2026 оны ХБК-н 1-р номлол (04.25) А. Хонгор

Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа

Эхлэл 1:26-2:3
Гол эшлэл 1:31а

“Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа.”

Өнөөдөр бид Библийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох Эхлэл номын 1:26–2:3-аар хэсгийг сурах болно. Энэ нь зөвхөн ертөнцийн эхлэлийн тухай биш. Энэ нь бидний тухай, бидний мөн чанар, бидний бүтээгдсэн зорилго, болон бидний үнэ цэний тухай юм. Тиймээс энэ номлолыг бүрэн ойлгосон нь өөрийгөө ойлгох болно. Мөн тухайн хүний амьдралд маш гүнзгий нөлөө үзүүлэх бөгөөд амьдралын зорилго, хандлага, үзэл бодол өөрчлөгдөж, утга учиртай, үнэ цэнтэй амьдралаар амьдарч чаддаг. Одоо үед өөрийгөө ойлгохгүй, амьдралын үнэнийг мэдэхгүй төөрөлдсөн хүмүүс маш олон хүн байдаг. Би хэн бэ? Би яагаад энд байгаа юм бэ? Миний амьдралын зорилго юу юм бэ? гэх мэт амьдралын чухал үнэнийг мэдэхгүй хүмүүс олон. Харин өнөөдрийн үзэх энэ хэсгээр дамжуулан бид энэ бүхний хариултыг олоход туслах юм.
1. Хүн Бурханы төрхөөр бүтээгдсэн.
1:26-аар эшлэлийг үзээрэй “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бүтээхдээ эр, эмээр нь бүтээжээ.”. Энэ бол библи дэх хамгийн чухал эшлэлүүдийн нэг. Энд гарч буй “дүр төрх” гэдэг нь гаднах төрх бус доторх мөн чанарыг хэлдэг. Энэ нь бид бурханлаг мөн чанартай бүтээгдсэн гэсэн утгатай. Тэгвэл Бурхан ямар мөн чанартай вэ? ЕФЕС 4:24–д ЗӨВТ байдал болон үнэний АРИУН байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс. 1 ИОХАН 4:8 – Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол ХАЙР БИЛЭЭ. 1ПЕТР 1:16 – Яагаад гэвэл “Би АРИУН учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм Бурхан бол туйлын зөвт. Бурхан бол туйлын ариун. Бурхан бол туйлын шударга юм. Мөн Тэрээр хэмжээлшгүй хайраар дүүрэн, ёс суртахуунтай, оюун ухаантай, сэтгэл, сүнстэй гэх мэт олон мөн чанартай юм. Хүн эдгээр Бурханы мөн чанарын дагуу бүтээгдсэн юм. Тиймээс бүх хүнд зөвийг буруугаас ялгах чадвар, ариун гэмгүй байх, бас бусдыг байгаагаар нь юу ч хүлээлгүйгээр хайрлах сэтгэл байдаг гэсэн утгатай. Гэвч Анхны хүн гэмд унаснаар, бүх хүн дээрх Бурханы мөн чанарыг алдсан юм. ДУУЛАЛ 49:20 – “Үл ухаарах хүмүүн бол Үхэж мөхөх адгуустай адил юм” гэсэн байдаг. Хүн Бурханыг үгүйсгэх үед амьтан мэт мах бодийн хүсэлдээ хөтлөгдөн амьдарч эхэлдэг.Тиймээс Бурхангүй хүн зөвхөн амьд байхын төлөө, таашаалын төлөө, нийгэмд бусдын дээр, өндөр статустай болохын төлөө, тэгээд инстинктүүдтээ удирдуулан амьдардаг юм. Ичгүүр ариун байдлыг орлож, айдас итгэлийг орлож, тусгаарлал холбоог орлох юм. Тиймээс л бид гаднаа бүх юм нь байгаа юм шиг хэр нь дотроо хоосон мэдрэмж авдаг. Тэгвэл бид яаж, хэрхэн анх бүтээгдсэн бурханлаг мөн чанараа сэргээх вэ? Библийг харвал Есүсээр дамжуулан сэргэх боломжтой болсон юм. 2 Коринт 5:17 “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” Энэ бол зүгээр нэг онол биш харин үнэн юм. Та Nick Vujicic гэдэг хүнийг мэдэх үү? Тэрээр ямар ч ГАР ХӨЛГҮЙ төрсөн атлаа маш үнэ цэнтэй, утга учиртай, нандин амьдралаар амьдарсан юм. Ямар ч гар хөлгүй хүн. Тэр бага насандаа маш гүнзгий сэтгэл гутралд орсон бөгөөд дутагдлаасаа болоод дээрэлхүүлдэг байсан. Тэгээд 10 насандаа амиа хорлох оролдлого хийсэн. Гэвч тэр залуу Бурхантай уулзсанаар, Есүсийн дотор байхад амьдрал нь 180 градус эргэн, шинэ хүн болсон. Ник дэлхий даяар аялж, сая сая хүмүүст хандан үг хэлж, итгэл найдвар бөгөөд саад бэрхшээлийг даван туулах тухай мессежийг хүргэж, хөгжлийн бэрхшээл нь хүний тодорхойлдоггүй гэдгийг баталсаар байна. Тэрээр хэд хэдэн ном бичиж, бусдыг дутагдалтай ч гэсэн хангалуун амьдрахад урам зориг өгөхийн тулд өөрийн түүхээ хуваалцсаар байна. Бие махбодын хязгаарлалттай байсан ч тэрээр усанд сэлэх, серфинг хийх, гольф тоглохыг сурсан. Тэгээд 2008 онд гэрлэж, одоо тэд дөрвөн хүүхэдтэй болсон. Тэрээр Есүсийн дотор байж Түүний амьдрал 180 градус өөрчлөгдсөн.
2. Хүнийг бүтээсний дараа Бурхан нэн сайн боллоо гэсэн
27-28 дугаар эшлэлийг хараарай. “Бурхан хүнийг эр эмээр нь бүтээгээд –Үржиж олширцгоог! Газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.” Эндээс хүнд өгөгдсөн Бурханы үүрэг ба бидний бүтээгдсэн зорилго харагдаж байна. Үржиж олширцгоог – гэдэг нь зөвхөн мах бодиор хүүхэд төрүүлэх бус Бурханы дүр төрхтэй олон хүнийг бий болгоорой гэсэн үг юм. Бурхан хүмүүс Өөрийг нь таньж мэдэн, магтан, алдаршуулахад баярладаг. “Газрыг эзэмш” гэдэг нь юм хийхгүй залхуурч, аливаа ажлаас хойш суулгүй амьдар гэсэн үг юм. Хэцүү бэрхшээлийг даван туулж, үргэлж өсөн үржиж, үр жимс төрүүлэх нь хүний жинхэнэ амьдрал юм. Бурханы хүнээс хүсдэг амьдрал нь энэ мэт идэвхтэй, үүргийг биелүүлдэг амьдрал юм. Үүнийг мэдэхгүй хүмүүс төөрөлдөн, амьдралынхаа зорилгыг энэ дэлхийн зүйлс буюу тогтсон хэмжээний хөрөнгөтэй болоод юу ч хийхгүй амьдрах гэж боддог. “Бүх амьтдыг захир” гэдэг нь дэлхий дээр хүссэн зүйлээ хий гэсэн үг биш. Харин Энэ бол бидэнд өгөгдсөн хариуцлага юм. Бурхан бидэнд найдан өөрийн бүтээлийг удирдах эрх мэдлийг даатгаж байна. Гайхалтай биш гэж үү? Одоо 31-ээр эшлэлийг үзээрэй! “Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.” Эндээс харвал Бурхан хүнийг бүтээснийхээ дараа нэн сайхан байжээ гэж хэлсэн. Энд гарч буй “Сайн” гэдэг үгийг еврей хэлээр “tove” гэдэг бөгөөд энэ нь агуу, гайхалтай, төгс, үзэсгэлэнтэй гэсэн утгатай. Үүнээс харвал хүн Бурханы өмнө нэн сайн, нэн агуу, нэн гайхалтай, нэн төгс, нэн үзэсгэлэнтэй гэсэн утгатай юм. Энэ бүгдээс харвал Бурхан хүнийг энэ дэлхийн бүх бүтээлүүд дундаас онцгойлон Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн юм. Энэ нь Бурхан хүмүүсийг сүүлийн өдөр нь зүгээр: “За байз, өөр юу бүтээдэг юм билээ? Өө тийн, Хүнийг бүтээчихье” – гээд бүтээгээгүй. Бид бол бүтээлийн оргил юм. Та бол санаандгүй бүтээл биш. Танд Бурханаас өгөгдсөн тусгай зорилго байгаа. Зөвхөн энэ зүйл дэлхийн бүх хүнд дотоод, юунаас ч хамаардаггүй үнэ цэнийг өгч байгаа юм. Амжилт, мэдлэг, чадвар, харагдах байдал эсвэл өндөр статусаас хамаарах биш, харин зөвхөн биднийг хэн бүтээснээс хамаарах үнэ цэн юм. Хүнийг Бурхан бүтээсэн учраас энэ хорвоод оршиж буй хүн болгон үнэ цэнтэй юм. Энийг сайн ойлгох нь маш чухал. Одоо үед маш олон хүн өөрийн үнэ цэнийг бусдаас хайдаг болсон. Таны үнэ цэн энэ дэлхийн зүйлсээс бус харин Бурханаас хамаардаг юм. Таныг Бурхан бүтээсэн учраас Та үнэ цэнтэй юм. Тиймээс хүн Бурханы өмнө өөрийнхөө оршин байхын утга учир ба үнэ цэнийг олсноор жинхэнэ үнэ цэнтэй утга учиртай амьдралаар амьдарч чадна. 1963 онд нэг өдөр нэгэн жирэмсэн эмэгтэй 9 сартай байхад ус нь гараад эмнэлэгт очсон. Гэтэл хүүхдийг хүчээр гаргах гэсэн эмчийн алдаанаас болж хүүхдийнх нь тархи гэмтэж хүүхэд нь насаараа мэдрэлийн сааталтай болсон. Тэр хүүхэд 17 нас хүртлээ ядуу тарчиг амьдрал ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэсэн муу хувь заяанаас болж олон удаа амиа хорлохыг завдсан. Харин нэгэн цуглааны библийн багшийн тусламжаар Бүтээгч Бурхантай уулзсаны дараа түүний амьдрал орвонгоороо эргэсэн. Тэрээр Бурхан өөрийг нь бүтээж нэн сайхан гэж хэлсэн үгийг сонссон тэр мөчөөс түүний амнаас гуниг гомдлын оронд талархал магтаалын дуулал урсаж эхэлсэн. Тэр эмэгтэй олон магтан дуу зохион дуулж олон хүмүүст сайхан гэрчлэл хуваалцдаг хүн болсон. Энэ хүн бол Сун Мён Хи гэдэг яруу найрагч юм. Тэрээр одоо ч гэсэн хүзүүний ясны өвчнөөсөө болж маш их зовлон амсан амьдарч байгаа ч гэсэн Эзэний хайранд хүлэгдэн магтан дууллыг бичиж амьдардаг. Хүн Бүтээгч Бурхантай уулзахад амьдралын жинхэнэ баяр хөөрийг амсаж утга учиртай амьдарч чадна. Хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан ч идэхтэй даван туулж, Түүний өмнө баяр хөөртэй амьдарч чадна.
3. Амралтын өдрийн онцгой байдал
2:2-3-д: “Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.” – гэж байна. Бурханд амралт хэрэгтэй болоод амраагүй. Энэ амралт нь Бурханы төлөө бус харин Хүний төлөө байсан юм. Яаг л Аав мөлхөж сурч байгаа хүүхдийнхээ хажууд мөлхөж үзүүлж байгаа мэт. Бидэнд ажил болон амралтын тэнцвэрийг зааж байгаа юм. Энэ амралт нь зөвхөн мах бодийн амралт биш харин сүнсний амралт юм. Энэ бол бидний Бурхантай хамт өнгөрөөх цаг юм. Өөрсдийгөө Бурханы дүрээр бүтээгдсэнээ санаж, түүнийг магтах цаг юм. Долоо хоног болгон заавал 1 өдрийг Бурханд зориулахгүй бол Хүн Бурханы хайрыг мартдаг юм. Тиймээс долоо хоног болгон өөртөө Түүний агуу хайрыг сануулах хэрэгтэй. Би одоо та нараас асууя. Та нар завгүй амьдралынхаа 1 өдрийг Бурханд зориулж чадаж байна уу?
Би 2003 онд Эрдэнэтэд төрсөн. Би эмээ өвөөгийнхөө гэрт хүн болгоны хайрыг амсаж том болсон. Сургууль дээр би түрэмгий зантай байсан. Би байнга зодолдож, сул дорой сурагчдыг дээрэлхэж, тэр ч байтугай дэлгүүрээс тогтмол хулгай хийдэг байсан. Гаднаас нь харахад би сурлагадаа сайн байсан ч дотроо би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн шиг амьдарч байгаагүй. Бурханы хайр, ариун зан байх ёстой байсан газарт уур хилэн, хувиа хичээсэн байдал л байсан. Хожим нь 2022 онд би Оросын Санкт-Петербургийн улсын сургуульд Эдийн засгаар сурахаар явсан. Тэнд анхандаа бүх юм хэцүү байсан, гэхдээ UBF цуглааны Орос дахь салбар тэнд байсан бөгөөд тэд надад маш их тусламж үзүүлсэн. Тэд намайг байнга хооллож, зөвлөгөө өгч, санхүүгийн тусламж ч өгдөг байсан. Огт танихгүй гадаадаас ирсэн хүүхдэд ийм их хайр үзүүлэхэд миний сэтгэл хөдөлсөн. Надад хэзээ ч бусдыг гэх сэтгэл өмнө нь байгаагүй. Яаж тэд танихгүй хүнд ийм их хайр халамж үзүүлж чаддаг байна аа гэж би гайхаж эхэлсэн. Одоо би энэ хайр нь Бурханы хайр гэдгийг ухаарсан юм. Тэгээд би тэдэнтэй тогтмол библийн хичээл хийж, долоо хоног болгон цуглаанд оролцдог болсон. Энд л байхад би Бурхантай анхны удаа жинхэнэ утгаар нь уулзсан. Би анх удаа хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг тодорхой харж эхэлсэн. Тэгээд би дээрэлхсэн хүнтэйгээ холбоо барьж, уучлал гуйсан ч тэр намайг хэзээ ч уучлахгүй гэж хэлсэн. Тэр мөч хэцүү байсан. Гэхдээ энэ нь надад чухал зүйлийг зааж өгсөн. Би гэмших ёстой, гэмшээд урагшлан өөр хүнээр амьдрах ёстой. Учир нь Бурхан намайг уучилсан учраас. Хожим нь би өөр нэг хүнд хэцүү үеийг туулсан. Стрессийн улмаас би хичээлээ орхиод гэртээ харих хэрэгтэй болсон. Би гацаж, төөрөлдсөн мэт санагдаж, Бурханаас асуусан. “Яагаад ийм зүйл болж байна вэ? Би яагаад энд байгаа юм бэ?” Миний амьдрал зогссон юм шиг санагдсан. Ингэж бухимдсан үед би өмнө нь зодоон хийж тайлдаг байсан, харин одоо би яаж энэ бухимдлаа тайлахаа огт ойлгохгүй байсан. Дөнгөж энэ цагаан сараар би дотроо хэн нэгэн надад зодоон хийх жоохон ч болов шалтаг өгөөсэй гэж их хүссэн. Гэхдээ тэр цаг огт ирээгүй. Миний энэ мэдрэмж юу юм бэ? Би яаг яах ёстой юм бэ? Гэхдээ одоо би ойлгож байна. Би библийн Иов номыг уншиж байхад Иов гэдэг залуу миний зовлонгоос хамаагүй их зовсон. Тэр бүх зүйлээ алдсан. Тэгээд Иов Бурханаас “Миний зовлонгийн шалтгаан юу юм бэ?” гэж асуухад Бурхан түүнд бүрэн тайлбар өгөөгүй. Үүний оронд Бурхан Өөрийн эрх мэдлийг илчилсэн: ИОВ 38:4 – “Би дэлхийн суурийг тавихад чи хаана байсан бэ?”
Энэ хариулт намайг үзэл бодлоо өөрчлөхөд хүргэсэн. Хэрэв Бурхан бол Бүтээгч бол Тэр бүх зүйлийг ойлгодог. Тийм Бурхан зовлонг мэдэхгүй гэж үү? Тийм Бурхан миний зовлонг мэдэхгүй гэж үү? Бурхан зовлонг зүгээр л алсаас хараад ойлгодог биш. Тэр өөрөө зовлонд орсон. Есүс Христээр дамжуулан Бурхан ертөнцөд ирж, өвдөлт, гологдол, эцэст нь цовдлогдохыг мэдэрсэн. Энэ нь: Бурхан зовлонг зөвхөн Бүтээгч төдийгүй оролцогчийн хувиар мэддэг гэсэн үг. Тиймээс би зовох үед энэ нь Бурханы нүднээс далд зүйл биш юм. Бурхан зовлонг үл тоомсорлодоггүй. Мөн энэ зовлон нь утгагүй зүйл биш юм. Хэрэв Бурхан намайг бүтээсэн, намайг мэддэг, зовлонд Өөрөө орсон бол миний өвдөлт ч хүртэл санамсаргүй биш юм. Би бүрэн ойлгохгүй ч гэсэн энэ зовлон нь зорилготой юм. Энэхүү ухаарал миний амьдралыг хэрхэн харж байгааг өөрчилсөн. Одоо би “Энэ яагаад надад тохиолдож байна вэ?” гэж асуухын оронд би “Бурхан үүгээр дамжуулан надад юу бүтээж байна вэ?” гэж асууж эхэлсэн. Би одооноос Бурханы үгэнд итгэн энэ зовлонгоо итгэлээр даван туулахын тулд хичээх болно. Учир нь Бурхан намайг бүтээсний дараа нэн сайн боллоо гэсэн учраас.
Дүгнэлт: Бурхан бүтээлээ анхнаасаа ингэж тодорхойлсон. Энэ нь чухал, учир нь таны үнэ цэнэ хэзээ ч таны гүйцэтгэл, өнгөрсөн эсвэл одоогийн нөхцөл байдалд үндэслээгүй гэсэн үг юм. Бурхан бидний үнэ цэнийг тогтоосон. Бидний амьдрал замаасаа хазайж болно. Бид бүтэлгүйтдэг. Заримдаа амьдрал ямар ч утгагүй мэт санагддаг. Анхны гэмээс болж Адам бүх хүн төрөлхтнийг гэмд унагаасан. Гэхдээ бид нүглийг ойлгохоос өмнө үүнийг ойлгох ёстой. Бурхан хүнийг бүтээгээд “нэн сайн боллоо” гэсэн. “Яахав боломжийн боллоо, эсвэл дажгүй боллоо” биш “Нэн сайн” боллоо гэсэн юм. Одоо ч гэсэн Бурханы бидэнд өгсөн чухал зорилго хэвээр байсаар байна. Бурханы хүсэл бол бидэнтэй анх байсан тэр харилцаандаа эргэн орох явдал юм. Бид харин түүнд амарч, түүнд итгэж, түүнтэй хамт алхах ёстой. Энэ үг нь өнөөдөр ч гэсэн үнэн юм. Өөрийгөө үнэ цэнгүй гэж бодох үед энэ эшлэлүүдийг эргэн санаж Бурханы “Би чамайг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн… энэ нь маш сайн байсан” гэж хэлэх дуу хоолойг сонс.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.28/
Дараагийн нийтлэл2026 оны ХБК-н 2-р номлол (04.25) Ч. Бат-эрдэнэ