Алдар суугийн Хаан хэн бэ
Дуулал 24:1-10 (8)
Дуулал 24-р бүлэг бол Бурханы сонгогдсон гэрээний ард түмэн Гэрээний авдрыг ариун сүмд залж байх ёслолын үеэр дуулж байсан дуу юм. Ариун газрын төвд байх Гэрээний авдар дотор оршигч ЭЗЭН ямар Нэгэн бэ?
Нэгдүгээрт, Тэрээр дэлхий ертөнцийн бүхий л бүтээлийн Бүрэн эрхт Эзэн юм. “Бүгд ЭЗЭНийх билээ” (1б). ЭЗЭН замбараагүй бөгөөд хоосон байдал (далай, мөрөн) дундаас бүтээсэн билээ. Түүний бүтээсэн тэрхүү бүх зүйлс бүгд ЭЗЭНийх юм. Хоёрдугаарт, Тэрээр Иаковын Бурхан мөн. Иаков бол бидэн шиг алдаа дутагдал, сул тал ихтэй хүн байсан. Гэвч тэрээр ЭЗЭНий сонголтыг хүртсэн бөгөөд ЭЗЭНийг хайгч хүн байв. Ийм хүн л ЭЗЭНий орших ариун сүмд орж чадна. Гуравдугаарт, Тэрээр алдар суугийн Бурхан мөн. Одоо Гэрээний авдар Иерусалимын ариун сүм рүү орох гэж байна. Гэвч үүд хаалга нь хаалттай байна. Тийм учраас “Ариун сүмийн хаалганууд аа, нээгдэгтүн” хэмээн өгүүлж байна. “Хаалганууд аа, толгойгоо өргөцгөө. Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн” (7). Сүмийн хаалга нээгдэж, алдар суугийн Хаан дотогш заларна.
Энэхүү алдар суугийн Хаан хэн бэ? Тэрээр хүчирхэг бөгөөд чадалтай ЭЗЭН, дайн тулаанд гаргууд (хүчтэй) ЭЗЭН мөн. ЭЗЭН бол бидний Аврагч бөгөөд бидний авралыг саатуулах гэсэн бузар муу хүчин хаа сайгүй байдаг. Ийм нөхцөл байдал дундаас биднийг авран гаргаж, ялалт ба алдар сууг хайрлах Нэгэн бол хүчирхэг бөгөөд агуу чадалтай, дайны ЭЗЭН Бурхан юм. ЭЗЭН биднийг хүрээлэн буй бүхий л бузар муу хүчинтэй тэмцэн ялж, алдар суут ялалтыг бэлэглэдэг. Есүс Христ загалмайн үхлийг ялан дийлж, дахин амилснаар Бурханы алдар сууд хүрсэн билээ. Үүнчлэн ЭЗЭН бидний төлөө тулалдаж өгөн, биднийг алдар суугийн Бурханд хүргэдэг байна.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Хэн биднийг алдар суугийн Хааны өмнө зогсоодог вэ?
Нэг үг: Хүчирхэг бөгөөд дайн тулаанд гаргууд ЭЗЭН Бурхан