ДАВИД УРУУ ЭРГЭСЭН АБНЕР
2Самуел 3:1-21
“ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай.”(9)
1. Абнерын шийдвэр (1-11)
Абнер бол Саулын цэргүүдийн жанжин байв. Тэр Саулын хүүг хаанаар босгосон боловч Давид улам хүчирхэгжиж, Саулын гэр улам доройтож байгааг харсан. Давид олон хүүхэдтэй болж байлаа. Харин энэ үед Иш-бошет Абнерыг өөрийн эцгийн татвар эм дээр ороод байгааг зэмлэв. Энэ явдлаас болж Абнер Иш-бошетын эсрэг зогсох болов. Мөн Абнер Давидыг Израиль ба Иудагийн хаанаар босгох нь Бурханы таалал гэдгийг ухаарав. Тэгээд Бурханы тааллын дагуу Давид уруу эргэхээр шийдэв.
2. Абнерыг хүлээн авсан Давид (12-21)
Абнер Давид уруу элч нарыг илгээн бүх Израилийг нэгтгэхэд туслая гэж мэдүүлэв. Мөн Израилийн ахлагчид болон бениаминчуудтай зөвлөлдөн Давидыг хаанаар босгох нь Бурханы таалал гэж ятгав.(17-19) Тэгээд Хебронд буй Давид уруу ирэв. Давид ч нэг хэсэг өөрийнх нь дайсан байсан Абнер зүрх сэтгэлээрээ эргэснийг хараад угтан авч, түүнд зориулан найр хийв. Давид өөрийн ард түмнээ амар тайван байлгахыг хүссэн. Үүний тулд өөрийн хувийн санаа бодол болон өнгөрсөн үеийн шарх, зовлонгуудыг даван дийлж Абнерыг хүлээн авсан. Ингэснээрээ амар тайвны аргаар бүх Израилийг нэгтгэх болж, энэ нь ард түмэнд үлэмж том баяр хөөр болов.
Гуйлт: Эзэн минь! Би өөрийн өчүүхэн санаа бодол болон эрх ашигт хүлэгдэлгүй Бурханы тааллыг ухаарсан үед идэвхтэйгээр эргэж чаддаг хүн болоход туслаач.
Нэг үг: Хувийн санаа бодлыг даван дийлж Бурханы тааллыг дагая.