2026 оны Гэтлэл 8-р номлол (06.28) Х. Бүүвэйбаатар хн

Фараоныг амьд үлдээсэн Бурхан

Гэтлэл 8:20-10:29
Гол эшлэл 9:15,16

“Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.”

Өмнөх номлолоор бид Аорон таягаа могой болгож, бусад илбэчдийн могой болсон таягыг бүгдийг идэж, Нил мөрөний усыг цус болгож, мэлхий болон дэлэнч илгээж тэдний шүтээн болгодог зүйлсийг нураасан тухай үзсэн. Харин өнөөдрийн номлолоор удаах 6 гамшгийн талаар үзэх ба эдгээр нь тус бүрдээ юу илэрхийлж байгаа талаар үзнэ. Мөн Фараоны зүрх сэтгэл хатуурч Израилын ард түмнийг чөлөөлөхгүй байснаар олон гамшигуудыг амсаж, их хохирол амсах тухай, мөн үүгээр дамжуулан Бурхан өөрийн сонгосон ард түмнийг хэрхэн хамгаалж, хайр ивээл өршөөлийг харуулж байгаа талаар суралцах болно. Мөн өнөөдрийн бидний суралцах гамшигууд нь бусад бүрдээ өмнөх гамшгуудаас өөр хоорондоо ялгаатай. Бурхан гамшигуудыг Египетэд харуулсанаар Мосе ба түүний хамтран зүтгэгч Аорон нар түүнчлэн Израилын ард түмэн Эзэний мөн чанарыг илүү ихээр сурч, мэдрэх болно.
1. Удаах 6 гамшиг
20-р зүйлд Мосе эртлэн босож, Фараоныг нил мөрөний эрэг дээр ирэхэд “Эзэн ийнхүү айлдаж байна. Миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчилнэ” гэж Бурханы айлдсан үг нэг бүрийг дамжуулан хэлэв. Хэрэв суллаж явуулахгүй бол Би чамруу болон чиний албатууд, чиний ард түмний бас танай гэрүүд рүү чинь бөөн ялаа явуулна гэж хэлэв. Харин 22-р зүйлийг харвал Бурхан өөрийн сонгосон ард түмний нутаг болох Гошен газарт бөөн ялаа илгээгээгүй байна. Энэ Бурхан өөрийгөө хэн бэ гэдгийг дахин илэрхийж байгаа хэрэг бөгөөд 4 дэхь гамшигаас эхлэн өөрийн сонгосон ард түмнийг тусгайлан хамгаалж байна. Боолын амьдралаар удаан амьдарсан Израйльчууд Египетэд буусан гамшгууд өөрсөд дээр нь ирээгүйг хараад маш их баярлаж, өөрсдийгөө хэн гэдгээ эргэж харах болсон байх. Бурхан өөрийн сонгосон ард түмнийг үргэлж хайрлаж байдаг гэдгийг Египетет дээр буусан гамшигуудаар харсан байх. Бурханаар сонгогдож, түүний ард түмэн болох нь маш том ивээл гэдгийг дахин ухаарах болсон.

Бөөн ялаа. (8:20-32) Энд илгээсэн бөөн ялаа бол маш жижигхэн, хүний нүд хамар зэргийг хазвал хавдар хүртэл үүсгэдэг байна. Хүнээс гадна мал амьтан, эд зүйлс хүртэлийг эвдэж гэмтээдэг байна. Харин Бурхан 23-р зүйлд Египет ба Израиль хоёрын хооронд зааг тавьж эхэлсэн. Энэхүү бөөн ялаанаас болоод Египет нутагийн бүх газар сүйдэв. Фараон Мосе Аорон нарыг дуудаж – явж энэ газарт Бурхандаа тахил өргө гэж харилцах ашигтай тохиролцоог санал болгов. – Мосе хариуд нь Египет тахил өргөж болохгүй гэж хатуу эсэргүүцсэн. Фараон бол заль мэх ихтэй, Сатаныг төлөөлж буй дүр юм. Бидний итгэл бол Бурханы дотор мөн Бурханы үгний дагуу байх хэрэгтэй. Ямар нэгэн гэмийн мөн чанар болон гэмтэй хэзээ ч тохиролцож болохгүй гэдгийг эндээс сурч болно. Фараон Мосед явуулна гэсэн амлалт өгсөн боловч дахин зүрх сэтгэл нь хатуурч тэднийг явуулсангүй. Ингээд Бурхан дараагийн гамшгийг илгээхээр болов.

5 дахь гамшиг-Малын тахал. (9:1-7) Эзэн Мосегоор дамжуулан Фараонд дахин айлдаж “Эзэний мутар хээр байгаа мал сүрэг адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал бууна.” Энд бас Эзэн өөрийн ард түмний мал сүргийг тусгаарлаж үхэхээс хамгаалсан. Тахал өвчин зөвхөн Египетын мал сүрэгт тархаж байхад Израилын мал сүрэгт огт өвчлөөгүй. Энэ тахалаас болж Египет нутгийн маш олон мал үхсэн. Энэ явдалыг харсан Фараон хүн илгээж Израильчуудын мал сүргээс нэг ч үхээгүйг мэдсэн ч зүрхээ хатууруулж ард түмнийг явуулсангүй. Мал сүрэг бол Египет нутгийн эдийн засгийн хувьд асар их оройн зай эзэлдэг бөгөөд Эзэн эд хөрөнгө, санхүүгийн хувьд маш том цохилт өгсөн.

6 дахь гамшиг-Буглаат хатги. (9:8-12) Эзэн Мосе Аорон нарыг дуудаж зуухны үнс аваад цац гэсэн үгийн дагуу Фараоны өмнө очиж цацахад Египетын бүх хүн, малд буглаат хатги халдав. Энэ гамшигаас болоод илбэчид Мосегийн өмнө зогсож чадахгүй болсон бөгөөд гамшигаас болоод хүн хүртэл нас барах болов. Үүгээр дамжуулан Египетчүүдийн эдгээгч бурхан болох – Imhotep мөн Typhon шүтээнүүдийг хүчгүй гэдгийг харуулсан. Гэсэн ч Фараон зүрх зөөлрүүлж, гэмшихийг хүссэнгүй.

7 дахь гамшиг-Аянга мөндөр. (9:13-35) Фараоны зүрх зөөлрөөгүй байсан учраас Эзэн урд өмнө үзэгдэж байгаагүй аянга мөндөрийг оруулна гэж айлдаж байна. Фараон өөрийгөө өргөмжилж, бардамналаа хадгалсаар байгаа тул энэ гамшгийг буулгахаар Эзэн шийдсэн. Энэ гамшгийг буулгахаас өмнө Египетчүүдэд хандан анхааруулсан. Ингэснээр хээр талд үлдсэн хүн мал бүгдийг аюулгүй газарт аваачин аврагдах замыг нээж өгсөн. Фараоны зарим түшмэд нь Эзэний үгнээс эмээн тийн үйлдсэн. Харин зарим боол нь Эзэнийг үгийг дагалгүй малаа хээр талд үлдээсэн. Мосе таягаа тэнгэр өөд сунгахад аянга мөндөр бууж газарт гал буув. Энэ гамшиг Египетийн нутаг даяар хээр байсан хүн малыг бүгдыг нь, тариалангийн бүх ургамалыг, мөн хээрийг бүх модыг цохиж хугалсан. Энэ нь тэдэнд асар том цохилт болон ирсэн ба их хэмжээний хохирол амсуулав. Энэхүү байгалийн гамшиг үзүүлсэн Эзэн бол бүтээгч, байгаль дэлхийн Эзэн гэдгийг илэрхийлсэн ба энэ гамшиг нь Фараонд их цохилт болж, айдаст автуулсан. Мөн Израилчууд амьдарч байсан Гошен нутагт аянга мөндрийг Эзэн буулгасангүй. Фараон айж сандарсан учир Мосе Аорон нарыг дуудаж – Би энэ удаа нүгэл үйлджээ. Эзэн зөвт Нэгэн юм гэж хэлсэн нь Бурханы агуу мөн чанарыг энэ гамшигаар олж харсан байлаа. Фараон Мосе Аорон нараас энэ гамшигийг зогсоож өгөөч хэмээн гуйсанд тэр гараа Эзэнрүү сунгасанд аянга зогсож, мөндөр орохоо болив. Үүний дараа мөн л Фараон зүрхээ хатууруулж тэднийг явуулсангүй. Энэ гамшигаар дамжуулан эзэн тэдний тэнгэрийн бурхан NUT агаар огторгуй бурхан SU зэрэг нь хоосон, хиймэл шүтээн гэдгийг батлан харуулсан.

8 дахь гамшиг-Царцаа. (10:1-20) Дараагийн гамшиг болох царцааг илгээнэ гэж Бурхан айлдав. Энэ удаа Фараоны албат нар – Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг явуулаач тэд Эзэн Бурхандаа үйлчлэг Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж гэлээ (10:7) Ийм үг сонссон Фараон Мосе Аорон нарыг дуудаж – явцгаа Эзэн Бурхандаа үйлчил гэж хэлэв. Ингээд тэд багачууд ба хөгшидтэйгээ, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь сүрэг, үхэр сүргээ авах гэсэн боловч Фараон тэднийг явуулахыг хүсээгүй тул гаргасангүй. – Эзэн Мосед Египит газар нутаг дээгүүр гараа сунга гэсэнд царцааны гамшиг болов. Өмнөх малын тахал болон мөндөр аянга зэрэг гамшигаас үлдсэн мөн шинэхэн нахиалсан ургамалыг хүртэл үлдээхгүйн тулд царцаны гамшгийг илгээсэн. Эзэн дорнын салхийг өмнө зүг эргүүлэн үй түмэн царцаны сүргийг Египетын нутаг дэвсгэрт салхиар хөөн авчирсан. Царцааны гамшиг нь урд өмнө болж байгаагүй бөгөөд тэдний гэр орон, орон байр бүх зүйлд дүүрэн болсон. Ийм аюултай гамшигийг үзүүлсэн ч тэр Израиль ард түмнийг явуулсангүй. Эзэн энэ гамшгаар дамжуулан Египетын хиймэл шүтээн болох арвин их ургац өгдөг Min бурхан /хиймэл шүтээн/-ыг юу болохыг тэдэнд ойлгуулж харуулсан юм.
9 дэх гамшиг-Түнэр харанхуй. (10:21-29) Эзэний илгээсэн энэ гамшиг нь зүгээр нэг гамшиг биш харин Бурханаас өгч байгаа утга агуулга бүхий байлаа. Эзэн зөвхөн Египетын газар нутаг түнэр харангуй бий болгосон. Харин Израйлийн ард түмний нутагладаг Гошен газарт гэрэлтэй байв. Энэ үйл явдал гурван өдрийн турш болсон бөгөөд тэд нэг нэгнээ харахгүй учраас хэн ч байрнаасаа хөдөлж чадахгүй байлаа. Эзэн Египет хамгийн их хайрлан шүтдэг нарны бурханыг үгүйсгэн энэ гамшигийг тэдэнд илгээсэн байна. Нөгөө талаасаа өөрийн сонгосон ард түмнийг хайрлаж хамгаалж байгаагаа илэрхийлэлсэн. Эзэн Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилчуудыг гаргахыг зөвшөөрсөнгүй. 28,29-р зүйлийг үзээрэй Фараон тэднийг надаас зайл миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан тэр өдөртөө л үхэх болно гэв. Мосе – Та зөв ярьж байна. Би нүүрийг тань дахин харахгүй гэж хэлэв.

Гамшигуудаар дамжуулан илэрхийлсэн Бурханы таалал
1. Бурханы ард түмэн Эзэнд үйлчлэхээр дуудагдсан. Бурхан Өөрийн сонгосон ард түмнийг Өөртөө дуудан, өмнө нь өгсөн авралын амлалтаа биелүүлэхийн тулд тэднийг чөлөөлсөн Үүнтэй адил өнөө үед ч Бурхан бидний амьдралд тавьсан зорилго, дуудлагыг тодорхой харж, ойлгож чаддаг байхыг хүсэн залбирч байна.
Израилийн ард түмэн Фараоны боол болон амьдарч байсан нь тэд амьдралынхаа жинхэнэ утга учир, Бурханы өгсөн зорилгыг алдсан байдлыг харуулдаг. Үүнтэй адил бид ч мөн ямар нэгэн байдлаар “Фараоны боол” мэт амьдарч, Бурханы бидэнд өгсөн жинхэнэ зорилгоосоо хазайсан эсэхээ эргэцүүлэн харж чадахыг хүсэн гуйж байна. Бид бол Бурханы бүтээсэн хамгийн нандин бүтээлүүд. Израилийн ард түмэн олон жилийн турш боолчлолд амьдарсан учраас Бурханы ариун хүмүүс, тахилчдын үндэстэн болон өөрчлөгдөн амьдрах нь тэдний хувьд амар байгаагүй. Фараон мэт Сатаны эрхшээлээс чөлөөлөгдөн, бүтээгч Эзэн Бурхандаа үйлчилдэг ерөөлтэй амьдралаар амьдрахыг хүсэн ерөөж байна.
2. Бурханы ард түмэн гэсэн сэтгэлгээг төлөвшүүлэх
Олон үеийн турш боолчлолд амьдарсан хүмүүс өөрсдийгөө боол хэмээн бодож, “Бид угаасаа ийм байсан, одоо ч ийм л хэвээрээ” гэсэн сэтгэлгээнд дассан байдаг. Гэвч энэ нь Бурханы сонгосон ард түмэнд тохирох зөв ойлголт биш юм.
Бурхан Израилийн ард түмэнд арван гамшгаар дамжуулан өвөг дээдсийнх нь итгэж, найдаж, үйлчилж байсан Бурхан ямар агуу бөгөөд хүчирхэг болохыг харуулсан. Үүний тод жишээ нь Гошен нутгийг Египетийн бусад нутгаас тусгаарлан, гамшиг шийтгэлээс хамгаалсан явдал юм. Ингэснээр Израилийн ард түмэн өөрсдийгөө Бурханы сонгосон ард түмэн гэдгээ улам тодорхой ухаарч эхэлсэн.
Үүнтэй адил бид ч мөн Есүс Христэд итгэснээр Бурханы ард түмэн болсон. Зарим үед Бурханы ард түмэн болсон нь биднийг хохироож, бусдаас хоцроож байгаа мэт, эсвэл энэ сонголт дэмий хоосон мэт санагдах үе гарч болно. Ийм бодол нь тухайн үеийн Израилийн ард түмний бодолтой төстэй юм.
Харин бид Бурханы хүсэл, удирдлага, амлалтыг харж, Түүнд итгэн, Түүний үгийг дуулгавартай даган хэрэгжүүлбэл Эзэн биднийг хамгийн сайн замаар үргэлж удирдах болно.
Өнөөдөр энд сууж байгаа та бүхний хийсэн сонголт бол амаргүй атлаа хамгийн үнэ цэнтэй, хамгийн их баяр хөөрийг авчирдаг сонголт юм. Бид Бурханы ард түмэн гэсэн үнэмшил, байр сууриа баттай баримталж, тэрхүү итгэлээр дүүрэн амьдарч чаддаг байхыг хүсэн залбирч байна.
Эзэний ивээл, хамгаалалт үргэлж бидэнтэй хамт байх болно. Тиймээс энд сууж байгаа хүн бүр Бурханы ард түмэн гэсэн өөрийн байр суурийг эрхэмлэн хамгаалж, Түүндээ бат зогсдог байхыг хүсэн залбирч байна.

Зүрхээ хатууруулсан Фараон
Фараон Израилийн ард түмнийг явуулахыг хүсээгүй нь үндсэндээ хоёр шалтгаантай байлаа.
1. Шунал ба аминч сэтгэл
Фараоны хамгийн том айдсын нэг нь ажиллах хүчээ алдах, үүний улмаас эдийн засаг, хаанчлал нь хохирол амсах явдал байв. Израилийн ард түмэн Египетийн хамгийн хүнд хүчир ажлыг хийдэг байсан учраас тэднийг явуулахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл, тэр өөрийн ашиг сонирхлын төлөө Бурханы хүслийг эсэргүүцсэн юм.
Бидний дотор ч мөн Фараонтой адил аминч үзэл, мөнгөний шунал, тав тухаа орхихыг хүсдэггүй зан чанар байдаг. Ийм зүйлсээс болж бид Бурханы үг болон хүслийг дуулгавартай дагаж чаддаггүй.
Бид Бурханы ивээл, тусламж, нигүүлсэл, хайрыг хүлээн авахдаа баяртай байдаг. Харин Бурханы ажил, авралын үйлсийн төлөө өөрсдийн мөнгө, цаг хугацаа, авьяас чадвар, мэдлэгээ зориулахдаа ихэвчлэн хойрго ханддаг.
Бурхан арваны нэгийн өргөлийн талаар “Намайг үүгээр сорь” хэмээн айлдсан байдаг. Энэ нь зөвхөн мөнгөний тухай биш, харин бидний зүрх сэтгэл хаана байгааг харуулдаг. Үүнээс гадна бидэнд Бурханд зориулж болох цаг хугацаа, авьяас чадвар, мэдлэг болон бусад олон боломж бий.
Фараон аминч, шунахай зангаасаа болж дахин дахин гамшиг амсаж, эцэст нь Египетийн газар орон сүйрч, хаанчлал нь түүхэнд байгаагүй их хохирол амссан юм.
2. Бардам зангаасаа болж зүрхээ хатууруулсан
Фараон өөрийгөө дэлхийн хамгийн хүчирхэг хаан гэж үздэг байсан учраас бардам болсон. Бардам зан нь Бурханы үг бидний зүрхэнд орж ажиллахад хамгийн том саад болдог.
Бардам зан янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Үүний нэг нь бүхнийг өөрийн ухаан, тооцооллоор хэмжих явдал юм. Хүн өөрийн бодлыг Бурханы үгнээс дээгүүр тавьж эхлэх үед зүрх нь аажмаар хатуу болдог.
Фараоны зүрх улам хатуу болох тусам Бурханы шийтгэл улам хүчтэй болж байлаа. Үүнтэй адил бид өөрсдийн гэм нүглийг хүлээн зөвшөөрөхгүй бол Бурханы хайр, нигүүлсэл, өршөөлийг зөвөөр ойлгож, хүлээн авч чадахгүй.
Тиймээс бид Фараон шиг аминч, шунахай, зөрүүд, дуулгаваргүй, бардам сэтгэлээсээ гэмшин, Бурханы үг болон хүслийн дагуу амьдардаг хүмүүс болохыг хүсэн залбирч байна.
Өнөөдрийн энэ хэсгээр бид Фараоны дүрээр дамжуулан Сатаны мөн чанарыг мөн харж болно. Сатан Фараоноор дамжуулан Мосе, Аарон нартай олон удаа буулт хийхийг оролдсон. Энэ нь нэг талаар хүн хоёр эзэнд зэрэг үйлчилж болдоггүйг харуулдаг.
Өнөөдөр ч Сатан бидэнд:
“Библийн хичээлээ хийж болно. Итгэлээ хадгалж болно. Харин заавал хүндэтгэлийн цуглаанд суух шаардлагагүй. Өнөөдөр жаахан амарсан нь дээр.” гэх мэт бодлуудыг төрүүлдэг.
Учир нь Сатан биднийг өөрийн эрх мэдлээс гаргахыг хүсдэггүй.

Мосегийн итгэлийн өсөлт
Өмнө дурдсанчлан, Фараоноор дамжуулан Израилийн ард түмэн Бурхан хэн болохыг улам бүр ойлгож эхэлсэн. Харин Мосегийн хувьд эдгээр арван гамшиг нь итгэлийнх нь өсөлтийн замнал болсон.
Анх Египетэд эргэн ирэхдээ тэр:
• “Би сайн ярьж чаддаггүй.”
• “Хүмүүс намайг сонсохгүй.”
• “Би энэ ажлыг хийж чадахгүй.”
гэх мэт олон шалтаг хэлж байсан.
Гэвч гамшиг бүрийн дараа тэр Бурханд улам бүр итгэж, Эзэний хэлсэн үгийг яг байгаагаар нь дамжуулдаг, айдасгүйгээр үйлчилдэг хүн болж өөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, Мосе бат итгэлтэй хүн болж өссөн. Тэр итгэлийн баатар болсон. Бурханы хэлсэн ёсоор алхам бүрдээ дуулгавартай байсан учраас өөрийн сул дорой байдал, айдас, эргэлзээг даван туулж чадсан. Тэр Фараон хаанаас ч айхаа больж, буулт хийхээс татгалзан зөвхөн Бурханы үгэнд итгэж үлдсэн.
Итгэлийн баатар хүн ямар ч нөхцөлд итгэлээрээ амьдардаг.

Миний хувьд номлол бэлдэх хугацаанд гэмшихгүй зөрүүдлэж байсан зүйлийг Бурхан сануулсан энэ бол гэрлэлт байсан. Өөрийн тооцоолол хийж итгэлгүй өөрийн хүч боломжинд найдаж, Ариун сүнсий хийх ажилд зай гаргаж өгөөгүйдээ гэмшиж байна. Ямар ч ажил орлого байхгүй хураач хуримтлуулсан мөнгөгүй хүн яаж эхнэр авч амьдрах билээ гэсэн бодол тооцоолол байсан. Итгэл бол харагдахгүй зүйлийн баталгаа мөн гэдгийг ойлгож байсан ч үйлдэж чадахгүй байсан. Яг гамшигаас зугтаж байгаа юм шиг сонсохыг хүсэхгүй тааралдах юмсан гэсэн боддог байсан. Харин хоньчдын итгэл ба залбиралаар итгэлийн гэр бүл болж санхүү болон бусад хэцүү зүйлийг итгэлээр даван туулах боломж өгсөн Бурханд үргэлж талархаж явдаг. Өөрсдийн гэсэн гэр оронтой болохын тулд нэг дор 4 зээл авч 2 жилийн хугацаанд амьдарсан. Гэр бүлийн бүх орлого зээл төлөөд дуусна. Итгэл гэдэг зүйл бол бодит зүйлийн үр дүн биш ирээдүйд баттай бий болохын эхлэл гэж ойлгосон.

Дүгнэлт
Өнөөдөр ч хүмүүс Фараон шиг эд баялаг, эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэрийн төлөө амьдарч, зарим нь наргиан цэнгээн, хиймэл шүтээн, энэ ертөнцийн хүслийн боол болсоор байна. Ийм амьдрал нь эцэстээ махан биеийн хүслийг дагасан хоосон амьдрал болдог.
Итгэлийн амьдралд бидний итгэлийг шалгах, батжуулах, зоригжуулах олон сорилт тулгарна. Харин Фараон бардам, хатуу зүрхнийхээ улмаас асар их хохирол амссан. Үүнтэй адил аминч, шунахай, бардам сэтгэл нь биднийг Бурханы үг болон хүслийг дагахад саад болдог.
Харин бид Христ дотор Бурханы хүчээр бүрэн чөлөөлөгдсөн ард түмэн гэдгээ үргэлж санаж, насан туршдаа Эзэндээ үнэнчээр үйлчилж, Түүний хүслийн дагуу амьдарч чаддаг байхыг хүсэн залбирч байна.Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.29/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.30/