Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Зарлиг arrow 2010 он arrow 2010 оны Үйлс 19-р зарлиг (03.07)
2010 оны Үйлс 19-р зарлиг (03.07) PDF Хэвлэх И-мэйл
Мягмар, 2010 оны 03 сарын 09
ПАУЛЫН АМИЛАЛТЫН ИТГЭЛ
Үйлс: 24:1-27
Чухал зүйл: Үйлс 24:15
“Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт  би ч Бурханд найддаг.”

Паул 200 цэрэг, 200 жадчин, 70 морьтон мөн 2 зуутын даргын хамгаалалттай Кайсарид ирэв. Тэрээр фарисай болон садукайчуудын дунд үхэгсдийн амилалтыг тунхагласан юм. Тиймээс тэдний дунд хагарал, маргаан ширүүсэж эхэлсэн билээ. Өнөөдрийн зарлиг нь хүмүүсийн огт сонсож байгаагүй зүйлийн тухай юм. Өөрөөр хэлбэл амилалтын талаар буюу хожмын шүүлтийн талаар билээ. Энд ирсэн хүн бүр юуны төлөө итгэж, долоо хоногт хоёрхон цагийг энд өнгөрөөж байгаа талаар тунгаан бодохыг хүсэн гуйж байна. Элч Паулын итгэлээр дамжуулан бидний итгэлийг өсгөж, Ариун Сүнсээр удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.

1. Үхэгсдийн амилалтыг гэрчилсэн Паул/1-21/
1-р зүйлийг үзээрэй. “Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.”
Өмгөөлөгч уг нь хэнийг өмгөөлөх ёстой байсан болоо? Магадгүй Паулыг байх. Гэтэл бодит байдал нь захирагч Феликийн өмнө тал засаж, Паулыг гүтгэж байна. Нөгөө талаас захирагч Феликийг магтаж, хүндэтгэлийг олох гэв. Тэгээд өөрсдийнх нь үгийг сонсохыг хичээнгүйлэн гуйлаа.
5-р зүйлийг үзээрэй. “Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм.” Өнөөдөр дэлхий дээр олон төрлийн тахал байдаг. Жнь: Тарваган тахал, Холер тахал, ДОХ-ын тахал, Сүрьегийн тахал, Өлсгөлөнгийн тахал гэх мэт. Энэ бүгд нь олон хүнийг хамарч, айдас хүйдсээр дүүргэдэг шинж чанартай. Өнөөгийн хэллэгээр вирус юм. Вирус гэвэл эхлээд муу зүйл бодогдоно. Гэхдээ сайн талаараа ч бас байна.
Харин Тертул гэгч өмгөөлөгчийн үгийг анхааралтай ажиглавал дэлхий даяар, жинхэнэ тахал, толгойлогч гэх үгс хэлснийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл Паулын тухай хэлэх гэсэн санаа нь юм. Энэ байдлыг харвал Паул хүмүүсийг Есүс уруу хандуулахын тулд хэрхэн  зүтгэж байсныг харж болно. Яг л жинхэнэ тахал адил тарааж байжээ. Бид ч мөн сайн тахал болохыг гуйж байна. Тэрээр Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амиа юман чинээ бодолгүй явж ирсэн. Өөрийг нь хүлээж байгаа аюул бүхнээс үл хамаарч зоригтойгоор сайн мэдээг тунхаглаж байлаа. Ийм түүнийг Тертул Назарын бүлэглэлийн толгойлогч, сүмийг бузарлагч хэмээн  хэлэв.
Еврей болон араб үг хэллэгийг үзвэл Назар гэдэг нь Есүст итгэгчдийг ийн хэлдэг байжээ. Учир нь Есүс Бетлехемд төрж, Назар хотод өсөж торнисон юм. -Есүсийн нэрийн төлөө зүтгэж байхад сүмийг бузарлагч гэсэн нь Паулд хэр зэрэг хүнд хэцүү байсан болоо? Тертул бол туйлын зальтай нэгэн байлаа. Тэрээр мянгатын дарга Луси хүч хэрэглэн өөрийнх нь гараас Паулыг авч явсан гэж хэлсэнд зарим нь “үнэхээр тийм шүү” хэмээн хошуу нэмэрлэцгээв.
10-14-р зүйлийг үзээрэй. Энд Паул өөрийгөө өмгөөлж байна. Паулд өмгөөлөгч гэж байсангүй. Паул Иерусалим хотод ердөө л 12 хоногийн турш байж, Бурханд мөргөхөөр ирсэн байлаа. Нөгөөтэйгүүр тэд Паулыг ямар шалтгаанаар буруутгаж байгаагаа ч мэдэхгүй байв. 14-р зүйлийг үзээрэй. “Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болоод эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө.”
Паул Бурханд мөргөхөөр Иерусалимд ирсэн нь шүүгдэж, шийтгэгдэхэд хүргэжээ. Хэн нэгэн нь Бурханы талд зогсох юм бол тэр хүн заавал үзэн ядагдаж, буруушаагдана. Учир нь Бурханы ажил бол энэ дэлхийн ажил биш юм. Тиймээс ч Паул зоригтой хэлж байна. “Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.” Тэгвэл Паулын найдлага юунаас бий болсон бэ?
Тэрээр Бурханы үгэнд бат итгэлтэй байсан бөгөөд хүлээн зөвшөөрч байлаа. Мөн Бурханд мөргөдөг нэгэн байжээ. Тэр Зам гэдэг нь Есүсийг зааж байна. Иохан 14:6-д “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” Есүс бол Бурханд хүрэх цорын ганц Зам юм. Есүсээр дамжихгүйгээр хэн ч Бурханд очиж чадахгүй. Есүс хүн төрөлхтний гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон юм. Одоо бид Амьд Бурхантай харилцаа тогтоох болсон нь Есүсийн цусны гавьяа билээ. Паул үүнийг сайн мэдсэн тул сайн мэдээнээс ичээгүй. Есүсийн амилалтыг тунхаглаж байгаа нь Паулд хэцүү зүйл биш байсан. Харин ч энэ тухай Ром 1:16 “Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.” гэж хэлж байна. Бид бүхэн хэнээс ичиж байна вэ? Сайн мэдээнээс үү? Есүсээс үү? Тэгвэл та ичих хэрэггүй юмаа. Хэрэв бид сайн мэдээнээс, Есүсээс ичих юм бол юу болох вэ?
Есүс шавь нартаа “Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно” хэмээн айлдсан. Есүс биднээс ичих юм бол бид яанаа.
Петр урьд нь Есүсээс ичдэг нэгэн байлаа. Есүсээс гурвын гурван удаа урваж мэлзсэн. Хожим нь тэр Есүсийн амилалтад итгэснээр “Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.” гэж зоригтой тунхаглаж байна. Бид хаана ч байсан Есүсийн нэрээр залбирч, оюутан залуучуудыг урьцгаая. Ингэж бид бяцхан сайн мэдээний аяныг чуулган дээрээ өрнүүлцгээе.
Паул Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь өөрийн итгэлээ өчиж байгаа хэрэг юм. Түүний итгэл бол Сударт суурилсан бөгөөд Бурханд найддаг итгэл байсан. Зарлигийн 15-р зүйлийг үзээрэй. “Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.”
Есүс биднээс зарлигт итгэж, Бурханы үг болсон библийн дагуу амьдрахыг хүсэж байгаа гэдэгт би итгэж байна. Яагаад гэвэл олон хүний амьдрал үүнээс болж өөрчлөгдсөн юм.
Жнь: Абрахам, Мосе, Петр, Паул мөн энд сууж буй хоньчид билээ.
Тэд бүгд Бурханы амлалтад итгэдэг боловч зарим тохиолдолд итгэхэд ч хэцүү үе гардаг. Хэрэв бид Бурханы амлалтад итгэвэл Егип.гарсан нь 19:6, болон 1Пет 2:9 амлалтууд биелэх болно. Өнөөдөр дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байна. Өчигдөр байсан юмс өнөөдөр алга байх жишээтэй. Олон намууд мөнгө амлаж, улс төрд суудал авцгаасан. Тэгвэл монголын залуучуудын найдлага юу вэ? Мөнгө үү, уул уурхайн салбар уу? Эсвэл сургалтын тэтгэлэг үү? Үгүй юм. Бидний найдвар зөвхөн Есүст байдаг юм. Ийм үед бидний итгэл Бурханы амлалтын үг болон Есүс дээр суурилсан байх хэрэгтэй юм. Бурханы үгийг 1:1 хичээлээр гүнзгий судалснаар бид итгэлээ өөрчлөхгүйгээр, өөр зүйлд алдахгүйгээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 15-21-р зүйлийг үзээрэй. Энд Паулын амилалтад итгэх итгэл найдвар гарч байна. Паулын шүүгдэж байгаа шалтгаан нь ганц л зүйл байлаа. Учир нь тэрээр Есүсийн амилалтыг тунхагласнаараа хоригдож, шүүгдэж байна. Тэр ямар нэгэн ял сонсохоор гэмт хэрэг үйлдээгүй юм. Дор хаяж архи ч уугаагүй. Архи ууж агсам тавьсан хүн эсвэл танхайрсан хүн 72 цаг камерт хоригддог шүү дээ. Паул өөрийгөө урам зоригтойгоор өмгөөлж байгааг харж болно. “...зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна...” Паул зөвлөлийн өмнө ийнхүү зүрх зоригтой ярьж байна вэ? Түүний энэхүү итгэл хаанас гарсан байж таарах вэ?
Тэрээр өмнө нь итгэгчдийг хавчиж, дагалдагчдыг барьж, шорон гянданд хийдэг нэгэн байв. Паул Дамаск уруу явж байхдаа амилсан Есүсийн дуу хоолойг сонсож, Түүнтэй уулзсанаар амилалтын хүсэл найдвартай болсон. Бид Есүсийн дуу хоолойг библиэр дамжуулан сонсож, итгэвэл амилалтын найдвартай болно. Бурхан Есүсийг үхлээс амилуулсан гэдэгт итгэх нь бидний итгэлийн бодит баталгаа юм.
Сүүлийн үед дэлхий дээр маш олон төрлийн гамшиг болж байгаа нь бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байна. Үүнээс болж хүмүүсийн айдас ихэссэн. Яагаад? Үхлээс зугтаж чадахгүй учраас тэр юм. Сатан хүмүүсийг айдсаар боолчилж байна. Бүх зүйлийн төгсгөл бол үхэл хэмээн хүмүүст ойлгуулдаг. Үхэх учраас наргиж цэнгэ, зугаац, залуу нас чинь чамд олдохгүй гэдэг. Үхэл бол хүнийг хүчгүй, сул дорой болгодог. Тэгвэл библи бидэнд юуг заадаг вэ?
Иохан 5:29-ийг үзвэл “...Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.” Өөрөөр хэлбэл зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилах юм. Цаашлаад Иохан 11:11-д үхэл бол унтахтай адил гэдгийг Есүс зааж өгсөн. Бидний энэ дэлхий дээрх хугацаа дуусахад бидний махан бие шороо болон газарт шингэх бөгөөд бидний сүнс Бурханд очих болно. Түүний дараа бид цоо шинэ хүнийг өөртөө өмсөнө. Энэ нь урьдынхаас илүү үл муудах, хүчирхэг, сүнслэг бие юм. Элч Паул  1Кор15:42-44 “Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дотор таригдаж, алдар дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал нь дотор таригдаж, хүч дотор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Хэрэв төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа.” Бид ийм найдварт итгэж байвал одооноос эхлэн бид өөрчлөгдөж, Бурханы хүсч буй замаар амьдарч чадна.
Одоо 16-р зүйлийг үзээрэй. “Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.” Амилалтын талаарх найдвар нь зөвхөн онол төдий зүйл биш юм. Амилалтын найдвар бол Бурхан ба хүмүүсийн өмнө гэм зэмгүй амьдрахад удирдаж өгдөг. Энэ цагт хүн бүхэнд амилалтын найдварыг суулгаж өгөхийг хүсэн гуйж байна. Мөн өдөр бүр Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдардаг залуусаар өөрчилж өгөхийг гуйж байна.
Миний хувьд зарлигийг бэлдэж байх үедээ нэгэн зүйлийг шинээр олж харсан юм. Би ер нь загалмайд нас барсан Есүст итгээд байна уу, аль эсвэл амилсан Есүст итгээд байна уу гэсэн асуултыг өөртөө тавьсан. Гэтэл библи яах аргагүй амилсан Есүсийг зааж байлаа. Эндээс миний амилалтын найдварыг дахин сэргээж өгсөн. Зарим тохиолдолд хүчгүй болох үе цөөнгүй гардаг. Тэр үед амилалтын итгэл надад хүчийг өгдөг. 7 жилийн турш миний дотор нэгэн зүйл уяатай байсан нь салбар чуулганы тухай бодол, хүсэл, гуйлт байлаа. Ойрын өдрүүдэд салбарын талаар бодох үед Бурханаас ирж буй мессеж юм уу зүрх маань хүчтэй цохилох мэт мэдрэмж төрж байв. Тэгээд энэ сэтгэлийг барьж чадалгүй хичнээн ажилтай байсан ч нэг оюутантай уулзаж, библийн хичээл хийх санал дэвшүүлсэн юм. Тэгтэл нөгөө оюутан маань яг л энэ тухай бодож байсан гэж хэлсэн юм. Бурхан зүрх сэтгэл нь нээлттэй тийм олон оюутныг зөвшөөрч өгөхийг хүсэн гуйж байна. Салбар чуулган байгуулахаас өмнө надад өгөгдсөн өргөсийг эмчилж, авч хаяхыг гуйж байна. Мөн надад болон манай гэр бүлд амилалтын хүсэл найдварыг улам бүр нэмж өгөхийг гуйж байна.
Одоо 21-р зүйлийг үзээрэй. Паулд өмгөөлөгч байхгүй байсан бөгөөд Түүний өмгөөлөгч нь Бурхан Өөрөө байсан юм. Паул өөрийгөө өмгөөлсний дараа юуны төлөө шүүгдэж байгаагаа дүгнэж хэлэв. Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна.” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв. Бид ч гэсэн энэ дэлхийд байх хугацаандаа Есүсийн амилалтын төлөө шүүгдэх хүртлээ сайн мэдээг тунхагладаг хүмүүс болохыг гуйж байна. Энэ цаг үеийн сүнсний Паулууд болохыг ерөөж байна.

2. Хожмын шүүлтийн тухай ярьсан Паул(22-27)
22-23-р зүйлийг үзвэл “Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,-Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд зуутын даргад –Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.”
Үүнээс харвал Фелик Есүсийн талаар их бага ямар нэгэн хэмжээгээр сонссон байжээ. Тэгээд хэдэн өдрийн дараа эхнэртэйгээ ирээд Христ Есүст итгэх итгэлийн талаар асуужээ. Фелик бол МЭ 52-59 онд Иудаг захирч байсан бөгөөд түүний эхнэр нь Херод хааны охин байлаа. Мөн тэрээр бузар муу, шунахай хүн байлаа.Тэгсэн чинь юу болсон бэ?
25-р зүйлд “Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж, -Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.” Паулын ярианаас Фелик өөрийгөө болон эхнэрийнхээ дүр төрхийг олж харсан байхаа.
Тэгээд “За за боллоо, боллоо. Одоо хангалттай. Дараа, дараа болъё.” гэжээ. Хэн ч бай зөвт байдал, биеэ захирах, хожмын шүүлтийн талаар сонсвол айх юм. Учир нь Паул амилалтын хүсэл найдвартай байсан юм. Үүнийг сонсоод Фелик гэмших ёстой байлаа. Харин тэрээр тэгсэнгүй. Паул хоньчны зүрх сэтгэлээр дүүрэн нэгэн байв. Тэр захирагчид туслахын тулд баяртайгаар зааж байлаа. Өөрөөр хэлбэл тэрээр Феликтэй 1:1 хичээл хийсэн гэсэн үг. Феликийн байдлыг ажиглавал бидэнтэй адил төстэй зүйл байгааг харж болно.
Бид зарим үед оюутнууд уруу очиж тэднийг урих, тэдэнтэй библийн хичээл хийх үед тэд “Дараа нь, завтай үедээ, ажлаа, асуудлаа шийдсэний дараа...” гэх мэтээр хариу хэлдэг нь үнэн юм. Тэгвэл тэд болон Фелик яагаад ингэж хэлэх болсон бэ? Яагаад айх болов?
Еврей 4:12-ыг үзвэл “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.”
Хэдийгээр Фелик өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байсанч Паулын яриаг сонсохын тулд бүхэл бүтэн 2 жилийн турш дуудаж уулздаг байжээ. Эндээс бид дараах 2 зүйлийг мэдэж болно.
1. Паулын хоньчны халуун сэтгэл юм. Паулын энэ сэтгэл нь түүний амилалтын найдвар дүүрэн байсантай шууд холбоотой. Тиймээс ч 2 жилийн турш хорионд байсан ч Феликийн дуудсан цагт нь очиж хичээл хийдэг байв. Бидний библийн хичээл хийх хугацаа маань ч бас тодорхой хязгаартай. Бид хэдэн нас хүртлээ 1:1 хичээл хийхээ ч мэдэхгүй. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. 2Коринт 6:2-т “Өнөөдөр бол авралын өдөр” гэжээ. Бидний сайн мэдэх Сара Берри хоньчин одоо 80 гаруй настай бөгөөд 1:1 хичээл хийсээр л байна. Мөн хоньчид болон миссионерүүдийн хүүхдүүдэд сүнсээр өсөхөд нь төдийгүй надад ч хүртэл захидлаар тусалж байсан. Энэ цагт бидэнд оногдсон хугацаа дуусах хүртэл 1:1 хичээлийг тогтмол хийж чадахыг хүсэн гуйж байна.
2. Эцсийн өдөр ойрхон байгааг мэдэж болно. Паул эцсийн шүүлтийн талаар сайн мэддэг байв. Өнөөдөр дэлхий дахинд болж буй үйл явдлыг ажиглавал шинж тэмдэг нь аль хэдийн эхэлсэн байна. Матай 24:6-7-р зүйлд “Та нар дайн болон дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.”
Эцсийн тэр өдрийг бид хэрхэн хүлээж амьдрах вэ? Магадгүй хүн бүр тэвчээртэйгээр хүлээх нь ойлгомжтой. Үүнээс гадна бид бүгдээрээ залуучууд учраас юуны түрүүнд зөвт байдал, биеэ захирах байдлыг сайн суралцсанаар гэрэл болон давсны үүргийг гүйцэтгэцгээе. Хүмүүсийг айлгахын тулд бус харин тэднийг авралд дуудахыг гуйж байна.

Дүгнэлт: Хүмүүсийн хүсэл найдвар нь юу вэ? Эх орны хишиг үү? Паул зөвхөн амилсан Есүсийг сурталчилснаар бүтэн 2 жил хоригдсон билээ. Гэвч тэр шоронд байсан ч эрх чөлөөтэйгээр библийн хичээл хийж л байлаа. Өнөөдөр бидний дунд гадна талаасаа чөлөөтэй мэт боловч сэтгэл сүнсний хувьд хоригдол мэт амьдарч байгаа хүн байна уу? Тэгвэл амилсан Есүст итгэж, Түүний өмнө сэтгэлээ нээхийг хүсэн гуйж байна. Тэгээд сүнсээр эрх чөлөөтэй болж, Есүсийг зоригтой гэрчилцгээе.
Сэтгэгдэл нэмэхadd feed
 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:137
Энэ сард:1057
Нийтдээ:119391

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.