Дудран унасан Хаан Есүс
Лук 19:28-48
Гол эшлэл 19:38
“Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай гэж байлаа”
Өнөөдөр бид бүхэн Иерусалим хотод дудран унаж төлөв даруугаар орж ирсэн Есүсийн тухай суралцах болно. Есүс сүмийг цэвэрлэснээр Шүүгч Эзэн, Үнэнч Шударгын Хаан болохоо харуулж байгааг сурах болно. Энэ цагт энэхүү номлолоор дамжуулан дудран унасан Хаан Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадахыг хүсэн гуйж байна. 1. Дудран унасан Хаан (28-40)28-р эшлэлийг үзээрэй. “Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав” Эдгээрийн айлдсан гэдэг нь өмнөх 7 хоногт бид бүхний суралцсан маанэгийн тухай сургаалт зүйрлэлийг заан өгч байна. Ард олны хувьд Есүсийг Иерусалим хотод ойртох тусам Бурханы хаанчлал шинээр байгуулагдаж бүхий л зүйлс шинээр эхлэх болно гэсэн эндүү ташаа бодлоор дүүрэн байсан. Ийм нөхцөл байдлын дунд Есүс Иерусалим хотын зүг Бурханы авралын төлөвлөгөөг дуулгавартайгаар даган, хүн төрөлхтөний гэмийн төлөө загалмайд цовдлогдохоор явсан. Тэгээд үхлийг ялан дийлж, дахин амилснаар гэм ба үхлийн хүчийг бут цохин, бүх хүн төрөлхтөнд амилалын цоо шинэ хүсэл найдварыг өгөхийн тулд юм. Харин Есүсийн явж байгаа энэхүү зам нь зовлон бэрхшээлээр дүүрэн хэцүү зам байсан хэдий ч энэхүү замаас зайлсхийлгүйгээр Бурханы хүслийг биелүүлэхийн тулд шавь нарынхаа өмнө идэвхтэйгээр тэргүүлэн явж байсан. 29-31-р эшлэлийг үзээрэй. Чидун уул Иерусалимын зүүн зүгт оршдог ба энэ уулын оргил дээрээс Иерусалим хотыг бүхэлд нь харж болдог байв. Бетфаг болон Бетан нь чидун уулын бэлд орших бөгөөд Иерусалим хотоос 2.5 км орчим зайтай газар байжээ. Тэгээд Есүс чидун хэмээн уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд Иерусалим хот уруу орох бэлтгэлээ хангасан. Есүс шавь нараас хоёрыг илгээж, эсрэг талын тосгонд очоод хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно, тайлаад авчир гэсэн даалгаврыг өгсөн. Есүс тэдэнд “Эзэнд энэ хэрэгтэй байна” гэж хэлбэл эзэн нь шууд өгнө гэж хэлсэн. Ийнхүү хэлж буй Есүс хэн бэ? “Эзэнд энэ хэрэгтэй” гэсэн үг нь Түүнийг бүх юмсын Эзэн гэдгийг гэрчилж байна. Есүсийн үнэн төрх нь орчлон Ертөнцийг бүтээсэн Бүтээгч буюу бүх юмсыг захирагч Эзэн юм. Тиймээс энэ дэлхийн бүх юмс Түүнийх бөгөөд Түүнд хэрэгтэй бол юуг ч хэрэглэх эрхтэй. Бидний амь амьдрал, цаг зав, эд хөрөнгө, үр хүүхэд гэх мэт бүхий л юмсыг Эзэн бидэнд түр хариуцуулсан юм. Тиймд Эзэнд хэрэгтэй гэвэл хэзээ ч гэсэн байгаа бүхнээ Эзэнд зориулах хэрэгтэй. Миний амь нас, эд мөнгө, цаг зав бүхий л амьдралыг сайнмэдээний төлөө хэрэглэнэ гэвэл Эзэнд өргөх хэрэгтэй. 32-34-р эшлэлийг үзээрэй. Есүсийн үгийг сонссон хоёр шавь явж очоод Түүний хэлснээр байгааг олж харсан. Тэд дудранг уяанаас нь тайлахад эзэн нь гайхаад асуухад, Есүсийн заасанчлан “Эзэнд хэрэгтэй байна” гэв. Тэгтэл эзэн нь шууд зөвшөөрсөн. Шавь нар нь энэ үйл явдлаар Есүсийг бүх юмсын Эзэн мөн гэдгийг улам илүү ухаарч ойлгосон байхаа. Тэд Есүсийг хэн болохыг бодитоор мэдэх болсон нь Есүсийн хэлснээр дуулгавартай даган үйлдсэнийх юм. Тэд Есүсийн үгэнд эргэлзэх юмуу, зөрүүдлээгүй. Өөрсдийн санаа бодол болон арга барил, туршлагаараа хийгээгүй харин зөвхөн Есүсийн хэлсний дагуу үйлдсэн юм. Бид ч гэсэн Есүсийг хэн болохыг бодитоор танин мэдэх арга нь Түүний үгийн дагуу үйлдэх явдал юм. Өнөөдөр хүмүүс Есүсийн үгийн дагуу дуулгавартай дагахыг мунхаг, өөрийн үзэл бодолгүй гэж боддог. Тэгээд өөрийнхөөрөө байж, өөрөө шийдвэр гаргах нь илүү мэргэн сонголт гэж андуурдаг. Гэвч Бурханы авралын ажил нь байнга “дуулгавартай байдал” гэсэн арга замаар хэрэгждэг. Есүс загалмайн зовлон амсаж, эцэс хүртлээ дуулгавартай дагаснаар бидэнд дуулгавартай байдлын үлгэр дууриалал болж чадсан юм. Энэ цагт бид бүхэн Бурханы үгийн дагуу дуулгавартай амьдарснаар Бурханы ивээл ба хүч чадлыг бялхам дүүрнээр амсдаг амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна. Есүс шавь нартаа Өөрийгөө Аврагч Мессиа болохыг олон сургаалт зүйрлэлээр дамжуулан илэрхийлж байсан. Харин одоо бүх хүмүүсийн өмнө Аврагч Мессиа Хаан болохоо илэрхий харуулж байна. Есүс Иерусалим хотод орохдоо илжиг унаж орсноор Өөрийгөө Хаан болохыг тунхагласан. Есүс зүгээр нэг ижлиг бус хүн нэг ч удаа унаж байгаагүй дудранг унасан. Энэ нь 500-н жилийн өмнө эш үзүүлэгч Зехариагаар зөгнөсөн Месиагийн тухай амлалтыг биелүүлэхийн тулд байсан. Зехариа 9:9-д “Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун, Иерусалим охиноо, ялалтын уухай хадаагтун. Үзэгтүн хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт ялагдашгүй, даруухнаар илжиг унажээ. Илжгийн төл болох дудран унажээ.” гэсэн байна. Тэгвэл дудран унасан Есүс нь хэн болохыг хамтдаа суралцъя. 1-рт: Төлөв даруугийн Хаан. Энэ дэлхийн хаад хотод орохдоо алтан титэм өмсөн, цагаан морь хөлөглөн, олон тооны жанжин цэргүүд, түшмэдүүдээ дагуулж, өөрийн алдар, сүр хүчийг ард олонд харуулдаг. Дэлхийн хаад өөрийн сүр хүч ба эрх мэдлээр ард түмнийг айлгаж, сүр хүчээ үзүүлсээр ирсэн. Харин Есүс эсрэгээрээ хамгийн жижиг биетэй дудран унаж Иерусалим хотод орж ирсэн. Есүс бол бүх дэлхийг Бүтээгч, бүх хаадын Хаан, хамгийн сүр жавхлантай, алдартай байх зохистой төлөв даруу Хаан юм. Бид бардам сагсуу хүнийг харвал ойртоход хүнд, хэцүү санагдаж, сэтгэлээ нээн ярьж чадахгүй. Харин даруу сэтгэлтэй нэгэнд хүмүүс очдог ба сэтгэлээ нээж, бүхнээ хуваалцдаг. Үүнчлэн Есүс хаан боловч төлөв даруу учраас ямар ч хүнийг ялгахгүйгээр хүлээн авдаг. Хүчгүй сул дорой, гэмээр дүүрэн нэгэн гэмээ гэмшиж, зүрх сэтгэлээ нээн очвол хэн ч байсан хүлээн авдаг. Бид сэтгэл сүнсээрээ даруу болох үед Төлөв даруугийн хаан Есүсийн өмнө очиж чадна. Мөн Есүсийг төлөв даруугийн Хаан Есүсийг зүрхэндээ хүлээн зөвшөөрөхөд бидний сэтгэл зүрх ч гэсэн төлөв даруу болж, ямар ч сул дорой, гэмтэй хүнийг хүлээн авч, хамтран зүтгэгч ба оюутнуудад төлөв даруугаар үйлчилж чадна. 2-рт: Амар тайваны Хаан. Өнөөгийн нийгмийг ажиглан харвал амар тайвныг амсаж чадахгүй, байнга уур бухимдал олон янзын санаа зовиур ба айдас түгшүүрээр дүүрэн амьдарч байна. Энэ нь зөвхөн тухайн үеийн нөхцөл байдлын асуудлаас болсон мэт боловч үнэндээ энэ дэлхий ертөнц сатаны ноёрхол дор байгаа учраас юм. Хэдийгээр хүмүүс эд баялаг, эрх мэдэл, нэр алдартай байсан хэдий ч сүнсний амар тайвныг хэзээ ч амсаж чадахгүй юм. Тиймээс байнга янз бүрийн зүйлсээр дамжуулан амар тайвныг эрэн хайж амьдардаг. Жинхэнэ амар тайван нь Бурханаас л өгдөг сүнсний бэлэг юм. Амар тайвны хаан Есүсийг өөрийн аврагчаар хүлээн зөвшөөрөхөд сүнсний амар тайвныг мэдрэх болно. Итгэлийн амьдралаар амьдарч эхлэх үед Тэр бидний амьдралыг ч амар тайвны замаар хөтлөн дагуулна. Есүс бол энэ дэлхийн бүх ард түмэнд сүнсний амар тайвныг өгөхөөр ирсэн Амар тайваны Хаан юм. Есүсийн өгөх амар тайван нь гэмийн өршөөл, уучлалаар дамжин ирдэг. Гэм нүгэлтэй сул дорой бид бүхнийг Бурхантай эвлэрүүлж, бидний бүх гэм, сул дорой байдал, өвчин зовлонг үүрэн загалмайд нас барснаар жинхэнэ амар тайвныг бидэнд өгөх боломжийг нээж өгсөн юм. Энд сууж байгаа та бүхэн Есүсийг өөрийн Аврагч, Хаанаар хүлээн авахад Бурханы өршөөлөөр дамжин ирдэг, жинхэнэ амар тайвныг амсаж чадна. Мөн үзэн ядаж, эвлэрч чадахгүй байсан хүмүүсийг ч Есүсийн уучлалын хайраар уучилснаар хүмүүстэй ч эвлэрэн жинхэнэ амар тайвныг амсах болно. 3-рт: Авралын Хаан. Эш үзүүлэгч Зехариа Есүсийг зөв шударга, даруу амар тайвны Хаан гэдгийг мөн ялалтын Хаан гэдгийг гэрчилсэн. Хаан хүн хичнээн төлөв даруу хайраар дүүрэн, зөв шудрага байлаа ч гэсэн хүч чадалгүй, сул дорой бол ард түмнийг зовлон ба дарангуйлалаас аварч чадахгүй юм. Есүс загалмайн зовлонг эдэлж, үхлийн хүчийг ялан дийлж, амилснаар Бурханы хүч чадалтай, Аврагч Мессиа мөн болохоо баталсан юм. Энэ Есүсийг Аврагч Мессиа, Хаанаар хүлээн авахад сатаны хүлээснээс чөлөөлөгдөн жинхэнэ амийн гэрэлтэй амьдарч чадна. Энэ цагт төлөв даруугийн Хаан, амар тайвны Хаан, авралын Хаан Есүсийг өөрийн зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч Хаанаар хүлээн авахыг хүсэн гуйж байна. 36-38 -р эшлэлийг үзээрэй. Есүсийг дудран унаж явахад хүмүүс дээлээ тайлан зам дээр дэвсэж байв. Энэ нь тухайн үед Хаанд хандсан хүндэтгэлийг илэрхийлсэн үйлдэл байсан. Есүсийг Чидун уулын бэлд ирэхэд дагалдан яваа үй олон хүн халуунаар нь угтан авсан. Тэд Есүсийн тухай мэдээг сонсож байсан ба тэдний дунд олон хүмүүс Есүсийн үйлдсэн гайхамшгууд тухайлбал сохор хүнийг хараатай болгож өгсөн, Бетан тосгонд үхсэн Лазарыг амилуулсан, уяман өвчтөнүүдийг цэвэр болгосон гэх мэт олон гэрчлэлүүдийг харсан учраас тэдний сэтгэл нь улам догдолж, Бурханы алдрыг харуулж буй Есүсийг магтахаас аргагүй болсон байхаа. “Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ Амар тайван нь тэнгэрт, алдар сүр нь хамгийн дээр байх болтугай” Энэ нь Мессиа ирэхийг хүлээж байсан иудейчүүдийн Алгаслын баярын үеэр уншиж байсан дуулал юм. Хүмүүс ийнхүү дуулснаар одоо хүртэл олон гайхамшгийг үйлдсэн Есүсийг Ромын хаанчлалаас чөлөөлөн Давид хааны хаанчлалыг дахин сэргээнэ хэмээн найдсан байх. Энэ цагт бид бүхэн өөрөө өөрийгөө амьдралыхаа нь эзэн, хаан болгосон бардам сэтгэлээ орхин төлөв даруугаар дудран унасан Есүсийг өөрийн амьдралынхаа Хаан болгож, дуулгавартай даган амьдрахад удирдаж өгөхийг хүсэн гуйж байна. Ард олон Есүсийг халуун дотноор хүлээн авч, магтаал хүндэтгэл өргөхөд зарим фарисайчууд ихэд дургүйцсэн. Тэгээд Есүсээс болж өөрсдийн байр суурь ба нэр алдрыг алдахаас айж байсан учраас шавь нар болон бусад хүмүүсийг болиулахыг шаардсан. Есүс “Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү” гэж хариулснаар Өөрийгөө Аврагч Мессиагийн хувьд ард олны магтаалыг авах зохистой ба үүнийг хэн ч саатуулж чадахгүй болохыг тэдэнд хэлсэн. 2. Хотыг хараад уйлсан Есүс (41-48) 41-44-р эшлэлийг үзээрэй. Есүс хотод ойртож очоод хотыг хараад маш гунигтай болж, уйлсан. Иерусалим хотод Бурханы сүм оршдог бөгөөдэндээс Эзэний үг Иерусалимаас урсан гарч, хаанчлалын сайнмэдээг дэлхийн бусад ард түмэн, үндэстэнүүдэд хүргэх ёстой байсан. (Исаиа 2:3). Гэтэл Иерусалим хот нь одоо Бурханы үгийг орхиж, гэм нүглээр дүүрэн, ялзралын хот болсон байна. Үүгээр ч үл барам Бурханы илгээсэн зарц нарыг ч доромжлон чулуудан алсан ноцтой гэмээр дүүрэн байжээ. Ийм тэдэнд Есүс гэмшлийн сайнмэдээг тунхаглаж, тэдний гэмийг сануулснаар, Бурхан уруу эргэх боломжыг үргэлж өгч байсан. Эцэст нь тэд сохор болж өөрсдөө Бурханы өгөх амар тайвны замыг орхисон. Ийм тэдэнд зөвхөн Бурханы уур хилэн, хатуу шийтгэл үлдсэн байсныг Есүс хараад тэдний авах шийтгэл хэр аймшигтай, ямар эмгэнэлтэй болохыг мэдээд гашуудан уйлсан юм. Хожим МЭ 70-н онд Ромын Титус жанжин Иерусалим уруу дайрч Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэж шатаасан юм. Иерусалим хот ийнхүү шийтгэл авсан үндсэн шалтаан нь юу байсныг 45-46 эшлэл дээр харуулж байна. Есүсийг сүмд ороход сүм худалдаачдаар дүүрэн байсан бөгөөд тэд алгаслын баярт зориулж тахилын өргөлүүдийг зарж, мөн сүмийн татварыг төлөхөд хэрэгтэй иудей зоосыг Ром ба грекийн зоосоор солих валют арилжааны үйл ажиллагаа явуулж байсан. Ийнхүү худалдаачид сүмийн удирдагч нартай хамтран сүмийг худалдаа наймааны газар болгосон байжээ. Сүм чуулган бол Бурханд хүндэтгэл магтаал өргөж, Бурхантай сүнслэг зөв харилцаа тогтоодог газар юм. Мөн Бурханы үгийг хамтдаа суралцан, Эзэний үгэнд дуулгавартай дагахын төлөө залбирдаг газар юм. Ялангуяа Исаиа 56:7-д хэлсэнчлэн бүх үндэстэнийг аврахын төлөө, зуучлан залбирдаг, бүх ард түмний залбирлын гэр байх ёстой гэжээ. Тиймд сүм чуулган бүрт сайнмэдээг бусдад дамжуулах, библиэс суралцах, сүнслэг цаг авах, гуйлт ба залбирлаар үйлчлэх үйлчлэлүүдээр дүүрэн байх хэрэгтэй юм. Харин Иерусалимын сүмийн байдал нь эсрэгээрээ Бурханд үйлчилдэг шашны удирдагч нарын зүрх сэтгэл мөнгөний шунахайрал, эрх мэдэлд хэтэрхий автагдаж, гажуудсан байсан. Иймд Есүс сүмд ороод тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад сүмийг цэвэрлэн ариусгасан. Үүгээр тэр Бурханы эсрэг гэмийн тухай уур хилэн ба шудрага шүүлтийг илэрхийлсэн. Есүс төлөв даруу амар тайвны хаан төдийгүй, гэмийг шийтгэдэг зөв шударга Хаан юм. Сүмийг цэвэрлэсний дараа Есүс, өдөр бүр сүмд ирэн Бурханы үгийг заах ажилд анхаарал хандуулсан. Харин шашны удирдагч нар өөрсдийн ёс бус амьдралыг ил болгосонд нь хорсож, Есүсийг хөнөөхийн төлөө хуйвалдаж эхлсэн. Ийм аюул заналын дунд ч Есүс бүх анхаарлыг Бурханы үгийг заахад хандуулсан. Учир нь Есүс сүнсээр төөрсөн ард түмэнд, жинхэнэ авралын замыг зааж өгөхийг хүссэн. Ямар ч хүсэл найдваргүй ард түмэнд Бурханы хаанчлалын жинхэнэ хүсэл найдварыг суулгахын хүссэн. Шашны удирдагч нар Есүсийг хөнөөх завшааныг хайсаар боловч ард олон Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байсан. Христитгэлт амьдрал бол Христээс өгөгдсөн шинэ мөн чанараар гэмт махан биеийн эсрэг хийж буй дайн тулаан юм. Бидний амьдралаас Бурханы хүсдэг зүйл бол Ариун Сүнсний үр жимс бөгөөд зөвхөн Ариун Сүнсний тусламжтайгаар энэ нь бий болох боломжтой! Есүс ёс төдий фарисай мэт амьдрал, эд мөнгө болон махан биеийн хүсэл шунал ба назгайрлаар дүүрэн ялзарсан байдлыг хараад ариусгахыг хүсдэг. Есүсээр хаанчлуулсан Бурханы оршихуй болгон дахин шинээр босгон байгуулахыг хүсдэг. Бид түүхэнд үлдсэн Иерусалим сүмийн сүйрлийг санаж, Бурхан гэмших боломж өгөхөд, гэмшиж чадахыг хүсэн гуйж байна. Есүс Бүтээгч Эзэн бөгөөд бүх Хаадын Хаан билээ. Тэрээр дэлхийн хаадаас өөр, төлөв даруу ба амар тайван авралыг өгдөг Хаан юм. Дүгнэлт: Энэ цагт бидний зүрх сэтгэл, гэр, чуулган маань Бурханы оршихуйгаар дүүрэн сүнслэг сүм байх ётой юм. Хүн бүр өөрийн дотор байгаа сүмээ цэвэрлэх шаардлагатай байгаа эсэхийг нягталж, эргэн нэг харахыг хүсэн гуйж байна. Хэрвээ шаардлагатай бол өөрийн доторх сүмээ цэвэрлэж, Эзэнтэй зөв харилцаа тогтооцгооё. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүн бүр гэмээ ухааран гэмшиж сайнмэдээнд итгэснээр гэмийн өршөөлийг эдэлж, Бурханыг хүндэтгэн мөргөдөг, Түүнд залбирлыг өргөдөг, Түүний үгээр дүүрэн бөгөөд Бурханы хүүхдүүдтэй нөхөрлөн Түүний үгийг тунхаглан тараадаг байх ёстой. Бурхантай зөв харилцаа тогтоох нь та гэм нүглээ улайснаар эхэлдэг. Дараа нь Бурханд хандан өөрийн гэм нүглийг даруухнаар гэмшин, гэм нүглээ орхихоор шийдсэнээ хэлэх хэрэгтэй. “Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.” (Ром 10:10). Бурхантай зөв харилцаатай байна гэдэг нь Бурхан таны төлөө хийсэн зүйлд хариу барьж буй хэрэг юм. Тэр Аврагчийг илгээж, таны нүглийг авах золиосыг бэлдсэн (Иохан 1:29) бөгөөд танд “Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно” (Үйлс 2:21) гэсэн амлалтыг өгсөн. Гэмшил болон уучлалын сайн жишээ бол төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэл юм. (Лук 15:11-32). Бага хүү нь аавынхаа хөрөнгийг хорон муу нүгэлт замаар үрэн таран хийгээд эцэст нь өөрийнхөө гэм бурууг ухааран гэртээ буцан харихаар шийднэ. Бага хүү нь өөрийгөө аавын хүү хэмээн дуудуулах эрхгүй хэмээн бодсон боловч тэр нь буруу байсан. Аав нь төөрч будилсан хүүгээ урдахаасаа илүүгээр хайрласан. Түүний бүх бурууг уучилж, найр наадам хийсэн тухай гардаг. Бурхан Өөрийн амлалтуудыг үргэлж биелүүлдэг бөгөөд уучлалын амлалт ч мөн адил. “ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойрхон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.” (Дуулал 34:18). Энэ цагт бүгдээрээ Хаан болсон Есүсийг зүрх сэтгэлдээ оруулцгаая.