2019 оны Лук 46-р номлол (01.13) Б. Баярмагнай

Амьдын Бурхан

Лук 20:20-47

Гол эшлэл 20:38

“Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав.”

Хүмүүсийн хамгийн их санаа зовдог сэдэв бол Мөнхийн улс байдаг уу, үгүй юу? Үхээд хаашаа одох вэ? Гаднаа хүмүүс тиймэрхүү зүйлд санаа зовдоггүй юм шиг боловч үнэн хэрэгтээ тэдний сэтгэлийн гүнд энэ асуулт гүн хадаастай байдаг.
1. Туршуулуудад хариу өгсөн нь (20-26)Фарисай, хуулийн багш нарынтухай ярьсан сургаалт зүйрлэлд хорссон тэд Есүсийг үгэн дээр нь унагахаар хэдэн туршуулыг илгээж байгаа тухай өнөөдрийн хэсэг эхэлж байна. Туршуулуудад үг зааж, Есүсийг яаж унагах талаар хэлж өгсөн байх. Тэгээд тэд ирээд “Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу?”Энэ асуултад хариулахад үнэхээр хэцүү. Тухайн үеийн хамгийн том гүрэн болох Ромын тогтоосон татварыг бид төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу гэж асууж байна. Татвар бол тухайн улс оршин тогтнох хамгийн том хүчин зүйл бөгөөд хамгийн ач холбогдолтой хөшүүрэг. Татвар авахын тулд бүхэл бүтэн алба, яам ажилладаг. Татвараар л төрийн албан хаагч нар ажиллаж, амьдрах эх үүсвэр нь бүрдэж байдаг. Тиймээс татвар төлөх үү, үгүй юу гэж асууж байгаа нь Есүсийн амнаас улс оршин тогтнохыг бараг шийдүүлмээр байгаа мэт харагдаж байна.Хэрэв Есүс татвар төлж хэрэггүй гэвэл албан ёсны улс болох Ромын эсрэг буруудах байв. Хэрэв татвар төлж болно гэвэл Ромын эсрэг татвар төлөхийн эсрэг байдаг ард түмний дургүйцлийг хүргэх байв. Тиймдээ ч ард түмэн татвар хураагч нарт хамгаас илүү дургүй байлаа. Ийм хоёр ацан шалаанд орсон Есүсийн хувьд юу ч гэж хариулахад ард түмний дунд нэр хүндээ алдах, тэдний дургүйцлийг хүргэх эсвэл улсын эсрэг тэрс үзэлтэн болж хувирах байсан. Мэдээж аль аль нь Есүсийн болон дагалдагч нарынх нь хувьд хүсүүштэй зүйл биш байлаа. Ацан шалаанд оруулах асуултад Есүс юу гэж хариулсан бэ?Хэцүү асуулт болгонд Есүс хариулсаар ирсэн. Энэ удаа ч бас тэр туршуулуудын асуултад яаж хариулсныг харцгаая. “Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд—Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав.”Энэ үнэхээр цагаа олсон хариулт байв. Есүсийг дагалдаж байсан хүмүүс ч гэсэн эргэлзэж байсан биз. Нээрээ бид Цезарьт татвар төлсөөр байх хэрэгтэй юу, үгүй юу? Тэр тусмаа эзлэгдсэн, колончлогдсон улсын хувьд татвар төлөх нь үндэслэлтэй зүйл мөн гэж үү? Өөрсдийгөө яая гэж байхад дахиад улсын тухай бодно гэдэг тийм чадалтай, чансаатай хүмүүс байсан гэж үү? Үгүй, тэр үед Есүсийг дагалдаж байсан нөхөд ядуусын тоонд ордог байв. Татвар төлөх чадвартай эсэх нь эргэлзээтэй нөхөд байсан. Улсад татвар төлөх нь угаасаа муу, буруу зүйл биш. Гагцхүү улс удирдаж байгаа хүмүүс тэрийг яаж зарцуулж байна вэ гэдгээс л татвар төлсөөр байх уу, үгүй юу гэдэг яриа үе үе гардаг. Татвар төлөх хэрэггүй гэж Есүс хэлсэн бол яах вэ? Улсын эсрэг тэрс үзэлтэн болж, тэр яриа нь дэвэн дэлхийгээр тархаж, хэн ч биш болох байсан.Есүс нэг зүйлийг маш тодорхой заагласан. Ямар ч итгэгч хүн улсдаа татвар төлөх, өөрт хамааралтай улсын ажилд оролцох ёстой гэдгийг хэлсэн. Мэдээж итгэгчийнхээ хувьд чуулган болон Бурханы бусад ажилд оролцоод явах нь тодорхой. Бид хоёр иргэншилтэй хүмүүс гэдгээ мартаж болохгүй. Нэг нь Монгол улсын, нөгөө нь Мөнхийн улсын. Тиймээс л Есүс “Цезарийнхыг Цезарьт, Бурханыхыг Бурханд” гэж хэлсэн.Зөвхөн Есүс ч биш, Есүсийн дагалдагч бид нар хүртэл соригдох хувь заяатай аж. Есүсийн шавь Петрт юу тохиолдсоныг бид сайн мэднэ. Есүсийг баригдаад явсныг хараад, хойноос нь дагаж байсан түүн дээр гурван ч удаа “чи Есүсийн дагалдагч мөн биз дээ” гэсэн асуулт гурван өөр хүнээс ирж, мань хүн тэр тоолонд нь бултаж, зугтсан байдаг. Харин дараа нь тэр гэмшиж, Есүс дээр эргэн ирсэн.Өнөөдөр та бид ч бас соригдох боломжтой. Есүсийг тагнах гээд хүмүүс ирсэн шиг муу ёрын сүнс ч гэсэн бидэн уруу хүмүүсийг явуулдаг. Ямар нэгэн хэлбэрээр, ямар нэгэн байдлаар биднийг сорьж, унагаах зорилготой. Сорилт ирвэл бүү гайхаарай. Таныг итгэлээр унагах янз бүрийн зүйл ирвэл бүү гайхаарай. Тухайлбал янз бүрийн хов жив хаа нэгтээгээс ирж болно, интернетээр садар самуун болон болж бүтэхгүй мэдээллүүд ирж болно. Хүн болгон аливаа зүйл дээр шүүлтүүртэй байх ёстой. Тэр шүүлтүүр нь Библи байх ёстой. Танд ямар ч сорилт, ямар ч асуулт, ямар ч асуудал ирж болно. Гэхдээ бүх зүйлийг Библийн өнцгөөс харж, Библиэр шүүж, Библийн дагуу амьдрахаар хичээх ёстой болж байна. Хүмүүс бид тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автдаг, тухайн үеийн нөхцөл байдалд автдаг, бид өөрсдийн сул доройг бас мартдаг. Хэрэв бид хэсэгхэн хүлээж, Библийн дагуу шийдэхээр зоригловол Бурхан бидэнд Ариун Сүнсээрээ дамжуулан Библийн үг сануулна, мөн зөв шийдвэрийг өгөх болно. Тиймээс Библи уншаарай. Шинэ он эхлээд удаагүй байгаа энэ үед та жилдээ 1-2 удаа Библи уншина гэж шийдээрэй. Бид сул доройдоо биш, харин Библи уншаагүйдээ, Библийн дагуу амьдраагүйдээ янз бүрийн сорилтод ордог. Тиймээс танд ямар ч сорилт ирэх болно. Бэлэн байхын тулд Библиэ уншиж, Библийнхээ дагуу амьдраарай гэж уриалж байна.
2. Амьдын Бурхан (27-40)Амилалт гэж байдаггүй хэмээн үздэг садукайчууд Есүс дээр ирж нэгэн сонин асуудлыг хөндөж асуусан. Ах дүү долуулаа байсан, ах нь эхнэр авсан боловч нас барсан. Уламжлал ёсоор үлдсэн эхнэртэй нь удаах дүү нь гэрлэсэн. Энэ мэтээр ах дүү зургуул нас барж, долоо дахь дүүд нь эхнэр нь үе уламжлан ирсэн. Гэвч ямар шалтгаанаар юм бүү мэд, отгон дүү нь хүртэл нас баржээ. Энэ тохиолдолд Мөнхийн улсад тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болов вэ гэж асуусан.1-рт, амьдрал дээр ийм зүйл байсан эсэх маш эргэлзээтэй. Бараг боломжгүй мэт. Нэг эмэгтэй долоон өөр эрэгтэйтэй гэрлэнэ гэдэг санаанд ч багтамгүй санагдаж байна. Тэдний ярьсан нь үлгэр мэт санагдахгүй байна гэж үү? Ийм зүйл асууснаараа тэд Есүсийг унагаах зорилготой байсан. Үлгэр зохиож, зохиосон үлгэр доторх асуудлаа шийдүүлэх гэж байна. Гайхамшигтай биш гэж үү? Тэд сайхан зохиолч хүмүүс биш гэж үү?2-рт, тэд Библийг одоо хүртэл ойлгоогүй л явсан байна. Библи маш тодорхойгоор нэг зүйлийг заадаг. Мөнхийн улсад очоод хэн ч гэрлэхгүй, хэн ч нөхөрт гарч, эхнэр авч хүүхэд төрүүлэхгүй. Харин бүгд тус тусын оршихуйгаараа оршин байна.  Тэнд үхэл ч байхгүй, харин гэрлэлт, хүүхэдтэй болно гэдэг бол энэ дэлхийд л байдаг ухагдахуун аж.Энэ ойлголтыг тэд мэдэхгүйгээсээ болоод газар дээр долоон эрэгтэйтэй нэг эмэгтэйг гэрлүүлсэн байна.Бид нэг зүйлийг баттай мэдэж байх хэрэгтэй. Хүн болгон мэдээж пастор, теологич болохгүй. Гэхдээ Библийн үндсэн ойлголтуудыг, христитгэлийн онолуудыг бид мэдэж байх ёстой. Тэгээгүйгээс болж та бид хүмүүст соригдож, янз бүрийн асуудалд орох вий. Бид мэдэх ёстой, бид судлах, унших ёстой. Олон итгэгчид уншаагүйгээсээ, мэдэхгүйгээсээ болоод теологийн янз бүрийн асуултад хариу өгч чаддаггүй. Олон хүн мэдэхгүйгээсээ болоод бүдэрч унацгаадаг. Садукайчуудын асуудал нь өөрсдийн хязгаарлагдмал мэдлэгийнхээ хүрээнд л ярьснаасаа болоод энгийн асуултад өөрсдөө ч хариулж чадахгүй хэмжээнд байна.Есүсийн хариулт нь дахин төрж, Мөнхийн улсад орох хүмүүст хамааралтай хариулт байлаа. Садукайчуудад зориулан албааар Мосегийн бичсэн таван номноос эш татан өгүүлж байна. Садукайчууд зөвхөн тэр таван номонд л итгэдэг байлаа. Гэтлэл 3:6-д “Мөн— Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.” Энд хэлснийг харвал Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж аль хэдийн нас барсан хүмүүсийн тухай дурдаж байна. Мосед Бурхан энэ үгийг хэлж байх цаг үед тэд аль хэдийн нас бараад, оршуулагдсан байлаа. Гэхдээ тэднийг одоо цаг дээр ярьж байгаа нь тэд Мөнхийн улсын иргэд болцгоосон гэсэн утгатай юм. Тэд одоо хүртэл амьд байгаа гэдэг утгыг илэрхийлж байна. Эндээс бид хоёр зүйлийг харж болно.1-рт, Бидний итгэдэг Бурхан Эзэн бол амьдын Бурхан юм. Олон хүн өөрсдийгөө үхээд хаа нэгтээ очно гэж боддог байх. Тэгвэл бид нас барвал Мөнхийн улсад очих болно.Бид тэнд амьд байх болно, яагаад гэвэл бид Христэд итгэсэн учраас. Яагаад гэвэл бид амилсан Христийг хүлээн авсан учраас.Тиймээс бид өөрсдөө мөнх амьтай. Махбодоор үхэвч бидний сүнс мөнхөд амьд байх болно. Тийм ч учраас энэ дэлхийд бид найдвараа тавьдаггүй, энэ дэлхийн юмсад шунан хүсдэггүй. Тиймээс бид энэ газрын бузар булайтай эвлэрдэггүй. Харин ч эсэргүүцдэг.2-рт, Бид тодорхойгүй шүтээн, тодорхойгүй итгэл үнэмшилтэй биш. Бидний итгэл тодорхой, бидний Эзэн амьд. Бидний Эзэн Өөрөө амьд. Амьд Эзэнтэй хүмүүс бид. Бурханы бидний амьдралд хийсэн ажлууд Бурхан амьд бөгөөд гайхамшигтай гэдгийн нотолгоо мөн. Гэвч заримдаа бид хэн байсан, хэн болсноо мартдаг. Бидний амьдралд хийсэн Бурхан Эзэний ажлыг мартдаг. Үнэндээ бид Бурханы агуу ажлыг мартдаг. Тэгснээрээ амьдрал дээрээ Бурханы агууг гэрчлэх боломжоо ч алддаг. Эзэн таны амьдралд юу хийсэн бэ? Тэрийг амьдралаараа яаж гэрчилж байна вэ?Бурхан Эзэн Өөрөө амьд. Түүнд итгэгчид нь ч амьд. Мөнхөд амьдрах хувьтай хүмүүс. Бидний хувь заяа бол мөнхийн амьдрал.Христэд итгэж, мөнх амийг авсан хүмүүсийн Бурхан. Хожим зөвхөн Абрахам, Исаак, Иаковын гэхгүй. Харин бидний бүгдийнх нь нэрийг бичсэн ном харуулах болно. Магнайгийн Бурхан, Ивээлийн Бурхан, Ганболдын Бурхан г.м-р дуудна.

өмнөх нийтлэл2019 оны Лук 47-р хичээлийн асуулт (01.20)
Дараагийн нийтлэл2019 оны Лук 48-р хичээлийн асуулт(1.27)