| 2010 оны Үйлс 18-р зарлиг(02.28) Б.Баярмагнай |
|
|
|
| Даваа, 2010 оны 03 сарын 01 | |
|
ЗОРИГТОЙ БАЙ, ЧИ НАМАЙГ РОМД ГЭРЧЛЭХ БОЛНО Үйлс 22:30-23:35Чухал зүйл: 23:11 “Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон, -Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.” Өчигдөр Чилид 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сарын өмнө Гаитид газар хөдөлсөн. Газар хөдлөлт бол эцсийн өдөр ойртсоны шинж гэж Библи бидэнд хэлдэг. Бидэнд хугацаа бага байна, бас хийх ажил их байна. Бие даалтаа хугацаанд нь өгөх гэж бид нар хичээдэг шүү дээ. Хэрэв бие даалтыг хугацаанаас нь хоцроовол F авдаг эсвэл дүн хасагддаг.
Хүнийг сэтгэлээр унах үед хэн түүний хажууд байдаг вэ? Ялангуяа Бурханы ажлыг хийгээд, Бурханд үйлчлээд явж байхад урамшуулах хүн ховор байдаг. Олон итгэгчид, олон хоньчид ийм байдлаас болж шарх аван цаашид үйлчлэх урам зориг нь хугаран бас хүчгүй болох тохиолдол их байдаг. Ийм нөхцөлд хэн тухайн хүнийг урамшуулан босгож, хэн тэр хүнийг хайрлаж бас хамт байгаагаа илэрхийлдэг бэ? Өнөөдрийн зарлигт энэ тухай өгүүлэх болно. Паул шоронд хоригдож, зөвлөлөөр шүүгдэж байхад хамтран зүтгэгч нарынх нь залбирал л байсан байх. Харин Бурхан түүн дээр ирж урамшууллын үгийг хэлж, зориг оруулсан. 1. Цагаанаар будагдсан хана(22:30-23:5) Мянгатын дарга иудейчүүд Паулыг юунд буруутгаж байгааг яг таг сайн мэдэхгүй байв. Тийм учир тэрээр Иудейн зөвлөлийг хуралдуулж, учир байдлыг олохыг зорьжээ. Иудейн зөвлөл нь аливаа шашны болон ёс заншилтай холбоотой маргаануудыг шийддэг байжээ. Харин одоо бүгдээрээ 1-р зүйлийг үзээрэй. “Паул Зөвлөлийг анхааралтай харан, -Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв.” Хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь өөрийн бүх сайнаараа Бурханы өмнө амьдарсан гэсэн үг юм. Үнэндээ Паул өөрийгөө “Би бүх нүгэлтнүүдийн эхнийх нь байлаа”/1Тимот 1:15/ гэж гэрчилсэн байдаг. Тэгвэл ийм хүн яаж хүний мөсөөр сайн амьдарч ирсэн юм бэ? Харин ийм хүн Есүсийн өршөөлөөр л сайн хүн болж чадах юм. Хүний муудсан мөс чанар Есүсээр л сэргээгдэж, шинэ бүтээл болдог. Тийн өршөөгдөж, мөс чанар нь сэргэсэн Паул Эзэний өмнө гайхамшигтайгаар амьдарч Эзэний ажлыг хийсэн. Бурхан хүнийг бүтээхдээ мөс чанартайгаар бүтээжээ. Тийм учир итгэгч ч бай, итгэгч биш ч бай бүх хүнд мөс чанар байдаг. Гэхдээ Адамын гэмээс болж хүний сайн мөс чанарт муу гэсэн мөс чанар орж ирээд хүн гэмээр бузартжээ. Есүст итгэхээс өмнө бидэнд сайн мөс чанар өчүүхэн төдий байдаг байлаа. Харин муу мөс чанараар амьдарч байсан. Өөрөөр хэлбэл сайн мөс чанарыг муу мөс чанар давамгайлж, сайныг хийх хүслийг мууг хийх хүсэл давамгайлж, Бурханы хүслээр явах арга замыг хүний замаар авах арга зам давамгайлж, хүнээр муу зүйлийг үйлдүүлдэг. Адам гэмд унаснаас хойш хүний мууг хийх хүсэл хүнийг дийлдэг болжээ. Тиймээс мууг хийхийн тулд зүгээр л байхад болно. Харин сайныг хийхийн тулд заавал ямар нэгэн золиос хэрэгтэй болдог. Муу мөс чанараар амьдаръя гэвэл золиос хэрэггүй. Сайныг үйлдье гэсэн хүсэл ч хэрэггүй. Зүгээр л байхад тэр нь муу мөс чанар болно. Есүст итгэсэн хүний сайн мөс чанар нь сэргэдэг. Тэгээд сайныг үйлдэхийг эрмэлзэх болдог. Сайнаар амьдарч, сайны төлөө золиос гаргахад бэлэн бүтээл болдог. Одоо бүгдээрээ 2-р зүйлийг үзээрэй. “Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав.” Паул ийнхүү өөрийнхөө сайн мөс чанарыг гэрчлэхэд тэргүүн тахилч Ананиа түүнийг алгадуулжээ. Харин Паул түүнийг “Цагаанаар будагдсан хана, чамайг Бурхан цохино доо. Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж байгаа атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү?” Паул Ананиаг цагаанаар будагдсан хана гэж хэлж байна. Энэ нь гаднаа сайхан харагдаж байгаа боловч дотроо бузар муу бодол санаа, зорилго бас үйлс агуулж байгааг хэлж байгаа юм. Үнэхээр ч тухайн үед хүмүүсийн нүдэнд сайхан харагддаг байсан Ананиа цаагуураа хүний хийж байгаагүйг хийж, үйлдэж байгаагүйг үйлддэг байсан. Хийж байгаа ажил нь зөвхөн нэр төдий л болсон байсан. Хожим нь тэрээр иудейчүүдийн Ромыг эсэргүүцсэн бослогын үеэр Ромын талд орсон гэдэг шалтгаанаар төрөлх иудейчүүддээ алуулжээ. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүсийн хэд нь цагаанаар будагдсан хана шиг байгаа бол оо? Цагаанаар будагдсан хана гэдэг нь товчхондоо хоёр нүүртэй байдлыг илэрхийлж байгаа юм. Хоёр нүүр гаргадаг хүмүүс өөрийг нь бусад хүмүүс мэдэхгүй гэж боддог. Үнэхээр ч тийм. (Сүүлийн үед хүний бодлыг уншдаг программ бий болсон гэж сонсогдсон. Хэрэв тийм бол бид ханаа цагаанаар будаад ч нэмэргүй болох нь.) Гэхдээ биднийг мэддэг, бидний бүх амьдралыг видео камер дээр бичиж байгаа юм шиг хардаг цорын ганц Нэгэн бол Бурхан юм. Тиймээс бүгдээрээ андуурахгүй амьдарцгаая. 2. Зоригтой бай, чи Намайг Ромд гэрчлэх болно(6-35) Зөвлөлд фарисай болон садукайчууд байгааг Паул хараад тэдний дунд “яс” хаяхаар зүйл хэлжээ. Бүгдээрээ 6-р зүйлийг үзээрэй. “Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан -Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав.” Паул урьд нь фарисай байсан юм. Түүний аав ч бас фарисай байжээ. Фарисайчууд амилалтад итгэдэг бол садукайчууд түүнд итгэдэггүй ажээ. Тийм ч учир садукайчуудын амьдрал утгагүй хоосон зүйлээр дүүрэн бөгөөд шүүлт байхгүй гэж амьдардаг байсан. Энэ дэлхийд гэм ба гэмт хэрэг гэсэн ойлголтууд байдаг. Хүмүүс гэмт хэрэгт нь ял оноож, шүүхээр шийтгэдэг бол гэмд нь хэн ял оноох вэ? Адилхан бузар, булай зүйл юм бол гэм гэдэг зүйл шийтгэлгүй үлдэж байгаа нь үнэхээр шударга бус юм. Харин гэмийг эцэст нь Бурхан шүүх болно. Бид өөрсдийнхөө амьдралыг цагаанаар будаж, бусдад харуулсан ч гэсэн Эзэн түүнийг мэдэж байгаа, бас шүүх болно. Садукайчууд ийм зүйлд огтхон ч итгэдэггүй ажээ. Тэдний үзлээр бол хүн зөвхөн махан биетэй бөгөөд үхсэний дараа юу ч болохгүй гэсэн ахархан итгэлтэй байсан. Тэдний гол баримталдаг ном нь Мосегийн таван ном бөгөөд энд байгаа хуулийг сахиж, бас бусдыг сахихыг зааж, шаарддаг ажээ. Ингээд Паулын хаясан ясыг фарисайчууд болон садукайчууд булаацалдаж байх хоорондуур мянгатын дарга түүнийг авч гараад хуаранд аваачжээ. Харин дараагийн шөнө нь Эзэн Паулд үзэгдэв. Энэ нь түүнд үзэгдэж байгаа дөрөвдэх тохиолдол бөгөөд яг хэрэгтэй цаг үед нь үзэгдэж байжээ. Паул Зөвлөлөөр шүүгдээд шоронд хоригдоод, ирээдүйн хүсэл найдвар нь талаар болох вий дээ гэж санаа зовж байсан. Ингээд Иерусалимд үхэх байх гэж бодож байсан. Эргэн тойронд нь түүний дайснууд дүүрэн байсан. Харин яг ийм хүнд үед Бурхан түүнд илэрхийлэгдээд “Бүү ай, чи Намайг Ромд гэрчлэх болно” гэж амлажээ. Харь үндэстэн хүнд сайн мэдээг дэлгэрүүлнэ гэсэн дуудлага, зорилготой ийм Паулын хувьд Ромд Эзэнийг гэрчилнэ гэж байгаа нь үнэхээр сайхан сонсогдож байгаа байх аа. Хэдийгээр хүнд нөхцөл дунд байгаа ч гэсэн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг сонсвол хичнээн их баяр хөөртэй байдаг билээ дээ. Бидний хүсэж байгаа зүйлүүд юу юу байна вэ? Бидний одоогийн нөхцөл байдал Паулын Ромд очмоор байвч очиж чадахгүй шоронд хоригдож байгаатай адилхан биш байна гэж үү? Монгол улсыг тахилч улс, ариун ард түмэн болгоно гэсэн хүсэл найдвар, 2020 он гэхэд нийт хүн амын 10% нь Христийн дагалдагч болно гэсэн хүсэл найдвар, есөн их дээд сургууль дээр салбар цуглаан байгуулна гэсэн хүсэл найдвар хэр зэрэг амьд байна вэ? Арай энэ хүсэл найдвар шоронд хоригдож байгаа юм биш биз дээ? Тэгвэл одоо тэр шоронд байгаа биднийг ч бас Бурхан урамшуулж байгаа биш үү? Өнөөдөр олон хоньчид идэвхгүй, сул дорой байгаа нь хүсэл найдвар нь шоронд байгаа юм шиг, үхсэн юм шиг байдалтай байгаатай холбоотой юм. Паул хоёр жил шоронд хоригдохдоо Ромд очно гэсэн хүсэл найдвараар амьдарч, тэр л зүйл нь Паулыг хүсэл найдвартай болгож байсан. Хүний хүсэл найдвар нь гаднах зүйлээс хамаардаггүй ажээ. Хэр зэрэг оюутан залуусыг хайрлаж байна, хэр зэрэг тэдэнд сайн мэдээг хүргэхийг хүсэж байна вэ гэдгээс хамаарах болно. Бурхан биднийг хэр зэрэг хайрлаж, бидэнд хэр зэрэг хүсэл найдвар тавьж байна вэ гэдгээс хамаарах болно. Бурхан биднийг Монголын оюутан залуусын төлөө онцгойлон сонгон дуудсан билээ. Тэр бидэнд онцгой хүсэл найдвар тавьж, Тэр бидэнд онцгойлон үүрэг өгсөн юм. Тэрнээс биш оюутан залуусын Есүсийг сонсохгүй байдлаас үл хамаарна. Бурханы ажлыг хийж, Бурханд үйлчилж байгаа хоньчдод тодорхой хэмжээгээр хавчлага, үл ойлголцол бас ирийг мохоох үг энд тэндээс ирдэг. Амьхандаа хэр чадлаараа үйлчилж, Эзэний ажлыг хийж байхад урамшууллын биш унагаах үг ирвэл бидэнд ямар олигтой байх билээ. Тиймээс л Эзэн бидэнд “Зоригтой бай” гэж хэлж байгаа биш үү? Энэ үгийг зүрхэндээ сийлцгээе. Тэгээд хэрэг болох үед нь санацгаая. Зарим хүмүүс хэрэггүй үедээ зориг гаргадаг. Хулгай хийх үедээ, хүн дээрэлхэх үедээ, хичээл хуулах үедээ, автобусанд хууль бусаар зорчих үедээ, худлаа ярих үедээ гэх зэрэг. Тэгвэл бид ямар үед зориггүй болдог вэ? Ирээдүйн амьдралаа бодвол зориггүй болдог биш үү? Сургуулиа яаж төгсөх вэ? Сайн ажилд яаж орох вэ? Ирээдүйн гэрлэлтэд ч гэсэн санаа зовж байгаа хоньчид олон байгаа. Ажлаа алдах вий гэхээс айдаг. Нийгмээс хоцорч, хоньчны л ажил хийж байгаадаа айдаг. Харин Эзэн биднийг зоригтой байгаарай гэж байгаа нь Эзэний ажлыг хийх үедээ зориг мохож байвал энэ үгийг санаарай гэсэндээ юм. Зоригтой бай, таны ирээдүйн амьдралыг Бурхан мэдэж, хамгийн сайнаар төлөвлөж байгаа. Таны ямар ажилд орох, та хэнтэй гэрлэх, та юу идэж, юу өмсөх, юу уух вэ, хаана амьдрах вэ гэдгийг чинь ч Бурхан мэдэж, зохицуулж байгаа. Тиймээс зоригтой бай. Зоригтой бай, таны амлаж авсан дээд сургууль дээр та итгэлийн өвөг дээдэс босгох болно. Зоригтой бай, танай жижиг групп амлаж авсан дээд сургууль дээрээ салбар цуглаан байгуулах болно. Болдоо хоньчин зоригтой бай, энэ жилийн гуйлтын сэдвийн дагуу та салбар цуглаан байгуулах болно. Зоригтой бай, та гэрийнхэндээ, ангийнхандаа, бас уулзсан оюутан залуус болгондоо Эзэний сайн мэдээг гэрчилж, тэднийг Христийн дагалдагч болгох болно. Зоригтой бай, таныг сайн мэдээг дэлгэрүүлээд явж байхад хэн ч танд саад болохгүй. Саад болсон ч Бурхан таныг хамгаалж, хамгийн сайнаар удирдах болно. Одоо бүгдээрээ 12-13-р зүйлүүдийг хараарай. “Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав. Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ.” Бурханы “Зоригтой бай, чи Намайг Ромд гэрчлэх болно” гэсэн амлалт, урамшууллын үг ирсний маргааш иудейчүүдийн бузар үйл ажиллагаа идэвхжив. Угаасаа сайн мэдээ дэлгэрүүлье гэсэн хүсэл байхад эсрэг үйл ажиллагаа идэвхжих нь тодорхой юм. Сатаны ийм үйл ажиллагаа сайн мэдээг тунхаглана гэсэн дүрэлзсэн гал дээр ус асгаж байгаа юм шиг л санагддаг. Иудейчүүд ямар нэгэн зорилго тавьбал ийнхүү андгайлах нь элбэг бөгөөд тухайн зорилгоо биелэгдтэл идэж уудаггүй байсан ажээ. Гэхдээ үнэхээр биелэгдэх боломжгүй гэвэл энэ андгайг цуцалж болдог байсан. Сатаны нэг чанар нь цуцашгүй чанар юм. Тэр итгэгчдийг унагаахын тулд цуцалтгүйгээр тэмцдэг бөгөөд итгэлээр унах хүртэл нь, дуудлагаа мартах хүртэл нь, Бурханы зарлигийг дуулгавартай дагахгүй болох хүртэл нь үйл ажиллагаагаа явуулдаг. Сатаны гар хөл болсон гаж буруу урсгалуудыг харвал тэд үнэхээр цуцашгүйгээр итгэгчид уруу дайрч, итгэгчдээс олон хүнийг урвуулдаг. Тэгвэл бид, Монголын христитгэгчид бид, Монголын оюутан залуусын хоньчид бид ч бас цуцашгүйгээр амьдрах цаг нь болсон. Та библи уншихдаа ядарч байна уу? Та өдөр бүрийн хоол идэхдээ ядарч байна уу? Та фишин хийж, нэг хоньтой болох юмсан гэж бодож, хичээдэг ч ялагдаж байна уу? Та өөрийн гэмийн эсрэг хийж байгаа тэмцэлдээ ялагдаж, хүчгүй болж байна уу? Тэгвэл бид яагаад иудейчүүдийн заншлыг сайнаар ашиглаж болохгүй гэж? Жишээ нь: Би өнөөдөр библиэс арван бүлэг унших хүртлээ идэж, уухгүй. Би өнөөдөр гэрийн даалгавраа хийх хүртлээ идэж уухгүй, би тэр хоньчныг уучлах хүртлээ махан хоол идэхгүй, би фишин хийж, нэг хоньтой болтлоо кофе уухгүй. Сэтгэгдэл бичиж хоньдын цуглаан дээр хуваалцах хүртлээ бусадтай ярьж, цагийг дэмий өнгөрөөхгүй, шавийн хичээл хийж, хоньчин болох хүртлээ өдөрт нэг хоньтой уулзаж, хоньчин болоод өдөрт таван хоньтой уулзана. Энэ мэтээр бидэнд андгайлаад хийх зүйлс маш их байдаг. Энэ бол монголчууд бидэнд таарсан маш сайхан зүйл гэж бодож байна. Аливаа зүйлийг хойшлуулж, амар тайван амьдралаар амьдарсаар байгаад сурсан бид ийм байдлаар Бурханы ажлыг хийж, өөрсдийн хичээл номыг хийхэд ч болохгүй гэж зүйлгүй юм. Энэ долоо хоногоос надад ч бас хэрэгжүүлэх зүйлс, хийх ажил их байгаа учир энэ андгайг хэрэгжүүлнэ гэсэн зорилготой байгаа. Гэхдээ андгайлж байна гээд нэг л өдөр өлсгөлөн зарласан хүн шиг байж болохгүй. Яг өөрсдийн хийж чадах мөртлөө хийж чадахгүй байгаа зүйл дээрээ ийнхүү андгайлбал болох юм. Мэдээж бид ийнхүү андгайлбал бид залбирлаараа хийхээс өөр аргагүй. Бид зорилгоо биелүүлэх хүртэл шантрахгүй байхын төлөө, энэ хугацаанд сүнсээр хүчтэй амьдарч илүү олон зүйл сурахын төлөө залбирах хэрэгтэй. Хэрэв залбиралгүйгээр ийм зүйл андгайлбал тэр нь хоосон болох болно. Иудейчүүдийн хуйвалдааныг мэдсэн мянгатын дарга Паулыг Кайсар уруу илгээхээр болжээ. Хэрэв мянгатын даргын мэдэлд байж байгаад Паул үхвэл мянгатын дарга Ромын иргэнийг сайн харгалзаж чадаагүй гэдэг үндэслэлээр шийтгүүлэх байлаа. Үүнийг мэдсэн мянгатын дарга Паулыг Кайсар уруу явуулж, хариуцлагаас зайлсхийв. Явуулах явуулахдаа 470 цэргээр хамгаалуулж явуулсан. Дөчин хүн заналхийлэхэд дөрвөн зуун далан хүн хамгаалж байна. Эзэний зарц нарыг дайснаас нь арав дахин их хамгаалалт дагалдаж байдаг гэдгийг эндээс харж болно. Бурханд алдар нь байх болтугай. Өнөө үеийн ерөнхийлөгчөөс ч илүү хамгаалалттай явж байна. Таныг ч бас хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дүгнэлт: Урам зориггүй болох нь хэвийн үзэгдэл юм. Итгэгч болсон гээд бид ямар ч үед хүчтэй амьдарч, ямар ч үед ялалттай амьдардаг ч юм биш. Харин Эзэн бол бидэнд хүч чадал өгөгч билээ. Тэр биднийг урамшуулан зоригжуулагч Нэгэн билээ. Бид хүч алдсан ч очих Нэгэнтэй. Бид зориггүй болсон ч зориг өгөгч Нэгэнтэй. Бид урам хугарсан ч Урамшуулагч Эзэнтэй. Учир нь Есүс энэ дэлхийг ялсан юм. Тэр бол Ертөнцийн Эзэн, Тэр бол хайрын Эзэн юм. Бүх алдрыг Түүнд л өргөцгөөе. Зоригтой урагшилж, Монголын оюутан залуусыг байлдан дагуулцгаая. Зоригтой бай, та Есүсийг оюутан залууст гэрчлэх болно. Амен. |
| < Өмнөх | Дараах > |
|---|
| Холбоо барих |
| Христчин вэб сайтууд |
| Их Дээд Сургуулиуд |
| Гишүүн болох заавар |
| Оюутан танд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл |
| Өнөөдөр: | 38 |
| Энэ сард: | 1099 |
| Нийтдээ: | 119433 |