Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Зарлиг arrow 2010 он arrow 2010 оны Үйлс 17-р зарлиг (02.21) Б.Баярмагнай
2010 оны Үйлс 17-р зарлиг (02.21) Б.Баярмагнай PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 02 сарын 22
САЙН МЭДЭЭНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭД БЭЛЭН ПАУЛ
Үйлс 21-22-р бүлэг
Чухал зүйл: 21:13
“Тэгтэл Паул -Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.”
Хүмүүс бидэнд байдаг чанаруудын нэг нь амар хялбар замаар явах хүсэл юм. Аль болох өөрт ашигтай, хэмнэж болох, зовлон багатай, болж өгвөл ажил хийхгүй ам тосдох замуудыг сонгож байдаг. Харин өнөөдрийн зарлиг нь Паул юу ч болж байсан гэсэн хүлүүлэх ба үхлээс үл эмээн явж байгаа тухай юм. Тэр дуртайдаа зовлонгийн замыг сонгоогүй. Тэр нэр алдарт дуртай учраас зовлонгийн замыг сонгосонгүй. Харин тэрээр зөвхөн Бурханы хаанчлалын төлөө зовлонгийн замыг сонгожээ.

3-р зүйлийг үзээрэй. “Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа.” Паул сайн мэдээний аялалаа үргэлжлүүлж газар бүрд явсаар эцэст нь Тир хэмээх газар ирэв. Паул болон түүний нөхөд тэнд шавь нартай хамт долоо хоног байлаа. Тэдгээр хоногуудад шавь нар Паулыг Иерусалим уруу очиж болохгүй гэж Сүнсээр заавар авснаа хэлжээ. Тэнд байхдаа Паул болон шавь нар маш сайн нөхөрлөсөн бөгөөд Паулыг шавь нар эхнэр хүүхдүүдтэйгээ усан онгоцонд суух хүртэл нь үдэж өгөв. Дараа нь тэд Птолем, мөн Кайсарт ирэв. Кайсарт сайн мэдээ дэлгэрүүлэгч Филипп амьдардаг ба Паулыг найрсгаар хүлээн авч дайлж, цайлж, хүндэтгэн хүлээж авлаа. Филипп бол сайн мэдээгээр Самари хавийн нутгуудыг хуйлруулж байсан хүн юм. Мөн тэрээр Етиопын тайган амбанд сайн мэдээ ярьж, баптисм хүртээсэн алдартай хүн. Харин одоо тэрээр гэр бүлтэй болж дөрвөн ч охинтой болсон байв. Филиппийн охид бүгд эш үзүүлэгч нар ажээ. Үеийн охид нь өдөржин дэлгүүр хэсэж, моод хөөж, найз залуучуудын тухай ярьж байхад Филиппийн охид библи сурч, Бурханд хандан залбирч, бас Бурханаас илчлэлт хүлээн сүнслэгээр амьдарч байлаа. Тэд бас дэлхийн сайн мэдээний төлөө залбирч байсан.
11-р зүйлийг үзээрэй. “Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд -Ариун Сүнс надад "Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана" гэж айлдаж байна гэв.” Филиппийнд байхад зөнч Агаб ирээд Паулыг Иерусалимд очиж болохгүй гэж зөгнөв. Агаб бол Иерусалимд болох өлсгөлөнг зөв зөгнөсөн эш үзүүлэгч юм. Агабын бодитоор үзүүлсэн зөгнөл хүн бүрийг айдаст автуулж, Паулыг битгий яваач хэмээн гуйцгаасан. Тэр Иерусалимд очвол баривчлагдана, цаашлаад үхэж ч магадгүй гэсэн айдас хүн бүрд бий болжээ.
Паул Ариун Сүнснээс зөрүүдлээд байгаа юм шиг хандлагыг бүр хоёр ч удаа гаргаад байгаа юм шиг харагдаж байна. Ариун Сүнс хоёр ч удаа Паулд зөнчдөөр дамжуулан хэлж байгаа нь Паулыг тийшээ битгий яваарай гэдэг утгаар биш харин Паулын итгэлийг шалгаж байгаа хэрэг юм. Зовлон бэрхшээл гэдэг бол зүгээр нэг онол биш юм. Энэ бол амьдралд бодитоор тулгардаг зүйлс. Паулд Ариун Сүнс ийм илчлэлтүүд өгсөн нь “Чи амийн замаар тууштай явж чадах уу” гэж асууж байгаа юм. Мөн сайн мэдээний ажилтан, хоньчны замд иймэрхүү бэрхшээл, хүлээс байгаа учир сэтгэлээ сайн бэлдээрэй гэсэн үг юм.
Зөнч Агабын зөн болон тэнд байгаа хүмүүсийн хандлагад хариулсан Паулын хариулт юу байсан бэ?
Бүгдээрээ 13-р зүйлийг хамт уншицгаая. “Тэгтэл Паул -Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.” Бид эндээс дараах хоёр зүйлийг сурч болно.
1-рт, Паул Есүсийн агуу захирамжид дуулгавартай байгаа хэрэг юм. Есүс Матай 28:19-20-д “Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүхнийг биелүүлэхийг тэдэнд заа…” Паул уг зарлигийн дагуу дуулгавартайгаар явж байна. Паулын зүрх сэтгэл сайн мэдээний төлөө шатаж байгааг бид харж болно. Бүр хоёр ч удаа Иерусалим уруу явж болохгүй гэж эш үзүүллэг ирж байхад Паул түүнийг үл тоомсорлон Иерусалим уруу зүтгэсээр л байна. Паул Иерусалимд очих дуртайдаа биш харин сайн мэдээг тийм хэмжээгээрээ хайрлаж, сайн мэдээ хүрээгүй хүмүүст уулзах хүсэлтэй байгаадаа ийнхүү зөрүүдэлж байна.
Сайн мэдээний төлөө бидний зүрх сэтгэл хэр зэрэг шатаж, цохилж байна вэ? Ялангуяа Монгол болоод дэлхийн оюутан залуусын сайн мэдээний төлөө өдөр бүр цохилж, өдөр бүр залбирч бас өдөр бүр нэг оюутанд ч гэсэн сайн мэдээг ярьж чадаж байна уу? Бидний зүрх сэтгэл юунд илүү цохилж байна вэ? Юунд илүү сэтгэл хөдөлж байна вэ? Гаитид болсон газар хөдлөлтийн тухай мэдээ уншаад миний сэтгэл маш их урагдсан. Тэнд бараг хоёр зуун мянган хүн нас барж, нийслэл хот дахь ихэнх барилга байгууламж нь нурсан байсан. Гаити уруу улс үндэстнүүдийн зүрх сэтгэл хандаж, бас хандив тусламжийн цуваа хөвөрч НҮБ л гэхэд 1.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Цагаан сарын өмнө хөдөө орон нутгуудад болж байгаа цас зудыг хараад малчдыг ихээхэн өрөвдөж, бидний сэтгэл урагдсан. Бид ер нь бодит ертөнцөд амьдарч, бодит ертөнцийн зүйлийг харж сэтгэл хөдлөх, уйлах, инээх зэрэг үйлдэл хийдэг болжээ. Гэтэл үнэндээ бид нэг оюутны сүнс үхэж байгааг харах хараатай байх хэрэгтэй юм. Бодитоор тэд үхэж байна гэвэл бид одоо байгаагаасаа илүүгээр зүтгэх байх аа. 103 дуудаж, анхны тусламж үзүүлж, аврах гэж хичээх байсан. Тэгвэл сүнсийг аврах 103 нь библи юм. Паулд яг л тийм нүд байсан. Дайнд үхэж байгаа нэгнийг аврахаасаа илүүгээр сүнсээр үхэж байгаа нэгэнд сайн мэдээг дэлгэрүүлж, аварна гэсэн хүсэлтэй байсан. Өнөөдөр Монголд ийм л хоньчид хэрэгтэй байна. Хоньдыг сүнсний хараагаар харж, тэдэнд сайн мэдээг тунхаглаж аварна гэж хардаг, тэднийг хайрладаг хоньчид хэрэгтэй байна. Паул шиг хоньчин болцгооё.

2-рт, Паул Эзэн Есүсийн нэрийн төлөө юу ч хийхэд бэлэн байгааг харж болно. Хүлүүлэхэд ч бэлэн, үхэхэд ч бэлэн. Түүний амь хамгийн нандин учир тэр нандин амиа нандин зүйлд л зориулах зорилготой байна. Бид амьдралдаа шийдвэрүүдийг алхам тутамдаа гаргаж байдаг. Гэхдээ бидний амьдралын хамгийн чухал шийдвэр бол Есүсийн төлөө амьдрах юм. Мэдээж энэ шийдвэрийг гаргахад хэцүү ч гэсэн харин ийм шийдвэртэйгээр амьдрах үед Бурхан биднийг гайхамшигтайгаар ивээх болно. Бидний шийдвэрийг Бурхан хүлээн авч Өөрийн ажилдаа нандинаар хэрэглэх болно. Бидний амьдрал энэ дэлхийн устаж үгүй болох зүйлсийн төлөө биш харин хамгийн нандин зүйл болох сайн мэдээний төлөө, хаадын Хаан, эздийн Эзэн болох Есүсийн төлөө зориулагдана гэвэл хичнээн үнэ цэнэтэй амьдрал болох вэ? Өнөөдөр олон залуучууд мэдлэгийн төлөө үхэхээс ч буцахгүй байна. Нэр алдрын төлөө олон хүмүүс үхэхээс ч буцахгүй байна. Монгол дээл, хөөмийний төлөө хүмүүс үхэхээс ч буцахгүй байна. Хүүхдүүдийнхээ төлөө, ажлынхаа төлөө үхэхээс ч буцахгүй байна. Газар шороо, нутаг усныхаа төлөө хүн бүрийн зүрх цохилж, хайрлаж байдаг. Яг одоо Канадад Өвлийн олимп үргэлжилж байна. Алтан медалийн төлөө амиа ч зориулахад бэлэн байна. Оросын уран гулгагч Евгений Плющенко мөнгөн медаль авахад Орос орон даяараа гашуудал зарлах нь холгүй, бас өөрөө ч сэтгэл дундуур байгаа бололтой. Хүмүүс үнэхээр устаж үгүй болох зүйлсийн төлөө үхэхээс ч буцахгүй, бүх зүйлээ зориулахаас ч буцахгүй амьдарч байна. Хүмүүс устаж үгүй болох титмийн төлөө зовлонг маш тэвчээртэйгээр хайрлаж байна.
Интернет хөгжсөн өнөө үед хүмүүс аливаа зүйлийг кино зохиомжоор илэрхийлэх болсон байна. Black hole буюу Хар нүх гээд зохиомж байдаг. Тэрэн дээр мөнгөний шуналаасаа болж сэйфэнд цоожлогдож байгаа хөөрхий залуугийн тухай гардаг. Хүмүүс яг л тэр залуу шиг амьдардаг. Хүсэн хүлээж, тэмүүлж байгаа зүйлдээ цоожлогдож, эцэст нь боол нь болдог хүмүүс маш их бий. Түүнээсээ болоод сэтгэлээр унах, хямрах, эцэст нь амиа хүртэл хорлодог.
Харин бидний амьдрал мөнхийн, үүрдийн, бас гайхамшигт Эзэний төлөө байгаа учраас хамгийн утга учиртай амьдрал болох болно. Эзэн Есүсийн төлөө амьдарцгаая. Мөнхийн Эзэнийг алдаршуулахын төлөө, энэ дэлхийн хамгийн сайхан мэдээг бусдад дэлгэрүүлэхийн төлөө явж байгаа юм чинь хүлүүлэх, хавчигдах нь юу ч биш байх нь ойлгомжтой. Эзэн Өөрийнх нь төлөө амиа зориулсан олон итгэгчдийг ажилдаа хэрэглэсэн юм.
Ийнхүү элч Паулыг хэн ч зогсоож чадаагүй. Бүгдээрээ 17-р зүйлийг үзээрэй. “Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа.” Иерусалимд ирсэн Паул болон түүний нөхдийг Иерусалим чуулганыхан баяртайгаар хүлээн авч дараа өдөр нь сайн мэдээний аялалын тайланг сонсож, харь үндэстнүүдийн дунд Бурхан хэрхэн ажилласан бэ гэдгийг Паул гэрчилсэн. Паул өнгөрсөн арван жилийн хугацаанд сайн мэдээний гурван ч аялал хийжээ. Тэр аялалын хүрээнд амссан зовлонгоо биш харин ч өөрөөр нь дамжуулан Бурхан хэрхэн ажилласан бэ гэдгийг гэрчилжээ. Түүнийг сонссон Иерусалим чуулганыхан Бурханд алдрыг өргөж, эсрэгээр Иерусалимд Паулыг итгэсэн иудейчүүдийн буруу ойлголтоос болж янз бүрийн зүйл хүлээж байгааг хэлсэн. Хэдийгээр иудейчүүд итгэсэн ч гэсэн хуульд зүтгэдэг хэвээрээ бөгөөд Паулыг харь үндэстнүүдэд Мосегийн хуулийг зааж болохгүй гэж хэлдэг гэсэн ойлголттой байсан.
Паул Иерусалимын ахлагчдын зөвлөснөөр Назирын тангараг өргөсөн боловч тангаргаа зөрчиж, үсээ хусуулсан хэдэн хүнтэй хамт сүмд өргөл өргөхөөр оржээ. Тэр өдрөөс хойш бараг долоо хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад Паулыг буруугаар ойлгосон ойлголтынхоо үндсэн дээр баривчлах үйл ажиллагаа явуулав. Түүгээр ч барахгүй алахыг завджээ. Энэ үймээнийг Иерусалимд байсан Ромын мянгатын дарга зогсоож, болиулав. Уг нь Паулын зорилго нь Иерусалимд байгаа иудей ах дүү нартаа сайн мэдээг тунхаглаж, тэдэнд тавьсан Бурханы хүсэл найдварыг сануулах зорилготой байсан. Бурхан Израилийг хууль ёсыг сахиулахын тулд биш харин ч бусад улс үндэстнүүдэд гэрэл ба давс, Бурханы ерөөлийн үндэс болох хүсэл найдвар өгсөн юм. Харамсалтай нь тэд энэхүү агуу хүсэл найдварыг орхиж, зөвхөн хууль дүрэм сахьдаг ард түмэн л болжээ. Өөрсдийн бахархдаг зүйлсийн хойноос хэтэрхий их хөөцөлдөж, сүм, Мосегийн хууль бас бусад улсаас илүү ариун ард  түмэн байх ёстой гэсэн явцуу үзлээр амьдарч байсан. Тэдэнд энэ дэлхийг, харь үндэстнүүдийг багтаах орон зай байсангүй. Тийм учир тэд Паулыг буруугаар ойлгож, түүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Паул яг л гэмт хэрэгтэн шиг баригджээ. Эндээс бид дараах хоёр зүйлийг харж болно.
1-рт, Паулын тухай Ариун Сүнсээр зөгнөгдсөн Агабын зөгнөл биелэгдэж байна. Тэгсэн ч гэсэн Паул хэлсэн ёсоороо хүлүүлэхэд бэлэн байсан бөгөөд өөрийг нь буруугаар ойлгож байгаа ард түмэндээ сайн мэдээг тунхаглаж байна. Хэн ч гэсэн буруугаар ойлгогдох үе гарвал хэцүү байх нь тодорхой. Ялангуяа өөрийн ард түмэндээ, оюутан залуусдаа мөнхийн амийн сайн мэдээг тунхаглаж байхад “Хол очиж баа, хонхорт очиж шээ” гэвэл ямар санагдах вэ? Бурханы гайхалтай хайрыг мэдэрсэн хүмүүс оюутнуудад буруугаар ойлгогдоод, харийн шашныхан гээд дуудуулаад явбал ямар санагдах вэ? Магадгүй бид үеийн төгсгөл хүртэл буруугаар ойлгогдсоор л байх болно. Тэгсэн ч гэсэн бид энэ байдалд дасах хэрэгтэй. Бид энэ байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Биднийг хавчсаар, доромжилсоор, гутаасаар бас үзэн ядсаар байх болно. Бид зөвийн замаар явж байгаа гэдэг нь амар замаар, шулуун замаар явж байна гэсэн үг биш. Илүү бэрхшээлтэй, загалмай ихтэй замаар явж байна.
2-рт, Израильчууд Бурханы тавьсан тахилч улс, ариун ард түмэн гэсэн хүсэл найдварыг мартсан шиг бид ч бас мартаж болохгүй юм. Тэд өөрсдөд нь тавьсан Бурханы агуу хүсэл найдварыг мартаж зөвхөн гаднах хэлбэрээр нь сахьсан. Тэгвэл бид яах вэ? Зөвхөн гаднаа л сайхан залуучууд, итгэгч нэр, хоньчин нэр зүүж явах уу? Бид хоньчин гэж дуудуулахдаа баярлаад л гаднах үйлс маань, үг хэллэг маань хоньчны биш дэлхийн хүн шиг явах уу? Бурханы хаанчлалын төлөө гэрлэнэ, Бурханыг алдаршуулах гэж амьдарна, ингэснээр Монгол улс тахилч улс, ариун ард түмэн болно гэсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр амьдрах цаг болсон. Бидэнд тавьсан Бурханы хүсэл найдварыг умартах биш харин ч үргэлж санаж, тэрхүү хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдрахын төлөө хичээцгээе. Тэгэхгүй бол хатуухан үг хэлсэн хоньчинтойгоо санал зөрөлдөж, яг л иудейчүүд шиг зөрүүд зан гаргаж, эцэстээ сэтгэл зүрхэндээ хоньчныгоо баривчлан хорих болно. Буруутган явах болно. Бурханы хүсэл найдварыг сануулдаг хүмүүсийг хавчин, хяхах болно.
Бурхан Монгол улсыг тахилч улс, ариун ард түмэн болгохыг үнэхээр хүсэж байгаа. Египетээс гарсан нь 19:5-6-д “Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно” гэсэн. Бурханы дуу хоолойг дуулгавартай дагадаг хоньчид, Бурханы хүслийн дагуу бүх амьдралаа удирдуулдаг хоньчид, Бурханыг болон хоньдыг бүх зүрхээрээ хайрладаг хоньчидтой байхад Монгол улс тахилч улс, ариун ард түмэн болох нь дамжиггүй.

Дүгнэлт: Паулын сайн мэдээний төлөө хүлүүлэх нь байтугай үхэхэд ч бэлэн байна гэсэн шийдвэр нь загалмайд цовдлогдохоо мэдэж байгаа боловч тууштайгаар Иерусалимыг зорьсон Есүсийг өөрийн эрхгүй санагдуулж байна. Паул өөрийгөө сайн мэдээний төлөө зориулахад шийдэх үед Бурхан түүгээр дамжуулан гайхамшигт ажлыг хийж, бас түүнийг маш гайхамшигтайгаар ивээсэн. Түүгээр дамжуулан олон чуулгануудыг байгуулж, олон харь үндэстнүүдэд сайн мэдээг сонсгосон.
Бид юу хийхэд бэлэн байгаа вэ? Бэлэн байна гэдэг нь шийдсэн гэсэн утгатай юм. Тахилч улс, ариун ард түмэн болоход зүрх сэтгэл, амь амьдралаа зориулна гэж шийдсэн үү? Бид нэг хонинд ч гэсэн сайн мэдээг тунхаглана гэж шийдсэн үү? Бид Бурханы бидэнд өгсөн их дээд сургуулиудыг сайн мэдээгээр байлдан дагуулна гэж шийдсэн үү? Миний амьдрал сайн мэдээ байх болно гэж шийдсэн үү? Би итгэлийн гэр бүл байгуулж, Бурханд өөрийн гэр бүлээ зориулна гэж шийдсэн үү? Бид нар ингэж шийдэх үед Бурхан Монголын оюутан залуучуудын дунд гайхамшгийг хийх болно. Монголыг өөрчилж, дэлхийн гэрэл, давс болгох болно. Монголын оюутнуудын дунд гайхамшгийг үйлдэж, Монголын ирээдүйг өөрчлөх болно. Энэ бүхэн бидний шийдвэрээс, шийдвэртээ үнэнч сэтгэлээс, золиос гаргадаг үйлсээс л шалтгаална. Эзэн ивээх болтугай! Амен!
Сэтгэгдэл нэмэхadd feed
 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:34
Энэ сард:1095
Нийтдээ:119429

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.