Бурханы нэрийг дэмий бүү дурд
Амралтын өдрийг ариунаар сахь
Гэтлэл 20:7-11
Гол эшлэл 20:8
Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.
Эхний дөрвөн тушаалыг тус бүрийг нь нэг өгүүлбэрээр хэлнэ гэвэл
Эхнийх нь,зөвхөн Бурхан л бидний мөргөл хүндэтгэлийн обьект юм.
Хоёр дахь нь, зөвхөн Бурхан л бидний зан үйлийн төв юм.
Гурав дахь нь, Бурханы нэр бол хамгийн ариун юм.
Дөрөв дэх нь, Бурханыг хүндэтгэн магтах цаг бол Долоо дахь өдөр юм.
Өнөөдөр бид Бурханы тушаасан гурав ба дөрөв дэх тушаалыг үзэх гэж байна.
- Бурханы нэрийг дэмий бүү дурд (7)
Бурханы нэр бол ариун.Бурханы нэрийг дуудахаас үнэндээ израильчууд цээрлэдэг байлаа.
Бурханы ариун нэрийг дэмий дурдах гэдгийг бид шашинжих байдлаар дагаж болно, тэгж дагах хандлага ч бас байдаг. Гэхдээ илүү утгачилан тайлбарлана гэвэл дараах дөрвөн тайлбар гарч ирнэ.
1-рт, Амьдралын хэв маягаараа Бурханы нэрийг гутаах буюу хоёр нүүрт амьдралаар амьдрах. Бурханы хүн атлаа, Бурханд итгэдэг атлаа Бурханы үгээр амьдардаггүй, Бурханыг алдаршуулдаггүй, гэрэл давс болон амьдардаггүй, мөн Бурханыг гэрчилдэггүй хүн нь үнэндээ Түүний нэрийг дэмий дурдаж байгаа буюу Түүний нэрийг гутаан доромжлон бусдад харуулж байна гэсэн үг. Ариун Бурханд итгэдэг хэрнээ ариун бус амьдардаг, ялзарсан үг хэллэг хэрэглэдэг, өөрийн гэм нүглээ мэддэг хэрнээ гэмшдэггүй, ариунаар амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй байх гэх мэт юм. Гаднаасаа хэнд ч сайхан харагддаг, цэвэрхэн хувцасладаг, олонд нэр хүндтэй, өндөр боловсролтой итгэгчид байх нь чухал. Тэр байтугай мөнгөтэй, баян байх нь ч гэсэн гэм нүгэл биш. Харин ариун Бурханыг амьдралаараа гэрчилж чадахгүй, тэгэх хүсэлгүй байвал асуудалтай. Таны амьдралын хэв маяг, хэлж буй үг, хийж буй үйлс тань Библитэй нийцэхгүй байгаа бол асуудалтай. Хүн бүр төгс байж чадахгүй. Гэхдээ төгс байж чадахгүй гэдгээр халхавчилж, өөрийн сул дорой байдал, гэм нүглээ хаацайлж болохгүй.
Мосе уг нь Канаан газар орох ёстой хүн байсан боловч Бурханыг ариун харагдуулаагүйн улмаас Канаан газарт орохынхоо өмнө нас барсан байдаг.
2-рт, Бурханд амласнаа биелүүлэхгүй байх. Хүн ямар нэг хэцүү нөхцөл байдал дунд орохдоо, эсвэл сэтгэл хөдлөхдөө Бурханд амлалт өгөхдөө амархан байдаг. Мэдээж амлалт өгч болохгүй гэсэн үг биш. Харин амласан бол Бурханд амлалтаа заавал биелүүлэх ёстой. Тийм учраас чадах зүйлээ амлахыг, амлалтаа биелүүлэхийг Бурхан шаарддаг.
3-рт, Эзэний нэрээртангарагласан хэрнээ биелүүлэхгүй байх. Ийм зүйл маш нийтлэг байдаг байжээ. Эзэний нэрээр тангараглаж байна гэх нь Эзэний нэрийг өөрийн ажил, үйл хэрэг, бизнест ашиглаж, болж бүтэхгүй зүйлсээ Эзэний нэрээр халхалж байна гэсэн үг. Ийм тохиолдол бидний дунд тийм ч нийтлэг бус бий. Гэхдээ цаашид анхаарвал зохих юм.
4-рт, Эзэний нэрийг сул үг, хараал, хоорондоо янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйл ярихдаа, эсвэл хэрүүл, маргаан дундаа хэрэглэх нь Эзэний нэрийг дэмий хоосон дурдаж байгаа хэлбэр юм. Барууны кинонууд дээр ийм үзэгдэл их байдаг. Түүнийг дуурайгаад залуус янз бүрийн байдлаар Бурханы нэрийг хэрэглэх гээд байдаг. Итгэгч бус нөхөд хэрэглэвэл тэр л биз. Харин бид ийм байдлаас сэргийлэх хэрэгтэй. Ам хэлээ хязгаарлаж сурах ёстой. Ялангуяа Бурханы нэрийг дэмий дурдах, Түүний ариун нэрийг янз бүрийн онигоо, хошин яриа, дэмий ярианд оруулах вий. Монголчууд их библилэг ард түмэн юм шиг. Уул, ус, хайрханы нэрийг дуудахаас цээрлэдэг. Эмэгтэй хүн гарахыг хориглодог нь ч бий. Мөн нутаг усандаа, олонд хүндтэй хүний нэрийг хүртэл хэлэхээс цээрлэж, авгайлан дууддаг тохиолдол их бий. Энэ бол ёс заншил, нөгөө талаас хүндэтгэлийн нэг хэлбэр юм. Бодож үзээрэй. Мөнхөд үл оршигч бүтээлүүдийн нэрсийг хэлэхээс хүмүүс эмээн хүндэтгэж байхад мөнх Бурхан, орчлон ертөнцийг Бүтээгч Тэр Нэгний нэрийг дэмий дурдах, дэмий хэлэгдэхээс бид ч бас сэрэмжлэх ёстой.
4-р эшлэлийн сүүлийг харвал ийн дэмий дурдаж байгаа хүн нь шийтгэлгүй эс үлдэнэ гэж хэлжээ. Ямар шийтгэл байх вэ?
- Амралтын өдрийг ариунаар сахь (8-11)
Бурхан бүх өдөр магтагдах зохистой. Гэхдээ онцгойлон Түүнд л зориулсан магтаал, хүндэтгэлийн өдрийг гаргах ёстой гэж тушааж байна. Хэрэв бүх өдрийг ажиллана гэж тооцвол хэзээд нь Бурхан Эзэнээ магтах ёстой болох вэ? Хэрэв бүх өдөр нь Бурхан Эзэнийг онцгойлон магтана гэвэл хэзээд нь ажиллах болж байна вэ? Тийм учраас Бурхан ажиллах зургаан өдрийг хүнд тогтоон өгч, долоо дахь өдрийг Бурхан Эзэнээ магтах өдөр болгожээ. Бурханыг хүндэтгэн магтах долоо дахь өдөртэй холбоотойгоор бид дараах хэдэн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой болж байна.
1-рт, энэ өдөр ажил хийж болохгүй. Израильчууд долоо хоногийн долоон өдөр ажилладаг байсан. Тэд боолчууд учраас. Тэд хүндэтгэн магтах Бурхан тэдэнд байхгүй байсан учраас ийн долоо хоног ажилладаг байлаа. Харин Египетээс гараад тэдэнд шинэ хууль өгөгдөж байгаа нь долоо дахь өдөр амрах юм. Тэд бүх ажилаа зургаан хоногт амжуулах ёстой. Долоо дахь өдөр нь амрахдаа зүгээр нэг биеийн амралт болгох биш харин нэмээд сүнсний амралт эдлүүлэх гэсэн зорилготой.
Тэгвэл энэ тушаал нь өнөөдрийн бидэнд ямар хамаатай вэ? Бид ч бас ажилладаг хүмүүс. Заримдаа таван өдөр, заримдаа зургаан өдөр. Ямартаа ч бидэнд Бурхан Эзэнээ хүндэтгэн магтах нэг өдөр байгаа л юм байна. Энэ өдөр бид Бурхан Эзэнээ хүндэтгэн магтахын тулд бидэнд өгөгдсөн тав, эсвэл зургаан өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, бүх ажилуудаа амжуулсан байх шаардлагатай болж байна.
2-рт, Бурхан Эзэнээ сүнс ба махбодоороо хүндэтгэн магтах өдөр. Бусад өдөр бид залбирч, өдөр бүрийн хоол идэж, Библи уншиж, бас сэтгэгдэл бичдэг. Харин долоо дахь өдөр бол ямар ч хөдөлмөрлөх зүйлгүйгээр, ардаа ямар ч татлаа түлхээгүйгээр, санаа зовох бүх зүйлээ ардаа орхиод, бүх цаг зав, зүрх сэтгэл, оюун санаагаа зориулах өдөр. Энэ л өдөр Бурханаа бүх цаг заваараа магтах нь бидэнд өгөгдсөн Бурханы тушаал юм. Тиймээс танд асуудал, бэрхшээл байж болох ч тэр болгоныг Бурхан Эзэнээ хүндэтгэн магтсанаар шийдэж байгаарай. Санаа сэтгэлийг тань зовоох асуудал байвал энэ л өдөр Бурханы хүндэтгэн магтах үедээ Түүнд хандан хэлж байгаарай.
3-рт, Амралтын өдрийг ариунаар сахиж, Түүнд хүндэтгэл өргөх үед Бурхан биднийг шагнадаг. 1924 оны Олимпийн наадмын 100 метрийн уралдаан Ням гарагт таарчээ. Уг уралдаанд олон хүн Эрик Литтл (Eric Liddell) хэмээх залууг алтан медаль авах нь гарцаагүй гэж бодоцгоож байв. Гэвч мань хүн Бурханыг хүндэтгэн магтах ёстой гээд, тэмцээнийг зохион байгуулагч нараас уучлал хүсээд явжээ. Чуулганд очоод түүний сонссон үг нь Исаиа 40:8 “өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна” байлаа.Хэдэн өдрийн дараа 400 метрийн уралдаанд тэр англи залуу уралдан түрүүлжээ. Бурханыг хүндэлдэг хүнийг Бурхан Өөрөө хүндэлж, шагнадгийн тод жишээ юм.
Та их ажилтай байж болно, асуудал ихтэй ч байж болно. Өвчтэй зовлонтой ч байж болно. Гэхдээ Бурханыг хүндэтгэх цуглаанд заавал ирээрэй.
Амралтын өдрийг ариунаар сахина гэдэг нь тэр өдөр усанд орно, цэвэрхэн гоё хувцаслана гэж заримдаа бид ойлгох гээд байдаг. Тэр л өдрийг сахиж цэвэр хувцаслаарай. Түүн дээр нэмээд Бурханыг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа магтахын тулд цэвэр сэтгэлээр ирж байгаарай. Бурхан бол алдар магтаалыг авах зохистой Нэгэн. Тэр бол Шагнагч, Тэр бол туйлын ариун Нэгэн. Түүнтэй алдрыг хуваалцах, Түүний алдраас булаалцах, эсвэл Түүнтэй эн зэрэгцэх байтугай өрсөлдөх Нэгэн үгүй.