Өдөр бүрийн хоол /2026.09.02/

АРИУН СҮНСНИЙ ҮЙЛСИЙГ ГЭРЧИЛЖ БУЙ ПЕТР

Үйлс 2:14-21

“Бурхан айлдаж байна. Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.”(17)

Шавь нарыг гадаад хэлээр чөлөөтэй сайн мэдээг дэлгэрүүлсэнд хүмүүс шинэ дарсанд согтсон байна гэж шоолж байв. Энэ үед Петр арван нэгэн шавьтай босоод хэн өглөөний есөн цагт согтох вэ гэж хэлснийхээ дараа Ариун Сүнсний үйлс болон авралын сайн мэдээг зоригтойгоор гэрчлэв.
1. Ариун Сүнсийг бүх махбодь дээр асгасугай! (14-18)Шавь нар гадаад хэлээр ярьдаг болсон нь дарсанд согтсоноос бус, харин эш үзүүлэгч Иоелын зөгнөсөн зөгнөл нь биелэгдсэн явдал гэдгийг Петр гэрчлэв.(16) Эцсийн өдөр Бурхан Ариун Сүнсийг бүх махбодь дээр асгаж өгнө гэсэн амлалт нь Есүс амилж, тэнгэрт аваачигдсанаар биелсэн. Бурхан Өөрийн Ариун Сүнсийг асгаж өгвөл хөвгүүд, охид нь эш үзүүлэх бөгөөд залуучууд нь үзэгдлүүдийг үзэж, Бурханы зарц хүсэл найдвараар дүүрэн болно. Энэхүү зөгнөлийн зарлиг ёсоор Ариун Сүнсийг авсан элч нар эш үзүүлж, бүх дэлхийд баярын мэдээ дэлгэрүүлэх хүслээр дүүрэн болж, харь улсуудын хэлээр баярын мэдээг дэлгэрүүлж эхэлсэн билээ. Уг нь шавь нар өөрсдийн улс орныхоо сэргэн мандалтыг л мөрөөддөг байсан. Харин Ариун Сүнсээр дүүрэн болсноор дэлхийн бүх үндэстнийг аварна гэсэн Бурханы сэтгэлээр дүүрэн болсон. Мөн тэд хувийн асуудлуудаа ялан дийлж, сайн мэдээг дэлгэрүүлэх хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдрах болов.
2. Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдана (19-21)Зөнч Иоел Эзэний дахин ирэхийг хэрхэн дүрслэн зөгнөсөн бэ? Эцсийн өдөрт тэнгэрт гайхамшгууд үүсэх бөгөөд газар дээр ч янз бүрийн бэлэг тэмдэг гарч ирнэ. Тухайлбал Есүс Христийг их алдраар дэлхийд дахин ирэхээс өмнө нарны туяа үгүй болж, сар цус шиг болж хувирах болно. Тэр өдөр хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч үзээгүй их зовлонтой учрах болно. Гэхдээ энэхүү аймшиг ба зовлонгийн өдөр ч Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно.(21)
Залбирал: Эзэн минь ээ, миний дээр ч Ариун Сүнсийг асгаж өгсөнд тань баярлалаа. Би дэлхийн хязгаар хүртэл явж баярын мэдээг дэлгэрүүлнэ.

Нэг үг: “Залуучууд аа! Хүсэл мөрөөдөлтэй байгтун!”

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 14-р хичээлийн асуулт (09.06)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.03/