Өдөр бүрийн хоол /2025.05.29/

Давидад мөнхийн амлалт өгсөн Бурхан

2Самуел 7:1-17

“Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.”(13)

1. Эзэний төлөө өргөө барихыг хүссэн Давид (1-3)
Давид хаан эргэн тойрныхоо бүх дайснуудаасаа Бурханаар хамгаалуулан ордондоо амар тайван амьдарч байв. Гэвч энэ үед Давидын сэтгэл нэгэн зүйлээс болж тавгүй байв. Тэр нь Давид өөрөө хуш модон ордонд байхад харин Бурханы авдар майхны хөшгөн дунд байгаа явдал байв. Тэгээд Давид Эзэний төлөө гэр барихыг хүсэв. Давид ивээлээр дүүрэн үед ч Бурханыг марталгүй Түүнд өөрийгөө зориулахыг хүссэн. Натан зөнч ч үүнийг зөв гэж үзсэн.

2. Эзэн чиний төлөө гэр босгоно. (4-17)
Бурхан Өөрийнх нь төлөө гэсэн Давидын нандин зүрх сэтгэлийг хүлээн авч түүнийг маш их ерөөв. 1-рт, Бурхан түүний нэрийг агуу болгоно гэв.(9) 2-рт, Бүх дайснуудаас нь хамгаалж, амар тайвныг өгөн Давидын төлөө гэр байгуулна гэв.(10,11) 3-рт, Давидын гэр болон хаанчлалыг үүрд мөнх тогтооно гэв.(13,16) Төгс хүчит Бурхан хонь хариулж байсан Давидыг сонгон Израиль ард түмний захирагч болгосон. Энэ нь Давидын хувьд хэмжээлшгүй их хайр ивээл байв. Давидын бүхий л амьдрал зөвхөн Бурханы ивээлээр л байсан. Түүнд Бурханд зориулан хийж чадах зүйл юу ч байхгүй байсан. Гагцхүү Бурхан түүний гэр ба хаанчлалыг босгож, түүний хаан ширээг мөнхөд тогтоосон. Давидын үр удам болж бидний төлөө мөнхийн Мессиагийн хаанчлалыг байгуулсан Есүсээр дамжуулан энэ амлалт биелэгджээ. (Лук 1:32-33)

Гуйлт: Эзэн минь! Миний амьдралыг Таны ивээл ба амлалтаар ерөөж өгөөч.

Нэг үг: Чиний хаан ширээ мөнхөд тогтоно.

өмнөх нийтлэл2025 оны Лук 20-р хичээл (06.01)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.30/