2017 оны Христмасын 1-р номлол (12.03) Б.Баярмагнай

Зөвт гэр бүл

Лук 1:1-25
Гол эшлэл 1:6

“Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.”

Өнөөдрөөс эхлэн бид Христмасын номлолуудыг цувралаар сонсох гэж байна. Христ мэндлэхийн өмнө баптисч Иохан мэндэлсэн. Өнөөдөр бид түүний аав, ээжийн итгэл ба зөвтийн талаар суралцах гэж байна.
Уг номыг бичигч Лук нь хоёр мэргэжилтэй байсан. Эмч ба түүхч. Хос мэргэжилтэй байх нь эртнээсээ л байсан бололтой. Түүхч ба эмчийн хувьд сайнмэдээний номыг уншигч, сонсогч нартаа зориулан бичсэн нь Лук номыг уншиж буй бидний хувьд маш олзуурхууштай бөгөөд уг номонд гарч буй бүх үйл явдал түүхийн хувьд алдаа мадаггүй гэдгийг дурдах ёстой болж байна. Эмч Лук энэ номоос гадна Үйлс номыг бичсэн. Мөн тэрээр энэ номныхоо эхлэлд нэгэн чухал зүйлийг бичигч маань хэлж байна. 3-р эшлэлээс харвал:
1-рт, Лук энэ номон дээр бичигдсэн зүйлсээ эхнээс нь нягт судалсан гэж байна. Ямар ч судалгаагүй, ямар ч үндэслэлгүй зүйл бичээгүй. Харин нягт судалсан, судалгааны материал хэмээн тодотгож байна. Амны фигүрээр биш харин бодитой зүйлсийг бидэнд үлдээжээ.
2-рт, дэс дараалалтай буюу эмх цэгцтэй бичжээ. Өөрөөр хэлбэл уг номон дээр бичигдсэн зүйлс цаг хугацааны хувьд дэс дараалан болсон үйл явдлуудыг эмхтгэн бичсэн байна.
Тэгвэл 5-25-р эшлэлүүдэд юу өгүүлж байна вэ? Сайнмэдээний бусад номууд шууд Есүсийн түүхээр эхэлдэг. Харин Лук ном нь Есүсээс зургаан сарын өмнө мэндэлсэн Иоханы төрөлтөөс ч өмнө юу болсныг өнөөдрийн хэсэгт өгүүлж байна.
5-р эшлэлийг үзээрэй. Иудагийн хаан Херодын өдрүүдэд Захариа, Елизабет гэсэн хос амьдарч байжээ. Херод хаан бол харгис ширүүнээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр хаан ширээгээ хайртай хоёр хүүгээсээ илүүд үзэж, тэднийгээ хороосон төдийгүй өөрөөс нь өөр нэг Хаан мэндэлсэн гэдгийг сонсоод ойр хавийн хоёроос доош настнуудыг хайр найргүй хөнөөлгөсөн нэгэн. Түүний хаанчлалын үед тухайн газар нутаг айдас ноёлж байлаа. Бурхан хаана байна вэ, яагаад Өөрийн ард түмнээ гаргуунд нь хаяна вэ? гэж хүмүүс асууж байсан биз. Ийм л цаг үед Захариа, Елизабет гэсэн хос амьдарч байжээ. Тэд тахилчийн удмын хүмүүс, тэр тусмаа Аароны удмын хүмүүс байсан. Жирийн боловч удмаараа тэд Бурханы сүмийн ажлыг хариуцаж явсан хариуцлагатай хүмүүс байлаа. Ийм тэднийг Лук дараах хоёр байдлаар тодорхойлж байна. 6-р эшлэлийг үзээрэй. “Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.”
1-рт, хоёул Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж байсан. Тухайн үед Шинэ Гэрээ бичигдээгүй, харин Хуучин Гэрээний номууд л зөвхөн синагогийн хэрэгцээнд байдаг байв. Хамгийн гол нь энэ настай хос Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж байсан гэж онцгойлон бичсэн. Ямар гайхамшигтай чанар вэ? Библид юу бичигдсэн байна, Бурхан тэнд ямар зүйлийг онцгойлон тушаасан байна? Тэр бүгдийг тэр хос ямар ч өө сэвгүйгээр дагаж байсан гэжээ.
Өнөөдөр Библи хүн бүхэнд хүртээмжтэй болсон. Цаасан болон цахим гээд төрөл бүрээр унших боломжтой. Бид Библиэ хэр уншиж байгаа вэ? Хүртээмжтэй байлаа гээд уншихгүй байгаа бол Бурханы бидэнд зориулан ажиллаж байгаа тэр ажил ямар хэрэгтэй гэж? Уншлаа гээд дагахгүй бол уншсаны хэрэг гарна гэж үү? Унш, тэгээд дага. Манай чуулганы Библи судлалын арга, түүгээр өгч байгаа контент үнэхээр чанартай байдаг. Заримдаа теологийн мэдлэг хүртэл өгөгддөг. Ирэх 2018 онд хоёр зүйлийг хийхээр төлөвлөж байна. Эхнийх нь чуулганаараа Библийг жилд хоёр удаа унших хөдөлгөөн өрнүүлэг. Удаах нь Системчилсэн теологи гэдэг хичээл миний бие бүгдэд нь заах. Библи унших хөдөлгөөний талаар тайлбарлах нь илүүц биз. Харин чуулганы хүн бүр тодорхой хэмжээнд теологийн мэдлэгтэй болох ёстой байдаг. Тэр нь Библийг улам илүү өргөн хүрээнд ойлгох ба гаж урсгалаас сэргийлэхийн тулд. Тэгснээр бид Эзэний тушаал зааврын утга учрыг улам гүнзгий мэдэж, улмаар дуулгавартай дагахад нөлөөлөх юм.
Бурхан Өөрийн үгээрээ ажилладаг. Түүний үг бидний хөтлөн чиглүүлдэг. Бид энэ дэлхийн янз бүрийн үзэл бодол, чиг хандлага дунд амьдарч байна. Янз бүрийн сорилт, уруу татлага дунд амьдарч байна. Энэ бүхнээс зайлан одъё, хол амьдаръя гэсэн ч ямар ч боломж байхгүй. Тийм л учраас Захариа, Елизабет нар шиг Эзэний үг, тушаал, зааврыг хайрлаж, түүн дотор бичигдсэн бүгдийг дуулгавартай дагацгаая. Канаан газрыг дайлаар мордохын өмнө Бурхан Иошуад “Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно” (Иош 1:7-8) гэж тушаасанчлан бид хаа байгаа газраа амжилт олно гэвэл Бурханы үгнээс зуурахаас өөр сонголт үгүй. Түүнийг уншин судалж, дуулгавартай дагахаас өөр ямар ч арга байхгүй.
2-рт, тэд Бурханы өмнө зөвт байлаа гэсэн байна. Энд гарч байгаа зөвт гэдэг нь ямар ч гэмгүй, цэвэр ариун гэсэн үг биш. Мэдээж Адамын удам учраас бүх хүн гэмтэй. Гэхдээ гэмтэй гэдэгтэйгээ эвлэрээд амьдардаг хүмүүс биш байлаа. Тэд гэм хийх ямар л нөхцөл боломж байна тэр бүрийг хаадаг, ямар ч сорилт, уруу татлагыг үгүйсгэдэг, Бурханы хуулийн дагуу бүхнийг шүүн тунгаадаг байсан. Зөвт хүн гэж Библид тодорхойлогдсон хэдхэн хүмүүсийн хоёр нь Захариа, Елизабет нар. Тэд яаж Бурханы өмнө зөвт байсан бол оо? Үнэндээ олон зүйлийг ярьж болох ч гэсэн хоёр шалтгааны улмаас тэд Бурханы өмнө зөвт байсан гэж дүгнэн харж болно.
Эхнийх нь дээр өгүүлсэнчлэн Эзэний тушаал зааврыг өөгүй дагаж байсан учраас тэд Бурханы өмнө зөвт байсан. Бурханы үгийн дагуу амьдрахад зөвтөөр амьдарч чадна. Таны хувьд Бурханы үгийн дагуу хэр амьдарч байгаа вэ? Эзэний үгийг уншихад хэр зэрэг цаг зав зарцуулж байна вэ? Бурханы үгийг унших цагийг та зориудаар өөртөө гаргахгүй бол барагтай бол Библи унших цаг танд олдохгүй. Тиймээс албаар тэр цагийг гаргах хэрэгтэй.
Удаах нь тэр хос итгэлээр амьдарсан. Хабаккук 2:4-т “Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.” Итгэлээр амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ гарцаагүй зөв. Итгэлээр амьдрахад олон саад гардаг. Итгэлээр амьдрахад олон бэрхшээл учирдаг. Хэн ч таныг итгэлээр амьдарч байгааг үнэлэхгүй үе ч гарна. Гэхдээ итгэлээр амьдрах нь зөвт нэгний хийж чадах зүйл юм. Гэмийнхээ эсрэг тууштай тэмцэж, өөрийгөө болон уруу татлагыг үгүйсгэж, нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, хүлээн зөвшөөрч, өөрийн хийж чадах зүйлээ дуулгавартай хийж, хийж чадахгүй зүйл дээрээ Бурханаас тусламж гуйн залбирдаг. Энэ л зөвт хүний итгэлийн амьдрал. Таны итгэлийн амьдрал ямар байна вэ? Шантрах, цөхрөх олон үе тохиолдоно. Бууж өгмөөр үе ч бишгүй ирнэ. Хэн ч төгс биш учраас тийм үеүдэд бусад хүн яаж хандаж байгааг харах үе ч гарна. Ихэнхдээ бидний нүдэнд муу жишээнүүд харагдах бөгөөд бууж өгсөн, бултаж зугтсан, бусдыг буруутгасан олон тохиолдлуудыг хараад би ч гэсэн яагаад тэдэн шиг байж болохгүй гэж гэсэн итгэлээр шийдэхээс илүүтэйгээр нөхцөл байдлыг харсан байдлаар шийдэх тохиолдол их бий. Харин зөвт хүн итгэлээр амьдарна гэдэг үгийг бид өөртөө байнга сануулах хэрэгтэй. Эзэн Өөрийн хүүхдүүдийг хэзээ ч орхихгүй. Хүн өөрөө хичээвэл Бурхан таныг зөвтөөр ба итгэлээр амьдрахад тань чиглүүлж, туслах болно. Хэрэв хүн өөрөө хичээхгүй, бардам хэвээр байвал Бурхан хичнээн чиглүүлж, зааж, үгээ өгсөн ч ямар ч нэмэргүй юм.
Зөвт хүн итгэлээр амьдарна.
Харин 7-р эшлэлийг үзээрэй. “Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв.” Бурханы үгийг өөгүй дагадаг, зөвт амьдралаар тууштай амьдарсан тэд хүүхэдгүй өтөлсөн гэдэг байж болох зүйл гэж үү? Логикийн хувьд байж боломгүй мэт санагдаж байна. Хүүхэдгүй байна гэдэг бол Бурханы хараал гэдэг ойлголт тухайн үед ноёлдог байжээ. Үнэхээр тэд бусдад мэдэгдэхгүй нууцлаг гэмтэй байсан юм болов уу? Эсвэл хоёр нүүр гарамгайгаар гарган амьдардаг байсан юм болов уу? Үнэндээ энэ асуудал нь тэдний гэмтэй холбоогүй бөгөөд харин Бурханы тэнгэрлэг бөгөөд гайхамшигт төлөвлөгөө ирээдүйд хэрэгжих гээд тэднийг хүлээж байлаа. Үйл явдлыг үргэлжлүүлэн 8-25-р эшлэлүүдээс харвал утлага уугиулах ээлж Захариад таарч, мань хүн сүмд орсон байна. Тэнд тэр Эзэний тэнгэрэлчтэй нүүр тулав. Харин хүмүүс түүнийг удсанд гайхацгааж гадаа нь хүлээж байлаа. Тэнгэрэлч Захариад: удаан залбирсан залбирал тань Бурханд сонсогдсон бөгөөд удахгүй Елизабет хүүтэй болж, та нар түүнийг Иохан гэж нэрлэ гэв. Иохан бол зүгээр нэг жирийн хүн биш. Тэр согтууруулах ундаа хэрэглэхгүй, Ариун Сүнсээр бүх амьдралдаа дүүрэн, мөн олон хүмүүсийг Бурхан уруу эргүүлэх онцгой үүрэгтэй байх аж. Тийм ээ, Иохан олон хүнд гэмшлийн баптисм хүртээж, Христийн ирэх замыг бэлдэх үүргийг итгэмжтэй бөгөөд дуулгавартайгаар гүйцэтгэсэн. Түүний хийсэн ажлаар дамжуулан олон хүн Христийг таньж мэдсэн. Ийм л онцгой зорилгоор Бурхан тэднийг хүүхэдгүйгээр олон жилийг өнгөрөөжээ.
Хүн болгонд хандсан Бурханы онцгой төлөвлөгөө байдаг. Цаг хугацаа, үйл явдал, нөхцөл байдлыг харвал бусдаас хоцрогдоод байгаа юм шиг, буруу замаар яваад байгаа юм шиг, хавчигдаж гадуурхагдах үедээ бусдаас өөр замаар яваад байгаа юм шиг санагдах үе бий. Хүн бүрийн явж байгаа зам нь амар хялбар, өөрийн тань явж байгаа зам бэрхшээлтэй, хэцүү, зовлонтой, бусдын нүдэнд буруу мэт харагдаж болно. Бүхний эцэст хүүтэй болсныхоо дараа Елизабетын хэлсэн үгийг анхааран хараарай. “Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв.” Бүхний эцэст Бурхан бидний ичгүүрийг зайлуулна. Бидний талд байгаа гэдгээ илэрхийлж бусдыг ичгүүр болгож, бидний өргөмжилнө. Тиймээс танд хандсан Бурханы онцгой төлөвлөгөө байгаа бөгөөд гагцхүү залбирал дотор, зөвт ба итгэлийн амьдралаар амьдарч, Бурханы үгийг өөгүйгээр дагаарай. Таны итгэлийн амьдрал хоосон биш. Таны итгэлийн амьдралын үр жимсийг Бурхан зайлшгүй өгөх болно. Бурхан таны талд байхад хэн таныг нурааж чадах вэ? Бурханы таны талд байхад тан уруу довтолсон ямар ч дайралт нуран унах болно. Бурхан үргэлж таны талд, харин та Түүний талд байна уу? Харин та Түүний үгэн дотор, Түүний зөвт ба ариун байдал дотор байна уу?

өмнөх нийтлэл2017 оны Христмасын1-р хичээл (12.03)
Дараагийн нийтлэл2017 оны Христмасын 2-р хичээл (12.10)