Өдөр бүрийн хоол /2025.05.27/

                                     Эзэний авдрыг шилжүүлэх гэсэн Давид
2Самуел 6:1-11
“ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.”(7)

1. Уззаг цохисон Бурхан (1-9)
Филистчүүдийн тулаан дээр ялалт байгуулсан Давид удаан хугацаанд орхигдсон Эзэний авдрыг Иерусалим уруу шилжүүлэх гэв. Үүний тулд Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг цуглуулав. Тэгээд шинэ тэрэг хийлгэж Баале-иуда уруу явж Бурханы авдрыг шинэ тэргэнд тавин зөөлгөж эхлэв. Мөн энэ үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон төрөл бүрийн хөгжмөөр дуу гаргажээ. Харин энэ үед үхэр нь гүйж эхэлсэн тул Узза Эзэний авдрыг хамгаалахын тулд авдраас барьж авав. Харин Бурхан энэ байдлаас болж Уззаг цохив.(6-7) Уг нь Бурханы хуулинд Эзэний авдрыг заавал Леви удмын Кохатын хөвгүүдийн мөрөн дээр тавин зөөх ёстой гэж заасан байдаг байв.(Тооллого 4:15) Гэтэл Давид үүнийг мэдэлгүй өөрийн сайхан сэтгэлээр дураараа шинэ тэргэнд тавин зөөлгөв. Бурхан Уззаг цохисноор Эзэний хуулийг үл тоомсорлон дураараа үйлдсэн Давид болон Израилийн өмнө уур хилэнгээ илэрхийлэв. Бурхан бол ариунаас ариун Нэгэн юм. Бурханд үйлчлэхэд хичнээн зөв, сайн зорилготой байлаа ч өөрийн санаа бодлоор дураараа үйлчилж болохгүй. Заавал Түүний зааварласан үгийн ёсоор үйлчлэх хэрэгтэй.
2. Обед-едомыг ерөөсөн Бурхан (10-11)
Давид энэ явдлаас болж Эзэнээс эмээн Эзэний авдрыг Обед-едомын гэрт хүргэв. Обед-едомын хувьд Эзэний авдрыг хүлээн авахад амар биш байсан ч Эзэнээс эмээн хүндлэх сэтгэлээр хүлээн авч өөрийн гэртээ байлгав. Ингэхэд Эзэн түүний гэрийнхнийг ерөөв. Бурхан Өөрт нь зөвөөр үйлчилдэг хүнийг ерөөх болно.

Гуйлт: Эзэн минь! Би өөрийн сайхан сэтгэлээр дураараа Танд үйлчилж байсандаа гэмшиж байна. Танаас эмээх сэтгэлийг сурч, Таны үгийн ёсоор Танд үйлчилдэг хүн болоход туслаач.
Нэг үг: Бурханы үгийн ёсоор

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.28/