Skip to content

www.ubf.mn

Эхлэл arrow Зарлиг arrow 2010 он arrow 2010 оны Үйлс 14-р зарлиг(01.24) Б.Баярмагнай
2010 оны Үйлс 14-р зарлиг(01.24) Б.Баярмагнай PDF Хэвлэх И-мэйл
Лхагва, 2010 оны 01 сарын 27
МИНИЙ ХҮМҮҮС ЭНЭ ХОТОД ОЛОН БИЙ
Үйлс 18:1-19:7
Чухал зүйл: 18:10
“Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.”
Бид хамтран зүтгэгчийг нэлээн чухалд тооцдог. Тэгвэл өнөөдрийн зарлигаар дамжуулан Паулын хамтран зүтгэгчид хэн хэн байсан, хэр зэрэг хамтран зүтгэсэн, Эзэн Паулыг хэрхэн зоригжуулсан талаар сурах болно. Үнэндээ бидний хамгийн сайн хамтран зүтгэгч бол Бурхан юм. Тэр бол мөнхийн хамтран зүтгэгч билээ.

Паул Афинаас Коринт уруу явлаа. Коринт нь боомт хот байсан бөгөөд худалдаа наймаа эргэлддэг, энэ хэрээрээ наймаачид олноороо цуглардаг газар байсан. Коринт хотод харийн шашны сүм байдаг байсан бөгөөд тэнд мянга гаруй эмэгтэй тахилч нар байж, өдөр нь ном судраа уншин, орой нь биеэ үнэлэх үүргийг гүйцэтгэдэг байсан.
Тэнд Паул мэргэжил нэгт Прискила болон Акулын гэр бүлтэй уулзжээ. Тэд адилхан майхан барьж зардаг байсан. Мэргэжил нэгт хүнтэйгээ уулзаад тэд хичнээн их баяртай байсан бол оо? Ер нь мэргэжил нэгтнүүд уулзвал их баярладаг. Хамт уулзаад мэргэжлийн зовлон жаргалаа хуваалцаж, сайхан, муухайгаа хуваалцаж цаашдын зорилго, алсын хараагаа хуваалцаж байсан байх аа. Хамтран хэрхэн ажиллах вэ, зах зээл, маркетинг, борлуулалтын судалгаагаа ч гэсэн гаргасан байх. Гэхдээ мэргэжилтэй гэхээс  илүүгээр сайн мэдээний төлөө амьдрах хүмүүс уулзалдсан нь хамгийн том учир шалтгаан нь байсан. Бурханы сайн мэдээгээр нэгдэж байгаа нь хүмүүсийн хувьд Коринт хотод хэрхэн сайн мэдээг тунхаглах вэ, энэ ажилд майхан хийх үйлчлэлийг хэрхэн сайн менежменттэй авч явах вэ гэдгээ ч ярилцсан.
Одоо 4-р зүйлийг үзээрэй. “Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв.” Паул майхан хийхээс гадна Бурханы сайн мэдээг тунхаглах ажлыг эрчимтэй хийсэн. Үүнийг майхан хийх үйлчлэл гэдэг. Ингэж үйлчлэх нь маш хэцүү юм. Гэхдээ нөгөө талаар баяр хөөртэй үйлчлэл. Өөрөө цалингаа олоод өөртөө зориулахын оронд  цалингаасаа заавал илүү гаргаж хоньдод, Бурханы сайн мэдээний ажилд зориулж байвал хичнээн бахархалтай, баяртай үйл явдал вэ? Уг нь өөрийнхөө цалинг өөртөө л зориулмаар юм. Долоо хоног бүр Өргөө юм уу Тэнгис кинотеатрт кино үзэж, өдөр бүр үнэтэй газруудад хоолонд орж, массаж хийлгэж, махыг өдөр бүр идэж, машинаараа хөдөө гадаа, салхинд гарах гэх мэтээр өөртөө л бүхнийг зориулсан биш юм. Харин ажил хийж олсон ихэнх мөнгөө Бурханы үгийг тунхаглахад зориулжээ. Хүний нүдээр харвал Паулын энэ золиослол нь мулгуу зүйл шиг харагдана. Харин Бурханы нүдээр харвал энэ нь хамгийн сайхан зүйл юм.
Одоо 5-р зүйлийг үзээрэй. “Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.” Харин түүнд туслах гэж хүмүүс ирэхэд Паул өөрийгөө үгийн үйлчлэлд бүрэн зориулжээ. Бурханы зарлигийг тунхаглах, Бурханы үгээр бусдыг урамшуулах ажилд Паул өөрийгөө бүрэн зориулсан. Өдөр бүр өөр дээр нь ирсэн хүмүүст Бурханы зарлигаар үйлчилж, Бурханы үгийг тунхаглах хэрэгцээ тэр газар их байсан учир ийнхүү өөрийгөө бүрэн зориулжээ.
Дээрх хоёр зүйлээс бид хоёр зүйлийг сайн сурч болно. Сайн мэдээний ажлыг бид хоёр аргаар хийж болно. Бид ажиллаад ажлынхаа хажуугаар Эзэний ажлыг хийх нь маш чухал юм. Тиймээс бид тийм хүмүүсийг хүндэтгэн хайрлах хэрэгтэй. Майхан үйлчлэл хийж байгаа хүмүүсийн хувьд хэцүү зүйл их бий. Ар гэртээ үйлчлэх, эхнэр нөхөртөө үйлчлэх, хоолоо хийх, хамаатнууддаа үйлчлэх гэх мэт цагуудаасаа золиослон энэ үйлчлэлийг хийж байгаа нь үнэхээр бахархууштай зүйл биш гэж үү? Өнөөдөр манай хоньчид энэ байдлыг улам их сэргээх цаг нь болсон биш үү гэж бодож байна. Өнөөдөр Бурханы үг бидэнд энэ үйлчлэлийг улам сэргээгээсэй гэдгийг сануулж байгаа биш үү? Яг энэ цагт манай ажилчин хоньчид бүгдээрээ шийдвэр гаргацгаая. Долоо хоногийн гурван өдөрт нь хоньдод үйлчилнэ гэсэн шийдвэр гаргацгаая. Манай хоньчид ийнхүү Паулын зарчмаар амьдарч байгаа нь үнэхээр сайхан харагддаг. Орой ядарч ирээд хоньдын төлөө залбираад, тэдэнтэйгээ библийн хичээл хийж байгаа нь ямар сайхан харагддаг гээч. Бид бүгдээрээ майхан хийх үйлчлэлтэй хүмүүс юм.
Нөгөө нэг үйлчлэл нь бүтэн цагаар үйлчлэх үйлчлэл юм. Бүтэн цагаар үйлчилж байгаа хүмүүс нь Хуучин гэрээнд ч байсан, Шинэ гэрээнд ч байсан. Ийм хүмүүсийн амьдрах зарчим нь чуулган дахь хүмүүсийн өргөсөн аравны нэг болон бусад өргөлүүдээр юм. Тэдний хийдэг зүйл нь чуулганыг зөвөөр удирдан чиглүүлж, илүүгээр үгийн үйлчлэлд анхаарлаа хандуулдаг. Тийм учраас манай чуулган энэ жил хоёр салбар чуулган байгуулахын төлөө залбирч байна.
Заримдаа манай хоньчдын хувьд амралтаараа надтай адилхан бүтэн цагийн ажилтан болж сентад үйлчлэх тохиолдол бага зэрэг байдаг. Үнэхээр өөрийгөө бүрэн зориулах хүмүүс энэ газар хэрэгтэй байгаа. Тийм учраас амралтаа аваад бүтэн цагаар үйлчлэх хүмүүс энэ 2010 онд гараасай гэж хүсэж байна.

6-р зүйлийг үзвэл “Тэд түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд -Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно гэв.” Паулыг эсэргүүцсэн иудей хүмүүс нэлээн гарч ирсэн. Угаасаа сайн мэдээ байгаа газар эсэргүүцэл ч бий, дэмжлэг ч бий. Харин энэ удаа Паулд эсэргүүцэл тулгарсан. Паулд яагаад эсэргүүцэл тулгарсан бэ? Учир нь тэрээр бүтэн цагаар үйлчлээд Эзэний үгийг бүр ч илүү тунхагласан учраас ийнхүү эсэргүүцэх хүмүүс ч гэсэн гарч ирсээр байлаа. Энэ үед Паул хөлөө сэгсрээд иудейчүүд уруу биш харь үндэстнүүд уруу явах шийдвэр гаргажээ. Тэрээр харь үндэстнүүд уруу явах насан туршын дуудлагатай байсан бөгөөд  харь үндэстний олон газруудад Христийн чуулганыг байгуулсан юм.
Харин энэ цаг үед манай чуулганыхан хэр зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна вэ? Бурханы ажлыг хаана ч хийсэн эсэргүүцэл тулгарах болно. Наад зах нь ажил дээрээ ариун байдлыг сахиж, архи уухгүй гэх үед эсэргүүцэл тулгарна. Анги дээрээ бусадтай нийлэхгүй, шоунд явахгүй гэвэл эсэргүүцэлтэй тулгарах болно. Фишин хийх үедээ Библийн цуглаан гээд танилцуулах үед эсэргүүцэлтэй тулгарах болно. Биднийг Бурханы ажлыг хийж, ариунаар амьдаръя гэсэн шийдвэр гаргах болгонд Сатан бидэн уруу эсэргүүцэгч нарыг илгээдэг. Тэд бүр Эзэний ажлыг хийхгүй болтол, эргэлзэх хүртэл бүр чуулганаас холдох хүртэл уруу татаж, бидний зоригийг мохоодог. 2010 он эхэлж байгаа энэ цаг үед бид Паул шиг тэдний өөдөөс хувцсаа сэгсэрдэг хүмүүсээр өсөхийн төлөө хичээцгээе. Галат чуулганыхан Эзэний сайн мэдээнээс маш хурдан салж байсан. Уг нь тэдэнд жинхэнэ сайн мэдээ өгөгдсөн бөгөөд тэдний чуулганд хуурамч багш нар орж ирэн итгэлээс нь холдуулах зүйлсийг ярьжээ. Харин Паул Галат чуулганд бичсэн захидалдаа Есүсийн загалмайнаас “өөр сайн мэдээ” гэдэг зүйл огтхон ч байхгүй тухай дурдсан. Тэгээд хуурамч багш нар хараагдах болно гэдгийг ч хатуу хэлсэн. Бидний амьдарч байгаа энэ цаг үе бол мэдэх мэдэхгүй, сонссон сонсоогүй, жинхэнэ хуурамч нь бараг ялгагдахгүй элдвийн мэдээнүүд уруу таталтаар дүүрэн цаг үе билээ. Тиймээс өөрийгөө болон хоньдоо хуурамч сургаал, уруу таталтаас хамгаалж харин жинхэнэ сайн мэдээгээр л амьдардаг хүмүүс болохын төлөө хичээцгээе.
Ийнхүү Паул дараа нь явж Иустын Тит гэдэг хүний гэрт очиж, улмаар синагогийн тэргүүн Крисп гэгч хүнд болон гэр бүлийнхэнд нь баптисм хүртээсэн. Түүнчлэн коринтчуудаас олон хүмүүс баптисм хүртэж байсан.
Одоо 9-р зүйлийг бүгдээрээ хамт уншицгаая. “Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан -Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай.” Паулд сүрдүүлэг, дайсагнал, хавчлага маш их ирж байсан. Тэр бүхэнд Паул бүхнийг даван туулж байлаа. Гэхдээ энэ удаагийнх Паулыг айлгасан юм шиг байна.
Паул Коринтод байхдаа хүмүүсээс айсан юм шиг байна. Тэр бас нөхцөл байдлаас айсан юм шиг байна. Паулыг хавчих, гүтгэх, доромжлох, сүрдүүлэх хүмүүс гарч ирсээр байсан. Харин тэр үед Паулд ямар хэцүү байсан бол оо? Хүмүүс ийнхүү харьцаж байсан бол Бурхан түүнийг зоригжуулжээ. Бурхан Паулыг зоригжуулахдаа “Битгий дуугүй бай. Үргэлжлүүлэн яригтун” гэж хэлсэн. Паул энэ хотод ганцаараа мэт зүтгэжээ. Уг нь тэрээр ийнхүү айж, жижгэрэх хүн биш юм. Тэр ялаад л, дайраад л, тунхаглаад л, бүхнийг хийгээд л байх ёстой хүн шиг санагдаж байна. Гэтэл тэр гэнэт жижгэрчээ. Паул үргэлжлүүлэн ярих биш харин энэ удаа энэ хотод болно. Сайн мэдээг ярьсаар байвал хавчлага улам нэмэгдэж, бүр түүнийг алж ч магадгүй. Өөр хотуудад очиж Эзэний сайн мэдээний ажлыг хийе, өөр хотуудад ч гэсэн аврагдах хүмүүс олон байгаа шүү дээ гэж бодож байсан байж магадгүй.
Тийм ээ, бидний хувьд ч гэсэн очиж фишин хийх сургуулиуд гэж байгаа. Өнөөг хүртэл хангалттай үр жимстэй амьдраагүй байгаа хүмүүсийн хувьд өөр сургууль дээр очиж фишин хийе эсвэл тааралдсан оюутанд л сайн мэдээг тунхаглая гэж бодож байж магадгүй. Эсвэл бүр оюутны дуудлагатай гэдгээ хүлээн зөвшөөрөлгүй, оюутнуудад сайн мэдээг тунхаглахад үр жимсгүй амьдраад байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Тэгээд өөр газар, өөр хүмүүст сайн мэдээг тунхаглая гэж зарим хүмүүс шийддэг. Үнэндээ биднийг энд онцгойлон дуудсан нь оюутнуудын авралын төлөө билээ. Ирээдүйн Монголын удирдагч нарын төлөө билээ. Тиймээс бид шантралгүй харин үргэлжлүүлэн Бурханы бидэнд хариуцуулсан сургууль бүр дээр очин сайн мэдээг тунхаглацгаая. Тэгснээр энэ жил олон хоньчид, итгэлийн өвөг дээдэс босож чадахын төлөө залбирч байна.
Одоо 10-р зүйлийг үзээрэй. “Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.” Паулд амлаж байгаа Бурханы амлалтыг бид дараах гурван байдлаар авч үзэж болно.
1-рт, Бурхан Паултай хамт байна. Бурхан үргэлж Өөрийн зарц нартайгаа хамт байх болно гэж амласан. Зөвхөн Паул л ингэж хэцүү байдалд орж, шантарч, бас өөрийгөө голж байсангүй. Хуучин Гэрээний үед алдарт жанжин Иошуа Канаан газрыг эзлэхийн өмнө айдастай байсан. Ийм түүнийг зоригжуулж Бурхан Иошуа 1:5 “Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй” бас 9-р зүйлд “Тууштай бөгөөд зоригтой бай. Хаана явсан газарт чинь чиний Бурхан Эзэн чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун” гэж зоригжуулж, хамт байгаагаа илэрхийлсэн. Мөн Иеремиа зөнч ганцаараа л Бурханы зарлигийн дагуу амьдарч, хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг тэмцэлдэхэд Эзэн “Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна”/Иеремиа 1:19/ гэж зоригжуулсан.
Өнөөдөр бидэнд ч бас ийнхүү амлаж байгаа биш үү? Бид Эзэний ажлыг хийхэд гаднаа ганцаараа болсон юм шиг санагдаж магадгүй. Гэвч бидэнтэй Эзэн үргэлж хамт байгаа билээ. Тэр биднийг зоригжуулсаар, биднийг урамшуулсаар л байна. Угаасаа Эзэн Есүс Матай 28:20-д “Үеийн төгсгөл хүртэл хамт байна” гэж амласан биш бил үү? Өнөөдөр айж байгаа хүн байна уу? Сайн мэдээг тунхаглахаас эмээж байгаа хүмүүс байна уу? Бидний Бурхан бидэнтэй үргэлж хамт байх учраас айх хэрэггүй.
2-рт, Хэн ч Паулд хор хүргэхээр дайрахгүй. Үнэхээр ч Паул уруу хэн ч дайраагүй бөгөөд Бурханы хамгаалалт дотор  тэрээр сайн мэдээний ажлыг хийжээ. Бодитойгоор оршин байгаа хүн өөрт нь хор хөнөөл учруулана гэхээс айхаас илүүгээр сүнсээр оршин байгч Эзэний хамгаалалтанд  найдсан учир ийнхүү Паул Эзэний ажлыг үр дүнтэй хийсэн. 12-17-р зүйлүүдийг үзвэл шүүх дээр Паулын хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Түүн уруу хор хүргэхээр дайрсан хүмүүсийн халдлага бүтэлгүй болсныг харж болно.
Аюул, заналхийлэл, хавчлага бодитоор оршин байдаг боловч Бурхан тэр бүхнээс биднийг хамгаалах болно. Гагцхүү бидэнд итгэл хэрэгтэй юм. Эзэн үнэхээр хамгаалдаг. Дэлхийн өнцөг булан бүрт Бурханы хамгаалалтад найдан Эзэний ажлыг хийж байгаа миссионер хоньчид олон байгаа. Тэд улс төрийн хавчлага, шашны хавчлага, арьс өнгөний хавчлага, үндэстэн ястны хавчлагыг үл тоомсорлон Эзэний үгийг тунхаглах ажлыг бодитоор хийж байгаа. Тэдэнд Эзэнийг хайрлах хайр болон золиослол байгаа учраас ийнхүү Бурханы ажлыг хийж байгаа.
3-рт, Бурханы хүмүүс энэ хотод олон бий. Энэ нь Коринт хотод Эзэний ажлыг хийх болон шинээр итгэх хүмүүс олон байгаа гэсэн үг юм. Тийм ээ, Коринт чуулган сүнсний хувьд нэлээн хүчтэй чуулган болж өсөж чадсан. Паул Бурханы хүмүүсийг хайх ажилдаа идэвхи зүтгэл гаргасан учир олон ч хүн аврагдсан, олон ч хүн Эзэний ажилчид болцгоосон. Бурхан Паулд итгүүлэхийн тулд энэ зарлигийг хэлсэн. Үнэндээ Паулын нүдээр харвал Коринт хот найдваргүй хот юм шиг харагдаж байсан. Харин Бурханы зарлигийг сонсоод тэрээр арван найман сарын турш зарлиг заасан.
Өнөөдөр ч гэсэн зөвхөн манай чуулган Эзэний ажлыг хийж байгаа биш юм. Өнгөрч байгаа долоо хоногт бид “Биднээс эхэлнэ” гээд нэвтрүүлэгт оролцлоо. Биднээс өмнө маш олон залуус энэ нэвтрүүлэгт оролцсоныг ч олж мэдлээ. Тэдгээр залуусыг харвал үнэхээр 20/10 алсын хараа биелэгдэнэ гэсэн итгэл төрж байна. Бурхан Монголыг байлдан дагуулах ийм олон чуулгануудыг зөвшөөрч өгсөнд талархаж байна.
Мөн нөгөөтэйгүүр бидний очиж фишин хийж байгаа сургууль болгон дээр аврагдах хүмүүс маш олон байгаа. Цаашид бидний сайн хамтран зүтгэгч болох хүмүүс их бий. Бид ургацаа цагт нь маш арвинаар хураах болно. Өнөөдөр сургууль бүрээ харвал найдваргүй юм шиг харагдаж магадгүй. Харин Бурханы зарлигт бат итгээд очих хэрэгтэй. Есүсийн нүдээр харахгүй бол сургууль хоосон юм шиг харагдаж болно.
Бидэнд амлалтаа өгсөн Бурханд алдар нь байх болтугай.
Бүгдээрээ 24-26-р зүйлүүдийг үзээрэй. “Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ. Апол бол Эзэний замаар явахад сургагдсан хүн байсан бөгөөд гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ. Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв.”
Бид дээрх зүйлүүдээс дараах хоёр зүйлийг сурч болно.
1-рт, Акулагийн гэр бүлийнхэн өөрсдийгөө Бурханд зориулсан гэр бүл гэдгийг харж болно. Тэд хоёулаа өөрсдийгөө Эзэнд зориулж, Эзэний ажлыг хийж, Эзэний хүмүүст үйлчилж байна.
Бурханд өөрсдийгөө зориулж чадах итгэлийн гэр бүлүүдийг Бурхан энэ жил олноор нь босгож өгөхийн төлөө залбирцгаая. Мөн өөрийн гэр бүлийг Бурхандаа зориулдаг гэр бүлүүдээр одоо байгаа гэр бүлүүд улам хүчтэй өсөж чадахын төлөө хичээцгээе.
Энэ гэр бүл байгаагүй байсан бол Паулын Коринт хот дахь Эзэний ажил үр дүнтэй байсан эсэхийг мэдэхгүй.

2-рт, Аполыг засаж, үнэн зөв замыг заасан Акулагийн гэр бүлийнхнийг сурч болно. Акул, Прискила нар Аполыг Ариун Сүнсээр олж хараад хажуу тийш нь авч гэраад тайлбарлаж өгсөн.
Сүм чуулган дотор хүн бүр Эзэний зүрх сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн чуулганд бүтэн цагаар ажилладаг хүмүүсийн ажил гэж буруугаар ойлгож болохгүй юм. Тэгээд буруу зүйл ярьж байвал, буруу ойлголттой хүмүүсийн алдааг засаж өгдөг хайрын хоньчдоор бүгд өсөх шаардлагатай. Буруу зүйл хийх, дутуу ойлголттой болох үед асуулт асуугаад зөвийг нь нээж өгөх. Зөвхөн буруу зөвийг нь засдаг биш хэрэгцээтэй цаг үед нь хэрэгцээтэй зүйлээр  хангадаг, хийдэг байх хэрэгтэй. Үнэндээ оюутан хүмүүсийн хэрэгцээ мундахгүй юм. Тэгсэн ч гэсэн бүгдийг нь хангах гэж зовох бус харин боломжийн хэрээрээр үйлчилдэг байвал Эзэн манай чуулганыг ерөөх болно. Амен.
Сэтгэгдэл нэмэхadd feed
 
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй. Манай сайтын гишүүн хэрэглэгч бол гишүүний эрхээр хандан бичнэ үү.
 
< Өмнөх   Дараах >

Бидний Twitter

Twitter Button from twitbuttons.com

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Бидний Facebook


Гишүүний булан






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Хамтрагчид

www.ubf.org
МУИС ЮБФ
www.mea.mn
Мараната

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?



Сайтын хандалт

Өнөөдөр:136
Энэ сард:1056
Нийтдээ:119390

Аюулгүй интернэт хөтөч


Firefox 3
Хэрвээ та манай сайтыг илvv хурдан, аюулгvй, найдвартай, алдаагvй vзэхийг хvсвэл дээрх зурган дээр дарж Mozilla Firefox вэб хөтөч програмийг vнэгvй татаж авахыг санал болгож байна.