ИТГЭГЧДИЙН ЦУГЛААНЫ АМЬДРАЛ
Үйлс 2:37-47
“Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.”(38)
Петрийн үгийг сонссон Иерусалим хотынхон Есүсийг алсан өөрсдийн гэмээсээ болж айдаст автагдан яахаа ч мэдэхгүй сандарцгааж байв. Ийм тэдэнд Петр хэрхэн тусалсан бэ?
1. Гэмшиж өршөөлийг авагтун (37-40)
“Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.”(38) Гэмээсээ болж зовж шаналж буй тэдэнд Петр гэмээ гэмшиж, сайн мэдээнд итгэн авралд хүрэхэд нь туслав. Гэмээ гэмшиж, Есүсийн сайн мэдээг хүлээн авахад гэмийн өршөөл ба Ариун Сүнсний бэлгийг авдаг. Энэ нь бүх итгэгчдэд өгсөн Бурханы амлалт юм. Хүнийг гэмшүүлнэ гэдэг нь хэцүү, зовлонтой ажил юм. Харин энэ нь гэмийн өвчнөөр өвчилж байгаа хүнийг эдгээж чадах цорын ганц арга зам билээ.
2. Үргэлж цугларсан шавь нар (41-47)
Тэр өдөр Есүст итгэж, өршөөлийг хүртсэн хүний тоо гурван мянга орчим байв. Тэдгээр хүмүүс элч нараас зарлигийг сурч, харилцаж, талх хувааж, үргэлж залбирдаг байсан.(42) Амиа бодохгүй, байгаа зүйлүүдээ хуваан хэрэглэж, өөрийн эзэмшил, эд хөрөнгөө худалдаад хүн бүрийн хэрэгцээгээр хувааж өгчээ.(44-45) Тэгээд тэд өдөр бүр нэг санаатайгаар сүмд цуглаж, талхаа айлуудад хуваан, чин сэтгэлээсээ, баяр хөөртэйгөөр хооллодог байв. Тэд бие биеэ хайрлаж, баяр хөөрөөр дүүрэн болж, Бурханыг магтацгаасан. Ийм тэдний дээр Эзэн аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр байлаа.
Залбирал: Эзэн минь ээ, миний бүх гэмийг өршөөж, Ариун Сүнсний бэлгийг өгсөнд тань баярлалаа. Би итгэгчидтэй хамтдаа цугларч, сургаалаас суралцаж, залбирч, хайраар нөхөрлөдөг амьдралаар амьдрахыг гуйж байна.
Нэг үг: “Гэмшиж, өршөөлийг авагтун!”