Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Зарлиг arrow 2010 он arrow 2010 оны Үйлс 15-р зарлиг(01.31) Б.Баярмагнай
2010 оны Үйлс 15-р зарлиг(01.31) Б.Баярмагнай PDF Хэвлэх И-мэйл
Даваа, 2010 оны 02 сарын 01
ЭЗЭНИЙ ҮГ ҮЛЭМЖ ХҮЧТЭЙГЭЭР
Үйлс 19:8-41
Чухал зүйл: 19:20
“Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.”

Өнөөгийн нийгэмд бусдад өгөхөөсөө илүүгээр бусдаас авах сэтгэлгээтэй хүмүүс олширчээ. Энэ нь нийгмийн байдал, ядуурлын түвшин зэргээс хамааралтай байх. Тэгвэл ийм байдалд итгэгчид бид ч гэсэн автахад амархан юм. Харин өнөөдрийн зарлигт Паул Бурханы зарлигийг бүх хүмүүст хүргэнэ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн байгааг харж болно. Бурханы зарлиггүй байгаа хүмүүст өгнө гэсэн түүний зүрх сэтгэлээс сайн сурч чадахын төлөө залбирч байна.

1. Сүнсний хувьсгал(8-20)
Бүгдээрээ 8-р зүйлийг үзээрэй. “Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв.” Паул Ефест гурван сарын турш Бурханы хаанчлалын тухай зарлиг заажээ. Түүний энэ байдлаас бид зоригтойгоор зарлиг зааж байгааг нь харж болно. Өмнөх зарлиг дээр тэр айж, эмээж байсан бол одоо тэрээр зоригтой, ятгаж сургамжилж байна. Учир нь тэр Бурханы  зарлигаар зориг орсон юм.
Хүмүүс янз бүрийн байдалд орвол зориггүй болдог. Аймшигтай зүйл харвал зориггүй болдог. Хүмүүст загнуулбал зориггүй болдог. Шалгалтандаа унавал зориггүй болдог. Мөнгөгүй болбол зориггүй болдог. Зарим хүмүүс зориг орох гэж согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэг биш үү? Гэвч дараа нь хулхи нь бууж, хэн ч биш болсон байдаг. Зарим нь өөрийгөө зоригжуулах гэж элдэв янзын ном, сонин уншдаг. Өөрөө өөрийгөө зоригжуулдаг хүмүүс ч байдаг. Тийм ээ, хүн хүний зоригждог арга өөр өөр байх. Бид ч бас зоригтой болох ёстой биш үү? Гэхдээ Бурханы үгээр зоригтой болох хэрэгтэй юм. Итгэгч бидний зоригжих цорын ганц арга бол Бурханы үг болон Бурханы үгээр ярьж байгаа хүмүүс билээ. Тийм ээ, зориггүй байгаа хүмүүс нь Бурханы үгээр зоригжиж, Эзэний ажлыг хийцгээе.
Паул бас Бурханы хаанчлалын талаар зарлиг заажээ. Бидний библийн хичээлийн сэдэв ч гэсэн Бурханы хаанчлалын тухай байх хэрэгтэй юм. Библид олон сэдэв байдаг. Гэм, үхэл, Бурханы хаанчлал, гэмшил, Есүс Христ гээд л. Бие биенээ Христийн хайраар хайрлаж, хүндэтгэх тухай ч байдаг. Гэхдээ хамгийн гол сэдэв нь Бурханы хаанчлал юм. Бид Бурханы хаанчлалыг заахгүй, тунхаглахгүй бол сайн мэдээний утга учир алдагдах болно. Бурханы хаанчлалын хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхгүй бол бидний хийж байгаа хоньчны ажил утгагүй байх болно.
Тэр хотод заасан Паулын зарлиг нь маш их нөлөө үзүүлж, тэрээр уг хотод алдаршжээ. Тэгвэл тэр дараах гурван байдлаар нөлөө үзүүлжээ.
1-рт, Паулыг эсэргүүцэх хүмүүс одоо хүртэл байсан боловч мэргэн ухаанаар асуудлыг шийдэж байна. Зарим нь Есүсийн замыг муучлан, зөрүүдэлсээр байгааг харж болно. Харин тэр үед Паул урьдных шигээ шантарсангүй. Асуудлыг мэргэн ухаанаар шийдсэн. Тэгээд Бурханы үгэнд дуртай хүмүүсийг аваад Туранны Их Сургууль дээр очин библийн хичээлийг тусгайлан хийж байна. Туранны сургууль нь уг нь тийм ч алдартай биш байлаа. Харин Паул тэнд библийн хичээл хийснээс болж өнөөдөр олон газар Туранны сургууль гэсэн библийн сургуулийг байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Паул библи сурах хүсэлтэй дагалдагч нараа аваад өөр орчинд тэдэнтэй библийн хичээл хийжээ.
Иеремиа 29:13-т “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” гэж амласан. Тэр амлалтын дагуу Паулын библийн хичээлд суусан сүнсний хүсэлтэй хүмүүс маш олон зүйлийг сурсан байх аа. Түүгээр ч барахгүй Паулын ярьж байгаа сайн мэдээг Азид суурьшсан бүх иудей, грекчүүд сонсжээ.
Бурхан бол мэргэн ухаан өгөгч юм. Тэр Өөрийнх нь ажлыг хийхийг хүсэж байгаа хүмүүсийг мэргэн ухаанаар хангагч юм. Бас мэргэн ухаантай болохыг хүсч байгаа хүмүүст мэргэн ухааныг өгдөг. Иаков 1:5-д “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.” Өнөө үед хүмүүс мэргэн ухаан дутагдсанаас болж буруу замаар явж байна, эсвэл явах ёстой замаа ч мэдэхгүй байна. Бурханы ажлыг хэрхэн хийхээ ч мэдэхгүй, Бурханд өөрийгөө хэрхэн зориулахаа ч мэдэхгүй байна. Цуглааны дуудлага бол өөрийн дуудлага гэдгийг ч мэдэхгүй байна. Бидний ийм мэргэн ухаан дутмаг байдлаас болж сайн мэдээний ажил саатаж ч болзошгүй юм. Тиймээс ямар ч үед Эзэний өгөх мэргэн ухааныг авахад бэлэн амьдарцгаая.

2-рт, Паулын бүс, алчуур болон Скюгийн долоон хөвгүүний паян. Паулын алчуур бүсэнд нь хүртэл Эзэний хүч чадал шингэжээ. Энэ нь өнөөдрийн зөн билэгчид эсвэл илбэ шид үйлдэгчдийн дэргэд үнэхээр гайхамшигтай үйл явдал юм. Тэд өөрсдийн зөн билэгт итгэж, ТВ-р гарч, алдартай болж байгаа бол бүс, алчуураар нь хүмүүсийг эдгээхэд Паулын ч хэрэг байсангүй.
Энэ хоорондуур Скюгийн долоон хөвгүүн Зөн билгийн тулаанчдын уралдаанд оролцох гэсэн чинь бүтэлгүйтжээ. Сатан тэднийг тэр дор нь таньж, өөрөө зөн билгийн тулааны ялагч болсон.
Скюгийн долоон хөвгүүн онол болон шившлэгээр л чөтгөрүүдийг хөөж болно гэж боджээ. Тэд Паулыг дуурайж, чөтгөрүүдийг хөөхийг оролдсон. Гэхдээ Паул өөрийг нь дуурайгаасай гэж хүсдэг нь үнэн. Харин итгэлийг нь дуурайгаасай гэж хүсдэг. Зүгээр л нэг гаднах байдал, эсвэл хийж байгаа зүйлийг нь биш харин итгэлийг нь дуурайгаасай гэж хүсдэг. Энэ тухай ч 1Коринт номууд дээр хангалттай бичигджээ.

3-рт, сүнсний хувьсгал гэж болохоор үйл явдал болсон. Одоо 18-20-р зүйлүүдийг үзээрэй. “Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.” Ид шид үйлддэг хүмүүс өнөөг хүртэл хэрэглэж байсан үнэт номнуудаа шатаажээ. Тэр номнууд нь юуны тухай байсан бол оо? Мэргэ, төлөг, хуурамч шүтээний тайлбар, зурхай зэрэг байсан. Дөрвөн шагай хаяад хоёр ямаа, нэг морь, нэг хонь буувал ийм ийм хувь төөрөгтэй юм байна гэх мэтээр янз бүрийн зүйлсийг агуулсан тухайн үедээ үнэ ихтэй ном байсан. Бусдад олдохгүй, ховор номнууд ч байсан. Энэ нь үнэлбэл тавин мянган мөнгөн зоос буюу нэг хүний 140 жилийн ажлын хөлс, өнөөдрийн амьжиргааны доод түвшингээр л бодоход 108.000*12*140=1.814.400.000 төгрөг болж байна. Тэнд үнэхээр сүнсний сэргэлт, сүнсний хувьсгал гарсан. Гэхдээ Паул тэднийг албадаж, тэдэн уруу буу шийдэм барин очоогүй. Тэднийг сүрдүүлж, тэднийг албадаагүй. Харин тэд өөрсдөө шийдвэр гарган ийнхүү буруу номын бүх зүйлээ шатаан устгажээ.
Хувьсгалын гол утга учир нь өөрчлөлт юм. Нэг зүйлийг нөгөөгөөр нь зуун наян градус өөрчилдөг өөрчлөлт юм. Монголд хувьсгал хоёр удаа гарсан гэж бодвол эхнийх нь 1921 оны Ардын Хувьсгал. Энэ хувьсгалын ойг бид Наадам гэдэг баяраараа тэмдэглэдэг. Сүхбаатар жанжин тэргүүтэй цэргүүд Манжийн дарлалаас чөлөөлжээ. Нөгөөх нь Ардчилсан Хувьсгал бөгөөд Социализмаас Ардчилал уруу тайван замаар шилжсэн. Энэ жил хорин жилийн ойгоо тэмдэглэсэн биш үү? Тэгвэл өнөөдөр өөр нэг хувьсгал гарах цаг нь болсон. Гэхдээ энэ хувьсгал бол хүчээр хийгдэх хувьсгал биш юм. Махан бие ба цусаар хийгдэх хувьсгал биш юм. Харин сүнсний сэргэлтийн хувьсгал юм. Хувьсгал бол өөрчлөлт байдаг бөгөөд үүнийг ямар ч аргаар шийдэж болдог. Харин сүнсний хувьсгал бол дайн байлдаанаар шийдэгддэггүй. Сүнсний хувьсгал бол хүчээр шийдэгдэж, хүн амьтан бэртээж, алж, бас хиймэл шүтээнийг очиж нураах байдлаар хийгддэггүй. Харин сайн мэдээ сонссон хүмүүс өөрсдөө хувьсгал хийдэг юм. Сүнсний хувьсгал бол нийтийг хамарсан ч байдлаар хийгддэг бол хувь хүн дээр ч гэсэн хийгддэг. Ихэвчлэн сүнсний хувьсгал нь хувь хүн дээр явагддаг бөгөөд Есүстэй уулзаад гэм нүглээ хаяхаас эхэлдэг. Эзэний өршөөлөөр амьдарч, Эзэнийг хайрлахаас эхэлдэг. Тэгээд дараа нь өөрийн муу зуршлаа, мөнгийг хайрладаг сэтгэлээ хаяснаар хувьсгал явагддаг. Гэмээ гэмшиж, өршөөл авдаг. Дахин гэм үйлдэхгүй шинэ амьдралаар амьдрах явдал юм. Архинд согтохгүй, хичээлээ хуулахгүй, шоунд явахгүй, тамхи баагиулахгүй, охидыг завхай нүдээр харахгүй, хөвгүүдэд сээтэн хаяхгүй. Харин Бурханы үгээр ам нь дүүрч Бурханыг ам ба амьдралаараа сурталчлан амьдардаг. Энэ бол хувьсгал юм.
2010 онд олон оюутнууд өөрсдийн амьдралдаа хувьсгал хийсэн жил болоосой гэж хүсэж байна. Тэдний сүнсэнд жинхэнэ хувьсгал гарч, өөрчлөлт гарч, тэд зөв хүнээр, зөв бодолтой, зөв хүсэл мөрөөдөлтэй, зөв чиглэлтэй хүмүүсээр өсөөсэй хэмээн хүсэж байна. Өөрсдийн хүссэн зүйлийг амныхаа хэмжээгээр ярьдаг биш харин зөвийг ярьдаг, өөрийн хүссэнээрээ амьдардаг биш Бурханы зөвөөр амьдардаг, зөвийг тунхагладаг хүмүүсээр өсөөсэй хэмээн хүсэж байна.
Тэгвэл яаж сүнсний хувьсгал гаргаж чадах вэ? 20-р зүйлийг бүгдээрээ дахиад нэг харъя. Эзэний үг улам бүр тархаж байсан учраас ийнхүү хувьсгал үргэлжилсээр, хувьсгал гарах үндэс тавигдсан. Бурханы эрх мэдэлтэй, хүч чадалтай, урам зориг өгдөг үгнээс болж хувьсгал гардаг юм.
Еврей 4:12-т ингэж хэлсэн. “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.”
Хувьсгалчид болох хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдарцгаая.

2. Ромд очих ёстой(21-41)
Бүгдээрээ 21-р зүйлийг үзээрэй. “Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, "Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой" гэв.” Эхлээд Паул Иерусалим дараа нь Ромд очих ёстой гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэр Ромыг сайн мэдээгээр байлдан дагуулна гэсэн шийдвэртэй байсан. Энэ бол түүний мөрөөдөл байлаа. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш олон, хэцүү бас аймшигтай гэмээр ч замуудыг туулсан. Эцэст нь Паул Ромд хүрсэн ба түүний энэхүү зорилгоос болж Ромын эзэнт хаан Константин МЭII зуунд Ромын албан ёсны шашин бол Христийн шашин гэж зарласан юм. Гэхдээ Паул өөрийнхөө мөрөөдлийг хараагүй. Тэгсэн ч гэсэн түүнд итгэл байсан. Яг л Абрахам шиг. Бурхан Абрахамын хүүхдүүдийг тэнгэрийн од мэт, далайн эргийн элс мэт олон болгоно гэж амласан ба Абрахам түүнийг харалгүйгээр нас барсан. Түүнтэй адилхан Паулын хүсэл мөрөөдөл амьдад нь биелээгүй ч хожим нь заавал биелжээ.
Өнөөдөр бидний Ром нь хаана байна вэ? Хүмүүсийн хувьд Ромд очно гэвэл нэлээн хэцүү санагдаж байж магадгүй юм. Бидний амлаж авсан Их Дээд Сургуулиуд бол бидний Ромууд юм. Тэгвэл бид Ромд очих болно гэсэн Паулын хүсэл мөрөөдлөөр дүүрэн болцгооё.
Бид ямар хүсэл мөрөөдлөөр дүүрэн байна вэ? Ирээдүйд юунд санаа зовж байна вэ? Олон залуучууд гэрлэлтэд санаа зовж байгаа нь илт байна. Олон гэр бүлүүд хүүхдүүддээ санаа зовж байгаа нь илт байна. Олон оюутнууд ирээдүйн ажилд санаа зовж байгаа нь илт байна. Энэ бол үнэхээр байх л ёстой санаа зовиурууд. Аяндаа амьдралаас гардаг, гарсан, гарах ч санаа зовох зүйлс юм. Та бүхэн өөрсдийн санаа зовж байгаа зүйлсээ нэг жагсаагаад үзээрэй. Хамгийн их санаа зовж байгаа зүйлээсээ хамгийн бага санаа зовж байгаа зүйл хүртлээ. Маш олон байж болох ч хамгийн их санаа зовох зүйл бол бидний Ром юм. Хамгийн их санаа зовох зүйл бол бидний дуудагдсан оюутнуудын аврал, тэдний өөрчлөлт юм. Монголын оюутнууд өөрчлөгдөх үед Бурхан тэднээр дамжуулан Монголыг ерөөж, бас өөрчлөх болно. Тийнхүү Ромд хэрхэн хүрч, Ромыг сайн мэдээгээр байлдан дагуулах талаар санаа тавих үед Бурхан бидний бусад санаа зовируудыг шийдэж өгөх болно. Хүмүүс санаа зовсноороо бүхнийг шийддэг биш харин хүсэл мөрөөдөлтэй, хичээл зүтгэлтэй, зорьсон зорилгодоо, Ромдоо хүрнэ гэсэн итгэлтэй байснаараа асуудлуудыг шийддэг юм.
2020 он гэхэд нийт хүн амын арван хувь нь дагалдагч болж, цаашлаад тахилч улс, ариун ард түмэн болоход бидний Ромд хүрэх болно гэсэн хүсэл мөрөөдөл маш чухал юм.
Одоо 23-р зүйлийг үзээрэй. “Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав.” Паулын нөлөө одоо хүртэл Ефест хэвээрээ л байна. Деметр дархан хүмүүсийг үймээнд уриалж, Паулыг эсэргүүцсэн. Хиймэл шүтээн мэргэ төлөгт нэгэн чанар бий. Иймэрхүү зүйлээр бизнес сайн хийж болдог юм. Тэгээд бизнес нь нурвал Паулыг болон элч нарыг буруутгаж, шүүхэд өгч, шоронд ч оруулдаг. Харин сайн мэдээ бол амийн мэдээ болохоос биш бизнесийн мэдээ биш билээ. Манай чуулганыхан энэхүү амийн мэдээг аваад сургуулиуд болон дэлхий уруу явж чадахын төлөө гуйж байна.

Дүгнэлт: Дэлхийг уг үндсээр нь өөрчилдөг зүйл нь юу вэ? Нийгмийн тогтолцоо, улс төр, улс төрчид биш юм. Хиймэл шүтээнүүд ч дэлхийг өөрчилдөггүй. Харин Бурханы амийн үг болон амийн үгийг агуулж амьдардаг хүмүүс л энэ дэлхийг өөрчилсөн түүх олон бий. Тиймээс бидний хувьд Бурханы амийн үгэнд л анхаарлаа хандуулж, түүнд бат итгэж амьдрахыг хамгийн чухалд тооцоцгооё. Амен.
Сэтгэгдэл нэмэхadd feed
 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:134
Энэ сард:1054
Нийтдээ:119388

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.