2018 оны Лук 43-р номлол (11.25) Б. Баярмагнай

Намайг иртэл эдгээрийг эргэлдүүл

Лук 19:11-27

Гол эшлэл: 19:13

“Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ.”

Өнөөдөр бид бизнес ухааны талаар Есүс юу гэж хэлснийг бид сурах гэж байгаа юм шиг санагдаж байна. Гэвч яг бизнес ухааны талаар гэхээсээ илүү Бурханы хаанчлал тэр даруй ирэх юм шиг сэтгэгдэл хүмүүст бий болох магадлалтай байгааг анзаарсан бөгөөд Есүс тэр сэтгэгдэлд, тэр хандлагад хариу өгөхийн тулд нэгэн сургаалт зүйрлэл ярьсныг одоо бүгдээрээ хамт сурцгаая.12-13-р эшлэлийг үзээрэй. “Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ.”Сурвалжит хүн гэдэг нь үе дамжсан баян, язгуур угсаатай, боловсрол мэдлэгтэй хүнийг хэлдэг аж. Тэр хүн өөр газар хаанчлалыг аваад, буцаж ирэхээр алс холын орныг зорин одохынхоо өмнө арван боолоо дуудаад тус бүрд нь нэг маанэ өгөөд, ажил хэрэг явуулаад эргэлдүүлсэн байгаарай гэсэн байна. Нэг маанэ нь гурван сарын ажлын хөлстэй тэнцэх мөнгөний хэмжүүр аж.Уг сурвалжит хүн боолууддаа боломж өгсөн, бүгдэд нь ижил тэгш боломж олгосон. Тэд эзнийхээ өгсөн боломжийг ашиглаад ажил хэрэг явуулж, эргэлдүүлж, нэг үгээр бизнес хийх ёстой байв. Өнөөдөр ийм боломж олддогсон бол ямар сайхан гээч. Бүгдэд эрх тэгш боломж олдоогүйн улмаас нийгэмд бухимдал үүсдэг.14-р эшлэлийг харвал бидэнд өөр нэгэн зүйлийг хэлж байна. “Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.” Ямар ч улсад хаандаа, удирдагчдаа дургүй хүмүүс бий. Энэ бол байдаг л асуудал. Тиймээс тэд эзнийхээ хойноос элч нарыг явуулж, бид танаар хаанчлуулахгүй шүү гэж хэлүүлсэн байна.Байдаг л үзэгдэл биш гэж үү? Бүгдэд таалагдах алба байдаггүй, тэр тусмаа ямар ч удирдагч. Бүгдэд таалагдъя гэвэл хүн удирдах биш зайрмаг зар гэдэг үг байдаг. Нээрээ л зайрмаг зарвал хэн ч буруутгахгүй, ядаж л тоохгүй юм даа. Ямар доллар биш, бүгдэд таалагдах албагүй ч гэж үг бий. Ямартаа ч тэр сурвалжит хүнд дургүй бүлэг хүмүүс байсан бололтой.Хэсэг хугацаа ч өнгөрсөн, сурвалжит хүн эргэж ирээд дүгнэлт хийв. 15-19-р эшлэлүүдийг үзээрэй. Тэр бүх боолоо нэгбүрчлэн дуудаж, өөрийнх нь өгсөн мөнгөөр юу хийв, ямар бизнес хийв гэдгийг асуусан. Эхний хүн нэг маанэг арав болтол үржүүлсэн байна. Бизнесийг ёстой л нэг умалзуулжээ. Өдөр шөнөгүй ажилласан байх даа. Хэрэв тэр хүн өнөөгийн Монголд байсан бол эдийн засаг аль хэдийн сэхчихсэн байх байв. Чухам ямар бизнес эрхэлсэн бол оо? Уул уурхайн бизнес байв уу? Эсвэл хөдөө аж ахуйн? Гэхдээ мань хүнд бизнесийн төрөл нь чухал биш гол нь сэтгэл зүрх, авьяас чадвар нь илүү нөлөөлсөн байх. Мэдээж аль нэг бизнесийг эрхэлсэн байж таараа. Ийм чадвартай, чадамжтай, сэтгэлтэй хүнд эзэн нь арван хот өгсөн байна. Яагаад гэвэл нэг маанэг арав болтол нь өсгөж чадсан юм чинь арван хотыг өлхөн захираад авч явах юм байна гэж тооцоолсон. Яагаад гэвэл бага зүйлд итгэмжтэй байсан тул их зүйлд ч итгэмжтэй байна гэдгийг нэмж хэлсэн.Хоёр дахь хүнээс нь асуухад мөн л нэг маанэг тав болтол нь өсгөсөн байв. Мань хүн том бизнес хийгээгүй ч гаднаас юм импортолдог, эсвэл IT чиглэлийн юм хийсэн ч юм бил үү? Эсвэл барилгын бизнес хийсэн байх.Ямартаа ч мань хүн таван маанэ олчихсон эзнийхээ өмнө бардам зогсож байв. Ийм түүнийг сурвалжит эзэн нь таван хотоор шагналаа. Бага зүйлд итгэмжтэй байсны шагнал нь тэр аж. Энэ бол шударга шагналууд байлаа. Харин гурав дахь хүн яасан бэ? Бид бүгдээрээ сайн мэднэ, уг хүн эзнийхээ өгсөн нэг маанэг алчууртаа боогоод хав дарчихсан гэж мэдүүлэв. Уг нь тэр боол мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулаагүй боловч бас үрээгүй. Эсвэл хаяж гээгээгүй, юу авсан түүнийгээ л эзэндээ өгсөн. Шалтгаан нь: та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би айсан юм. Эзнийхээ чанга, хатуу чанарыг сайн мэддэг байх нь. Эзэн нь өөрөө юу ч хийхгүй юм шиг хэрнээ авдаг, хураадаг гэж боддог байх нь. Харин үүнд эзэн нь яаж хандсан бэ? Юун түрүүн тэр боолыг үгээр нь шүүсэн. Түүний хэлсэн үгээр нь эзэн нь шүүсэн. Ядаж мөнгө хүүлэгчид өгч, хүүтэй нь авахгүй яав гэж загнасан. Мөн түүний нэг маанэг авч арван маанэтай хүнд өг гэж тушаасан. 26-р эшлэлийг үзээрэй. “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.” Маш чухал зарчмыг заасан байна, хэнд байхгүй байна түүнээс байгаа нь хүртэл авагдана, харин хэнд байгаад нь илүү өгөгдөнө. Байхгүй хүнд нь байгаа нь хүртэл авагдана. Ямар хатуу хэлж байна вэ? Ямар өршөөлгүй зарчим бэ? Ингээд уг боолд өгсөн байсан нэг маанэгаа эзэн нь хураан авч арван маанэтай хүнд өгсөн.
Өнөөдрийн сургаалт зүйрлэл нь бидэнд дараах хоёр утга буюу хэрэгжүүлэлтийг хэлж байна.1-рт, Бурхан хүн бүрд ижил боломж өгдөг. Хүн бүрийн тэгш эдэлдэг боломж бол цаг хугацаа, агаар, орон зай, байгалийн баялаг гэх мэт юм. Танд үүнээс дутуу өгөгдсөн боломж юу байна вэ? Мөн хүн бүрд авьяас чадвар, мэдлэг оюун ухаан, нөөц бололцооөгсөн. Бүгд ижил боломж, ижил нөөц, ижил авьасыг Бурханаас авсан. Чухам юу вэ гэдэг нь л тухайн хүнээс шалтгаалж байгаа болохоос биш бүгд ижил. Үүнийг яаж ашиглах вэ гэдэг эрх хүн бүрд өгөгдсөн. Яаж ашиглах эрх нь хүн бүрд өгөгдсөн гэж бодоорой. Таны нөөц боломжийг хэн нэгэн биш та өөрөө л ашиглах ёстой. Энэ бол таны хариуцлага.Бурхан бидэнд бүх зүйлийг өгсөн, гэхдээ яаж ашиглахыг бидэнд даалгасан. Тиймээс та өөрт байгаа авьяас чадвар, мэдлэг ухаан, цаг боломжийг яаж ашиглахаа шийдээрэй. Мэдээж тэр болгоныг ашигтай, давуулан биелүүлэх зүйлд ашиглахыг Эзэн хүсдэг. Таныг цаг боломжоо хэрэггүй, ашиггүй, үрэн таран хийх зүйлд ашиглахыг хүсдэггүй. Мэдээж залхуураасай гэж бас хүсдэггүй нь тодорхой.Та өөрт өгөгдсөн зүйлсийг юунд ч ашиглаж болно. Бусдын сайн сайхны төлөө, улс эх орны хөгжил цэцэглэлийн төлөө, мөн өөрийн ирээдүйн төлөө гээд ашиглаж болох олон талбар байгаа. Танд байгаа зүйлс нь танд өгөгдсөн нэг маанэ гэж тооцоорой. Улсынхаа төлөө зориулах хэдэн шалтгааныг дурдъя.Монгол улс:1. Хүн амын тоотой харьцуулахад дэлхийд:- Гар утас зарцуулж байгаа мөнгөөрөө 1-рт;- Дээд сургуулийн тоогоороо 1-т;- Нэг хүнд ногдох гадаад өрөөр 2-рт;- FB хэрэглээгээр Азид 1-рт- $-ын ханшийн өсөлтөөс хамгийн их эрсдэл хүлээх улсаар 1-рт;- Дампуурах магадлалтай улсуудын жагсаалтад эхний 8-д;2. Дэлхийд:- Байгаль орчны бохирдлоор 1-рт;- Авилгал хамгийн их авдаг өгдөг үзүүлэлтээрээ 1-рт;- Хорт хавдрын өвчлөл нас баралтаар 1-рт;- Архины хэрэглээ согтуу жолоочоор 1-рт;- Хятадын зээлийн өрөнд унаж дампуурах магадлалаараа 1-рт;- Монголчууд $-ын саятны өсөлтөөрөө Азидаа 1-рт;Дээрх жагсаалт бол бид өөрт байгаагаа улс орныхоо төлөө харамагүй зориулах хангалттай шалтгаанууд. Нийгэмдээ, эргэн тойрондоо гэрэл давс болох хангалттай шалтгаанууд.Мөн хамгийн чухал талбар бол сайнмэдээ юм. Энэ бол энд сууж буй хүн бүрийн орхигдуулшгүй талбар юм. Сайнмэдээ бол таны эргэн тойрны хүмүүсээс гадна оюутан залуус бүрийн сонсох ёстой зүйл. Энэ л зүйлийн төлөө бид дуудагдаж, энэ л зүйлийн төлөө бид өөрт байгаа бүхнээ зориулахаар бэлтгэгдсэн, бас бидэнд байгаа бүхэн өгөгдсөн. Та юу ч зориулж болно, цаг зав, мөнгө санхүү болон өөрт байгаа юугаа ч зориулж, зарцуулж, ашиглаж, хэрэглэж болно. Матай 6:33 эшлэлийг бүгд сайн мэднэ, хаанчлалын төлөө өөрт байгаагаа зориулсан хүнд бүх зүйл нэмж өгөгдөнө. Нэмж өгөгдөнө гэдэг нь даблдах уу, гурав дөрөв дахин өгөгдөх үү? Энэ бол Бурханы хийх ажил. Та юунд зориулж байгаагаа мэднэ, та юунд өгч байгаагаа мэднэ. Танд өгөгдсөн зүйлд та яг л бизнес хийж байгаа юм шиг хандаж, зарцуулж, зориулаарай. Бизнес бол маш анхааралтай байх ёстой талбар. Аль болох бага зардлаар их ашиг олох талбар. Мөн хичнээн гоё, сайхан санаа байвч ашиггүй байх юм бол тэр зүйлд зарцуулдаггүй талбар Тиймээс та яг бизнесмэн шиг бодох, сэтгэх, ажиллах, үйлчлэх хэрэгтэй болж байна. Бохир бизнес явдаггүй, асуудалтай бизнес хөгждөггүй. Та яавал сайнмэдээнд болон бусад талбарт ашигтай байх талаар бодож амьдраарай. Танд өгөгдсөн маанэ мэт зүйлд та маш ухаалаг, дампуурахаас сэргийлж амьдраарай.2-рт, тухайн үеийн фарисай, хуулийн багш нарт Есүс Өөрийн дахин ирэх тухайгаа сургаалт зүйрлэлээр дамжуулан хэлсэн.11-р эшлэлийг үзээрэй. “Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн нь Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ.”Бурханы хаанчлал тэр даруй бий болох нь гэж хүмүүс бодсон, бас хүлээсэн. Бурханы хаанчлалыг бид хэзээ ирэхийг мэдэхгүй гэж өмнөх номлолуудаас сурсан. Тэгвэл Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг Бурханы хаанчлалтай холбон ярьсан юм бол?Энэ сургаалт зүйрлэл дэх сурвалжит эзэн нь Есүс юм. Тэр өөрийгөө дахин ирнэ, гэхдээ Шүүгчээр ирнэ гэдгээ тэр үеийн сонсогч нарт хэлсэн. Шүүгчээр ирэхдээ яаж амьдарсан, яаж өөрт өгөгдсөн зүйлсийг нь ашигласан, хэрэглэсэн зэргийг шүүнэ гэдгээ хэлсэн. Иудейчүүдэд онцгой эрх өгөгдсөн байв. Тэд Бурханаар сонгогдсон онцгой үндэстэн байсан. Тэд Бурханы ерөөлийг зөвхөн өөрсөддөө хадгалах биш харин эргэн тойрны улс үндэстнүүдэд түгээх, тэднийг Бурханы хаанчлал уруу урих онцгой эрхтэй байсан. Гэвч тэд энэ боломжийг ашиглаагүй, харин ч бусад үндэстнийг гахай нохой мэт үзсэн. Тэдэнд өгөгдсөн ийм сайхан боломж, эрхийг тэд өөрсдийн хувийн амбиц, шашны туйлширсан эрх ашгийн төлөө, түүнийгээ хамгаалахын төлөө л ашигласан. Өөрөөр хэлбэл нэг маанэ аваад түүнийгээ булсан тэр боол адил ямар ч ашиггүйгээр, үр нөлөөгүйгээр хадгалсан. Эцэст нь иудей шашны удирдагч нар 14-р эшлэл дээр хэлсэнчлэн сурвалжит эрийг үзэн яддаг иргэд шиг нь өөрсдийнх нь төлөө ирсэн Есүсийг загалмай дээр хадаж алсан. Ийм тэдэнд зориулан Есүс сургаалт зүйрлэлийг ярьсан юм.Бидэнд ч бас энэ сургаалт зүйрлэл зориулагдсаныг бид мэдсэн байх гэж найдаж байна. Танд юу өгөгдсөн байна вэ? Танд өгөгдсөн зүйлсийг та юунд зориулж, юунд зарцуулж байна вэ? Үхмэл байлгаагүй гэдэгт итгэлтэй байна. Сайнмэдээнд зориулбал аяндаа өсдөг, хаанчлалын төлөө зориулбал аяндаа Бурхан нэмж өгдгийг санаарай. Амен!

өмнөх нийтлэл2018 оны Лук 41-р номлол (11.18) Б.Баярмагнай
Дараагийн нийтлэл2018 оны Лук 44-р хичээлийн асуулт(12.02)