Өдөр бүрийн хоол /2025.05.23/

                                                      БЯЛДУУЧИД

2Самуел 4:1-12

“Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.”(11)

1. Бялдуучид (1-8)
Иш-бошетод цэргийн удирдагч хоёр захирагч болох Баана, Рехаб гэдэг хүмүүс байв. Харин тэд Иш-Бошетын хүч доройтож байгааг хараад Давидаас шагнал хүртэхийн тулд Иш-бошетоос урвав. Тэд үдийн амралтаа эдэлж байсан Иш-Бошетыг алаад, толгойг нь тасдан Давидад авчирч өгчээ. Тэгээд “Эзэн өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав” гэж өөрсдийн үйлсийг бахархан хэлжээ.(8) Тэд өөрсдийн ашгийн төлөө зөвт бусыг үйлдэж Эзэний нэрийг хүртэл ашигласан хорон муу хүмүүс байв. Ийм бялдууч хүмүүс нь нөхцөл байдал өөрчлөгдвөл хэзээ ч Давидаас урваж, хорон мууг үйлдэж мэдэх хүмүүс юм.

2. Бялдуучдыг шийтгэсэн Давид (9-12)
Тэд Давидын талаар ташаа бодолтой байжээ. Тэд Давид өөрсдөд нь их шагнал хүртээнэ гэж найдаж байсан ч эсрэгээр Давид тэднийг алж, гар хөлийг нь цавчин, Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэн тавив.(12) Давид хорон муу хүмүүсийн зөв шударга хүний цусыг асгаруулсан төлөөсөөр Израилийн хаан болохыг хүсээгүй. Давид цаг ямагт Бурханы эрх мэдэлд итгэн амьдарсан. Хамаг зовлонгоос өөрийг нь аварсан Эзэн Өөрийн цагт нэгдсэн Израилийн хаанаар өөрийг нь өргөмжилнө гэдэгт итгэсэн. Тиймээс тэрээр хэзээ ч бялдуучдын туслалцааг авахын тулд тэдэнтэй тохиролцоогүй юм. Давид байнга Бурханы үнэн ба шударгын дагуу үйлдсэн.

Гуйлт: Эзэн минь! Давид хаан шиг Бурханы эрх мэдэлд итгэн байнга үнэн ба шударгыг даган үйлддэг хүн болоход туслаач.

Нэг үг: Ашгийг даган шударга бусыг үйлдэгч нь мөхнө.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.24/