Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун
Лук 12:13-34
Гол эшлэл 12:31
“Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.”
1. Мунхаг баяны тухай сургаалт зүйрлэл (13-21)
Нэгэн залуу хурсан олны дундаас Есүс дээр ирээд ар гэрийнхээ маргааныг шийдүүлэх гэжээ. Хүн болгонд л асуудал байдаг. Тэр залуу ч гэсэн асуудлаа барин Есүс дээр ирэв. Хоёулхнаа эцэг, эхээсээ байсан бололтой. Гэтэл хорвоогийн жам ёсоор тэр хоёр хоёулхнаа хорвоо дээр үлдэх өдөр ирж. Харин эцгийнхээ үлдээсэн өв хөрөнгийг ах нь эзэрхийлэн эзэн сууж, дүүдээ хувь өгөөгүй, эсвэл хэн ч тоохооргүй хувь өгсөн байж таарчээ. Энэ нь тухайн үеийн заншил ёсоор болохгүй асуудал байсан бөгөөд уг залуу асуудлаа шийдүүлэхээр Есүст ханджээ. Тэр залуу Есүсийг явуулын шүүгч гэж бодсон бололтой. Уг нь нутгийнхаа шүүхэд хандаж, өмгөөлөгч авах ёстой байтал Есүсийн явж байгааг дуулаад Түүн дээр иржээ. Есүс үл тоож орхиогүй, гэхдээ асуудлыг тэр залуугийн талд ч бас шууд байдлаар шийдэж өгөөгүй. Харин дараах ярьсан сургаалт зүйрлэлээр дамжуулан уг залууд нэгэн том сургамж өгч, улмаар тэр залуу уг сургамжийг хүлээн авбал ахаасаа авах өвөөс ч илүү сэтгэл хангалуун амьдрах аргатай үлдэх байлаа.16-21-р эшлэлүүдийг үзээрэй. Нэгэн баян байсан, Уг баян хүний газар нь маш үржил шимтэй байв. Үржил шимтэй уг газартай байсан учир ургац ч их авдаг байсан бололтой. Тэгээд өмнөх жилээсээ илүү ургац авсан тул тэр ургацаа хадгалахын тулд хуучин агуулахаа буулгаад шинийг барихаар шийджээ. Энэ хүртэл уг баянд ямар ч асуудал байсангүй. Тэр ургац их авсан, хуучин амбаараа буулгахыг хүссэн. Шинийг барихыг хүссэн. Хэн ч ингэж ажиллах нь зүйтэй. Хуучин амбаартайгаа байж байгаад их ургац авангуутаа багтахгүйг нь ямар хаялтай нь биш, мал амьтанд өгөлтэй нь биш. Ямартаа ч хуучнаа буулгаад шинийг барих нь зүйтэй юм. Хүмүүс баян байхыг эсэргүүцэх хандлагатай байдаг.Үнэндээ баян байх нь буруу зүйл огт биш. Шударга, шаргуу, тууштай хөдөлмөрлөснөөрөө хэн ч баян болох боломжтой. Тийн хөдөлмөрлөж баяжсан хүмүүс ч олон бий. Есүс Христэд итгэдэг олон баячууд бий. Тэдний тухай бичсэн ном хүртэл байдаг. “Бурханд итгэдэг дэлхийн баячууд” гээд. Баян байх нь огт буруу биш. Баян болох хүсэл нь ч буруу биш. Тиймээс баян болох юмсан гэж бодож байгаадаа гэмших хэрэггүй. Харин? Харин нэг асуудал байдаг гэдгийг өнөөх баяны тухай сургаалт зүйрлэлээр Есүс хэлж байна.19-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд” Уг баяны санаа нь өөрийнхөө л төлөө эд хөрөнгийг цуглуулж, баян болох зорилготой гэдэг нь харагдаж байна. Тийм учраас өөрийгөө амраа, ид, уу, зугаац гэж өөртөө хэлж байна. Мөн өөрийнхөө эд хөрөнгөнд дэндүү их найдаж байгаа тухай өөрөө өгүүлж. Чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Найдвар нь Бурханд биш, найдвар нь мөнхөд орших Нэгэнд биш, харин устах, түр зуур байх эд хөрөнгөнд байна. Баяжих тусам хүн өөртөө төвтэй болж эхэлдэг. Энэ бол сорилт юм.Хүн юмгүй үедээ, ядуудаа, өвчтэй үедээ, эсвэл юм юмаар дутагдах үедээ Бурханд найдахад амархан байдаг. Тэр хүний цорын ганц найдвар нь Бурхан байхад тун хялбар. Мөн өөрт хэрэггүй зүйлээ Бурханд өргөхөд ч бас амархан. Харин дутагдах зүйлгүй болох үедээ Бурханд найдсаар байхыг сурах хэрэгтэй. Мөнгөтэй болох үедээ мөнгөнд, залуу байхдаа залуу насандаа, эрүүл байх үедээ цаг завандаа, зэрэг цол ахих тусам мэдлэг мэргэжилдээ гээд бидэнд найдах олон зүйл гарч ирнэ. Гэхдээ тэд бол түр зуурийнх гэдгийг бид ухаарах ёстой. Ямар ч үед Бурханд найдна гэдэг бол бидний амьдралын хамгийн гол хэсэг байх ёстой зүйл. Ямар ч үед Бурхандаа найдах нь бидний хувьд өөрийгөө Бурханы хүн гэж хэлэх хангалттай үндэслэл болно.Баян байх нь, мэдлэг мэргэжилтэй байх нь, залуу байх нь, эрүүл саруул байх нь, туршлагатай байх нь огт буруу биш. Гагцхүү тийм үеүддээ ч Бурханд найдаж, Түүгээр дутаж амьдрахыг бид мартаж огт болохгүй. Таны амьдрал юун дээр тогтож байна вэ? Нэг л өдөр хүн энэ ертөнцөөс явна. Логикоор, онолоор бол хөгшчүүл нь эхэлж яваад, залуус нь дараа нь явах байх. Гэхдээ бодитоор бол өөр байдаг. Бидний хэн нь ч хэнийхээ өмнө явахыг үгүйсгэхгүй.Юунд найдвараа тавих вэ гэдэг тань маш чухал. Ялангуяа амьдралд найдвар тавих олон зүйл ар араасаа гарч ирсээр байх болно гэдгийг мэдэхгүй байхыг хүсэхгүй байна. Гэнэтийн их мөнгө, гэнэтийн амжилт, гэнэтийн карьер гээд таны амьдралд орж ирэх олон сорилтод та бэлэн байх хэрэгтэй. Ямар ч үед Бурханд найдна гэсэн шийдвэртэй байх хэрэгтэй. Баян, ядуу эсвэл дундаж давхарга байх нь чухал биш. Гагцхүү Бурханд л найдах нь чухал. Мэдлэгтэй, ажилтай, эсвэл юу ч хийхгүй байгаа нь ч чухал боловч Бурханд найдаж байна уу, Түүнийг түшиглэж байна уу гэдэг нь илүү чухал юм. Залуу, настай, өвчтэй, эрүүл байх нь чухал. Харин зөвхөн Бурханд найддаг байх нь илүү чухал.
2. Эхлээд Түүний хаанчлалыг хайгтун (22-34)
Зөвхөн шавь нартайгаа байхдаа Есүс хоёр чухал ойлголтыг тэдэнд өгөхийг хүсчээ. Ямар хоёр ойлголт вэ? Бид энэ хэсгээс хоёр зүйлийг онцгойлон хүлээн авч, суралцаасай гэж хүсэж байна.1-рт, Бүгдээрээ 22-23-р эшлэлүүдийг хараарай. “Тэр шавь нартаа -Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм.” Үнэндээ бид хоол ба хувцасгүйгээр яахин амьдарч чадах билээ? Хоол идэхгүй хэд хонож чадах вэ? Мөн хувцасгүйгээр явж чадах хүн байна уу? Хоол, хувцас чухал гэдгийг хэн ч мэднэ, хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Гэхдээ хүн өөрийн эрхгүй хоол ба хувцсанд санаа тавьсаар ирсэн. Амттай хоол идэж байж кайф авдаг, брэндийн хувцас өмсөж байж санаа нь амардаг байж болох юм. Гэхдээ амь байхгүй бол сайхан хоолоо аваад авсанд орохгүй нь тодорхой. Бие эрүүл биш бол хичнээн брэндийн хувцастай байгаад яах билээ? Тиймээс аль нь илүү чухал вэ? Хоол уу, амь уу? Хувцас уу, бие үү? Мэдээж чанаргүй хоол идэж, ноорхой хувцастай яв гэж хэлж байгаа хэрэг огт биш. Харин аль нь илүү чухал вэ гэдгийг бид амьдралдаа тодорхойлох ёстой. Тиймээс хоол ба хувцаснаас илүү санаа зовох зүйлс олон байна. Хоол ба хувцас чухал. Тиймээс Бурхан тэр болгоныг хангадаг гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд хон хэрээнээс зүйрлэл аваарай гэж байна. Бодож үзээрэй, хон хэрээ хувцас ч үгүй, орлого ч үгүй. Гэхдээ түүнийг Бурхан тэжээдэг. Хувцас ч үгүй, орлого ч үгүй байгаарай гэж би та нарыг урамшуулах гээгүй юм шүү. Тэр тусмаа Бурхан хөдөлмөрч гарыг ивээдэг. Тэр тусмаа Бурхан ажил хийдэг хүнийг ерөөдөг. Харин Бурхан хон хэрээнд хүртэл хайртай гэдгийг Есүс хэлсэн. Тэр тусмаа бидний үл тоодог, заримынх нь үзэн яддаг тэр хон хэрээнд хайртай юм бол Бурхан хамгийн сор болсон бүтээлдээ хайртай байхын аргагүй гэж үү?Бүх бүтээлийнхээ дээжийг тэргүүн эгнээнд хайрлахгүй гэж үү? Бурхан танд хайртай. Хэний ч өгч чадахгүй тэр хайраар Бурхан танд хайртай. Зүгээр нэг хайр биш, харин агуу нигүүлслээрээ таныг хайрласан. Энэ хайрыг хүлээн авах нь маш чухал юм. Бурхан танд хайртай гэсээр байтал түүнийг хүлээн авахгүй атлаа Бурхан надад хайртай гэж үү хэмээн эргэлзэх нь өөрөө утгагүй асуудал. Тиймээс танд Бурхан хайртай гэдгийг мэдэх нь, мэдээд зогсохгүй хүлээн авах нь туйлын чухал. Гэхдээ Бурхан зөвхөн хайрлаад зогсохгүй, таны амьдралд хамгийн сайн төлөвлөгөөг бэлдсэн байгаа. Яагаад гэвэл танд хайртай учраас. Яагаад гэвэл таны гэмийг уучилж, Мөнхийн улсын иргэн болгохын тулд цор ганц Хүү Есүсээ загалмайд цовдлуулахаар илгээсэн тул таны амьдралд онцгой төлөвлөгөөг бэлдсэн байгаа гэдэгт итгээрэй. Танд Бурхан хэнээс ч илүү хайртай. 29-30-р эшлэлүүдийг үзээрэй. “Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.”2-рт, 31-р эшлэлийг үзээрэй. “Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Гагцхүү гэдэг үгийг та бүхэн анзаараарай. Энэ нь зөвхөн гэсэн утгатай. (Монгол хэлний их тайлбар толь) Тэгэхээр энэ эшлэлд байгаа гагцхүү гэдэг үгийг зөвхөн гэдэг үгээр сольбол “Зөвхөн Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Өөр ямар нэгэн зүйлийг хамтад нь хэлээгүй. Зөвхөн Бурханыг л гэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Зөвхөн Бурханыг л хайрлаж, зөвхөн Түүний хаанчлалыг эрэн хайгаарай гэсэн үг. Мэдээж Бурхан бүх зүйлээр хангана гэж амлаж байна. Өөрийнх нь хаанчлалыг хайсан хүмүүст бүр нэмж өгнө гэж амлаж байна. Гэхдээ бидний анхаарал нэмэгдэл дээр, бонус дээр байж болохгүй. Харин Бурханыг хэр хайрлаж байна гэдгээ өөрөө өөр дээрээ үнэлгээ хийх хэрэгтэй. Хүн өөрөө өөр дээрээ үнэлгээ хийхээсээ бусад дээр үнэлгээ хийх нь элбэг байдаг. Та яг өнөөдөр өөртөө үнэлгээ хийгээрэй. Би Бурханыг хэр хайрлаж байгаа вэ гэж. Бусдаас биш өөрөөсөө асуугаарай. Бусдыг биш өөртөө үнэлгээ хийгээрэй.Бурхан идэх хоол, өмсөх хувцас байтугай бидний хэзээ ч шийдэж чадахгүй байсан гэмийн асуудлыг шийдсэн гэж танд хэдийн амласан. Тэгэхээр одоо таны хайрлах цаг. Зөвхөн Түүний хаанчлалыг хайх цаг. Бурханы хаанчлалаас гадна өөр уруугаа таны зүрхийг булаах гэсэн олон уруу таталт гарна, харин уруу таталтад хандах хандлага биднээс шалтгаалдаг. Бурханы хаанчлалын төлөө гэсэн зүрх сэтгэлийг олон зүйл уруу татаж, бидний анхаарлыг булаах гэж оролддог. Харин тэр болгонд бид хүчтэй байж, биднийг хайрласан Есүсийг бодох ёстой.Өнгөрсөн долоо хоногт “Үйлчлэлээ хэрхэн сайнаар дуусгах вэ” гэдэг семинарт суулаа. Статистик тоог харвал Библи дээрх баатруудын 1/3 нь л үйлчлэл, амьдралаа сайнаар дуусгасан байдаг аж. Жишээ нь: Израилийн анхны хаан Саул карьераа сайн эхэлсэн. Даруу байж хаан болох зохисгүй гэж бодож байсан. Мөн хаан болонгуутаа агуу ялалт ч байгуулсан. Харин хааны карьераа муугаар дуусгасан байна. Тэр алдаа гаргах тоолондоо бусдад буруугаа өгч, тэднээс алдаа хайдаг байсан. Алдарт хаан Соломоны эхлэл даруу бөгөөд сайн байсан. Их ард түмнийг удирдах мэргэн ухаан хайрлаач гэж даруугаар Бурханаас залбирч байсан. Гэвчамьдралынхаа төгсгөл хэсэгт гол анхаарлаа Бурхан дээр биш 1000 орчим эхнэр болон шүтээнүүд дээр тавьснаар төгсгөл нь үнэхээр гутамшигтай болсон. Тэр Бурханы хаанчлалыг хайлгүй, харин уруу таталтад орж хүний хаанчлалыг эрхэмлэсэн. Харин Давид хаан хэдийгээр гэмд унаж, алдаа гаргасан ч гэсэн гэмших зүрхтэй, Бурханыг хайрлах хайр нь үргэлж дүрэлзсэн байсан учраас түүний карьер сайнаар дууссан байдаг. Тэр алдах болгондоо гэмшиж, харин амжилт гаргах болгондоо Бурханд алдрыг өргөдөг байсан.Бид ч бас Саул шиг, Соломон шиг, Давид шиг хүмүүс. Бид үргэлж Бурханы хаанчлал дээр хараагаа байлгах ёстой. Бурханы хаанчлал дээр үргэлж хараагаа байлгадаг хүмүүс амжилттай байсан ч, алдаа зөрчилтэй байсан ч сүнсээр даруу байж, Бурханы талд зогсож чаддаг. Хүн сул дорой нь үнэн. Тийм учраас хараа нь үргэлж өөрчлөгдөх гээд байдаг. Бурханы хаанчлалыг хайх гэсэн хараа нь хэн нэгнээр, эсвэл ямар нэг зүйлээр уруу татагдан өөрчлөгдөх магадлалтай байдаг. Тийм учраас бид хараагаа Бурханы хаанчлал дээр байлгаж байна уу, үгүй юу гэдгээ, бид Бурханыг бүх зүрхээрээ хайрлаж байна уу үгүй юу гэдгээ шалгаж байх ёстой.