Бүү хулгайл, Бүү худал гэрчил, Бүү шунахайр
Гэтлэл 20:15-17
Гол эшлэл: 20:17
“Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна.”
Дуулал 119:1-д “Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад юутай ерөөлтэй вэ!” гэжээ.
Өнгөрсөн гурван удаагийн номлол дээр тушаасан тушаалуудыг та амьдрал дээрээ хэр хэрэгжүүлж байгаа вэ? Цэрэг, цагдаад бол тушаал гэдэг нь үг дуугүй биелүүлэх ёстой зүйлийг хэлдэг. Библи ч гэсэн тушаалыг тушаал байдлаар л өгүүлсэн. Та арван тушаалыг дагаж, хэрэгжүүлэх ёстой болохоос биш хойшлуулах, үл хэрэгсэх, үгүйсгэх, шалтаглах, биелүүлэхгүй байхыг бусдыг уриалах ямар ч тохиолдол байх ёсгүй. ТУШААЛ л бол ТУШААЛ.
Ингээд 8-10-р тушаал дээр Бурхан юу өгүүлснийг хамт сурцгаая.
- Бүү хулгайл (15)
“Чи бүү хулгайл.”
Хулгай хийх нь ямар ч нийгэмд, ямар ч цаг үед асар их хор хохирол учруулсаар ирсэн гамшигт гэмт хэрэг юм. Хулгай нь олон төрөл болон хөгжсөөр ирсэн.
- Гэр орны
- Эд хөрөнгөний
- Оюуны
- Банкны
- Мөнгөний
- Хүний буюу хүүхдийн гээд өөр олон төрлийн хулгай бидний эргэн тойронд байсаар байна.
Хулгай бол боломж л гарвал үйлдэгдэхэд амархан гэмт үйлдэл. Өөрөөр хэлбэл хулгай хиймээргүй байсан ч гэсэн хулгай хийх боломж гарах л юм бол сорилтод амархан орж, хулгайч болох боломжтой. Тиймээс өндөр сонор сэрэмжтэй байхыг бид өөрсдөөсөө шаардахаас өөр арга байхгүй. Дэл сул юм нүдний өмнө байх, эсвэл мөнгөний хэрэгцээ гарсан үед боломж гарсан байх зэрэг нь асар их сорилттой зүйлс. Завхайрах, хүний амь хороох, бусдыг гэмтээх зэрэгтэй харьцуулбал хулгай хийх нь бараг л гэм биш юм шиг санагдана. Гэвч үнэндээ бусдын өмчийг хулгайлж, хохирол учруулах нь тийм ч үл тоомсорлохооргүй зүйл биш. Бусдын хүч хөдөлмөрөөрөө олсон зүйлийг ганцхан удаагийн үйлдлээр үгүй хийх нь үнэндээ гэмт үйлдэл төдийгүй гэмт хэрэг юм.
Бидний санамсаргүй атлаа нийтлэг хийдэг нэг хулгай бол оюуны хулгай. Дэлгүүрээс ямар нэг бүтээгдэхүүн аваад гарвал хулгай нь орчин үед бүхний нүдэн дээр илт. Яагаад гэвэл камертай учраас.Оюуны өмчийг маш олон хүн хүч хөдөлмөр, оюун ухаанаа ганцаарчлан гэхдээ ихэвчлэн олонхоороо бүтээдэг. Нойр хоолгүй зүтгэнэ. Гэхдээ тэдний хийсэн оюуны хөдөлмөрийг хулгайлах нь чимээгүйхэн хийгддэг. Бас хайр найргүй тараагддаг. Хулгай хийж байгаагаа ч мэдэхгүйгээр дахин дахин тарааж явдаг. Би Ариун Бичээс нийгэмлэгт ажилд орохоосоо өмнө энэ талаар боддоггүй байлаа. Оюуны хөдөлмөрийн талаар ч бараг ойлголтгүй байлаа. Гэтэл орчуулагч нарын орчуулга, түүний хяналт, тэдний хийсэн ажлыг шалгах гээд түмэн өдрийн, мянган цагийн ажлыг хэн нэгэн зүгээр л копи пэйст хийх, Библийг аудио хэлбэрээр хийсэн байхад зүгээр л хулгайлан хуулж аваад сонсох гэх мэт. Зарим нь “Гадаадад үнэгүй байдаг, гадаадад зүгээр тараадаг” гэх мэтээр өөрсдийгөө өмгөөлж байгаатай нь таардаг. Гадаадад тийм байж болох ч Монгол өөрийн гэсэн хуультай бие даасан улс. Тэрүүгээрээ л шийдэгдэх ёстой аж. Зөвхөн Ариун Библи биш өөр олон уран бүтээлчид, зохилчид энэ мэтээр хөдөлмөрөө шулуулж, хулгайд бүтээлээ алдсаар байгаа нь харамсалтай.
Энэ мэтчилэн санаатай болон санамсаргүй байдлаас болж хулгайн хам хэрэгт ч орж болох учраас өөрсдийгөө хамгаалж, сэргийлэх хэрэгтэй.
- Худал бүү гэрчил (16)
“Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.” Энэ тушаалын хүрээнд худал гэдэг үгтэй холбоотой хэд хэдэн тохиолдлыг онцолж байгаа.
1-рт, шүүх хурал дээр, эсвэл маргаан мэтгэлцээний үед нэгнийхээ өөдөөс худал гэрчилж болохгүй гэж хэлж байгаа юм шиг харагдаж байна. Мэдээж бусдын эсрэг худал мэдүүлэг өгөх нь байж болшгүй асуудал гэдэг нь тодорхой. Худал мэдүүлэг өгөх, худал гэрчлэх нь өөрийгөө цэвэрхэн аваад гарчихаж байгаа мэт боловч нөгөө хөршөө асуудалд оруулж, эрхэнд нь халдаж байна гэсэн үг.
2-рт, бусдад худал амлалт өгөхгүй байх ёстойг ч онцолж байгаа.Энэ тохиолдол нь улстөрчдийн дунд элбэг байдаг юм шиг санагдаж болно. Мэдээж тэд сонгогдохын тулд, улстөрийн хүрээнд орохын тулд янз бүрийн байдлаар худал амлалт өгөн гарч ирдэг. Тэгвэл та худал амлалт өгч байсан уу?
3-рт, хийсэн үйлдлээ нуун хаацайлж худал ярихгүй байх. Нэгэнт хийсэн зүйлээ нууж хаах нь эргээд танд өөрт тань төдийгүй эргэн тойрны хүмүүст тань маш хор уршигтай үр дагаврыг авчирдаг. Муудаж, ялзарсан хүнсний бүтээгдэхүүн гэрээсээ олж байсан хүн байна уу?Танд ямар санагдаж байсан бэ? Хэрэв тэгж олж үзээгүй хүн байвал албаар муутгаад үзээрэй. Хийсэн хэргээ нуух, бусдын хэргийг хаацайлах нь яг л ийм өмхий ханхлуулам муухай, ойртохын аргагүй бузар зүйл. Мэдээж ийм зүйлийг ч цэвэрлэж болдог.
4-рт, хийгээгүй хэргийнх нь төлөө бусдыг гүтгэх нь ч бас энэ тушаалтай хамааралтай. Та гүтгүүлж үзсэн л байлгүй. Гүтгэх нь маш амархан. Бусдаас сонссон янз бүрий дэмий, худал хов живээсээ болж бусдыг тийн бодох, эсвэл тийн хэлэхэд л хангалттай. Бусдын талаарх үнэн зөв мэдээллийг сонсох чихтэй байх хэрэгтэй. Хэрэв үнэхээр худал гэрчилж, тэр хүнийг гүтгэж байвал нягтлах ёстой болох нь. Сургаалт үгс 16:28-д “Замаасаа гажигч эвдрэлцлийг тарих, хов жив тараагч дотны нөхдийг тараах” гэжээ. Гүтгүүлэгч нь маш хэцүү байдалд ордог. Өөрийнх нь тухай худал гэрчилж байхад хичнээн өмгөөлсөн ч гэсэн тэр нь бусдад нэгэнт хүрсэн л бол даамжраад янз бүрийн яриа болоод өнгөрдөг.
Хоёр сарын өмнө манай нийгэмлэгийн ажилчдын талаар нэгэн худал мэдээлэл фэйсбүүк дээр тавигдлаа. Тэр мэдээллийг тавьсан хүн надаас албан ёсоор уучлал гуйж, бид ойлголцсон боловч надтай тааралдсан зарим нэг хүн биднийг тэр мэдээллийн дагуу бодож явдаг болсон гэж хэлээд, нягтлан асуух болсон. Нөгөө хүн хичнээн залруулга хийсэн ч гэсэн нэгэнт тарсан мэдээлэл болохоор уг мэдээллийг уншсан хүмүүсийн төлөвшил, нас хүйс зэргээс хамаараад цаашаа яаж, ямар хэлбэрээр тархаж, ойлгох нь шалтгаалдаг гэдгийг олж мэдсэн.
Худал хэлэх, гэрчлэхтэй холбоотой дээрх үйлдлүүдээс бид бүрэн ангид байх боломжтой. Бурхан биднээс боломжгүй зүйлийг шаардаж, бас тушаадаггүй. Бүх тушаал нь хэрэгжүүлэхэд 100% боломжтой.
- Бүү шунахайр (17)
“Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.”
Тухайн үед израильчууд Египетээс чөлөөлөгдөөд цөл замд явж байх үед өгөгдсөн тушаалд дээр бичигдсэн зүйлс багтжээ. Хуарангаар, нүүдэллэн явж байгаа тул хүмүүсийн бүх амьдрал бусдынх нь нүдэн дээр ил. Хэнд ямар мал сүрэг байна, ямар эд хөрөнгө байна гэдэг нь ил. Хэний эхнэр тийм, тэрний эхнэр ийм, нөхөр нь ч ийм тийм гээд гэр бүлийн хувьд ч тогтворгүй болох, сорилтод унах магадлал өндөр байсан биз. Тиймээс Бурхан нэгбүрчлэн дурдаж, тэр болгоныг шунахайрахаас сэрэмжил гэж тушааж байна.
Шунахайрдаггүй хүн гэж огт байхгүй. Юунд шунаж байна гэдэг нь л өөр болохоос биш, хүн бүр шунахайрдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрд атаархал ба шунахайрлын гэмт чанар угаасаа байдаг гэсэн үг. Хүн бүр өөрийгөө юунд шунахайрдаг вэ гэдгээсайн мэдэж байгаа. Магадгүй ойр дотны хүмүүсээ ч мэдэж байгаа. Хамтран зүтгэгч нараа ч мэддэг биз.
Дараах хоёр зүйлийг сайн мэдсэнээр бид шунахайрлаас сэргийлж, өөрийгөө хамгаалж чадна.
1-рт, шунахайрлын уг үндэс нь атаархал юм. Зэрлэг зулгаахдаа үндсээр нь авахгүй бол дахин дахин ургадаг. Хүнд бүх зүйл байна гэж байхгүй. Арван хуруу тэгш хүн байхгүй. Юугаар ч дутагдах, гачигдахгүй хүн гэж байхгүй.Нэгэнд нь байгаа зүйл нөгөөд нь байдаггүй. Эд хөрөнгөнөөс авахуулаад нэр алдар, ажил төрөл, цаг хугацаа гээд энэ жагсаалт үргэлжлэх нь тодорхой. Шунахайрлыг атаархал сумлаж байдаг. Шунахайрлаас болж хулгай хийнэ, худлаа ярина, хүн ална. Эцэг эхээ ч үл хүндэлнэ. Хөршөө хайрлахын гол утга учир нь шунахайрахгүй байх, атаархлаа дарж, улмаар үгүй хийх явдал юм.
2-рт, шунал, хүсэл хоёроо ялгаж сурах юм. Хүн хүслээ шунал гэж андуурахаасаа илүүгээр шуналаа хүсэл гэж андуурах тохиолдол их бий.Шунал нь хүслээр далимдуулан бидний дотор маш овжноор ажилладаг тул бид ялгаж сурах ёстой. Мэдээж хүн бүрд хүсэл мөрөөдөл бий. Түүндээ хүрэх арга зам ч бий. Харин шунал хүслийн нэрээр биднийг гэм нүгэл уруу хөтөлж байдаг тул болгоомжлоорой.
Дүгнэлт: Колоссай 3:5-д “Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.”
Элч Паул бидэнд “Газар дээрх эрхтнүүдийг үхүүл” гэж анхааруулсан байна. Танд хэрэв өвчин байвал түүнийг үхүүлэх гэж, биеэ эдгээх гэж арга хэмжээ авдаггүй гэж үү? Бид бол газар дээр амьдардаг боловч сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн.Ийм тэнгэрлэг хүмүүс учраас газар дээрх эрхтнүүдийг үхүүлэх ёстой. Үхүүлнэ гээд үхдэг бол нэг хэрэг. Ийн газар дээрх эрхтнүүдийг үхүүлэхийн тулд Ариун Сүнсний тусламж танд зайлшгүй хэрэгтэй. Түүнд найдаж, та өөрөө хичээвэл Бурхан таныг удирдаж, газар дээрх эрхтнүүдийг үхүүлж чадна.
Арван тушаалыг махчлан, хүчээр биш харин утгачилан биелүүлээрэй!
БУРХАН ТАНЫГ ИВЭЭГ!