнийхээ талаар хов жив ярих, хүн муулах тамын тогооны үлгэр, тэрслэх, атаархал зэрэг юм. Библи дэх түүхээс дурдвал Анхны хүн Адамын ууган хүү Каины атаархал, Израилийн анхны хаан Саулын хорсол, Есүсийг төрөх үед Херод хааны гаргасан авир гээд хэдэн сонгодог жишээ бий. Тэр байтугай Паул, Барнаб нар ч муудалцаж, хоёр тийшээ салж явсан түүх бий.
Христитгэлийн орчинд харвал Христийн 45,000 орчим урсгал байдаг гэж саяхан нэг эрдэмтэн өгүүлснийг санаж байна. Яагаад ганц итгэлтэй хэрнээ ийм олон урсгал чиглэл байдаг юм бол? Ёс заншил, хэв маяг, нутаг усны онцлог зэргээс хамаараад ийм олон урсгалтай болсон байна. Гэвч зарим нь нэгэн дээвэр дор хамт байж чадахгүй болсон, хуваагдсан, гомдсон, хөөсөн, хөөгдсөн гэх мэт шалтгаанаас болж олон урсгал бий болох үүд нээгдсэн юм.
Зарим хүн дээрх чанаруудтайгаа тэмцэлдэж амьдардаг бол зарим нь эвлэрч амьдардаг. Гэвч тэмцэлдэх замдаа бууж өгөх нь элбэг бөгөөд тэр нь өөрийн төдийгүй өрөөлийн, мөн гадны олон хүчин зүйлээс хамаарч байдаг.
Ямартаа ч өөрийгөө үгүйсгэж, бусдыг хүлээн зөвшөөрөх, улмаар дайсантайгаа ч нэг болох чадварыг Есүсийн дагалдагч нар суралцах ёстой болж байна. Мэдээж хүн төгс биш, гэхдээ бусдыг хүлээн зөвшөөрч, тэдэнд атаархахгүй, хорсохгүй улмаар нэг зорилго, нэг хараан дор нэгдэж амьдрах нь өөрөөс нь шалтгаалах хамгийн боломжтой зүйл юм. 21-р эшлэлийг хамт уншицгаая. “Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.” Есүс шавь нарынхаа амжилтын төлөө залбираагүй. Шавь нарынхаа эрүүл мэндийн төлөө, эдийн засгийн төлөө ч залбираагүй. Тухайн үеийн нөхцөл байдал болох колони улсаас ангижирч, тусгаар улс болохын төлөө ч залбираагүй. Харин тэднийг нэг байгаасай хэмээн залбирч байна. Хүний хамгийн их бүдэрдэг, өөрөөрөө байх гэсэн хүслийн эсрэг, хамтдаа нэг байхын төлөө залбирч байна. Хүн бүр өөр. Хүн бүр бие даасан. Хүн бүр бусдыг өөр шигээ бодохыг, өөр шигээ хандахыг хүсэж байдаг. Бас өөрийн хүслээр байлгахыг хүсэж байдаг. Ийм нөхцөлд хэн ч нэгдэж, ямар ч хамт олон нэг болж чадахгүй. Харин ч бид өөр өөрийн замаар явах болно. Тэгвэл Есүсийн бидний төлөө нэг байгаасай хэмээн залбирсны дагуу бид яавал нэг болж чадах вэ?
1-рт, нэг зорилго, нэг алсын хараатай нөхцөлд бид нэг болж чадна. Ямар ч чуулган, ямар ч байгууллагад өөрийн гэсэн алсын хараа, зорилго байдаг. Энэ зорилго, алсын хараанд нэгдэж чадсан хүмүүс л тухайн нэгжийнхээ жинхэнэ гишүүн болон ажилладаг, эсвэл үйлчилдэг. Зүүн Африкийн нэгэн зүйр үгэнд “Эв нэгдэл бол хүч, харин хуваагдал бол дорой байдал” гэж хэлсэн байна. Тэгвэл биднийг нэгдүүлдэг алсын хараа юу вэ? Агуу захирамж юм. Агуу захирамжинд нэгдэж чадахгүй бол бид нэг болж чадахгүй. Эв нэгдэлтэй байх боломжгүй. Агуу захирамжийг дагаад чуулган бүр өөрийн гэсэн зорилготой байдаг биз. Тэгвэл манай чуулганы зорилго бол оюутан залуусыг хоньчлох, тэднийг Бурханы үгээр өсгөх юм. Энэ алсын хараа, энэ зорилго бол биднийг нэгдүүлж байгаа гэж найдаж байна. Чуулган Христгүйгээр, Түүний өгсөн агуу захирамжгүйгээр нэг болох боломжгүй.
2-рт, бид бие биенээсээ өөр хүмүүс гэдгээ мэдвэл бид нэг болж чадна. Яг адилхан хүмүүс байдаггүй. Байх ч боломжгүй. Нэг хэвэнд цутгасан хүмүүс аль ч чуулган, аль ч гэр бүлд байдаггүй. Энэ бол бидний онцлог юм. Гэвч заримдаа бид нэг хэвэнд цутгасан юм шиг байх гээд байдаг, байлгах гээд байдаг. Өөрөөр хэлбэл манай чуулган бол симфони найрал хөгжим шиг юм. Симфони найрал хөгжим гэдэг нь төрөл бүрийн хөгжмийн зэмсэгтэй хүмүүсийн нэгдэл гэж хэлэхэд болно. Тийм учраас бүгд хийл тоглодоггүй, бүгд цан цохьдоггүй. Мөн хийл тоглож байгаа хүнийг бөмбөр шиг тогло гэж хэлэх ч боломжгүй. Хэрэв тэгж хэлбэл бөмбөр яаж тоглохоо мэдэхгүй. Хийл тоглодог хүн хийлээ л тоглоно. Өнгөрсөн жил бид нэг бие, олон эрхтэн гэдэг гол эшлэл сонгож байсан. Яг түүнтэй адил юм. Есүс бол толгой, харин бид бусад эрхтнүүд. Зүрх бол цус шахах, цохилох үүрэгтэй. Хэзээ ч бөөр шиг шээс ялгаруулж, түүнд байгаа хорт бодисыг шүүх үүрэг гүйцэтгэхгүй. Чих хэзээ ч гарны үүрэг гүйцэтгэхгүй, чихийг гарны үүрэг гүйцэтгэ гэж хэлэх ч албагүй. Боломжгүй. Бид өөрөөр бүтээгдсэн бүтээлүүд. Бид тус тусын үүргийг гүйцэтгэвэл тэр үүргээр дамжуулан Бурхан алдарших болно.
Гэвч заримдаа бид өөрийнх шигээ бодохыг, өөрийнх шигээ уурлахыг ч бусдаас шаардах гээд байдаг. Бид өөр хүмүүс гэдгээ мэдвэл бусдаас юу шаардах, юу хүсэх, юун дээр яаж хамтрах вэ гэдгээ сайн олж харж чадна. Бид өөр хүмүүс гэдгээ мэдэхээс гадна нэг нэгнийхээ онцлогийг сайн мэдвэл сайн хамтрагч болж чадна. Бид нэг болж чадна. Бусдыг өөр шигээ байлгах гэхийн оронд бусдын оронд өөрийгөө тавьж, ойлгох хэрэгтэй болно. Understand гэдэг үгийг задалбал доор нь зогсох гэсэн хоёр үг гарч ирдэг. Бусад хүн таныг ойлгох албагүй, гэхдээ та бусдыг ойлговал сайн хамтрагч болно. Бусдыг сонсож, бусдын хэрэгцээг харж, бусдын төлөө өөрийгөө зориулбал сайн хамтрагч, нэг болж чадна. Есүс бусдын төлөө үйлчилсэн дараа нь үхсэн. Паул бусдын төлөө өөрийгөө хэн ч биш болгож үйлчилсэн учир нутгийн хүмүүстэй нэгэн бие болж олон чуулганыг тарьж чадсан.
Нэг дуудлага, нэг алсын хараан дотор тус тусын онцлогоороо үйлчилбэл Бурханыг алдаршуулж чадна. Агуу захирамжийг биелүүлж чадна.
Биднийг нэг байхын төлөө залбирахаас гадна биднийг Бурхан ба Есүстэй нэг байхын төлөө залбирсан. Та Бурхантай нэг байж чадаж байна уу? Өглөө бүрийг Бурханы үгийг уншиж, залбирч байгаарай. Тэр нөхцөлд та нэг болж чадна.